Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1722

 

"Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 403 239 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч Ц.Цэрэнпагма болон хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Ц.Цэрэнпагма, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Дэмбэрэл болон түүний охин Д.Номуундарь нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 09163 тоот зээлийн гэрээгээр 14 300 000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлийн гэрээний хугацаандаа зээлийн хүү болон үндсэн зээлээс төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир гэрээний 2.1.2-т заасны дагуу хүүг 4.6 хувиар тооцсон. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн. Г.Дэмбэрэл болон түүний охин Д.Номуундарь нар нь Иргэний хуулийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тул тэдгээрээс үндсэн зээлд 14 500 000 төгрөг, зээлийн хүүд 5 174 693 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 928 546 төгрөг, нийт 20 403 239 төгрөг гаргуулж өгнө үү.

Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгчийн ээж Ц.Цэрэнпагмын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 148 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр барьцаалж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч нь харилцан тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагч Ц.Цэрэнпагмын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Г.Дэмбэрэл нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр тус ББСБ-аас өөрийн хамтран ажиллагсдын цалинг өгөхөөр авсан бөгөөд АСЕМ-ын санхүүжилт орж ирэхээр буцааж өгөхөөр төлөвлөж, заавал барьцаа шаардлагатай гэхээр нь өөрийн эх Ц.Цэрэнпагмыг ятгаж, хамтран зээлдэгч болцгоосон. Гэтэл санхүүжилт орж ирээгүй учраас уг мөнгийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүнээс мөнгө зээлж зээлийн үлдэгдэл 14 300 000 төгрөгөө төлж хаагаад дахин 14 300 000 төгрөгийн зээл авч, зээлдүүлсэн хүндээ буцааж өгсөн. Ц.Цэрэнпагма, Д.Номуундарь нар энэ зээлийн мөнгөнөөс огтхон ч аваагүй бөгөөд зөвхөн ББСБ-ын шаардсанаар очиж гарын үсэг зурцгаасан. Тус ББСБ нь сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж зээлийн гэрээндээ бичсэн боловч барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хүснэгтээр 3,7 хувийн хүүтэйгээр бодож 550 000 төгрөгөөр Г.Дэмбэрэлийн эрх ашгийг хохироосон байна. Мөн Монгол Улсын хуульд зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, байгууллагууд зээлдүүлсэн мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөвхөн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй байхад гэрээнд хугацаандаа төлөөгүй бол дараагийн сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 4,6 хувийн хүү бодно гэж бичсэн нь хуульд нийцэхгүй байгаад гомдолтой байна. Иймд Монгол Улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Дэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын тайлбарт: Нэхэмжлэлээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Зээлээс 10 906 326 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа. Гэхдээ хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нартай байгуулсан энэ гэрээ нь өмнөх Г.Дэмбэрэлтэй байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүрэг юм. Учир нь 2016 онд байгуулж зээлсэн 14 300 000 төгрөг нь Г.Дэмбэрэлийн 2015 оны зээлийн гэрээний үлдэгдэл бөгөөд 2016 оны зээлийн гэрээний үнэ болох 14 300 000 төгрөгийг зээлдэгч Г.Дэмбэрэл болон Д.Номуундарьд шилжүүлж өгөөгүй. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т заасныг зөрчиж байна. Уг заалтад зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл авсанд тооцохоор заасан. Гүйлгээ хийгдээгүй учраас энэ гэрээг байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бол барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бусд тооцогдоно. Мөн 2016 оны гэрээ нь зөрчилтэй байна. Зээлийн гэрээгээр зээлийн хүүг 3,6 хувь болгон өсгөсөн. Өмнөх гэрээнд 3,5 хувь байсан. Гэрээний 2.1.2-т зааснаар гэрээний хугацаа дууссан ба цуцалсны дагуу нэг сарын 4,6 хувийн хүүгээр тооцно гэсэн нь хууль зөрчиж байна. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 16 000 000 төгрөг зээлэхээр байгуулсан атлаа Г.Дэмбэрэлийн    дансанд 15 920 000 төгрөг шилжүүлэн, шимтгэлд 80 000 төгрөг авсан. Уг гэрээний эргэн төлөлтийн хуваариас харахад зээл, зээлийн хүүтэй нийт 20 445 762 төгрөг төлөхөөр заасан байдаг. Хариуцагч 23 175 416 төгрөг төлсөн ба 2 189 894 төгрөгийг илүү төлсөн байна. Ингээд хууль бус шимтгэлд авсан 80 000 төгрөгтэй нийлээд 2 269 894 төгрөгийг нэхэмжлэгч илүү авсан. Иймээс хариуцагчийн төлсөн төлөлтийг хасахаар өмнөх зээлийн үлдэгдлээс 10 906 326 төгрөг үлдсэн. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа уг үлдэх үнийн дүнгээр гэрээ байгуулах ёстой байхад зээлдэгч байгууллага нь өөрийн эрх мэдлийг ашиглаад харилцан адилгүй тэгш бус зээлийн гэрээ байгуулсан тул сүүлийн зээлийн гэрээг байгуулагдаагүйд тооцогдоно. Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21,3, 21.4, 22, 23, 26 дугаар зүйлийн зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10 906 326 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяагийн тайлбарт: Д.Номуундарь энэ зээлийг аваагүй. "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-иас 2015, 2016 оны зээлийн гэрээний материалыг авч үзсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд Д.Номуундарийг жинхэнэ зээлдэгчээр анкет бөглүүлж, Г.Дэмбэрэлийг батлан даагч гэж бичсэн байдаг, Д.Номуундарь уг зээлийг авах хүсэл байгаагүй. Мөн Д.Номуундарь нь 14 300 000 төгрөгийг хүлээж аваагүй. Г.Дэмбэрэл ч аваагүй. Тус банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн материал дотор 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г.Дэмбэрэлийн дансанд 15 920 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн харагддаг. Харин 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээ хийсэн дансны хуулга байхгүй. Тийм учраас нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлэх гээд хадгаламжийн дэвтрийг Г.Дэмбэрэлээр авчруулаад цаг алдсан. Г.Дэмбэрэл нь Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарыг дуудаад 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийг сунгах гэж байгаа, сунгалт хийхийн тулд бичих шаардлагатай гээд гэрээнд бичүүлсэн байсан учир 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Д.Номуундарь энэ хэргийн хариуцагч биш гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэрэнпагмын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүү маань ажлын шаардлагаар мөнгө ззэлэх гээд очсон. Ганц үл хөдлөх хөрөнгө болох байраа барьцаалаад 2015 оны 08 дугаар сард зээл авсан. Зээлтэй холбоотой ахиж утсаар яриагүй. Зээл, хүүгээ төлж байгаа гэж байсан. Дахин 2016 оны 08 дугаар сард Г.Дэмбэрэл нь надтай болон охинтойгоо банк бус санхүүгийн байгууллага дээр очъё гэсэн. Тэр үед би зээлийнхээ хугацааг сунгаж байна гэж бодоод гарын үсэг зурсан. Очиход надад ямар ч юм танилцуулаагүй, тэгээд би хүүгээсээ асуухад хамтарч ажиллаж байгаа компаниас мөнгө авах ёстой гэсэн учир төлчих юм байна гэж бодсон. Энэ гэрээнд хүүг ихэсгэсэн байсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү нэхэж байна. Намайг амралтанд яваад ирэхэд манай байрыг 62 000 000 төгрөгөөр авна гэж хүн орж ирсэн. Зээлийн гэрээ, гэрээ сунгасан баримтуудыг авъя гэхэд өгөөгүй. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас 20 106 181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 297 058 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч нарыг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ц.Цэрэнпагмын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот, улсын бүртгэлийн Ү-2205011543 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 144 319 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас 258 480 төгрөг, хариуцагч Г.Дэмбэрэл, Ц.Цэрэнпагма нараас 259 966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Цэрэнпагма болон хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Хариуцагч Ц.Цэрэнпагмын мэтгэлцсэнээр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 091479 дугаартай гэрээ 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусах ёстой байсан боловч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр н.Одонтуяагаас 13 960 000 төгрөг шилжүүлснээр дуусгавар болсон байна. Анхны гэрээ дуусгавар болсон өдрөө 2016 оны 08 дутаар сарын 26-ны өдөр 091635 дугаартай гэрээ байгуулагдсан нь хоёр дахь гэрээний үүрэг болох 14 300 000 төгрөг нь өмнөх гэрээний үргэлжлэл мөн гэдгийг, Ц.Цэрэнпагма дахин шинээр байгуулсан гэрээ гэж ойлгохгүй, харин сунгалт гэж ойлгоно гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр гаргасан дүгнэлт, шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн гэрээний 3.5-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч чанд мөрдөх үүрэгтэй гэж заасан байхад зээлдэгч Г.Дэмбэрэл, Ц.Цэрэнпагма нар уг эргэн төлөлтийн хуваарийг баримтлаагүй, 2016 оны 08 дугаар сарын 26-нд үлдсэн 13 960 000 төгрөг буюу зээлийн үлдэгдлийг өөр хүнээр шилжүүлүүлсэн байна. ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журмын 4.3-т зээлийн эрсдэл нэмэгдэх бодит магадлалтай гэж үзвэл дараагийн зээл олголтыг зогсоож, олгосон зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэх талаар зээлдэгчид мэдээлнэ. 4.4-т зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд шаардлагатай гэж үзвэл зээлийг буцааж төлөх хугацаа дууссанаас хойш аль болох богино хугацаанд шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлнэ гэсэн заалт байсаар байтал дүрэм журмаа зөрчиж, эхний зээлээ төлж чадахгүй, гэрээний үүргээ байнга зөрчиж байгаа зээлдэгчид анхны гэрээг дуусгавар болсон өдрөө дахин зээл олгосон байна.

Дүрэм журмаа зөрчсөн үйл ажиллагаагаа нуун далдлахын үүднээс Г.Дэмбэрэлийн оюутан охин Д.Номуундарийг үндсэн зээлдэгчээр, Г.Дэмбэрэлийг батлан даагчаар гарын үсэг зуруулсан боловч, Д.Номуундарийн нэр дээр харилцах данс нээгээгүй, уг мөнгийг хамтран зээлдэгч Г.Дэмбэрэлийн дансанд шилжүүлсэн тул Д.Номундарь хариуцагч биш юм. Г.Дэмбэрэл уг мөнгийг аваад н.Одонтуяа гэгч хүнд шилжүүлж өгсөн тул 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 091635 дугаартай гэрээ нь өмнөх гэрээний үргэлжлэл, 14 300 000 төгрөг нь өмнөх гэрээний үүрэг юм. Өмнөх гэрээгээр Г.Дэмбэрэл, Ц.Цэрэнпагма нар 16 000 000 төгрөг, сарын 3,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж, хүүнд 4 445 762 төгрөг, нийт 20 445 752 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаанд 23 175 416 төгрөг төлсөн. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ, гэрээний үүрэг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, гэрээний үүргийн үргэлжлэл мөн болохыг тогтоож, хариуцагч Д.Номуундарь дээрх гэрээнүүдийн хариуцагч биш болохыг тогтоож, 2015 оны 08 дугаар сарын гэрээгээр хүлээсэн 20 445 752 төгрөгийг 23 175 416 төгрөг болгон илүү төлснийг тогтоож, “Ди Эй Эм Өү Эй” ББСБ нь бүртгэлийн хураамжид 80 000 төгрөг авах эрхгүй болохыг тогтоож, илүү төлсөн 2 269 894 төгрөгийг зээлийн дүнгээс хасч, “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р бүлэг, 21.1-д заасныг зөрчсөн тул бүртгэлийн хураамж авах эрхгүй болохыг, 21.6-д заасныг зөрчсөн буюу шалгасан материал байхгүй, 25.2-т заасныг зөрчиж, хугацаа хэтэрсэн бол 1 хувиар илүү бодож авна гэж гэрээнд тусгасан, нэхэмжлэлээ мөн 3 хувиар илүү тооцож нэхэмжилсэн, 26 дугаар зүйлд заасныг зөрчиж, дахин зээл олгосон зэрэгт хариуцлага тооцож, хоёр дахь гэрээний зээлийн дүн 14  300 000 төгрөгийг хүүгүй төлүүлж, эхний гэрээний илүү төлсөн 2 269 894 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.                                   

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК нь Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 403 239 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

 Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нар "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-иас 14 300 000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэхээр тохирч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 091635 дугаартай зээлийн гэрээ, "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК, Ц.Цэрэнпагма нар нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 091635 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 

Талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

 

Хэргийн 13 дугаар талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтаас үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Г.Дэмбэрэлийн 456073930 тоот дансанд 14 300 000 төгрөгийг нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-ийн 495059990 тоот данснаас “ЗГ091635 Г.Дэмбэрэлд зээл олгов” гэсэн зориулалтаар шилжүүлсэн байх ба хариуцагч тал уг үйл баримтыг үгүйсгэн няцаасан, уг орлого хариуцагч Г.Дэмбэрэлийн дансанд орж ирээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Шүүх дээрх зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарын шүүхэд ирүүлсэн "... санхүүжилт орж ирээгүй учраас уг мөнгийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч, 2016 оны 08 дугаар сарын 26-нд хүнээс мөнгө зээлж, үлдэгдэл 14 300 000 төгрөгийг төлж хаагаад, дахин 14 300 000 төгрөгийн зээл авч, мөнгө зээлдүүлсэн хүндээ буцааж өгсөн ..." гэх тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан "... н.Одонтуяа гэх хүнээр 2015 оны зээлийн гэрээг хаалгасан ..." гэх тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлэн өмнөх зээлийн гэрээний үүргийг сунгасан гэрээ байгуулсан гэж үзэхгүй, харин өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон, дахин шинээр зээлийн гэрээ байгуулагдсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

Хэргийн баримтаар “н.Одонтуяа гэгчийг ББСБ зээлээ төлүүлэхийн тулд өөрөө олж уулзуулан зээлдэгч нараар зээлээ төлүүлсэн, ББСБ-ын хууль зөрчсөн, хэлцэл хийхдээ дүрмийн зорилгоо зөрчиж хэлцэл хийсэн” гэх байдал тогтоогдоогүй.

 

Хариуцагч Д.Номуундарь бичгээр байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, гэрээнд оролцсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд тэрээр зээлийн гэрээний зүйл болох 14 300 000 төгрөгийг хариуцагч Г.Дэмбэрэлийн дансанд шилжүүлсэнд гомдол гаргаж байгаагүй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасны дагуу зээлдэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дах хэсэгт зааснаар зээлийн мөнгийг хамтран зээлдэгч нарын аль нэгний дансанд шилжүүлсэн нь бусад хамтран зээлдэгч нарыг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас, барьцааны гэрээний үүргийг Ц.Цэрэнпагмаас тус тус шаардаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 20 106 181 төгрөгийг Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Ц.Цэрэнпагмын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасныг зөрчөөгүй болно.  

 

Зээлийн гэрээний хүү тогтоосон байдлыг буюу 1 сарын 3,6 хувь, хэрэв гэрээний хугацаа дууссан ба цуцлагдсан тохиолдолд 1 сарын 4.6 хувь байхаар гэрээний нөхцлөө талууд харилцан тохиролцсон байгааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо гэрээгээр тохирсон хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцсэн ба шүүх нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар зөв тооцож шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн Ц.Цэрэнпагма нь өөрийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалж, нэхэмжлэгч компанитай 091635 дугаартай барьцааны гэрээ байгуулан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ төөрөгдсөн, дахин барьцааны гэрээ байгуулсан гэдгийг мэдээгүй гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Б.НАРМАНДАХ