Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 03

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
            Нэхэмжлэгч Х.Эийн нэхэмжлэлтэй,
            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн улсын байцаагч Ч.Т, хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, улсын байцаагч Ч.Н нарт холбогдох,
            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот хууль зөрчсөн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Ч.Н, Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/09 тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын эрхэлж байсан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж холбогдох шийдвэрийг гаргуулсан.
Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагч ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх тухай 49 дүгээр акт гаргаж ирүүлсэн. Би хуульд заасан эрхийнхээ дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд энэ талаар шийдвэр гарсныг мэдээгүй байтал 2019 оны 11 дүгээр сарын 15-нд гомдлын хариу болох албан тоотыг А.Ч надад өгсөн.
Энэхүү байцаагчийн 49 дүгээр акт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4, 27.5, 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалтуудыг зөрчиж сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулалгүйгээр гарсан тул энэ актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн улсын байцаагч Ч.Т шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Этэй өөрийн биеэр очиж уулзан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019.03.05-ны өдрийн 31-03/04 тоот улсын ахлах байцаагчийн актыг танилцуулахад уг актыг зөвшөөрөхгүй гэсэн.  Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн тавьсан актын хүрээнд дахин улсын байцаагчийн акт бичихээ мэдэгдсэн. Үүнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүлээж байгаад улсын байцаагчийн акт бичсэн.
Ажилгүйдлийн тэтгэмж авагч Х.Э нь ажлаас халагдаж ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/152 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан өргөдлийн загвараар 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж уг өргөдлийн загварт бичсэн “Хууль бусаар ажлаас халагдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалин хөлс, орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ажил олгогчоор төлүүлсэн зэрэг тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхээ үүгээр нотолж байна” гэсэн шаардлагатай танилцан өргөдөлд гарын үсэг зурсан боловч тэтгэмжээ төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Энэхүү өргөдөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.6 дахь заалтыг тусгасан байдаг.
Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 31-03/04 тоот улсын ахлах байцаагчийн актаар нэр бүхий иргэдэд тавигдсан актыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тавьсан тул уг актыг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж тэтгэмж хариуцсан улсын байцаагч миний бие тухайн иргэдэд буюу үүний дотор Х.Эт үндэслэлгүй авсан ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 27-нд 49 тоот актыг зохих хууль, журамд нийцүүлэн тавьж өөрийн биеэр танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
Иймд хууль эрх зүйн хүрээнд бичсэн актыг баталгаажуулж иргэн Х.Эээр үндэслэлгүй авсан ажилгүйдлийн тэтгэмж 3378519 төгрөгийг буцаан төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, улсын байцаагч Ч.Н шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Х.Э нь 2017 оны 02 дугаар сарын 09-нд ажлаас чөлөөлөгдөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ” гэж заасны дагуу, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаанд бүртгүүлэн, түүнд тэтгэмжийг ажлын 76 өдрийн хугацаанд олгосон байна.
         Даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмж  авч  байх  хугацаандаа хууль бусаар ажлаас халагдсанаа шүүхээр тогтоолгон зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн  27.2, 27.4, 27.5, 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалтуудын дагуу сонсох ажиллагаа  хийгээгүй талаар:
        1. Х.Э нь 2017 оны 02 дугаар сарын 14-нд ажилгүйдлийн тэтгэмжийн материалыг  бүрдүүлэн өргөдлийг анх гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авагчаар гаргуулах өргөдлийн маягтад байгаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлд заасан даатгуулагчийн эрх, үүрэгтэй танилцан зөвшөөрч гарын үсэг  зурсан.
         2. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны 1 дүгээр сард Нийгмийн даатгалын сангуудын орлого бүрдүүлэлт, сангийн зарцуулалтад хийгдсэн шалгалтаар ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа ажилд орсон, шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа томилогдсон иргэдийн ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр Нийгмийн даатгалын хэлтэст бичигдсэн актыг нэр бүхий иргэдэд хэлтсийн Магадлагч эмч, тэтгэмжийн байцаагч Ч.Т биечлэн танилцуулж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар сонсох ажиллагааг хийсэн.
        Нийгмийн  даатгалын  Үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний  өдрийн  22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо  хийнэ”  гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг Х.Эээр буцаан төлүүлэхээр Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Т, Ч.Н нарын тогтоосон 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.  
         Иймд нэхэмжлэгч Х.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... акт тавихдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, миний эрх ашгийг зөрчсөн” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс  “ ... Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актыг нэхэмжлэгч Х.Эт танилцуулсан. Мөн нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахдаа Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргадаг. Энэ өргөдөлд хууль бусаар ажлаас халагдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг ажил олгогчоор төлүүлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлнө гэж тусгасан байгаа. Тийм учраас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 49 дүгээр акт хууль тогтоомжийн хүрээнд гаргасан ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.  
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Илүү олгогдсон тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” 49 дүгээр актаар  “нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа томилогдсон” гэсэн үндэслэлээр ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон 3.378.519 /гурван сая гурван зуун далан найман мянга таван зуун арван ес/ төгрөгийн тэтгэмжийг Х.Эээр ажилгүйдлийн санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана.”, 3 дахь хэсгийн 1-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх”, 3-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих”, 4-д “нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах” гэж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг заажээ.

“Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл батална” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нь энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг буюу ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг батлан гаргах эрхийг хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд олгосон байна.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4 дэх хэсгийн 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр  Х.Эийг өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлыг чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 6.621.586 /зургаан сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэж уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар нэхэмжлэгч нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилогдсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13.275.440 төгрөг, бусад зардал 85.600 төгрөг, нийт 13.361.040 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00558 дугаар шүүгчийн захирамжаар  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх шүүхийн шийдвэрүүд болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0796 дугаар магадлал , Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар шүүхийн тогтоол , ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын цалин хөлсний нөхөн олговор картаар олгосон жагсаалт , мөнгөн шилжүүлгийн баримт  зэргээр нэхэмжлэгч Х.Э нь  Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилогдсон, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ажилдаа томилогдсон өдрийг хүртэлх хугацааны цалингаа бүрэн авсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч төлсөн болох нь нотлогдож байна.
“Ажилгүйдлийн тэтгэмж” гэдэг нь даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд даатгалын сангаас олгож буй мөнгөн тусламж юм, харин нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрээр түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр биелэгдсэн, ингэснээр түүний хөдөлмөрийн харилцаа хэвийн байдалдаа эргэж сэргээгдсэн, өөрөөр хэлбэл тэтгэмж авах “ажилгүй” гэх нөхцөл болон тэтгэмжийн зорилго арилсан байна.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсгийн 4.6-д заасан “ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосон” гэдэг нь Х.Эт хамаарах бөгөөд түүнд олгосон ажилгүйдлийн тэтгэмж 3.378.519 төгрөгийг ажилгүйдлийн санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот акт нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч Х.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгчээс “ ... акт тавихдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, миний эрх ашгийг зөрчсөн” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Учир нь нэхэмжлэгч Х.Э нь Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж “Миний бие ... хууль бусаар ажлаас халагдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалин хөлс, орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ажил олгогчоор төлүүлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлөхөө нотлон мэдэгдэж байна. Ажилгүйдлийн тэтгэмж тогтоон олгоно уу ...” гэсэн өргөдлийг  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх ба ажилгүй байх хугацааны цалин хөлсөө ажил олгогчоор төлүүлсэн тохиолдолд авсан ажилгүйдлийн тэтгэмжээ буцаан төлөх үүрэгтэй гэдгээ анх өргөдөл гаргахдаа мэдсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл цалин хөлсийг ажилгүйдлийн тэтгэмжтэй давхардуулан авсан тохиолдолд авсан ажилгүйдлийн тэтгэмжээ буцаан төлөхийг даатгуулагчид хууль болон журмаар үүрэгжүүлсэн тул хариуцагчийг сонсох болон мэдэгдэх ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Эийн “Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД