Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0060/Э/001/2021/0429

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Э.Э.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч Б.Б.М-э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-эд холбогдох эрүүгийн 2018000000044 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.М-э, 1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, “Түм эх эрхэт” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт, хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт, умдагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

-мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Э.А-ийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хохирогчид 180000 гаруй төгрөг хохирол төлбөрт төлсөн. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоо бидний харилцаа хэвийн байгаа. Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Дарханд ирчихээд байгаа. Өнөөдөр буцаад явна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

-Э.Э.А-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6/,

 

-Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна гэртээ бэр Э.А-, ач Итгэлт нарын хамт байж байхад гаднаас манай хүү болох Б.М-э орж ирсэн. Би тухайн үед орон дээр зурагт үзэх гээд нөгөө өрөөндөө ороод хэвтсэн. Тэгээд байж байтал нөгөө өрөөнд чанга дуу гарахаар нь би өрөөнөөсөө гараад хартал Э.А- уурласан байдалтай, Б.М-э “уучлаарай, би эгчийнд хоночхоод ирлээ.” гээд зогсож байсан. Тэр 2 маргалдаж байгаад Э.А- нөхрийнхөө бие рүү сандлаар цохисон. Би “та 2 больцгоо” гэж хэлээд хажууд нь байсан юм. Э.А- тайвшрахгүй Б.М-э рүү зайл гээд л дайраад байсан. Б.М-э Э.А-ийг нэг удаа алгадаж, түлхэж унагаасан юм. Тэр 2 тайвшраад чимээгүй болсон. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад би өрөөндөө орсны дараа дахиад чимээ гарахаар нь гараад хартал Э.А-ийн дээр Б.М-э гараад байж байсан бөгөөд алгадсан юм. Тэгээд би салгаад тэр 2 тайвширсан юм. Орой нь 00:00 цагийн үед байх дахиад маргалдаад тоглоом бие бие рүүгээ шидэж байхаар нь салгаад 2 талд суулгасан. Тэгээд унтацгаасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

 

-Гэрч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.Э.А- гэх эмэгтэй толгой өвдсөн гэх шалтгаанаар манай эмнэлэгт ирж толгойгоо надаар бариулсан, ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирээд “өвдөлт нь намдахгүй байна” гэсэн. Тэр эмэгтэйн нүд, хацар хэсэгт улайсан байсан бөгөөд түүнээс ямар учраас толгой нь өвдсөн талаар асуухад “нэг юманд цохичихсон юм” гэж хариулсан. Тэгээд дараа нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүрч ирээд дахин толгойгоо бариулахад нүдний улайсан хэсэг нь тодорсон байсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,

 

-“Цээнэ” эмнэлгийн эмчилгээний баримт /хавтаст хэргийн 27/,

 

-Гэрч Ж.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны 20:40 минутад манай түр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан Ж.Э- утсаар Э.Э.А- гэх хүн “нөхөр гэртээ оруулахгүй гэж миний утсыг хураагаад авсан. Би Сэлэнгэ рүү аав, ээж рүүгээ явмаар байна, туслалцаа дэмжлэг үзүүлээч.” гэж хэлсэн байдаг. Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмнөх хоногийн нөхцөл байдалтай танилцаж энэ мэдээллийн талаар олж мэдсэн юм. Тухайн үед Эрдэнэчимэгт зохих зөвлөгөөг өгч ажилласан байна. Тэгээд эргэж холбоо барих гэхэд утас нь холбогдохгүй байдаг байсан. Мөн хатуу хөл хорионы үеэр Э.А- Э- рүү уйлж байгаа дүрс бүхий зүйлийг явуулсан байдаг. Тэгээд тухайн Дархан сумын 6 дугаар багийн засаг даргад Э.Э.А-ийн бодит байдалтай танилцаж, мэдээлэл өг гэж хэлсэн. Тэгээд сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20:45 цагт түр хамгаалах байранд гэрээсээ зугтааж машин унасан байдалтай ирсэн байдаг. Өмнө нь 2019 онд манай байгууллагаас нөхөртөө зодуулсан гэж 18 хоногийн үйлчилгээ авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

 

-Э.Э.А-ийн “Цээнэ” эмнэлэгт үзүүлсэн гэх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30/,

 

-Э.Э.А-т тусламж үзүүлсэн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 40-41/,

 

-Э.Э.А-ийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт. Хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт. Умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43/,

 

-“Аюулын зэрэг 5 буюу дунд гарсан” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 53-54/,

 

-Б.Б.М-э, Э.Э.А- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хавтаст хэргийн 58/,

 

-Түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт /хавтаст хэргийн 68/,

 

-Хохирол төлбөр төлсөн баримтууд /хавтаст хэргийн 114-115/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 5-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт, хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт, умдагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 42-43/ нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58/-гаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б.М-э нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Э.А-ийн эрх чөлөөнд халдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.М-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Э.Э.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б.М-э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт  “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа зэргийг харгалзан түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000044 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь энэ хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000044 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-э нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ