| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0186/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0204 |
| Огноо | 2021-08-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0186/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Г.Ө- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө-д холбогдох эрүүгийн 2118000390193 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Ө-, 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Г.Ө- нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд гэртээ мэдээллийн технологи ашиглан “Namuun Roxel” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн хаан банканд бүртгэлтэй 50454554** дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч 601520 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Г.Г.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хөл хорионы үед хүн болгон тоглуулаад байхаар нь мөрийтэй тоглуулсан. Сануулга авснаас хойш дахин тоглуулаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,
-“...цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээллийг хүргүүлэв.” гэх Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11/8097 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /хавтаст хэргийн 6-11/,
-Иргэний нэхэмжлэгч О.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажилладаг юм. Манай цагдаагийн газарт 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн “Пийк ом аудит” ХХК-ийн шинжээч нарын гаргасан 21/226 дугаартай дүгнэлтийн төлбөр болох 500000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Тухайн “Пийк ом аудит” ХХК-ний нэхэмжилсэн 500000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “Пийк ом аудит” ХХК-ны Хаан банкны 5046476956 тоот данс руу шилжүүлсэн байгаа. Манай байгууллагад мөрдөн шалгах ажиллагаанд төрөөс хуваарилж өгсөн мөнгө учраас манайх энэ мөнгийг яллагдагч Г.Г.Ө-аас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
-Гэрч Э.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхдаа Facebook цахим хаягаа үзэж байтал Дарханы хамгийн том зарын групп дээр “Namuun Roxel” facebook цахим хаягаас уг 50454554** дансны дугаартай 20000 төгрөг төлөөд 5 удаа тоглож болох покер тоглоом зохион байгуулж байхаар нь би уг данс руу 20000 төгрөг би өөрөө шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
-Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гар утсаараа фэйсбүүк үзээд сууж байтал “Namuun Roxel” гэсэн цахим хаягаас аз ёндоогоо үзээрэй гээд 1-6 хүртэл тоо бичээд, түүн дээр хөзөр тарааж 50454554** гэсэн Хаан банкны данс цаасан дээр бичээд дунд нь байрлуулсан лайв бичлэг явагдаж байхаар нь би 50454554** гэсэн Хаан банкны данс руу өөрийн 54211365** гэсэн Хаан банкны данснаас 10000 төгрөг 2 удаа, 20000 төгрөг нэг удаа шилжүүлж, 3 удаа уг тоглоомд оролцоод мөнгөө алдсан. Маргааш нь дахиж “Namuun Roxel” гэсэн цахим хаягнаас лайв хэлбэрээр явагдаж байсан уг тоглоомд дахин оролцож 54454554** гэсэн Хаан банкны данс руу өөрийн 54211365** гэсэн Хаан банкны данснаас 10000 төгрөг нэг удаа шилжүүлж тоглоод 50000 төгрөг хожоод, хожсон 50000 төгрөгөөрөө 5 удаа тоглоод 50000 төгрөг алдаад дахин тоглоогүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22/,
-Пийк Ом аудит” ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-33/,
-Капитал зууч” ХХК-ны гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 80-81/,
-Шүүгдэгч Г.Г.Ө-ын ХААН банкны 50454554** тоот дансны хуулга /хавтаст хэргийн 57-76/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Г.Ө- нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд өөрийн гэртээ мэдээллийн технологи ашиглан “Namuun Roxel” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч Г.Г.Ө-ын фейсбүүк буюу мэдээллийн технологийн цахим сүлжээ ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Г.Ө-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох
зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж
тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч О.Дэлгэрцэцэгээс шинжээчийн дүгнэлт гаргуулсны ажлын хөлс 500000 төгрөгийг шүүгдэгч Г.Г.Ө-аас нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”-ыг ойлгоно, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан ба энэ нь хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан “Пийк Ом Аудит” ХХК-ийн нэхэмжлэх хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Г.Ө-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 500000 төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г.Ө- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г.Г.Ө- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г.Ө-д анхааруулж шийдвэрлэлээ.
“Капитал зууч” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...самсунг S6 маркийн 32 GB багтаамжтай хуучин гар утас 1 ширхэг, ... эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар 60000 төгрөг.” гэж үнэлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл эсхүл түүний нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан самсунг S6 маркийн 32 GB багтаамжтай хуучин гар утасны үнэн 60000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 601520 төгрөг, нийт 661520 төгрөгийг шүүгдэгч Г.Г.Ө-аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон
битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Ө-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Ө-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр 75000 /далан таван мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г.Ө-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.Г.Ө-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Ө-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан самсунг S6 маркийн 32 GB багтаамжтай хуучин гар утасны үнэн 60000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 601520 төгрөг, нийт 661520 /зургаан зуун жаран нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 500000 төгрөгийг шүүгдэгч Г.Г.Ө-аас гаргуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Ө-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ