Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0532

 

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0532

Улаанбаатар хот

 

 

 

                                   Л.Н***ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Л.Н***,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Л.Н***,

Хариуцагч Үндэсний аудитын газар, тус газрын аудитор Ц.Н***, аудитын менежер Ц.Х***,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын аудитор Ц.Н***, Ц.Х***, Г.Н*** нарын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 77/АО150055 /АХГ-2022/113/НА-СТА-ТӨА/ тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0526 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, П.Н*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***.

Хэргийн индекс: 128/2022/0777/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Н***оос Үндэсний аудитын газрын аудитор Ц.Н**, Ц.Х***, Г.Н*** нарын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 77/АО150055 /АХГ-2022/113/НА-СТА-ТӨА/ тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0526 дугаар шийдвэрээр “Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н***ийн Үндэсний аудитын газар, тус газрын аудитор Ц.Н***, аудитын менежер Ц.Х*** нарт холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/АО150055 /АХГ-2022/113/НА-СТА-ТӨА/ дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн буюу Төлөөлөн удирдах зөвлөл нь ажил олгогч мөн эсэх, хуулийн этгээд мөн эсэхийг үнэлж тогтоогоогүй,

 3.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн удирдамж, чиглэлийн дагуу ажилладаг бөгөөд удирдамж, чиглэл ирүүлээгүй тохиолдолд дур мэдэж шийдвэр гаргах эрхгүй этгээд. Шүүх маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн атлаа яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй талаар дүгнэлт гаргаагүй нь хэргийн үйл явцыг дутуу үнэлж шийдвэрлэсэн,

3.3. Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар компани нь ашиг олдог ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд “Х*** д*** с***” ТӨХК нь захиргааны байгууллага биш, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

3.1. Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Х*** д*** с***” ТӨХК-ийн 2021 оны санхүүгийн тайлан, зорилтот түвшний гүйцэтгэлд аудит хийсэн.

3.2. Тухайн аудитаар Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаар магадлалаар иргэн Б.М***ы нэхэмжлэлтэй, “Х*** д*** с***” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “Х*** д*** с***” Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,809,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М***д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөрийг байгууллагаас олгосон үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна хэмээн үзэж, Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 77/АО150055 /АХГ-2022/113/НА-СТА-ТӨА/  дугаар актаар “Ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 16,809,270 төгрөгийг холбогдох буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан банкан дахь Аудитын шалгалтын орлогын ... тоот дансанд төвлөрүүлэх”-ийг “Х*** д*** с***” ТӨХК-нд үүрэг болгосон.

3.3. Улмаар “Х*** д*** с***” ТӨХК-иас 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаар албан бичгээр “Х*** д*** с***” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хандан “...аудитын зөвлөмжийг барагдуулж хамтран ажиллах” хүсэлтийг хүргүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.Н***оос “...актад дурдсан 16.809.270 төгрөгийг ТУЗ /хуучин/-ийн 9 гишүүнд хуваахад нэг хүнд 1.867.696 төгрөг оногдож байгаа нь Л.Н***ийн эрх ашгийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гарган маргажээ.

4. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.3.1-т “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно хэмээн,

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” хэмээн,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”  хэмээн тус тус заасан.

5. Тухайн тохиолдолд, “Х*** д*** с***” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 206 дугаар тогтоолоор байгуулагдсан, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд буюу Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “захиргааны байгууллага” мөн.

Маргаан бүхий захиргааны акт болох  Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 77/АО150055 /АХГ-2022/113/НА-СТА-ТӨА дугаар акт нь Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаар магадлалыг гүйцэтгэх хүрээнд “Х*** д*** с***” ТӨХК-иас 16,809,270 төгрөгийг иргэн Б.М***д олгосон үйл баримттай холбогдуулан төрд учирсан хохирлыг Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нөхөн барагдуулах зорилго бүхий хуульд нийцсэн захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА