Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2018/ДШМ/027

 

Б.Г, Ж.Х, Б.Б, Б.Ш,

Б.З нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч Б.Г, Ж.Х, Б.Б, Б.Ш, Б.З

Яллагдагч Б.Г, Ж.Х, Б.Б нарын өмгөөлөгч

*******

Яллагдагч Б.Ш, Б.З нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №04 тоот эсэргүүцлээр Б.Г, Ж.Х, Б.Б, Б.Ш, Б.З нарт холбогдох эрүүгийн 1714001860128 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ламын гэгээн овогт Б.Г, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ж.Х, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Б.Б, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Б.Ш, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, 2016 оны 1 дүгээр сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Сонгоол овогт Б.З, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Б.Г, Ж.Х, Б.Б, Б.З, Б.Ш нар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Улаан булаг” гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Б.З, Б.Ш, Ж.Х, Б.Г, Б.Б нар нь хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдон Б.Г, Ж.Х, Б.Б нар нь бүлэглэн Б.З, Б.Ш нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.З, Б.Ш нар нь бүлэглэн Б.Г, Ж.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Г, Ж.Х, Б.Б, Б.З, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 1. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №467, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №598 тоот Б.Гын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон, мөн тус албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №475, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №599 дугаар Ж.Хын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн байх тул дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, дахин дүгнэлт гаргуулах.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд зааснаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад хүсэлт гаргасан ба мөн хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр заасан атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч нарын өмгөөлөгч *******ы гаргасан удаа дараагийн хүсэлтийг хангах ёстой атал хэсэгчлэн хангасан буюу оролцогч нарын хүсэлтийг /хэргийн бодит байдалд нөлөөлөхөөр байхад/ бүрэн хангаагүй буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан Б.Згийн биед учирсан гэмтэлд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг хангах.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар чийдэн нь яллагдагч Б.Згийн автомашины бүхээгт байсан гар чийдэнг хэн ямар зорилгоор хэдийд хаана байхад нь авсан, мөрдөгчид гаргаж өгсөн болох талаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг аваагүй орхигдуулсан.

4. Хохирогч Ж.Хын мөрдөн байцаалтад өгсөн “...намайг машинаас буухад өндөр залуу буюу Б.З нь хүрзээр цохисон, хүрзээр цохисон гэдгийг хавтгай хүрз шиг хэлбэр бүхий зүйл байсан..., ...тэр хүрз хэсэг хугацааны дараа алга болсон байсан хэн хааш нь хийснийг мэдэхгүй...” гэх мэдүүлгээр /хх-ийн 1-р хавтас 46-52/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4-т эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтоох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдолтой бүхий бичлэг болон цахим баримт, эд зүйлийг тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ж.Хын мэдүүлэгт яригдсан хүрзийг эд мөрийн баримтаар тооцож хураагаагүй, холбогдох ажиллагааг хийгээгүй шалгаагүй орхигдуулсан.

5. Прокурорын яллах дүгнэлт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн

шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт гэх зэрэг хураангуйлсан байдлаар /яллагдагч нарын мэдүүлэг бичигдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэний ямар мэдүүлгээр нотлогдож байгаа нь бичигдээгүй, хавтаст хэргийн хуудсыг дурдсан/ баримтуудыг тусгаж байгаа нь ойлгомжгүй, уг хэрэгт хэний юу гэж мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож байгаа нь тодорхой бус байгаа ба Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх болмжгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №04 тоот эсэргүүцэлдээ: 1. Ж.Х, Б.Г нарын биед анх гэмтлийн зэрэг тогтоох үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй байсан бөгөөд энэ үед гэмтлийн зэрэг гараагүй, дараа нь нарийн шинжилгээний баримтыг гаргаж ирүүлсэн тул мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар нэмэлтээр дүгнэлт гаргуулахаар шинжээчид даалгаж дүгнэлт гаргуулсан тул хууль зөрчөөгүй буюу дээрх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой тул дахин шинжээч томилох шаардлагагүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана гэж заасан тул яллагдагч нар болон өмгөөлөгч *******аас гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж болон хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд оролцогчоос гаргасан хүсэлтийг заавал хангаж шийдвэрлэхэр заагаагүй болно.

3. Яллагдагч Б.Г нь гар чийдэнг хэзээ авч хаана хийсэн талаар мэдүүлсэн, мөрдөгч нь яллагдагч Б.Гаас уг гар чийдэнг хураан авч эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан. Хэрэгт хохирогч Ж.Х нь намайг өндөр залуу буюу Б.З нь хүрзээр цохих шиг болсон учир нь хүрз шиг хавтгай хэлбэртэй зүйлээр цохисон гэсэн боловч яг хүрзээр цохисон гэж тодорхой мэдүүлээгүй тул хүрзийг хураан аваагүй болно.

4. Хавтаст хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн буюу хохирогч нараас, шаардлагатай гэрч нараас, яллагдагч нараас удаа дараа мэдүүлэг авч хавсаргасан. Тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч эмчээр гэмтлийн зэргийг тогтоолгож дүгнэлт гаргуулсан. Яллах дүгнэлтэд хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг оруулж, яллах дүгнэлтийн хавсралтанд шүүхийн хэлэлцүүлэгт шаардлагатай бол шинжлэн судлуулах нотлох баримтуудыг тусгаж өгсөн. Энэ нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан. Хэргийн оролцогч нар нь хохирогч, яллагдагчийн хувиар хэргийн материалтай бүрэн танилцсан болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагч Б.Ш, Б.З нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Г, Ж.Х нар нь 14 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн баримтыг үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан байдаг ба анх шинжээчид үзүүлэхэд биед нь байхгүй байсан зүйлүүд нэмэлтээр гэмтлийн зэрэг тогтооход биед нь учирсан байгаа тул шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй. Мөн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх хүрз болон гар чийдэнгийн асуудлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй зэргийг харгалзан эдгээр байдлуудыг нарийвчлан тогтоолгож өгнө үү гэв.

Яллагдагч Б.Г, Ж.Х, Б.Б нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалган тогтоосон, шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа тул улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Яллагдагч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн өмгөөлөгч Д.Өлзийсайхын гаргасан саналыг дэмжиж байна гэв.

Яллагдагч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. Б.Г, Ж.Х нарын биед хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт сарын дараа гарсан нь эргэлзээтэй байгаа бөгөөд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Яллагдагч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүн согтуу байхдаа уг хэргийг анх өдүүлсэн. Хэрэгт бүх зүйлийг шалгасан гэж үзэж байгаа тул улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Яллагдагч Ж.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүрзээр зодуулсан маш их гомдолтой байна гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлтэй санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэлүүдийг нэг бүрчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаж үзвэл хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 95-98, 114-118 дугаар талуудад авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр Б.Ш, Б.З нарын биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1061, 1062 тоот шинжээчийн дүгнэлтүүдийн “Дүгнэлт” хэсэгт Б.Шын биед учирсан “...тархи доргилт, зүүн чихний дэлбээ мөгөөрсний хугарал, цус хуралт, хоёр нүдний алимны доргилт, салстын цус харвалт, зулай, хөмсөгт шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”,

Б.Згийн биед учирсан “...тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн чихний сонсгол бууралт /AC-33db, BC-15-db/, зулайн хуйх баруун сарвууны язарсан шарх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9.2-т “...шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох...” хэмээн заасан, өөрөөр хэлбэл хохирогч этгээд нь нэг цаг хугацаанд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан тохиолдолд тэдгээр гэмтлийн хамгийн хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоох ба харин нэг төрлийн олон гэмтэл авсан, тэдгээр нь харилцан нэг нэгэндээ нөлөөлж хохирогч этгээдийн биеийн байдлыг хүндрүүлж байгаа тохиолдолд нэгтгэн эрүүл мэндэд нь учирсан хохирлыг тогтооно хэмээн заасан байна.

Гэтэл Б.Ш, Б.З нарын биед учирсан гэмтлүүдийг тус тусад нь тогтоож, бүрдэл хэсгээрээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дүгнэлт өгөөгүй байгаа нь дээр дурдсантай нийцээгүй.

Тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Хын эхнэр болох Ч.Болормаагийн мэдүүгээс үзвэл /хх-ийн 1-р хавтас 75-77-р тал/ Ж.Х өмнө нь мотоцикольтой явж байгаад гэмтэл авсан, зодуулсаны улмаас уг гэмтэл нь сэдэрсэн гэх байх тул түүний биед үзлэг хийн нэмэлтээр гаргасан Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №599 дүгээр шинжээчийн дүгнэлт ч Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.1-д “...шинжлүүлэгч нь өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно...” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 26-нд 06 цаг 15 минутад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт, 27-ны өдөр гэмтлийн эмчид үзүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа хэдий ч /хх-ийн 2-р хавтас 25, 26-р тал/ түүний биед учирсан гэмтлийг нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 126-127-р тал/-д тусгагдсан “тархи доргилт” гэмтлийг ямар шалгуур үзүүлэлтийн дагуу хэрхэн гаргасан гэдэг нь тодорхой бус болжээ.

Иймд Б.Ш, Б.З, Ж.Х, Б.Г нарын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд илт эргэлзээтэй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дээр дурдсан үндэслэлүүдээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй юм.

Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл нь уг гэмт хэргийг үйлдэхэд ашиглагдсан эд зүйл мөн эсэх, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Б.Згийн ашигласан гэх хүрзийг эд мөрийн баримтаар хураагаагүй байгаа нь буруу гэх заалтууд ч үндэслэлтэй байгаа болно.

Б.З нь хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлэхдээ мотоцикольтой хүнтэй явж байхдаа Б.Г, Ж.Х, Б.Б нартай уулзсан, мотоцикольтой хүн нь Б.Зг машинд нь хүргэж өгөхөд тэдний араас Б.Г, Ж.Х, Б.Б нарыг ирэнгүүт яваад өгсөн хэмээн мэдүүлсэн тул уг мотоцикольтой хүн нь хэн гэдэг хаанахын хүн байсан болохыг олж тогтоон гэрчээр байцааж Б.З нь анх машинтай явсан 3 хүнтэй уулзахад ямар яриа өрнөсөн, зодоон юунаас эхтэй байсан, яагаад Б.Зг машинд нь хүргэж өгөөд хурдан буцах болсон зэргийг асууж тодруулах нь хэргийн бодит байдалд нөлөөлөх, цаашид шүүхээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Гэрч О.Байгалмаа /Б.Гын эхнэр/ “...нөхрийн эгчтэй хамт очиж баруун талын клонкийн орчмоос нөхөр болон бусад хүмүүсийг тосч уулзсан..., ...манай нөхрийн нүүрэнд хоёр, гурван зулгаралтууд үүссэн, мөн нэг хуруу нь хавдсан, мөрний орчимд зулгаралт зэрэг үүссэн байсан...” /хх-ийн 1-р хавтас 72-74-р тал/ гэж, Ч.Байгалмаа /Ж.Хын эхнэр/ “...Б.Гын эхнэр бид хоёр тэднийг клонкийн орчмоос тосч хүлээн аваад аймагт хамт ирцгээсэн..., ...манай нөхрийн толгойны орой дагзны хэсгээс цус гарсан байсан..., ...Б.Гын хамраас цус гойжсон, энд тэндээ зулгарсан харагдсан...” /хх-ийн 1-р хавтас 75-77-р тал/ хэмээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул дээрх мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах нь зүйтэй юм.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Үндэслэх нь” хэсгийн 5-д заасан прокурорын яллах дүгнэлтийн талаар дурдсан заалт нь үндэслэлгүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн уг хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож Б.Г, Ж.Х, Б.Б, Б.Ш, Б.З нарт холбогдох хэрэгт шүүгчийн захирамжийн 1, 2, 3, 4 дэх заалт болон энэ магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн заалтууд нь утга найруулгын болон үг үсгийн алдаатай байгаа бөгөөд цаашид шүүхээс гарч буй эрхийн актыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагад нийцүүлж байх нь зүйтэйг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийн “Үндэслэх нь” хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №04 тоот эсэргүүцлийн 4 дэх хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                        Д.ЭРДЭНЭБИЛЭГ