Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0531

 

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0531

Улаанбаатар хот

 

 

 

                                      Б.Б***ы нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Г***, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***, Г.Г***, өмгөөлөгч М.М*** нар,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Б.Б***,

Хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд “Х*** т***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б***ийн Б***д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Б***ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б***ы нэр дээр 2006 оны 5 дугаар сарын 04 гэх огноотой 0087623 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, 0087624 гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***, өмгөөлөгч М.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б*** нар.

Хэргийн индекс: 158/2022/0020/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б***аас шүүхэд хандан “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б***ийн Б***дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Б***ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах”,

Гуравдагч этгээд “Х*** т***” ХХК-иас “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б***ы нэр дээр 2006 оны 5 дугаар сарын 04 гэх огноотой 0087623 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, 0087624 гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан.

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б***ийн Б***дд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох Б.Б***ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг, мөн гуравдагч этгээдийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б***ы нэр дээр 2006 оны 5 дугаар сарын 04 гэх огноотой 0087623 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, 0087624 гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Маргаан бүхий акт 2012 оны захирамж бөгөөд үүнд 2016 онд батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь буруу,

 3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн 8 дахь заалтын 8.1,

8.2, 8.3 дахь заалтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэхдээ Б.Б*** нь 32 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан байгаа талаар дүгнэсэн ч мөн сумын Засаг даргын 2004 оны 53 дугаартай захирамжаар Б.Б***д газар эзэмшүүлсэн, одоо түүний эзэмшиж буй гэрчилгээтэй газрын талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,

3.3. хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Б*** нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших гэрээ байгуулаагүй байхад анхан шатны шүүх Б.Б***д газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн,

3.4. хариуцагч нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээ хязгаараас давуулж, газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг хийсэн нөхцөл байдал тогтоогдсоор байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

3.5. “Х*** т***” ХХК нь Б.Б***д газар эзэмших эрх шилжүүлэх болон газрын гэрчилгээ шилжүүлэх үнэ гэж шууд өөрт нь мөнгө хүлээлгэн өгсөн нотлох баримт байхгүй ч, түүний хадам аав, түүний охинд 2007 оны 10 сард 18 сая төгрөг өгсөн нь нотлогддог. Харин Б.Б*** шүүх хуралдаанд тайлбарлахдаа “энэ үед хадам аав ... газраа “Х*** т***” ХХК-д өгсөн тухай хэлж байсан ба намайг боломжгүй тул газраа хугацааг нь дуустал ашиглуулаарай ...” гэж хэлсэн” гэх тайлбарыг анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна”,

3.6. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн буюу хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Б***ы газар эзэмших гэрээ нь бүрэн бус, төгсгөлийн хэсэг нь байхгүй, гэрээнд оролцогч талуудын гарын үсэг , тамга тэмдэг байхгүй гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн нь буруу,

3.7. нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшлийн газрын нэгж талбарын дугаарыг бүрэн гүйцэт үнэн зөв тодруулаагүй, зөв тогтоогоогүй,

3.8. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн хийгээгүй” гэж зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                      

                                                   ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анх Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б***д “Доод Баянгол” нэртэй газарт 32 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж 00087624 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 14 га газрыг, 0087623 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 20 га газрыг тус тус үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

          4. Улмаар, гуравдагч этгээд “Х*** т***” ХХК-иас гаргасан  “тус сумын 3 дугаар багийн нэр бүхий 13 иргэнээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авах” талаарх  хүсэлтийг үндэслэн хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар “Х*** т***” ХХК-д “Доод Баянгол” хэмээх газарт 354 га газрыг тариалангийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсний дунд “Б.Б***”, “56.253 га”, “13.891 га” хэмээн тус тус тэмдэглэсэн.

          5. Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч “...уг тариалангийн газраа “Х*** т***” ХХК-д аав маань амьд сэрүүн байхдаа ашиглуулахаар ам гэрээ хийсэн гэдэг тул аавынхаа шийдвэрийг хүндэтгэн ашиглуулсаар ирсэн” гэж, хариуцагчаас “...иргэд өөрсдөө газраа зарж эхэлсэн... иргэн Д.***, Н.Э***, Г.Б*** Б.Б*** Д.Баттөмөр, Ё.Н*** нар нь бид газраа “Х*** т***” ХХК-д зарж, эрх шилжүүлэх хүсэлттэй гэдгээ илэрхийлсэн” гэж, гуравдагч этгээдээс “газар эзэмших эрхийг 2007 онд Д.Б***, Б.Б***, Д.Л*** нараас 18,000,000 төгрөг төлсний дагуу шилжүүлэн авсан бөгөөд Сэлэнгэ сумын газрын даамлын ажил үүрэгтэй хайнга хандаж, нутгийн иргэддээ давуу байдал олгосны улмаас 16 жил газрын төлбөр төлж, зардал гаргаж, үйл ажиллагаа явуулж байхад төлбөрийг нь төлж шилжүүлэн авсан газрыг буцаан авах гэж байгааг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Х*** т***” ХХК-иас “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б***ы нэр дээр 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн огноотой 0087623 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, мөн өдрийн 0087624 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг гаргаж маргасан.

          6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно хэмээн,

            Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” хэмээн тус тус заасан.

          7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга нь маргаан бүхий 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б***ы эзэмших эрх бүхий газрыг “Х*** т***” ХХК-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчин шилжүүлэн эзэмшүүлсэн буюу тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад гаргасан нь илт хууль бус. Мөн нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох баримтыг хамт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийсэн.

          Гуравдагч этгээд “Х*** т***” ХХК нь өөрийн татгалзал, бие даасан шаардлагын үндэслэлээ “газар эзэмших эрхийг 2007 онд Д.Б***, Б.Б***, Д.Л*** нараас 18,000,000 төгрөг төлсний дагуу шилжүүлэн авсан” хэмээн тайлбарлан маргах хэдий ч нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг анх олгосон Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй буюу тухайн маргаан бүхий захиргааны акт нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг  оруулж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн” гэсний өмнө “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг” гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА