| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0203 |
| Огноо | 2021-08-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2020/0187/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Х.А- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн 2118000150195 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.А-, 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “Альфа-Оргил” ХХК-нд ковшийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Х.А- нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим гэртээ цахим орчинд “Amarhvv amraa” нэртэй фэйсбүүк хаягаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Х.Х.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүмүүс явуулаад байсан болохоор явуулж үзэх гээд тоглоом явуулсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13/
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-16/,
-Гэрч Н.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал 14 цагийн орчим танил ах Х.А- над руу өөрийнхөө утсаар залгаад “ахын дүү манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь би зөвшөөрч гэрт нь очсон. Намайг очиход Х.А- ах ганцаараа байсан бөгөөд намайг ороод ирэнгүүт ширээ сандал засаад дээр нь том ватум цаас дэвсэж дээр нь 1-6 хүртэл тоо бичиж, дунд нь дансны дугаар бичсэн. Тэгснээ “ахын дүү гар утсаа өгчих” гэхээр нь би “танд өөрийн чинь утас байгаа биз дээ” гэж хэлсэн чинь “ах нь өөрийнхөө утсаар коментоо харж, уншдаг юм аа гэж хэлээд миний гар утсыг авч таазнаас скочоор бэхэлж хөдөлгөөнгүй болгоод камерыг нь доош нь ширээн дээр бэлдсэн зүйл рүү харуулж өөрийнхөө фэйсбүүк хаягийг оруулж хүмүүстэй лайв хийж холбогдоод хөзөр тоглоод эхэлсэн.
...хараад сууж байхад тоглох хүмүүсээс 10000 төгрөгийг ширээн дээр бичсэн дансанд байршуулж байсан. Тэгээд хожсон хүмүүст мөнгө шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
-Гэрч Т.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сард /яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна/ 2, 3 өөр лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулж байгаа тоглоомд оролцсон. Би тэдгээр лайв хийж байсан хүмүүсийн фэйсбүүк хаяг болон дансны дугаарыг санахгүй байна. 1 удаа 5000 төгрөгөөр оролцоод 10000 төгрөг болгож авч байсан. Мөн 5000 төгрөгөөр 2 удаа оролцоод алдаж байсан.
...5000 төгрөгөөр цэнэглээд 4 удаа тоглох эрхтэй. Хожих болгондоо 5000 төгрөг авна гэсэн дүрэмтэй техас покер тоглуулдаг.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-27/,
-Пийк ом аудит” ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-41/,
-Капитал зууч” ХХК-ны гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 52-53/,
-Шинжээч Б.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхнэрийн дансаар буюу Я- ХААН банкны дансаар нийт 13 данснаас 50473995** дугаартай дансанд 18 удаагийн гүйлгээгээр 180000 төгрөгийн орлого орсон бөгөөд тус мөнгөнөөс 7 дансанд 9 удаагийн гүйлгээгээр 160000 төгрөгийн зарлага гарсан байна. Олсон ашиг нь 47750 төгрөг байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57/,
-Шүүгдэгч Х.Х.А-гийн эхнэр болох Ч.Я- ХААН банкны 50473995** тоот дансны хуулга /хавтаст хэргийн 71-72/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.Х.А- нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим гэртээ цахим орчинд “Amarhvv amraa” нэртэй фэйсбүүк хаягаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч Х.Х.А-гийн фейсбүүк буюу мэдээллийн технологийн цахим сүлжээ ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Х.Х.А-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох
зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж
тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Х.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Х.Х.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Х.А-д анхааруулж шийдвэрлэлээ.
“Капитал зууч” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...самсунг А7 маркийн 32 гегабайт багтаамжтай хуучин гар утас 1 ширхэг, ... эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 150000 төгрөг, самсунг J7 маркийн 16 гегабайт багтаамжтай хуучин гар утас 1 ширхэг, ... эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 250000 төгрөг.” гэж үнэлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл эсхүл түүний нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан самсунг А7 маркийн 32 гегабайт багтаамжтай хуучин гар утасны үнэ 150000 төгрөг, самсунг J7 маркийн 16 гегабайт багтаамжтай хуучин гар утасны үнэ 250000 төгрөг, нийт 400000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 47750 төгрөг, нийт 447750 төгрөгийг шүүгдэгч Х.Х.А-гээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон
битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.А-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.А-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Х.А-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Х.Х.А-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.А-гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан самсунг А7 маркийн 32 гегабайт багтаамжтай хуучин гар утасны үнэ 150000 төгрөг, самсунг J7 маркын 16 гегабайт багтаамжтай хуучин гар утасны үнэ 250000 төгрөг, нийт 400000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 47750 төгрөг, нийт 447750 /дөрвөн зуун дөчин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.А-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ