Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 216

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар “ХАС” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, О.Бадарч, У.Олзвойбаатар  нарт  холбогдох   “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8983.062  төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн  иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотод 1984 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар сум, 2 дугаар багт оршин суух, “ХАС” банкны Сэлэнгэ салбарт зээлийн менежер ажилтай

                                  Галдан овгийн Даваасүрэнгийн Ариунгэрэл

                                  регистрийн  дугаар: МЬ- 84090609

 

               Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1964 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107/а/ тоотод оршин суух хаягтай, хувиараа бизнес эрхэлдэг  

                                  Алаг адуу  овгийн Осорын Бадарч   

                                  регистрийн  дугаар: МЮ- 64110961

 

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг нар   оролцов.

                                                                           

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: “ХАС” банкны Сэлэнгэ салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              Нэхэмжлэлийн утга: Хариуцагч Осор овогт Бадарч, Уртнасан овогтой Олзвойбаатар нар нь манай банктай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1100013532 тоот зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулан 10 сая төгрөгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай зээл, мөн  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1100017877 тоот зээлийн гэрээ байгуулан 3500.000 төгрөгийг холимог зориулалтаар тус тус авсан.

             Зээлийн барьцаанд барьцаалуулагч Осор овогтой Эрдэнэцогтын өмчлөлийн  Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107 тоотод байрлалтай ГД-000185546, Ү-1317002295 дугаартай 73 м2  талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай 73 м2  талбайтай ГД-0307018 дугаартай эзэмшлийн газрын хамт тавьсан болно.

 

 

                     

 

             Зээлдэгч банктай байгуулсан 1100013532, 1100017877 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй өнөөдрийн байдлаар 471 хоногийн хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулсан болно.

           Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

         “Хас” банкны барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д ... “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй 3.2.11-д гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ бүрэн биелүүлээгүй, эсхүл  банк гэрээг цуцалсан тохиолдолд  барьцаа хөрөнгийг банкны шаардсанаар  үл маргах журмаар банкны захиран зарцуулах эрхэд шилжүүлнэ. 3.1.6, 3.2.1, 3.4 заалтууд болон бусад заалтуудад заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100013532, 1100017877 тоот зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгож гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 6.619.51206 төгрөг, зээлийн хүү 2.817.190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.360 төгрөг нийт 8.983.06206 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж өгнө үү!

       1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү! гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ариунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

     ... Хариуцагч О.Бадарч, У.Олзвойбаатар нар нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 3 жилийн хугацаатай 10 сая төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхээр зээл авсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3.5 сая төгрөгийг жилийн хүүтэйгээр авсан.  Уг зээлийг хуваарийн дагуу төлж байгаад 2016 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй 471 хоногийн хугацаа хэтрэлттэй нийт төлбөр 8.983.062 төгрөг байна.

            Үндсэн зээл 6.619.512 төгрөг, зээлийн хүү 2.817.190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 176.360 төгрөг байна. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 107 тоотод байрлах хувийн сууц мөн хаягт байрлах газрын хамт барьцаалсан. Зээлийн хугацаа хэтрэх явцад зээлдэгчид удаа дараа холбогдож өөртэй нь аман хэлбэрээр тохиролцож байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан... гэв.

 

            Хариуцагч: О.Бадарч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ...Би “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 сая төгрөгний зээл авсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин 3.5 сая төгрөгний зээлийг аван тус тус төлж байгаад зээл төлөх боломжгүй болсон. Одоогоор банк зээлийн үлдэгдэл төлбөр 8.983.062 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийднэ байх гэж бодож байна...гэв.

 

            Хариуцагч О.Бадарч, У.Олзвойбаатар нар 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

           “ХАС” банкны Сэлэнгэ салбарын О.Бадарч, У.Олзвойбаатар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

                

 

 

 

 

                      Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж                          

                                                              Үндэслэх нь:

 

          “ХАС” банкны Сэлэнгэ салбарын  нэхэмжлэлтэй  О.Бадарч, У.Олзвойбаатар  нарт холбогдох  “Зээлийн гэрээ цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8983.062 төгрөг гаргуулах,  үүргийн  гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг   хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Зээлдэгч О.Бадарч, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Олзвойбаатар  нар нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас  2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр   № 100013532 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулан О.Эрдэнэцогтын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107 тоотод  байрлалтай,  73 мкв талбайтай,  Ү-1317002295 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000185546 дугаартай  гэрчилгээ олгогдсон хувийн орон сууц, Г-0307018 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, нэгж талбарын 18586569126505 дугаар бүхий 73 мкв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний газрын хамт барьцаалан 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтай, мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр № 1100017877 тоот Зээлийн гэрээ байгуулан 3500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай холимог зориулалтаар тус тус зээлж, уг зээлүүдийг гэрээний дагуу төлж байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 25-наас хойш үндсэн зээл 6619.512.06 төгрөг, зээлийн хүү 2187.190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.360 төгрөг нийт 8983.062.06 төгрөгийг төлөөгүй, гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй  болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “Баталгаат ипотекийн гэрээ” “Зээлийн гэрээ”  зээлийн эргэн төлөлт хийж байсан банкны хуулга зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

     Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн  өмчлөгч О.Эрдэнэцогт нь өөрийн хөрөнгийг барьцаалуулах эрхийг хариуцагч нарт олгосон, зохигчид нь зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа  үнийн дүн  зэрэг дээр маргаагүй бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.     

      Харин “ХАС” банкны Сэлэнгэ салбар, О.Бадарч, У.Олзвойбаатар  нарын хооронд байгуулсан “Баталгаат ипотекийн гэрээ”-ний хугацаа дууссан, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №1100017877 тоот Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээг цуцлах хүсэлт гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн байна.

      Иймд зээлдэгч О.Бадарч, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Олзвойбаатар,  “ХАС” банкны Сэлэнгэ салбарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр № 1100017877 тоот Зээлийн гэрээг цуцалж, “ХАС” банкны Сэлэнгэ салбараас  2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр   №1100013532 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №100017877 тоот Зээлийн гэрээний дагуу авсан зээлийн үлдэгдэл 8983.062.06 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107 тоотод  байрлалтай,  73 мкв талбайтай,  Ү-1317002295 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн №000185546 дугаартай  гэрчилгээ олгогдсон хувийн орон сууц, Г-0307018 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, нэгж талбарын 18586569126505 дугаар бүхий 73 мкв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний газар зэрэг  барьцаа  хөрөнгөнөөс хуулийн дагуу  худалдан борлуулж үүргийг  гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.679 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 158.679 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

      Хариуцагч У.Олзвойбаатар нь ... “намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100  дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг  оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

       1.  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5-д зааснаар “ХАС” банкны Сэлэнгэ салбар, зээлдэгч О.Бадарч, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Олзвойбаатар нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр № 1100017877 тоот Зээлийн гэрээг цуцалсугай.

        2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч зээлдэгч О.Бадарч, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Олзвойбаатар нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт  8.983.062.06 төгрөгийг гаргуулан “ХАС” банкны Сэлэнгэ салбарт  олгосугай. 

         3.  Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107 тоотод  байрлалтай,  73 мкв талбайтай,  Ү-1317002295 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000185546 дугаартай  гэрчилгээ олгогдсон хувийн орон сууц, Г-0307018 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, нэгж талбарын 18586569126505 дугаар бүхий 73 мкв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний газар зэрэг  барьцаа  хөрөнгөнөөс хуулийн дагуу  албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.

          4.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

         5. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч “ХАС” банкнаас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  158.679 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 158.679 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс  7 хоногийн  дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

          9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.МӨНХЦЭЦЭГ