| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2018/0013/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 11
Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Батнасан
Шүүгдэгч Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э-д холбогдох 17160008700033 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-д нь 2017 оны 10 сарын 07-ны орой Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Бунгийн гол гэх газарт 47-84 ГАА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашин жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "...Жолоочид дор дурдсан зүйлийг хоригдлоно. А/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...", 9.2 "...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...", 2.3 "...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б-г дайрч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан алахаар завдсан гэмт хэрэгт холбогдожээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Э-н холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Э-г 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УАЗ-31512 маркийн 47-84 ГАА улсын дугаартай автомашинийг эзэмшигч Б-д буцаан олгож, Хохирогчийн нэхэмжилсэн нийт 22.701.370 төгрөгнөөс шүүгдэгч Б.Энхболдын төлсөн 6.210.000 төгрөгийг хасч, 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 16.461.370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдол, тайлбартаа: Э-д нь 2017 оны 10-р сарын 07-ны өдөр тус аймгийн Алтай сумын Баянцагаан багийн нутагт Б-г дайрч хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан.
Э нь шүүхээс тогтоосон 6210000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдааны үед төлж барагдуулсан байсан бөгөөд шийтгэх тогтоол гарсны дараа цаашид хийгдэх эмчилгээнд нь зориулж 15.000.000 төгрөгийг урьдчилан төлсөн.
Иймд хохирогчийг эрүүл саруул болгоход цаашид туслах зэрэг нөхцөл байдлыг харгалзан Э-н ялыг хөнгөрүүлж, биечлэн эдлүүлэхгүйгээр торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Гэхдээ давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг, хэргийн зүйлчлэлийг анхаарч үзээсэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах боломжтой. Цаашид гарах зардлыг баримтаа гаргаад ирэх юм бол төлнө гэсэн байр суурьтай байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэв.
Прокурор дүгнэлтдээ: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бүдүүвч зурагаас харахад 4 удаа тойрсон байгаа боловч хэргийн газрын үзлэгийн фото зургаас харахад хохирогч дайрагдсан гэх цэгээс 10 орчим метр зайд машины мөр харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл тойрч очоод дайрсан,шууд очоод дайрсан эсэх нь тогтоогдохгүй байгаа. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдэж түүний улмаас хохирол хор уршиг учирна гэдгийг мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон эсэхэд анхаарал хандуулах нь чухал болов уу гэж бодоод байна. Энэ хүний машин нь тоормосгүй байсан, өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ийм учраас яг хүн дайрахгүй байх боломжтой гэдгийг тооцсон гэж үзэхэд хэцүү болж байгаа. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа 6.210.000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан шүүх хуралдаан дээр 1.500.000 төгрөгийг төлж 6.210.000 төгрөг төлөгдөж гүйцсэн. Мөн 16.461.370 төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох хязгаарлалт тогтоох нь шүүхийн эрх хэмжээнд байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хориглох хязгаарлалтын арга хэмжээ оногдуулах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Бунгийн гол гэдэг газарт Б-г эгчийндээ унтахаар хэвтэж байхад нь үерхэе гэж гуйж, хөнжилийг нь татаж, гарнаас нь барьж авч, хажуугаар нь хэвтэх, тэврэх гэж оролдох үйлдэл хийснээс Б.Буян-Оргил нь дээлээ өмсөн гэрээс гарч урд талын айлруу явганаар явж байхад нь Э араас нь 47-48 ГАА улсын дугаартай УАЗ-31512 загварын авто машин жолоодон очиж Б-г уртаараа 33 метр, өргөнөөрөө 21 метрийн тойрог үүсгэн 3 удаа тойрч, 4 дэх удаагаа тойрч байхдаа уг тойргийн баруун хойд хэсэгт буюу гэрээс баруун урагш 52 орчим метрийн зайд явж байсан Б-г дайрч, цээжний хөндийд нь хий, шингэн хуралдалт, баруун уушигны дунд дэлбэнгийн няцрал, олон хавирганы хугарал, зүүн дал, баруун шууны хугарал, дух, хамар, баруун хацар, цээж, хүзүү, эрүүний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Энэ үйл баримт нь хохирогч Б-н: “2017 оны 10 сарын 07-ны орой намайг эгчийндээ орон дотроо хэвтэж байхад Э орж ирээд хөнжил татаад, хажуугаар хэвтэх гээд, гарнаас барьж аваад, тэврэх гээд байхаар нь би түлхчихээд босоод дээлээ өмсөөд гараад явсан. Тэр өдөр намайг найзалъя гэжасуухаар нь би дуугараагүй. Тэгээд хамгийн ойрхон урд талын айл руу алхаж явахад Э машинаа асаагаад намайг тойроод байсан. Би тухайн үед айгаад хөдөлж чадахгүй зогсож байтал машин унтрах шиг болохоор нь айлруу явж байтал араас ирээд дайрсан. Машины дугуй дээгүүр гарч байгааг мэдсэн. Тэгээд амьсгалж чадахаа болиод ухаан алдсан.” гэсэн мэдүүлэг, /Хэргийн 1 дүгээр хавтасны 53-59 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э, Ө нарын: “2017 оны 10 дугаар сарын 07-ны орой гадаа харанхуй болсон байхад Ц ахынхруу явж байтал Ц ахын гэрийн урд талд машин тойроод байсан. Тэгээд Ц ахын гадаа ирэхэд тойроод байсан машин зогссон байсан. Эмэгтэй хүн орилоод байхаар нь гүйгээд очсон чинь Б эгч хамраас нь цус гарчихсан уйлаад байж байсан” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 63, 67 дугаар хуудас/,
Гэрч Б-н: “Машиных нь тормос муу барьж байсан. Машинаар тойрч байгаад тормос барихгүй дайрсан байх” гэсэн мэдүүлэг Хэргийн 1 дүгээр хавтасны 68 дугаар хуудас/,
Гэрч Б-ын: “Б-ийн гэрт сууж байтал Эрдэнэсайхан гэдэг хүүхэд гүйж ирээд Э, Б эгчийг машинаар дайрчихлаа гэж хэлэхээр нь гүйгээд очсон чинь ам хамраас нь цус гарчихсан, ухаан алдчихсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг / Хэргийн 1 дүгээр хавтасны 71 дүгээр хуудас/,
“Осол болсон цэгийг 1 тоогоор тэмдэглэж хэмжилт хийхэд уг 1 дүгээр цэгийг тойрсон машины мөрнүүд байсныг тоолж үзвэл 8 ширхэг машины дугуйны мөр байсан бөгөөд 1 дүгээр цэгээс ертөнцийн зүгээр баруун зүгт 3 метр зайд автомашины дугуйны мөрөөр үүссэн тойргийн хамгийн гадна талын дугуйны мөр гарсан байсан” болохыг тусгасан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтасны 3-8 дугаар хуудас/,
Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн: “Б-ын биед цээжний хөндийд нь хий, шингэн хуралдалт, баруун уушигны дунд дэлбэнгийн няцрал, олон хавирганы хугарал, зүүн дал, баруун шууны хугарал, дух, хамар, баруун хацар, цээж, хүзүү, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /Хэргийн 1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас/,
Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд: “Жолооч Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 2.3 дугаар зүйлд заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” зэрэг заалтуудыг зөрчсөн” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 80 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийг прокурор хүнийг алахыг завдсан гэмт хэрэг гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах, уг гэмт хэрэгт завдах гэдэг нь санаатай үйлдэл, эс үйлдлээр хүний амь насыг хохироосон, хохироохыг завдсан байх шинжийг агуулж байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь санаатайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх шинжийг агуулдаг.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Э нь хохирогч Б-г алах зорилгоор, эсхүл биед нь хүнд хохирол учруулах зорилгоор санаатайгаар автомашинаар дайрсан гэсэн дүгнэлт нь нотлогдохгүй байна.
Тодруулбал шүүгдэгч Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зохиуд хүргэсэн байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хохирогч Б нь “Э намайг тойрч тойрч байгаад санаатайгаар дайрсан. Айлгая бодсон байлгүй” гэж мэдүүлсэн /Хэргийн 1 дүгээр хавтасны 59 дүгээр хуудас/ боловч энэ мэдүүлэг нь эргэлзээтэй, таамаглалд үндэслэсэн шинжтэй байна.
Гэрч Б нь “Манай дүү гэрээсээ гарч айлруу зугтаж явахад нь араас нь машинаар хөөж дайрсан” гэж мэдүүлсэн боловч гэрч Б тухайн үйл явдал болж өнгөрсний дараа осол болсон газар очсон нь тогтоогдсон бөгөөд өөрийн хараагүй үйл явдлын талаар мэдүүлсэн уг гэрчийн мэдүүлэг шүүгдэгч нь хохирогчийг санаатайгаар дайрсан болохыг нотлохгүй байна.
Хохирогч Б түүний төрсөн эгч болох гэрч Б нар нь шүүгдэгчид гомдсоны улмаас ингэж мэдүүлсэн байх боломжтой бөгөөд эдгээр мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч нь хохирогчийг санаатайгаар дайрсан гэж дүгнэх боломжгүй юм.
Түүнчлэн шүүгдэгч Э-н: “Буян-Оргилыг би урьд нь хамт амьдаръя гэж гуйдаг байсан. Тэр үед бас гуйхад чи согтуу байна явж амар гэсэн. ...Би машиндаа суугаад машиныхаа гэрлийг асаахад урд сууж харагдсан. Тэгэхээр нь машинаар тойроод тоглоотохъё гэж бодоод 3-4 удаа тойрчихоод буугаад ирэхэд хаалганы хажууд чи намайг дайрчихлаа гээд уйлаад байж байсан. Тухайн үед урд хүн харагдаагүй.” гэсэн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Буян-Ундрахын мэдүүлэгт авагдсан энэ талаарх мэдээллүүдтэй тохирч байна.
Шүүгдэгч Э нь чиглэсэн шулуун хөдөлгөөнөөр хохирогч Б-г дайраагүй, харин түүнийг тойрох хөдөлгөөний явцад хохирогч Б дайрагдсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Э-н би санаатайгаар түүнийг дайраагүй гэсэн мэдүүлэг үндэслэлтэй болохыг нотлож байна гэж шүүх үзсэн болно.
Эдгээр байдлуудаас үндэслэн шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд сөргөөр нөлөөлсөн бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “зам тээврийн осол” гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирол учрах явдал гэж тодорхойлсон байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрэм нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт мөн бөгөөд уг дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.
Мөн зам тээврийн ослын үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн хэм хэмжээний нэг буюу хэд хэдэн заалт зөрчигдсөн байх, ослын улмаас тодорхой хохирол учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Э нь тормозгүй авто машинаар тухайн үед явганаар явж байсан Б-г тойрч байхдаа хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авч, тээврийн хэргслээ зогсоогоогүйгээс Б-г дайрч, цээжний хөндийд нь хий, шингэн хуралдалт, баруун уушигны дунд дэлбэнгийн няцрал, олон хавирганы хугарал, зүүн дал, баруун шууны хугарал, дух, хамар, баруун хацар, цээж, хүзүү, эрүүний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. Шүүгдэгч Э-н энэхүү үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хоёр нь шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд хийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Тиймээс давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шинжээчийн дүгнэлтэд Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд заасан: “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Гэвч Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэгдэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6 дугаар зүйлд “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гаргасан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоохоор”, мөн журмын 2.5 дугаар зүйлд “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхээр” тус тус зохицуулсан байна.
Тухайн үед Э-н цусан дахь агууламжаар нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг журмын дагуу тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, тэр байдал нь тухайн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байх тул шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын:
“...Э-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэснийг “...Э-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж,
Б. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг:
“Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахт хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохиро учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
В. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Энхболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
Г. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг:
“Шүүгдэгч Э нь 65 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэж,
Д. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг:
“Шүүгдэгч Э-г шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж,
Е. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг:
“Хохирогч нь шүүгдэгчээс нийт 22701370 төгрөг нэхэмжилснээс 30000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогчид нийт 21210000 төгрөг төлснийг дурдаж нэхэмжлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.” гэж,
Ё. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг:
“Шүүгдэгч Э-н жолооны үнэмлэхийг тээрийн хэрэгсэл жолоодох эрх хасах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс холбогдох Цагдаагийн байгууллагад шилжүүлж, иргэний үнэмлэхийг өөрт нь олгосугай.” гэж тус тус өөрилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ч.ЭНХТӨР