| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Ц.А /цахимаар/
Шүүгдэгч Р.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.И-д холбогдох 2116000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогтой Р-н И.
Шүүгдэгч Р.И нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атал 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт 4-р багийн нутаг “Ээвийн гүүр” гэх газарт улсын чанартай асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 00-00 ХОА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Toyota Prius-30” загварын цайвар цэнхэр өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын хаалт шороо мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.А-н эрүүл мэндэд баруун атгаал чөмгөний булуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Р.И-н согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атал 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт 4-р багийн нутаг “Ээвийн гүүр” гэх газарт улсын чанартай асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 00-00 ХОА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Toyota Prius-30” загварын цайвар цэнхэр өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын хаалт шороо мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.А-н эрүүл мэндэд баруун атгаал чөмгөний булуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Р.И гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Р.И-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд Приус-30 маркын машинтай гарсан. Ховд аймгийн төвөөс Н, Ц.А гэдэг 2 хүн аваад замаасаа О гэдэг нэг хүн аваад Улаанбаатар хот руу гарсан. Гарах гэж байхад хоёр найз маань яриад Ховд аймгийн захад байдаг Модон овоо гэдэг газарт уулзсан. Би нэг шил архи авсан байсан болохоор бид 3 нэг, нэг удаа татсан. Тэгээд архиа нөгөө 2 найздаа өгч явуулаад машинтайгаа наашаа явсан. Наашаа явж байх хугацаандаа 2 лаазтай пиво уусан. Тэгээд орой 21 цагийн үед гүүрэн дээр ирээд шороо харалгүй мөргөж осол гаргасан. Хохирогч А-н биед хохирол учирсан байгаа ... Хохирогч Ц.А-т 6,230,000 төрөг, О гэдэг хүнд 696,000 төгрөг, Н-д 380,000 төгрөг өгсөн ... Энэ хүний нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөх болно. Манай аав нэг хөлтэй, тэргэнцэртэй байдаг юм. Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг. Ээж маань тэтгэвэрт байдаг. Ийм хүмүүстэй хамт амьдардаг юм. Ар гэрийн байдлыг маань харгалзан хэргийг маань шийдэж өгнө үү?” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ц.А-н шүүх хуралдаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны орой фейсбүүкээр Ховд аймгийн зарын групп дээр Улаанбаатар хот руу 2 хүн явна гэж зар бичсэн. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны орой над руу Р.И залгаад би өөрийн хувийн унаатай явах гэж байгаа. Цөөхөн хүнтэй явна шүү гэхээр нь явахаар ярьж тохирсон. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө сумаасаа Ховд аймаг руу орж ирээд Р.И-тай уулзаад захаас жоохон юм аваад явсан. Замаасаа охиноо аваад цаашаа явж байгаад замд Р.И 2-3 пиво уусан. Ер нь их уугаад байна шүү, битгий уугаарай, хурдтай яваад байна шүү, зөөлхөн яваарай, эрүүл хүнд машинаа бариулахгүй юм уу? гэж байнга сануулж явсан. Р.И би харанхуй болох хүртэл машинаа баръя. Энэ хүн шөнөжин барих учир жоохон амраад явж байг. Би өөрийгөө мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би итгэж явсан. 130 километр цагийн хурдтай явж байгаад гүүр доошоо бууна шүү гэж араас би хэлсэн, хажууд байсан хүн нь ч хэлсэн. Р.И сонссон ч юм уу? үгүй ч юм уу? шууд очиж шороог мөргөөд дээгүүр нь даваад гарсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явсан. Мөрний үе солих хагалгаанд явсан боловч залуу хүн мөрний үе солих арай харамсалтай юм. Чөмгөний толгой нь бяцраад ямар ч хадах боломжгүй байна гээд хиймэл яс нөхсөн байгаа. Хэрвээ энэ яс нөхөгдөхгүй, бороо үүсэхгүй бол мөрний үе шилжүүлэх хагалгааг жил гаруй хугацааны дараа хийлгэх эмчийн дүгнэлттэй байгаа. Одоо Ховд аймагтаа эмчийн хяналтад үзүүлээд явж байгаа. Группын заалтаар халамж авахаар болсон байгаа... Гарнаас гадна зүүн хөлний мэдрэлийн судас дарагдсан байна гээд шатаар чигээрээ доошоо бууж чадахгүй байгаа. Заавал нэг хөлөө зөөж бууж байгаа. Ахар сүүл хугараагүй ч гэмтэл авсан юм шиг дээшээгээ харж хэвтэж чадахгүй босохоороо сууж чадахгүй, суухаараа босож чадахгүй 2 сар болж байна. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учир эмнэлэгт хэвтэхээр болсон байгаа ... Гар маань нэг жилийн хугацаанд ямар ч хөдлөх боломжгүй болсон. Эмч нарын ярьж байгаагаар 1-2 жилийн хугацаанд эдгэнэ гэж байгаа. Миний хүсэж байгаа зүйл бол 10, 11 дүгээр сарын цалингаа нэхэмжилж байгаа. Би цалин 2,000,000 төгрөг гар дээрээ авдаг. Би өрх толгойлсон эмэгтэй, 3 хүүхэдтэйгээ амьдардаг байгаа ... 2 сарын цалин 4,000,000 төгрөг байдаг. Түүнээс 400,000 төгрөг өгсөн. Одоо 3,600,000 төгрөг нэхэмжилж байна ... Саяны өгсөн 400,000 төгрөг нэмэгдээд 6,230,000 төгрөг авсан ...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэмтлийн хажуугийн тасагт 10 хоног хэвтээд тэндээсээ дээшээ шилжээд гар сарвууны тасагт нь 5 хоног хэвтээд тэндээсээ ковидын тасагт 10 хоног хэвтээд гарсан. Говь-Алтайд осолд ороод очиж зургаа авахуулаад хоноод өглөө нь Ховд аймаг руу явсан байгаа. Ховдод эмнэлэгт хэвтээгүй. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн болохоор шууд хот явсан” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Замын 2 талаар гэртээ газраар явж байсан. Тэр газрыг өнгөрөөд алсуур эргэлт гарч ирсэн. Тэр үед нь би хурдаа хас гэж хэлсэн боловч сонсоогүй юм шиг байна лээ. Хурд сааруулагч шиг шороо гараад ирсэн. Тэр дээгүүр гартал цаад талд нь бүр том овоолсон шороо байсан. Тэр шороон дээгүүр харайлгаад цаад талд гараад зогссон. Хамт явж байсан охин ээж эвгүй болчихлоо гээд цагдаад хандсан байсан... Би жолоочийн хажууд, нөгөө эгч хүүхэдтэйгээ ард сууж явсан ...замдаа 2-3 лааз пиво уугаад яваад байсан ...100км/ц гарчихсан байсан... Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ43-45/,
Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед ээж бид хоёрыг жолооч нь 1 хүнтэй хамт ирж авсан... Бүрэнхий болж байхад машин шороон дээгүүр гараад зогссон. Бид нар бүгд урд чинь шороо байна гэж хэлсэн боловч их хурдтай явж байсан болохоор шороон дээгүүр харайлгаад цаад талд нь зогссон... Замдаа 4 лааз пиво уусан ...Нэлээд хурдтай явсан. Яг хэдэн км/цаг гэдгийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ47-48/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 355 дугаартай “...1. Иргэн Ц.А-н биед эмнэлгийн бичиг баримтад хийсэн нэмэлт үзлэгээр баруун атгаал чөмгийн булуу ясны хугарал, баруун 7-р хавирганы хугарал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдээс баруун атгаал чөмгийн булуу ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /ХХ97-98/,
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Лхагвадоржийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 239 дугаартай “1. Ховд аймгийн Мөнххайрхан суманд оршин суух хаягтай, малчин ажилтай Х овогт Р-н И /РД: ***********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Жолооч Р.И нь Монгол улсын ЗХД-н 12.2, 3.1, 3.7а дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадалгаа /ХХ101-102/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ4-5/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-11/, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31/3609 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /ХХ25-26/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /ХХ32/, хохирогч Ц.А-н Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 8678 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ86-96/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.И-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь шүүгдэгч Р.И-н шүүх хуралдаанд өгсөн “...Хохирогч Ц.А-т 6,230,000 төрөг, О гэдэг хүнд 696,000 төгрөг, Н-д 380,000 төгрөг өгсөн ... Энэ хүний нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөх болно...” гэсэн, хохирогч Ц.А-н “...2 сарын цалин 4,000,000 төгрөг байдаг. Түүнээс 400,000 төгрөг өгсөн. Одоо 3,600,000 төгрөг нэхэмжилж байна ... Саяны өгсөн 400,000 төгрөг нэмэгдээд 6,230,000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн хохирол төлсөн талаарх хэрэгт авагдсан баримт /ХХ136-147/ зэргээр нотлогдож байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Р.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.И уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.И-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Р.И-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Р.И-г согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүдэгч Р.И-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 6,230,000 (зургаан сая хоёр зуун гучин мянга) төгрөгийг хохирогч Ц.А-т төлсөн бөгөөд хохирогч Ц.А ажилгүй байсан хугацааны цалинд 3,600,000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.И-с гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Р-н И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүдэгч Р.И-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгүүдэд заасан журмуудыг шүүгдэгч Р.И-д танилцуулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.И-с хохиролд 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Ц.А хойшид гарах эмчилгээний зардал, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА