Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0393

 

Ш.Чулуунхүү нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар, Ч.Ням, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 247 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Чулуунхүү нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Чулуунхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны ахлах мэргэжилтний 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 223/2015 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37Б, 38Б байрны дунд газар олгосныг хүчингүй болгож өгнө үү.

37А, 37Б, 38А, 38Б, 40 дүгээр байрууд нь 1960-аад онд баригдсан хуучны барилга бөгөөд 38Б байрнаас 3,5 метрт нүх ухсан байгаа нь уг газар ухалтын уршгаар хөрсөнд сийрэгжилт явагдаж тухайлбал 38Б байрны сууринд ан цав үүсэн нурах эрсдэлд орж, оршин суугчдын бидэнд хохирол учраад байна. Энэ нь хөрсний сийрэгжилтийн улмаас барилгын сууринд суулт, хазайлт өгч, цаашид 37б, 38б болон бусад байрны аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх эрсдэл үүсээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн 7 дугаар хорооны газар дээр иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины граж барих газарт оршин суугчдаас санал авсан мэт төрийн байгууллагуудыг төөрөгдүүлэн Нийслэлийн иргэдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 4.11, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/99 дүгээр тогтоолын 2.10 дахь заалтыг тус тус зөрчин холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч газар шорооны ажил эхлүүлж байгаа болно.

Эх хувиараа байх баримт бичиг эргэлзээтэй байна. Оршин суугчдын иргэний үнэмлэхийн хуулбар архивын үдээсний оромтой, бүдэг угаагдсан цээж зургаар иргэний үнэмлэх оруулсан байх магадлалтай, иргэдийн гарын үсэг баталгаатай эсэх эргэлзээтэй, утасны дугаар тэмдэглэгдээгүй гэх зэрэг оршин суугчдын бүх мэдээлэл тодорхой бус мөн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн Хүүхдийн тоглоомын талбай шинэчлэн барих тухай 5 дугаар тогтоолын 1, 37б байрны 80 өрхийн санал болон Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн тус байрны хойд талд тоглоомын талбай бүхий нүхэн граж барихыг дэмжсүгэй гэсэн байна. Энэ талбай нь 37а, 37б, 38а, 38б, 40 дүгээр байрны дунд орших дундын өмчлөлийн талбай учир 5 дугаар байрны оршин суугчдын саналыг авах учиртай.

96 айлын зөвшөөрлийн хуудас байсан ба үүнээс 25 айл зөвшөөрөөгүй харин үлдсэн зөвшөөрлийн хуудас нь гарын үсэг, оршин суугчдын нэр зөрчилтэй байсан. Үүнээс үзэхэд 37б, 38б байрны нийт 160 айлын 40,4 хувь гэхээр 60 хувь хүрэхгүй байгаа болно. Газар шорооны ажил нь 38б, байрнаас 3.5 метрийн зайтай хийгдэж байгаа нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын техник ашиглалтын дүрмийн 4.1.14-д заасан стандартыг баримтлаагүй болно.

Автомашины яндангаас гарах хүнд металын элемэнтүүд агаарт хуримтлагдсан үр хүүхэд оршин суугч бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мөн уг газар доорх граж нь газраас дээш 1 метр орчим өргөгдөн илүү гарах учраас үр хүүхдээ бэртэж гэмтэхээс сэргийлж уг байгууламжийг байрныхаа урд бариулахыг эрс эсэргүүцэж байна.

Ц.Орхон захиалагчтай Брикс компани нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.11, 2.12, 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.5 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа болно.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур О.Одбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны А/918 дугаартай газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гражийн зориулалттайгаар 1150 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон.

Ц.Орхонд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн АДХ-005-10 дугаартай тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалт бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдсан. Манай байгууллага 2013 оноос барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг хууль, дүрэм журмын дагуу олгон ажиллаж байгаа болно.

Иргэн Ц.Орхон нь манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх, олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйl ажиллагааны журмын 6 дугаар бүлгийн 6.3-д заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 223/2015 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Ц.Орхон нь манай газарт дээрх иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины граж барих хүсэлтээ 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байдаг бөгөөд уг хүсэлтдээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн 85 хувийн дэмжсэн зөвшөөрлийг авсан.

Мөн төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Хантайшир СӨХ-ны дэмжсэн тогтоол, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжсэн тогтоол зэргийг хавсаргаж ирүүлсэн байдаг.

Манай газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь ямар нэгэн хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...А/918 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 1150 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад Нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоосон төрийн өмчийн газрыг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж хуульчилсан.

Дээрх заалтын дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 24 дүгээр тогтоолын 61 дэх хэсэгт 37А, 38Б байрны нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байна хэмээн батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажил юм.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн орчны нийтийн орон сууцны СӨХ болон бусад иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартай давхцалгүй, нийтийн эзэмшлийн төрийн мэдлийн, төлөвлөгөөнд тусгагдсан газрыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины граж барих зориулалттай эзэмшүүлсэн нь иргэн Ш.Чулуунхүү, Н.Мөнхцэцэг, Я.Ганчимэг, Б.Хулан нарын иргэдийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 84 дүгээр тогтоолыг мөрдөх шаардлагагүй. 5/14 дугаар тогтоолд заасны дагуу 2-4 давхар барилга баригдах тохиолдолд зөвшөөрөл авна. Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзээд байна. А/799 дүгээр захирамжийн хувьд Хууль зүйн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл Хууль яаманд бүртгүүлээгүй.

Иргэн Ш.Чулуунхүү, Н.Мөнхцэцэг нарын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Авто зогсоол барих тухай Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан журам бол илт хүчин төгөлдөр бус болохыг өөрөө зөвшөөрөөд 2015 оны Нийслэлийн Засаг даргын А/71 дүгээр захирамжийг гаргасан. Тухайн акт гарсан өдрөөс хойш хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан акт нь 5/14 дугаар тогтоол байгаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах,барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад Оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс гэж тодорхой заасан байгаа. 16 давхар барилга барих юм бол нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөх боломжтой. Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн гэж тайлбарлаад байна. Журам батлагдахаас өмнө Газар барилгажилтын зөвлөлийн хурал 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон. Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар орсны дараа газрыг асуудлыг шийддэг. 2014 оны10 дугаар сарны 28ны газрын захирамж гараад 2015 оны 5 дугаар 05-ны архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Журам батлагдахаас өмнө авто зогсоолтой холбоотой процессууд бүгд явагдсан. Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нар болзол тавьж мөнгө нэхэж байна. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон явдал нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар тогтоогдохгүй байна.” гэжээ.

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 247 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Чулуунхүү, Р.Анхбаяр, Н.Мөнхцэцэг, Я.Ганчимэг, Б.Хулан нарын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0001425 № 223/2015 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 тоот захирамжийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37б, 38б байрны дунд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: “...Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд зохигч нарт хувийг гардуулан өгч тайлбар авахаар хуульчилжээ. Хэрэв шүүх хүлээн авахаас татгалзвал татгалзсан шалтгаанаа зааж захирамж гаргах ба тухайн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй юм байна. Гэтэл шүүх эхний удаад хүлээн авах эсэхээ дараагийн хурлаар шийдвэрлэнэ гэсэн боловч дараагийн хурлаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах тухай огт ярилгүй, хэлцэлгүй шийдвэр гаргасан байдаг ба шийдвэрт нэмэгдүүлсэн шаардлагын тухай огт дурьдаагүй байна.

Манай нэмэгдүүлсэн шаардлага бүртгэлд авагдсан ба хэрэв байхгүй болсон байвал энэ маш ноцтой зөрчилд тооцогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч талд хадгалагдаж байсан баримтууд өөрчлөгдөж тэр өөрчлөгдсөн баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хариуцагч талд хадгалагдаж байсан баримтыг үзэхдээ видео бичлэг хийж авсан ба бидэнд хадгалагдаж байгаа бичлэгэнд орсон баримтууд хариуцагч талд ч байхгүй, хавтаст хэрэгт ч байхгүй байгаа нь шийдвэрийн үндэслэл болсон баримт эргэлзээтэй болохыг харуулна.

Хариуцагч талын баримтууд бүгд зөрчилтэй баримт байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “захирамжаа андуурсан техникийн алдаа” гэсэн бичиг дунд гэж бичих ёстой байршлыг зүүн талд гээд алдаад биччихсэн байна гэсэн тайлбаруудыг шүүх техникийн алдаа гаргасан нь хариуцагчийн буруу гэж үзсэн. Бодит байдал дээр захирамжийн хавсралтад дурьдагдсан бүх байгууллагад ижил хувилагдан тараагдсан байдаг. Хэрэгт авагдсан хавсралт нь бусад хавсралтаас өөр байж болзошгүй талаар яригдахад шүүх энэ зөрчлийг шалгаагүй. Өөрөөр хэлбэл хавсралтад дурьдагдсан зарим нэг байгууллагаас хавсралтыг нь нотлох баримтаар авч болно. Нэхэмжлэгч нар хавсралт үнэн зөв эсэхийг шалгах боломжгүй.

Гуравдагч этгээдийн хөрөнгө оруулагч нь гудамжинд хүүхдээ дагуулаад явж байсан нэхэмжлэгчийг өдөөн хоргоож, зууралдан эрүүгийн хэрэг үүсгэдэг. 7 дугаар хорооны Засаг дарга, иргэдийн Хурлын төлөөлөгч нар Ц.Орхон гэдэг хүүхдийн ард газрын бизнес хийж байгаа учир хорооны цагдаа нар нь нэхэмжлэлээ татахгүй бол шоронд суулгана гэж заналхийлсээр нэхэмжлэгч Хулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадаагүй буюу захиргааны хэргийн шүүхээр орох эрхээ хасуулсан. Өмнө нь нэхэмжлэгч Б.Хуланг “барилга бариулахад саад учруулсан” үндэслэлээр хэсгийн цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд чадаагүй. Сүүлд нь захиргааны шийтгэвэр ногдуулах гэхэд нь шүүгч татгалзсан учир өөр аргаар хэрэг үүсгэн шийтгэсэн. Б.Хуланг яагаад гуравдагч этгээд оролдсон бэ гэхээр Хулангийн бичиг баримтыг өөрийнх нь зөвшөөрөлгүй ашигласан баримт тогтоогдох гээд байснаас болсон байдаг. Шүүх нэхэмжлэгч Б.Хулан шүүх хурлуудад яагаад оролцохгүй байгааг сонирхоогүй ба хэрэв Б.Хуланг шүүхэд очих л юм бол цагдан хорино гэсэн сүрдүүлгэд автагдсан байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хулангийн шүүх хуралд биеэр оролцох эрхийг хангаагүй хурал болсон. Иймд дээрх 4 үндэслэлээр 247 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын хуульд заагдсан эрхийг нь эдлүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлээгүй байх тул шийдвэрт нэмэлт өөрчлөлт орууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжаар (Хавсралтын 9-д) Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд 37Б болон 38Б байрны дунд дээрээ иж бүрэн тохижилттой хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх автомашины гарааш барих зориулалтаар 1150 м.кв газрыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцсэн, мөн уг газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг уг даалгавар гарснаас хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан “иргэдийн саналыг авах” тухай заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй талаар, мөн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо дээрх Нийслэлийн Засаг даргын захирамж, Архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэсэн бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан барилгын давхрын хэмжээнд газар доорх авто зогсоол хамааралгүй талаар болон дээрх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухай анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хариуцагчид байсан видео бичлэгт орсон баримт хэрэгт байхгүй нь эргэлзээтэй, ... захирамжийн хавсралт нь өөр байж болзошгүй байхад энэ талаар шүүх шалгаагүй ...” гэх боловч шүүх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын бичиг баримтад үзлэг хийж хэрэгт авагдсан баримтуудтай тулгаж тэмдэглэл үйлдсэн, мөн захирамжийн хавсралтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байх тул хэрэгт авагдсан баримтуудыг эргэлзээтэй, зөрчилтэй баримтууд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй талаар гомдолд дурдсан боловч нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан А/322 дугаар захирамжийн талаар хариуцагч “... архитектур төлөвлөлтийн даалгаварт захирамжийн дугаарыг техникийн алдаа гарган А/322 гэж тавьсан талаар тайлбар ирүүлж, улмаар А/918 болон А/322 дугаар захирамжууд, хавсралтуудыг ирүүлсэн, А/322 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан байршлаас өөр “2 дугаар байрны зүүн талд” оршдог нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нарыг уг захирамжийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзахаар байхад ямар нэгэн байдлаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Хулангаас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.Эрдэнэбилэгт итгэмжлэл олгосон нь хэргийн 1 дүгээр хавтасны 111 дүгээр хуудсанд авагдсан, А.Эрдэнэбилэгт 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны товыг 03 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж баримт үйлдсэн нь хэрэгт байх тул “нэхэмжлэгч Б.Хулангийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

Шүүхийн шийдвэрт баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 247 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдүүлсэн Нийслэлийн Засаг даргын дугаар нь нууцлагдсан захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ