Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/379

 

 

 

 

 

 

    2021         06           07                                      2021/ШЦТ/379

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Э.Одгэрэл,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

хэлмэрч Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-н М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ын Э нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, 24 дүгээр байрны ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, М овогт Д-н М,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Л-н Э.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Л.Э-ын нүүрэнд толгойгоороо мөргөж биед нь баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Д.М-н **-** УБХ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би 22 дугаар сургуулиас дүүгийнхээ хүүхдийг авч өгөх гээд явж байсан юм. Тэгээд дүүгийнхээ хувцсыг солиулж өмсүүлээд гарч ирэхэд над руу нэг танихгүй хүн дайраад цээжин бие рүү цохисон. Тэгээд миний хүзүүнээс боохоор нь би боолтонд ороод мөргөсөн. Би өөрийгөө хамгаалж аргаггүй хамгаалалт хийж хүн гэмтээсэн нь үнэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлэг, цагдаагаар яваагүй. Намайг хөдөө томилолтоор ажилд явчихсан байхад над руу утсаар холбогдож юу болсон талаар хэлсэн юм. Тухайн үед Э над руу дайраад байсан ба бид хоёр бие биеэ боож, мөргөсөн. Би энэ хүнд одоо болъё хүүхдүүд, хүмүүс хараад байна гэж хэлэхэд дайрч давшлаад байсан. Мөн намайг гарч ирэхээс өмнө сургуулийн жижүүр  /School police/ хийж байсан залуу Э-ыг “...чиний машиныг өшиглөөд байсан...” гэж хэлсэн. Би санал гомдолтой байна... Би тухайн үед цамцаа тайлаагүй 2 давхар цамцтай байсан. Би хүний машин хааж машинаа байрлуулсан байсан тул хурдан машинаа холдуулчихаад явъя гэсэн бодолтой байсан. Тэр үед бид хоёр хоёулаа машинаа зогсоолгүй газар байрлуулсан байсан. Би Л.Э-аас 695.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Шүүгдэгч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр 22 дугаар сургуулиас хүүхэд аваад гарч иртэл Э “...машин таглаж тавилаа..”  гээд миний өөдөөс муухай хашхираад, намайг түлхээд заамдаж аваад хоолой боосон. Тэгэхээр нь би буцаагаад Э-ын зүүн нүд рүү мөргөсөн. Би Э-тай уулзаж учир зүйгээ олох гэж оролдсон, бас гэмтэл учруулсандаа уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-65-рт/,

 

шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө гэрчийн мэдүүлэг дээр маш тодорхой ярьсан. Одоо дахиад өөрийнхөө зодуулсан талаар ярьмааргүй байна. Би **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй. Тухайн машины эзэн намайг цохиж зодчихоод л машинаа унаад зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 223-224-рт/,  

 

хохирогч Л.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 22 дугаар сургуулийн гадаа машинаа тавиад сургууль руу орсон. Өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Приус-20” маркийн машинд суугаад **-**  улсын дугаартай жолооч руу залгахад одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь дахиад охиноороо нөгөө утас руу залгуулж яриулсан чинь миний машиныг аваад яв гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөгөө дугаар луу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Би их яараад байсан болохоор олон удаа нөгөө машины жолоочийн дугаар руу залгасан. Тэгээд их удаж байж ирэхээр нь би орилоод /ярьж чадахгүй учир/ үйлдлээр өөрийнхөө цаг руу заагаад нөгөө хүн рүү гараараа чичилсэн энэ нь /яасан удаж ирдэг юм/ гэж хэлж байгаа юм. Тэр залуу намайг шоолж инээгээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн зүүн мөр лүү нь түлхтэл нөгөө залуу цамцаа тайлаад бид 2 заамдалцаад зогсож байгаад арай цохичихгүй байх гэж бодтол шууд баруун нүд, хацар орчим руу мөргөсөн. Тэр залуу мөргөнгүүт миний нүд орчим маш их өвдөлт мэдрэгдсэн. Тэр залуу дараа нь намайг уучлаарай гэж хэлэхээр нь би явуулахгүй байсан чинь машиндаа суугаад зугтаасан. Би араас нь очиж машиных нь бариулаас татсан боловч зогсохгүй шууд яваад өгсөн. Би тэгээд гэртээ ороод хэсэг байж байгаад нүүрээ угаагаад нусаа нийх гэтэл миний баруун нүд бүлтрээд гараад ирсэн. Би маш их гомдолтой байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох гэж байгаа. Мэргэжлийн эмчид үзүүлэхэд нүдний хараанд муугаар нөлөөлнө бас баруун нүдний ухархайны яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-рт/,

 

хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо 22 дугаар сургуулийн хойно байрлах явган хүний зам дээр өөрийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад дүүгийн хүүхэд болох А-ыг авах гээд орсон. Сургууль руу ороод 5 минут болж байхад машинаа холдуул гээд залгаад байна гэхээр нь А-ыг хувцаслаад 10 минут болоод аваад гараад ирэхэд нэг залуу юу ч хэлэлгүй ирээд миний цээжин хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би гайхаад гараас нь барьцалдаад авсан. Үүний дараа миний хувцасны энгэрээс миний хоолойг боосон. Тэгээд би боолтод ороод ухаан алдах гээд байсан тул толгойгоороо зүүн талын хацар хэсэг рүү нь мөргөхөд намайг боож байсан гараа тавьсан. Миний хувцаснаас зууралдаад чирээд, татаад байсан. Хажуу талд байсан торон хашаа руу намайг түлхээд байсан. Би болиулах гээд түлхэхэд машин руу хувцаснаас татаад түлхээд байсан. Би арай гэж өөрийнхөө хувцаснаас хүмүүсийн тусламжтай салгаад машиндаа суугаад зугтаасан. Тухайн үл таних залуу намайг машиндаа суухад миний машины шил рүү цохиод байсан. Намайг машинтайгаа зугтаахад миний араас чулуу шидээд миний тээврийн хэрэгслийн урд талын шилийг цуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 190-191-рт/,  

 

гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 22 дугаар сургуулиас 11 цагийн өмнө тарсан. Манай аав Л.Э намайг сургуулиас авсан. Гэтэл манай машиныг нэг машин таглаад зогсчихсон байсан. Манай аав өөрийнхөө утсаар машин таглаж зогссон машины жолооч руу залгаад аав ярьж чаддаггүй болохоор би тэр жолоочтой нь машин таглаад зогссон байна, гарах гэсэн юм гэж ярьсан. Гэтэл манай машиныг таглаж зогссон машины жолооч ирэхгүй удаад байсан. Тэгээд аав намайг дахин нөгөө жолоочтой яриулсан. Гэтэл өөдөөс нөгөө жолооч ах миний машиныг аваад яв гээд байсан. Тэгээд дараа нь дахин 16 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд зөндөө удаж байгаад ирсэн. Манай аав хэлгүй болохоор уурлахдаа нөгөө жолооч руу аймаар муухай орилсон. Тэгээд манай аав, машин таглаж тавьсан жолооч ах 2 бие биеэ заамдсан. Би айгаад орилоод уйлахад  намайг жижүүр эмээ машиндаа сууж бай гэж хэлсэн. Тэгээд би машиндаа сууж байтал манай аавыг тэр ах цохих шиг болсон. Аавын гар утас газарт унаад жижүүр эмээ утсыг нь гарт нь бариулсан. Тэгээд нөгөө ах уучлаарай цагдаа дуудна гэж аавд хэлж байгаад өөрийнхөө машинд суугаад зугтаасан. Гэтэл манай аав машиных нь хаалганых нь бариулаас атгаад автал аавыг тоолгүй хурдтай хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/, 

 

гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “**” сургуулийн гадаа сургуулийн цагдаа хийж байхад хүүхдүүдийн хичээл тарж байсан. Би хүүхдүүдийг зам гарч байхад нь болон хяналт тавьж байхад замын хажууд хоёр цагаан машинтай хүмүүс хурдтай явсан, би тухайн үед яг зодолдсон гэдгийг нь хараагүй. Тухайн үед нөгөө талд байсан бас нэг сургуулийн цагдаа хоорондоо зогсоолоос болж маргаад зодолдоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 170-171-рт/,

 

гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр сургуулийн цагдаагаар ажиллаж байсан. Тухайн үед үд дунд 12 цагийн үед байсан санагдаж байна. Өглөө орсон сурагчид тараад өдөр орох сурагчид ирээд бужигналдсан байхад би хүүхдүүдтэй зууралдаад завгүй байсан. Гэтэл миний хажууханд хоёр танихгүй хүн хоорондоо маргалдаад зууралдаад байсан харагдсан. Яг хэн нь хэнийгээ цохисон гэдгийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174-рт/, 

 

гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Батманлайн хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна, 22 дугаар сургуулийн урд талд хүмүүс хоорондоо маргалдаад байна гэсэн дуудлага өгсний дагуу очиход дуудлага өгсөн газраа байгаагүй. Хайгаад үзэхэд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Хаан суудал гээд суудлын бүрээс хийдэг газрын орчимд машины маркийг нь санахгүй байна нэг залуу зогсож байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна би машиндаа сууж байсан. Миний санаж байгаагаар машин нь хонхойж салхины шил нь цуурсан зүйл байгаагүй санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 227-228-рт/, 

 

гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Баянбүрд автобусны буудлын тэнд байдаг юм, эндээс миний машиныг унаж гарах үед тээврийн хэрэгсэлд ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй. Тэгтэл 12 цагийн үед М над руу залгаад нэг хүнтэй маргаан үүсээд цагдаа ирчихсэн байна гэж утсаар ярьж байсан. Гэртээ ирэхэд нь машинаа хартал баруун, зүүн талын гупер болон их биеийн доогуур хэсэгт хонхойсон мөн дээвэр хэсэг, баруун талын хаалга зэрэг 3, 4 газар хонхойчихсон байсан. Бас урд талын салхины шилний баруун доод хэсэгт цуурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 229-230-рт/,

 

насанд хүрээгүй гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдрийн болсон зүйлийг би санаж байна. М ах намайг сургуулиас тарах үеэр ирж авсан бөгөөд бид 2 машин руугаа очиход манай машины урд талд нэг ах зогсож байсан бөгөөд М ахыг шууд хүзүүнээс нь заамдаад цохиод байсан. Тэгэхээр нь М ах зөрүүлээд цохисон. Тэгээд удалгүй бид хоёр машиндаа суугаад нарийн гудамжаар явсан. Нөгөө ах хойно үлдсэн. М ах тухайн хүнтэй зодолдож байхад би хажууд нь зогсож байсан. Тухайн эрэгтэй хүн хэлгүй хүн байсан. Тэр хүн машин өшиглөж, цохиж байсныг би анзаараагүй. Харин маргаан дуусаад машиндаа суухдаа би хойд талын суудал дээр суусан бөгөөд урд талын шил цуурсан үгүйг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 233-234-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** тоот: 

  1 Л.Э-ын биед баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 34-рт/,

 

  • “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хх-ийн 35-рт/,
  • Хохирлын баримтууд /хх-ийн 51-55-рт/,

- Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 202-203, 141-рт/,

- “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 202-рт/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68, 239-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70, 238-рт/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо 22 дугаар сургуулийн орчим байрлах явган хүний зам дээр **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Э-ын автомашины явах замыг хаан тавьж байрлуулан орхисны улмаас шүүгдэгч Л.Э бухимдан шүүгдэгч Д.М-тай маргалдаж улмаар шүүгдэгч Д.М шүүгдэгч Л.Э-ын баруун нүд, хацар орчим руу мөргөж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

шүүгдэгч Д.М-н би боолтод ороод ухаан алдах гээд байсан тул толгойгоороо зүүн талын хацар хэсэг рүү нь мөргөхөд намайг боож байсан гараа тавьсан” /хх-ийн 191,190/, “машин таглаж тавилаа гээд миний өөдөөс муухай хашхираад, намайг түлхээд заамдаж аваад хоолой боохоор нь би буцаагаад Э-ын зүүн нүд рүү мөргөсөн...” /хх-ийн 61-65-рт/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн миний хүзүүнээс боохоор нь би боолтонд ороод мөргөсөн. Би өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийж хүн гэмтээсэн нь үнэн.гэх мэдүүлгээр мөн шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн би тэр залуугийн зүүн мөр рүү нь түлхтэл нөгөө залуу цамцаа тайлаад бид 2 заамдалцаад зогсож байгаад арай цохичихгүй байх гэж бодтол шууд баруун нүд, хацар орчим руу мөргөсөнгэх мэдүүлэг /хх-ийн 190, 191/, гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнби машиндаа сууж байтал манай аавыг тэр ах цохих шиг болсон. Аавын гар утас газарт унаад жижүүр эмээ утсыг нь гарт нь бариулсан/хх-ийн 32, 33/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Б-н “...нэг ах зогсож байсан бөгөөд Мөнхзаяа ахыг шууд хүзүүнээс нь заамдаад цохиод байсан. Тэгэхээр нь М ах зөрүүлээд цохисон. /хх-ийн 233,234/ гэх мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт би өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийж хүн гэмтээсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлэг, цагдаагаар яваагүй. Тухайн үед Э над руу дайраад байсан ба бид хоёр бие биеэ боож, мөргөсөн гэж мэдүүллээ.

Гэвч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй өөрөөр хэлбэл өргөн утгаараа хууль зүйн өөр ойлголт бөгөөд шүүгдэгч Л.Э-ын цээж рүү түлхсэн үйлдэл, шүүгдэгч нар өөр хоорондоо бие биенээ заамдалцаж авсан үйлдлийн улмаас шүүгдэгч Л.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хамаарахгүй, Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

 

Мөн шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд тухайн үл таних залуу намайг машиндаа суухад миний машины шил рүү цохиод байсан. Намайг машинтайгаа зугтаахад миний араас чулуу шидээд миний тээврийн хэрэгслийн урд талын шилийг цуулсан...” /хх-ийн 190-191-рт/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт машинд учирсан хохиролд гэж 695000 төгрөг нэхэмжилж тус тус мэдүүлжээ.  

 

Харин шүүгдэгч Л.Э шүүгдэгч Д.М-н тээврийн хэрэгсэл буюу машинд ямар ч гэмтэл учруулаагүй, харин намайг Д.М цохиж зодчихоод яваад өгсөн, би араас нь очиж машиных нь бариулаас татсан боловч зогсохгүй шууд яваад өгсөнгэж тайлбарлан мэтгэлцэж, гэрч Э.А манай аав машиных нь хаалганых нь бариулаас атгаад автал аавыг тоолгүй хурдтай хөдлөөд явчихсан...” /хх-ийн 32-33-рт/ гэж мэдүүлжээ.

 

Хэргээс үзэхэд тухайн цаг хугацаанд шүүгдэгч Л.Э-ыг шүүгдэгч Д.М-н унаж явсан машиныг эвдэж, гэмтээсэн үйл баримтыг харсан буюу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч тус хэрэгт байхгүй байх боловч шүүгдэгч Д.М-н буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тодруулбал шүүгдэгч Л.Э машины явах замыг хааж тавьлаа гэх шалтгааны улмаас шүүдэгч Д.М руу удаа дараа /16 удаа/ залгаж уурлаж бухимдсан үүний улмаас хоорондоо маргалдан зодолдож хэн аль нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон нь тогтоогдож байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон гэрч Л.Д болон шүүгдэгч Д.М-н мэдүүлгээр нотлогдож байна гэж шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.М-н шүүгдэгч Л.Э-ын толгой, нүүрэн тус газарт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,  

            шүүгдэгч Л.Э нь шүүгдэгч Д.М-н **-**  улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг  тус тус бүрэн хангаж байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Л.Э- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Түүнчлэн бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг гэм хор учруулсан этгээд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон нотлох баримтын шаардлага хангаж байгаа баримтуудыг үнэлж шүүгдэгч Д.М-с 2.110.724 /хоёр сая нэг зуун арван мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулж хохирогч Л.Эт, шүүгдэгч Л.Э-аас 695.000 /зургаан зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасныг  мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 /долоо зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. М овогт Д-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Л-н Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхзаяад 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 /долоо зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Э-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 /долоо зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.М, Л.Э нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с 2.110.724 /хоёр сая нэг зуун арван мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т, шүүгдэгч Л.Э-аас 695.000 /зургаан зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Л.Э нарт авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ