| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0201 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0134/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2118000290109 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б-, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах “Хан-Алтай” тоосгоны үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Б.Б.Э-ын эзэмшлийн 06** ДАР улсын дугаартай “Исүзү пикаб” маркийн автомашиныг 250 ширхэг 4 метрийн урттай палк, банз өгөхөөр худалдан авахаар тохиролцож, бодит байдлыг нуун хуурч мэхлэн 7500000 төгрөгийн хохирол, модны гарал үүслийн гэрчилгээ авна гэж 800000 төгрөг шилжүүлэн авч, нийт 8300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...
...Миний буруу, гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хохирлын мөнгөнөөс үлдсэн 6300000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сар гэхэд төлж дуусгахаар хохирогч Б.Б.Э-тай ярьж, тохиролцсон байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хавтаст хэргийн 10/,
-Хохирогч Б.Б.Э-аас Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 12/,
-Хохирогч Б.Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард би өөрийн эзэмшлийн 06** ДАР улсын дугаартай Исүзү пикаб” маркын тээврийн хэрэгслээ палк, банзаар бартер хийж зарна гэж фэйсбүүк цахим хаягт зараа тавьсан. Ингээд над руу нэлээд хэдэн хүмүүс миний машиныг сонирхож холбогдож байсан ба Б.Б.Б- гэх хүн 88**2391 дугаарын утсаар залгаад миний машиныг сонирхож байна гэж хэлсэн.
...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрт буюу ганцаараа ирж машиныг минь үзсэн. Тухайн үед өөрийгөө “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас ирлээ, тэнд ажиллаж амьдардаг, өөрөө Тарст гэх компанитай” гэж хэлж байсан. Тэгээд бид 2 хоорондоо уулзаж байгаад надад 250 ширхэг 4 метрийн 15x15 хэмжээтэй палк, 3 ширхэг банз өгч миний машиныг авахаар болж маргааш нь хамт Дархан-Уул аймаг орж, гэрээ хийхээр ярьж тохироод Б.Б- нь манай гэрт хонохоор болсон.
...2019 оны 12 дугаар сарын дундуур Б.Б- надтай утсаар холбогдоод “таны мод жаахан бүтэл муутай байна, гарал үүслийн гэрчилгээ авах гэхээр мөнгө хэрэг болоод байна” гэж намайг хуурч мэхлээд надаас эхлээд 500000 төгрөгийг эхнэр нь болох Майцэцэг гэх хүний данс руу, үүний дараа удалгүй дахин 300000 төгрөгийг мөн л эхнэрийнхээ данс руу хийлгэсэн.
...2020 оны 02 дугаар сард Б.Б- над руу дахин утсаар холбогдож “ой хаагдсан, ой нээхээр таны модыг шийдэж өгнөө, миний ээжийн бие муу байгаа, би Улаанбаатар хотод ээжийгээ сахиж эмнэлгээр явж байна” гэж холбогдоод үүнээс хойш удалгүй над руу дахин залгаж “ээж өнгөрчихлөө, мөнгөний хэрэг гараад байна, би таны машиныг Дархан-Уул аймгийн Итгэл гэх хүнтэй сольсон. Тэгээд энэ сольсон машинаа зараад мөнгө болгох гэсэн чинь таны машиныг тэр хүний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна, та маргааш очоод шилжүүлээд өгөөч гэж удаа дараа залгаж шаналгаад байхаар нь би маргааш нь Дархан-Уул аймаг орж И- гэх хүнтэй уулзаж, машинаа шилжүүлж өгсөн.
...би гомдолтой байна. Өгсөн тээврийн хэрэгсэл болон шилжүүлсэн 800000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/,
-Гэрч Ц.И- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны өвөл өөрийгөө Баагий гэх залуу гэр бүлийнхээ хүмүүстэй хамт миний ажил дээр ирээд “та миний унаж яваа энэ 06** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жижиг тэргээр солих уу?” гэж асуухаар нь би түүний унаж явсан машиныг үзэж хараад өөрт байсан 2 ширхэг “гранд марк 2” машиныг үзүүлж, “гранд марк 2” машинаар сольсон. Сольж шилжүүлэг хийхдээ Шарын голоос Б.Э- гэх залууг Б- гэж залуу утсаар залгаж дуудаад бүгд хамт нотариат орж шилжүүлэг хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,
-Гэрч Б.Р- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Э- 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр над руу утсаар залгаад “дүүд нь мөнгөний хэрэг гарлаа, хүнээс мод авах гэсэн чинь гарал үүслийн гэрчилгээний мөнгө хэрэг болоод байна гэнээ. Тэр мөнгийг нь шилжүүлмээр байна, та нөгөө 300000 төгрөгөө өгөөч” гэхээр нь би тухайн үед мөнгө муутай байсан учир “эхний ээлжинд эгчид нь байгаа 100000 төгрөгөө явуулъя, дансаа өгчих” гэсэн чинь над 5685097289 дугаартай Майцэцэг гэх хүний данс явуулсан. Тэгэхээр нь би тэр өдөртөө дээрх данс руу 100000 төгрөг хийгээд маргааш нь буюу 29-ний өдөр мөнгө олоод үлдэгдэл 200000 төгрөгийг мөн л дээрх дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,
-Гэрч Ж.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард манай нөхөр зар харж байгаад “пикаб машин байна, модоор солино гэж байна, очиж уулзая” гээд явсан. 2 хоноод ирэхдээ “Исүзү пикаб” маркын машин унаж ирээд тоо ширхгийг нь надад хэлээгүй “палк банзаар солихоор боллоо, 2020 оны хавар ой онгойгоод модон материалыг нь өгнө” гэж ярьж байсан. Тэгсэн чинь 2020 оны 01 дүгээр сард манай эмээ өнгөрөөд Налайх дүүрэгт ирээд удалгүй хадам ээжийн бие муудаад уушиг нь устай, үрэвсээд идээлсэн байна гээд хагалгаанд орохоор болоход Б.Б- нөгөө машинаа марк 2 машинаар солиод хот орж зарчихаад ирээд ээжийнхээ эмчилгээний зардалд өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
-Гэрч М.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б-д ямар нэгэн компани байхгүй. “Тарс” ХХК-нд ажилладаг байсан. Одоогийн байдлаар Б.Б-тай холбоотой сум орон нутагт мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгж болон иргэнтэй холбоотой асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,
-“Үнэлгээнд хамрагдсан Б.Б.Э-ын эзэмшлийн 06** ДАР улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн QL1030 маркын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 7500000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 40-45/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б.Б- нь мод, модон материалын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй атлаа тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг зөвшөөрөлтэй гэж итгүүлэн бусдыг хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Б.Б.Э-ын эзэмшлийн 06** ДАР улсын дугаартай “Исүзү пикаб” маркын автомашиныг 250 ширхэг 4 метрийн урттай палк, банз өгөхөөр худалдан авахаар тохиролцож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 7500000 төгрөгийн хохирол, модны гарал үүслийн гэрчилгээ авна гэж 800000 төгрөг шилжүүлэн авч, нийт 8300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч Б.Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Б.Б.Э-ад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 сая төгрөг төлж, 6300000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд тэрээр хохирлоо сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 6300000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б.Э-ад олгохоор шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 19-7 тоотоос Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хан-Алтай” тоосгоны үйлдвэрт очихоос өөр чиглэлд зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, эдлэх ялаас 6 хоногийг хасаж, шүүгдэгч Б.Б.Б-ын эдлэх ялыг 5 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгчийг албадан ирүүлсэн ажиллагааны зардлын баримт ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 83000000 /найман сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 19-7 тоотоос Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хан-Алтай” тоосгоны үйлдвэрт очихоос өөр чиглэлд зорчих эрхийг 6 /зургаан сар/ сарын хугацаагаар хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ын энэ хэрэгт 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгч Б.Б.Б-ын эдлэх ялыг 5 сар 24 хоногийн /таван сар хорин дөрөв хоног/ хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ас 6300000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-ад олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ