| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/00998/и |
| Дугаар | 101/ШШ2017/01081 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2017/01081
| 2017 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2017/01081 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Х
Хариуцагч: Н.О нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч У.*******, Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Н.*******, У.******* нартай зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид олгохоор харилцан тохиролцсон байдаг. Мөн талуудын харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч Б.******* нь 18,000,000 төгрөгийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, *******, ******* тоот орон сууцанд амьдрахаар болсон байна. Гэвч зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь нэхэмжлэгчийн 18,000,000 төгрөгийн зээлийг эргүүлж төлөөгүй бөгөөд маргааш, нөгөөдөр гэж хойш тавьсаар өнөөг хүрсэн.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 2016 оны 01 дүгээр сард 180,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 25,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 300,000 төгрөг, нийт 505,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг хүлээн зөвшөөрч, үндсэн төлбөрөөс хасч үндсэн зээлийн үлдэгдэл 17,495,000 төгрөг, алдангид 8,747,500 төгрөг, нийт 26,242,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч У.*******, Н.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.*******аас зээлийн гэрээ байгуулахдаа 18,000,000 төгрөгийг хүүгүй зээлж авсан боловч үндсэндээ энэ мөнгөний хүүд нь орон сууцаа үнэгүй хөлслүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бидний хувьд 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 9,000,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь гэрээний хугацаа дуусчаад байхад нэхэмжлэгч Б.******* нь мөнгөө өгч байж гарна гээд байрнаас гарахгүй байна. Бид байрны түрээсийн мөнгөө сар бүр 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсоны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тооцоод үзэхэд 18 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ нь 9,250,000 төгрөг болж байна. Бид Б.*******ыг мөнгө нэхэх үед нь боломжоороо 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны данс ******* гэсэн эгчийн данс руу 300,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 100,000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 10 дугаар сард н.*******гийн Хаан банкны данс руу 25,000 төгрөг хийсэн. 2016 оны 01 дүгээр сард Б.*******ын дансанд 180,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт 605,000 төгрөгийг төлсөн байна. Б.******* нь манай байранд сууж байхдаа орон сууцны СӨХ-ны төлбөрт нийт 940,358 төгрөг төлөөгүй учир нэхэмжлэгч байгууллага нь надаас нэхэж байна. Иймээс эдгээр мөнгө болон 1,545,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлсэн мөнгө болох 18,000,000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү. Үлдэгдэл мөнгө болох 16,445,000 төгрөгийг бид Б.*******ыг байрнаас маань гармагц оронд нь түрээслэгч оруулж түрээсийн мөнгөөрөө төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч У.*******, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлийн үлдэгдэл 17,495,000 төгрөг, алдангид 8,747,500 төгрөг, нийт 26,242,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Хариуцагч У.*******, Н.******* нар нь үндсэн зээл 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги болох 9,000,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй, учир нь гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч Б.******* нь мөнгөө өгч байж гарна гээд бидний байрнаас гарахгүй байна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч У.*******, Н.******* нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус харилцан тохирч гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, “зээлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.
Уг гэрээний дагуу Б.******* нь 18,000,000 төгрөгийг У.*******, Н.******* нарт хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд хариуцагч нараас 2016 оны 01 дүгээр сард 180,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 25,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 300,000 төгрөг, нийт 505,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, одоо үлдэгдэл төлбөр 17,495,000 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Б.*******, У.*******, Н.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийг нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч У.*******, Н.******* нарт хүлээлгэн өгсөн нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд алдангийн талаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тохирох алдангид 8,747,500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Зохигчид зээлийн гэрээ байгуулахдаа хүүгүй гэж тохирсон боловч хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, *******, ******* тоотод нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг болтол амьдарч, зээлийн гэрээнд “… зээлийн барьцаанд зээлдэгчийн … орон сууцыг хөлслөхөөр тохиролцон зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ 2 нь салшгүй гэрээнүүд болно” гэж тохирсон байна.
Үүний дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 18 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацааны түрээсийн төлбөр нь 9,250,000 орчим төгрөг болж байгаа тул үүнийг алдангид суутгуулах, мөн байрны ашиглалтын зардлыг хасуулах хүсэлтэй байна гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.*******ыг орон сууцанд суулгасантай холбоотой асуудлаа жичдээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч У.*******, Н.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17,495,000 төгрөг, алданги 8,747,500 төгрөг, нийт 26,242,500 /хорин зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 289,162 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ