Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00873

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00098 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар магадлалтай, 

Г.О-ын нэхэмжлэлтэй

У.М-т холбогдох, 

30.360.629 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 39.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Глоб констракшн ХХК-ийн барьсан хоршооллын хотхоны 36-р байрны зоорийн давхарт №1-11 тоот хаяг байршилтай 236 м.кв талбай бүхий гараашийг худалдан авсан. Уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн үедээ гараагүй байсан ба 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр уг гараашийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Ингээд сонинд гарааш түрээслүүлэх зар тавьсаны дагуу хариуцагч У.М- холбогдож ирж уулзсан. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 17/04/14 тоот Гарааш түрээслүүлэх гэрээг хариуцагчтай байгуулж, гараашийг 3 жилийн хугацаатай сарын 1.500.000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг улирал бүр төлөхөөр гэрээ хийсэн. Эхний улирлын төлбөр 4.500.000 төгрөгийг хариуцагч урьдчилан төлсөн. Үүнээс хойш үүргээ биелүүлээгүй 1 жил болсон. Энэ хугацаанд түрээслэгч У.М- нь уг гараашийг автомашины угаалгын чиглэлээр 2018 оны 7 сар хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөөгүй учир гэрээний 2.1-д заасны дагуу түрээслүүлэгчийн зүгээс дангаараа гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байна. Тиймээс хариуцагч У.М-аас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны 12 сарын түрээсийн төлбөр 18.000.000 төгрөг, түрээслэх хугацааны буюу 2018 оны 7 дугаар сарын цахилгааны төлбөр 61.359 төгрөг, усны төлбөр 131.429 төгрөг, барилгын материалд 6.229.200 төгрөг, засвар үйлчилгээнд 6.000.000 төгрөг, нийт 12.229.200 төгрөг зарцуулж засвар, үйлчилгээ хийсэн боловч хариуцагч нь ашиглах явцдаа гараашийн хана, тааз шалыг гэмтээсэн. Иймд гэрээний үүрэгт нийт 30.430.629 төгрөгийг У.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянзүрх дүүргийн 4-р хорооны 36-р байрны зоорийн давхарт 1-11 дугаартай 236 м.кв талбай бүхий гараашийг түрээслүүлэхээр Г.О-тай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Гарааш түрээслэх гэрээ байгуулсан. Түрээсийн сарын төлбөрийг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож, миний бие урьдчилгаа төлбөрт 4.500.000 төгрөг өгсөн. Инээд түрээслэх явцад үл хөдлөх хөрөнгөтөй больё гэж бодож, энэ талаар нэхэмжлэгчтэй ярилцахад уг 296 м.кв талбайг 180.000.000 төгрөгөөр бодож бартер хийх санал тавьсан. Уг саналыг би зөвшөөрч уг гараашийг 180.000.000 төгрөгөөр бодож эхнэр н.Алтанзулын өмчлөлийн шевролит соник маркийн 20-46 УБЦ улсын дугаартай автомашиныг 50.000.000 төгрөгөд тооцож, урьдчилгаанд Г.О-ад хүлээлгэж өгсөн. Үлдсэн 130.000.000 төгрөгт 10:10 харьцаатай амины орон сууцыг тоосгоор дотор засварыг хийхгүйгээр бусад ажлыг хийж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төсөл боловсруулж миний и-мэйл хаяг руу явуулсан. Г.О- гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарангуут миний нэр дээр шилжүүлэх, харин би машины өмчлөх эрхийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлэх, байшин барьж өгөх болзолтой байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас н.Мэндбаяртай холбоотой өмчлөлийн зүйлийг өөр хүний нэр дээр уг гарааш шилжих боломжгүй нь тогтоогдсон тул гэрээгээ цуцлая гэж Г.О- санал болгосон. Тэгээд бид хоёр өөр өөрсдийн авсан зүйлээ буцааж өгье гэж тохиролцоод гараашийг хүлээлгэж өгөөд машинаа авъя гэтэл Г.О- өгөхгүй байсан тул би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж машинаа буцааж авсан. Гараашийг буцааж өгөхдөө би засвар хийж өгсөн. Тухайн гараашинд 2018 оны 7 дугаар сарын 15-ыг хүртэл авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашигласан нь үнэн. Гараашийн түлхүүрийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр цагдаад үлдээгээд явсан. Гарахдаа 7 сарын ус, цахилгааны төлбөрийг бүгдийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй болсон талаар баримт байгаа. Нэхэмжлэгч нь гараашийг худалдана гэж хэлээд миний машиныг бүтэн жил ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч У.М-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Гараашийг худалдах, худалдан авах гэрээнээс Г.О- өөрөө татгалзсан. Бид өөр өөрсдийн авсан зүйлээ буцааж өгъе гэж тохиролцож би Г.О-ад гараашийг хүлээлгэн өгөөд машиныг авъя гэтэл Г.О- өгөхгүй байсан тул би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж байж машинаа авсан. Би машинаа жуулчинд түрээсэлсэн бол өдрийн 100.000 төгрөг, сард 3.000.000 төгрөг, 13 сард 39.000.000 төгрөгийн орлого олох байсан. Иймд олох байсан орлого 39.000.000 төгрөгийг Г.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.О-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагчтай гараашийг худалдахаар ярилцаж, У.М- нь намайг худалдах, худалдан авах гэрээний төслөө явуулаарай гэхээр нь и-мэйлээр худалдах, худалдан авах гэрээний загвар явуулж байсан нь үнэн. Гэхдээ бид энэ талаар тохиролцоонд хүрээгүй учир худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй болохоор нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр машиныг нь очиж авсан. Надад холбогдуулж цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа буюу 2018 оны 7 дугаар сард У.М- өөрөө машинаа аваад явсан. Машинаа түрээсэлсэн бол олох ёстой орлого гэж 39.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00098 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.М-аас 18 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-ад олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 12 360 629 төгрөгийн шаардлага болон 39 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 314 050 төгрөг, хариуцагчийн төлсөн 352 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийг хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.О-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00098 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч У.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй тул уг гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн. Мөн Г.О- нь автомашиныг нэг жилийн хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж байгаад хариуцагч У.М-т 2018 оны 9 сарын 08-ны өдөр буцааж өгсөн үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн атлаа энэ нэг жилийн хугацаанд Г.О- уг автомашины өмчлөлийн талаар маргаагүй тодруулбал үүнийг У.М-ыг өөрийнх хувьд өмчлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэг жил өөрийн эзэмшилдээ байлгахдаа зөвхөн У.М-аас уг автомашиныг хүлээн авсан, У.М-ын зөвшөөрлөөр өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж унаж ашиглаж байсан гэдэгтээ маргаагүй, мөн У.М-ын зөвшөөрлөөр үл хөдлөх хөрөнгө болзол тавьж, бартераар худалдах, худалдан авах гэрээ хийхдээ урьдчилгаа болгон авсан гэдгийг шүүх дүгнээд байгаа боловч У.М-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэж, харин нэхэмжлэгчид түрээсийн гэрээ хийгдээгүй хуулинд заасан шаардлага хангаагүй, хөлслөх гэрээ ч биш гэж дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж У.М-аас 18.000.000 төгрөг гаргуулахаар тогтоож байгаа нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим болон Иргэний хуулийн 4.1 заалтыг зөрчсөн байдаг. Мөн хариуцагч талаас анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Г.О- нь нэг жил автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж өөрийн өмч мэт ашигласан хугацааны элэгдэл хорогдолын үнэлгээг гаргуулж шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй. Иймээс хариуцагч талаас шүүхэд олон нийтийн мэдээллийн сан, нийтэд ил болсон сайтууд, үнэгүй.мн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн тухайн автомашинтай ижил моторын хөдөлгүүрийн багтаамжтай, ижил хүчин чадалтай автомашинуудыг түрээслэх, хөлслүүлэх үнийг тогтоосон баримтуудыг гаргаж өгсөн гэвч давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй харин Г.О-, У.М- нарын хооронд түрээсийн гэрээ хийгдээгүй гэж дүгнэсэн атлаа У.М- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 18.000.000 төгрөг гаргуулахаар тогтоож, хариуцагч У.М- эзэмшил, ашиглалтандаа байлгаж бүтэн нэг жил машиныг Г.О- хэрэглэсэн, хариуцагч уг автомашиныг түрээслүүлэхэд гарах зардлыг эрх бүхий байгууллагаас жишиг үнээр гаргасан, манай нөхцөлд өөрөөр ашиглалтыг тооцох ямарч боломж байхгүй байхад тодруулбал яг ижил нөхцөлтэй байхад зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж байгаа нь талуудын тэгш эрхтэй байх Иргэний хуулийн 4.1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.О-, У.М-т холбогдуулан түрээсийн төлбөр 18.000.000 төгрөг, гэрээний хугацаан дахь цахилгаан, усны төлбөр 131.429 төгрөг, засварын зардалд 12.229.200 төгрөг, нийт 30.360.629 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаас учирсан хохирол буюу гэрээний  төлбөрт шилжүүлсэн автомашиныг бусдад түрээслэн олох байсан орлого 39.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг, зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх, үндсэн нэхэмжлэлийн талаар “...зохигчийн хооронд түрээсийн бус эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, хариуцагч хөлсөө бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч 18.000.000 төгрөг шаардах эрхтэй, цахилгаан, усны төлбөр гаргуулах нэхэмжлэл нотлогдоогүй, гэрээ байгуулагдахаас өмнө өмчлөлийн зүйлдээ засвар хийсэн  зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй” гэсэн, сөрөг нэхэмжлэлд “...талууд эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгож, худалдах-худалдан авах  гэрээ байгуулж, гэрээний үнэд автомашин шилжүүлсэн нь тогтоогдоогүй тул гэрээ цуцлагдсантай холбоотой олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад үндсэн нэхэмжлэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэн, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан  байна.

Тус шүүх “зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, ...гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, ...талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлнө, ...хариуцагч эд хөрөнгө ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгоно” гэж дүгнэжээ.

Хариуцагч У.М-ын шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн “автомашины элэгдэл, хорогдлыг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг хангаагүй, үндсэн нэхэмжлэлийн заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан эрх зүйн дүгнэлт хуульд нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх гэрээний зүйл юу болох, түүнийг хариуцагч хэрхэн ашиглаж үйл ажиллагаа явуулсан байдлын талаархи  анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Зохигчийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “гараж түрээслэх гэрээ”  нэртэй гэрээ байгуулагдаж,  нэхэмжлэгч  Г.О- өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 36 дугаар байрны зоорийн давхарын нийт 256 м.кв автозогсоолыг  У.М-т 3 жилийн хугацаатай 1 сарын 1.500.000 төгрөгийн төлбөртэй эзэмшүүлэхээр тохиролцсон нь тогтоогджээ.

Дээрх гэрээний зүйл нь 236.68 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ба хариуцагч У.М- уг талбайд автомашин угаалгын зориулалтаар ашиглах нөхцөл бүрдүүлж, улмаар аж ахуйн үйл ажиллагаа явуулан,  талбайг ашигласны төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь түрээсийн бус эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг зөрчөөгүй байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч, эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч 3 сарын төлбөрт 4.500.000 төгрөг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй болно. Гэрээ 2018 оны 7 дугаар сард цуцлагдсан тул энэ хугацаа хүртэл төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар шаардах эрхтэй. Иймээс 18.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэрээ байгуулагдах үед гаражийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсныг зохигч маргаагүй бөгөөд 2018 оны 2 дугаар сард нэхэмжлэгч Г.О- өмчлөх эрхээ  улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан  тухай баримт хэрэгт  авагдсан  байна.

Талуудын хооронд автомашины зогсоолыг худалдсан гэрээ байгуулагдсан, гэрээний үнэд автомашин шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр хөрөнгө шилжүүлэх худалдан авагч үнийг төлж хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг байна. Талууд, өмнөх эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгож, шинээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.  Хариуцагч У.М-ын эхнэр н.Алтанзулын нэр дээр бүртгэлтэй Шевролет соник маркийн автомашин нэхэмжлэгч Г.О-ын эзэмшилд тодорхой хугацаанд байсныг нэхэмжлэгч,  төлбөрт барьцаалсан гэснийг хариуцагч У.М-,  худалдах худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж өөр өөрөөр тайлбарласан байна. Нотлох үүргийн зарчмын дагуу хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ буюу худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу автомашиныг төлбөрт шилжүүлсэн гэх үндэслэлээ нотлоогүй байна. Дээрх үндэслэлээр худалдах худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаас учирсан хохирол шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.М-ын гаргасан  автомашиныг нэхэмжлэгч Г.О-ын эзэмшилд байх хугацаан дахь элэгдэл хорогдлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг зөрчөөгүй байна. Автомашины элэгдэл хорогдол тогтоох нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоогүй, хэрэгт ач холбогдолгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ