Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

    2021          03           31                                     2021/ШЦТ/232

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Эд холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуун мод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн *-** тоотод оршин суух хаягтай,  урьд 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2 дугаар зүйлд зааснаар 40.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, /регистрийн дугаар ******/ П.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн *-** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамараал бүхий харилцаатай эхнэр Ч.Ж-ы биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамрын нурууны зулгаралт, зүүн мөр, баруун гуя, зүүн шилбэнд цус ухралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч П.Э-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч П.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн *-** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Ж-ы биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамрын нурууны зулгаралт, зүүн мөр, баруун гуя, зүүн шилбэнд цус ухралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Ч.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19:30 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн *-** тоот гэртээ ирсэн. Тэгээд нөхрийнхөө дугаар луу төрсөн охин М-н утсаар залгуулж хоол хийх гэж байна ирэхдээ кимчи, давс, ундаа аваад ирээрэй гэж хэлүүлээд утсаа салгасан. Удалгүй 40 минутын дараа ирэхгүй болохоор нь том охин Н дахиад аав руугаа залгаад та ирэх болж байна уу гэхэд нөхөр арай болоогүй байна гэхээр нь том охин Н тэгсэн бол та хэлчихгүй яасан юм бэ гэхэд нөхөр ээждээ утсаа өгчих гээд чанга дуугаар хэлэхээр нь надад охин утас аваад ирэхээр нь би утсыг нь аваад шууд салгачихсан юм. Орой 22:40 цагийн үед нөхөр гэрт согтуу орж ирээд муухай хараад хажууд байсан сандал дээр суугаад чи хүн дарамталдаг хэн бэ гэхээр нь би чамайг яаж дарамталсан юм гэж хэлэхэд айлд байхад дахин дахин залгаад дэлгүүр яваад давс авчхаж чадахгүй байна уу пицда минь гээд гэрт байсан жижиг модон сандлаар зүүн гар луу 3-4 удаа толгой руу 2 удаа, баруун гараараа толгой руу 1 удаа, хамар хэсэг рүү 2 удаа цохиод хооолй багалзуурдаад авахаар нь төрсөн охин М болиулсан. Тэгсэн нөхөр гарч яваад 20 минутын дараа буцаж орж ирээд баруун хөлөөрөө миний хоёр хөл рүү ээлжлээд өшиглөөд болихгүй болохоор нь төрсөн охин М цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Би ямар нэгэн эмчилгээний байгууллагад хандаагүй. Надад ямар нэгэн хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рт, 52-рт/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдөр аав найзындаа юм янзална гээд гэрээс гараад явсан. Тэгээд орой ирэх болж байхаар нь дэлгүүр ороод идэж уух зүйл захисан. Тэгсэн аав за гээд утсаа тасалсан. Тэгээд орой ирэхгүй болохоор нь та ирэх болоогүй юм бол хэлчихгүй дэлгүүр хаачихлаа бид нар өөрсдөө авчих байсан гэсэн. Тэгээд аав гэртээ орой ирсэн. Гэртээ ирээд айлд байхад дарамталлаа гээд хэрүүл хийсэн. Тэгээд аав ээжтэй маргаад байсан. Аав уурандаа ээжийг сандлаар гар хэсэгт нь цохисон. Тэгээд ээжийг хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рт/,

 

Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний бие төрсөн эгч Ж-руу гар утсаар залгаж ярихад дуу нь сул, зовиуртай дуугараад байхаар нь бие нь зүгээр үү юу болсон юм бэ гэж асуухад эхэндээ зүгээрээ гэж хариулахаар нь би таны бие өвдсөн байна шүү дээ гэхэд нөхөр Э-г гэртээ согтуу ирж агсам тавиад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **** тоот:

1. Ч.Ж-н биед хамрын нуруунд зулгаралт, зүүн мөр, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39-40-рт/,

 

шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би найз Ш-н гэрт нь очиж нэг шил архи хувааж уугаад сууж байтал манай эхнэр болон охин Н над руу залгаад намайг ирэх болж байгаа юм уу ирэхдээ дэлгүүрээс давс, ундаа гэх мэт зүйлс аваад ирээрэй гээд залгаад байсан. Би тухайн үед за гэж хэлсэн боловч найзынхаа гэрээс гараад харих гэсээр байтал хүнсний дэлгүүр хаачихсан байсан. Тэгээд би эхнэр хүүхдийнхээ захисан зүйлсийг авч чадалгүй гэртээ ороод эхнэр лүүгээ бага зэрэг уурлаад гэрийн чинь хажууд дэлгүүр байхад өөрөө гараад давс энэ тэрээ авчихад яадаг юм гэж хэлээд агсам тавьсан. Миний бие тухайн үед уусан архиндаа нилээн согтсон байсан учир зарим зүйлсийг сайн санаагүй байгаа юм. Нэг мэдэхэд би уурлаад эхнэрийнхээ зүүн талынх нь хацар луу нь баруун гараараа нэг удаа цохиход эхнэр маань миний гарыг бариад авахаар нь хөлийнх нь шилбэ рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөөд, хүн суудаг жижиг модон сандал аваа зүүн гарынх нь булчин хэсэг рүү нэг удаа цохиод миний бие гэнэт буруу зүйл хийж байгаагаа мэдээд эхнэрээсээ уучлалт гуйхад эхнэр маань уйлаад байсан. Би дүгнэлтэй уншиж танилцсан, тухайн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Ж-н биед би зодож учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-рт/,

 

Хохирогч Ч.Ж-ы “...цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 80-рт/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч П.Э-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. П.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар П.Э-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Э-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ