| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0182/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0197 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0182/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.А-,
Шүүгдэгч П.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдоржийн П.С-т холбогдох эрүүгийн 2118000000210 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.С-, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмэнт мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.П.С- нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны дэргэдэх автобусны буудал дээр иргэн Л.Л.Н-тай маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун бугалга ясны битүү хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч П.П.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлынхаа ахтай уулзаад гэрт нь суугаад 0.750 граммын 2 шил архи уусан. Шөнийн 23 цагийн алдад 18-ын буудал дээр хүнтэй тааралдаад муудалцаад түлхэж унагаагаад өшиглөсөн. Бас духанд нь зулгаралт учруулсан.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
-Хохирогч Л.Л.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Дархан сумын Өргөө багт байрлах 1а байрнаас ганцаараа гараад “Төрийн банк”-ны урд байрлах автобусны буудал дээр очсон. Тухайн үед автобусны буудал дээр ганцаараа цээж нүцгэн, доогуураа хар өнгийн шорттой залуу орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би тэр залууг “болиоч” гэж хэлэхэд “чам шиг муу хөгшнийг алаад хаясан ч чадна шүү” гэж хэлээд над руу дайраад миний духны баруун тал руу цохиж намайг унагаад дээрээс хүзүү, баруун гарны тохой хэсэгт өшиглөсөн. Ингээд удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан.
...миний баруун гар хугарсан. Баруун талын нүд хавдартай, хүзүү ар хэсгээр өвчтэй байна.
...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би П.П.С-аас 1500000 төгрөгийг эмчилгээний зардалд гаргуулж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-13,
-Хохирогч Л.Л.Н-д эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас / хавтаст хэргийн 19-20/
-“...Л.Л.Н-гийн биед баруун бугалга ясны битүү хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Л.Н-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Л.Л.Н-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 429 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч П.П.С- нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны дэргэдэх автобусны буудал дээр иргэн Л.Л.Н-тай маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун бугалга ясны битүү хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 07 дугаар сарын 20-ны өдрийн 429 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 21-22/ нотлогдож байгаа бөгөөд хохирогч Л.Л.Н-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч П.П.С-ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн зүйл, хэсэг зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Л.Л.Н- нь эмчилгээний зардал нэхэмжилсэн нотлох баримт ирүүлээгүй боловч мөрдөн байцаалтын шатанд “...эмчилгээний зардалд 1500000 төгрөг авсан, гомдол санал байхгүй. ” гэх мэдүүлэг өгсөн /хавтаст хэргийн 13/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Улаанбаатар хотод байна, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуралд оролцохгүй” гэсэн хариу өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.П.С- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч П.П.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.П.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч П.П.С-т анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.П.С- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.С-т оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч П.П.С-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч П.П.С-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.С-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ