Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1715

 

 “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үндэслэлгүйгээр суутгаж авсан урамшууллын зардал 62 057 012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалт болон мөн журмын 3.1 дэх "төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай" заалтад буй хүснэгтийн "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ"-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн өмнө нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тушаалын 2-р хавсралтаар батлагдсан өмнөх журам болох "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам"-ын 1.3 дахь заалт, 3.1 дэх заалтын хүснэгтийн "Сууттах урамшууллын хэмжээ", "Шийдвэр гүйцэтгэгчийн   бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал", "Болзошгүй эрсдлийн зардал"-ын суутгалын хэмжээг тогтоосон хэсгийг тус тус хүчингүй болгож байсан. Шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүдээр төлбөр авагчаас суутгуулж буй урамшууллаас шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал буюу улсын төсвөөс санхүүжих ёстой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх нь хууль бус болохыг удаа дараа тогтоож, төлбөр авагч нь зөвхөн шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллыг төлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтад буй хүснэгтийн 3-р баганад зааснаар шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ бодитойгоор биелүүлсэн төлбөрийн дүнгийн 0.2-оос 6.5 хүртэл хувь хэмжээтэй байгаа ба энэ хувь хэмжээнд одоогоор өөрчлөлт ороогүй бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчаас урамшуулал суутгаж авахдаа Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтын хүснэгтийн 2-р баганад буй 0.5-аас 10 хүртэл хувиар урамшууллыг суутгаж авсаар байна. Шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болгосон "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ"-г өөртөө багтаасан "Суутгах урамшууллын хэмжээ" буюу 0.5-аас 10 хүртэл хувиар урамшууллыг суутгаж авах нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг зөрчиж, хүчингүй болсон суутгалыг үргэлжлүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа болохыг нотолж байна. Нөгөөтэйгүүр шүүх энэхүү журмын 3.1 дэх заалтын хүснэгтийн "Суутгах урамшууллын хэмжээ"-г хэрэглэх боломжгүй, төлбөр авагч зөвхөн шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллыг л төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн тул Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтад буй хүснэгтийн "Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ"-гээр л урамшууллыг төлөх үүрэгтэй. Хууль зүйн сайд шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хувь хэмжээ буюу журмыг дахин шинэчлэн батлах эрх нь нээлттэй байгаа ч өнөөдрийг хүртэл уг журмыг шинэчилж батлаагүй байна. Өнгөрсөн хугацаанд “Капитрон банк” ХХК нь доорх урамшууллыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байна. Үүнд:

1. 2008.11.20-ны өдөр төлбөр төлөгч “Очирууд” ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч С.Даваадорж 75 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2010.03.25-ны өдөр 3 750 000 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 2 812 500 төгрөг,

2. 2013.03.12-ны өдөр төлбөр төлөгч “Шижир Аранжин” ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Б.Уранчимэг 700 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2014.10.01-ний өдөр 28 000 000 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 24 500 000 төгрөг,

3. 2008.11.20-ны өдөр төлбөр төлөгч “Очирууд” ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Л.Уранбайгаль 407 750 838 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2015.06.22-ны өдөр 20 387 542 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 14 271 279 төгрөг,

4. 2015.03.25-ны өдөр төлбөр төлөгч Д.Төмөрбуянгаас шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаа 53 440 505 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2015.08.19-ний өдөр 3 206 430 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 1 870 417 төгрөг,

5. 2015.09.06-ны өдөр төлбөр төлөгч “Стройка” ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр 241 588 637 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2016.03.11-ний өдөр 12 079 431 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 8 455 602 төгрөг,

6. 2015.11.06-ны өдөр төлбөр төлөгч “Прогресстранс” ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр 198 304 968 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2016.03.15-ны өдөр 9 969 279 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 6 978 495 төгрөг,

7. 2015.11.02-ны өдөр төлбөр төлөгч Ч.Буянжаргалаас шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа 74 463 374 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2016.08.03-ны өдөр 4 467 802 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 2 606 218 төгрөг буюу нийтдээ 62 057 012 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан байна. Иймд Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтын дагуу үндэслэлгүй суутгаж авсан 62 057 012 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.1-т "Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэл хувиар урамшуулна", 83.2-т "Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна", 83.3-т "Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно" гэж тус тус заажээ. Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-г үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр тоггоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.1, 83.1, 83.3 дахь заалтыг үндэслэн Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2-т "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалтыг болон мөн журмын 3.1-т "төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай" заалтын хүснэгтийн "шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ"-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 3.1-т "төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хувиарлах тухай" заалтын хүснэгтийн "шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлзх суутгалын хэмжээ"-г хувиар  тогтоосон 4 дүгээр баганыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг хүснэгтийн 1, 2 дугаар баганууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.1-д урамшууллын хэмжээг "0.5-10 хувь хүртэл" гэж хуульчилж өгсөн, мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмын 3.1 дэх хэсэгт хүснэгтийн 1 болон 2 дугаар багананд бодитой биелүүлсэн төлбөрийн үнийн дүнгээс хамаарч урамшууллын хэмжээг 0.5-10 хүртэл хувиар тогтоож өгсөн байна. Уг журмын 2 дугаар багана хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хуулиас илүү журам гэж байхгүй учир хуулийн заалтыг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын дээрх заалтуудаас үзэхэд төлбөр авагчаас урамшууллыг илүү төлүүлсэн гэх үндэслэл байхгүй, Капитрон банк нь энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үндэслэлгүй суутгасан 62 057 012 төгрөг гаргуулах тухай “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 236 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: 1. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн дээрх заалт болон журмын хүчин төгөлдөр заалтуудыг зөрчсөн эсэх талаар маргаагүй бөгөөд гагцхүү хариуцагч нь шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон журмын заалтыг баримтлан үндэслэлгүйгээр төлбөр авагчаас суутгаж авсан мөнгийг гаргуулахаар шаардаж маргасан. Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг үнэн зөв ойлгож хэргийг шийдвэрлээгүй болохыг харуулж байна. Захиргааны хэргийн шат шатны шүүхээс "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад улсын төсвөөс хангалттай санхүүжилт олгодоггүй нь төрийн байгууллагын санхүүжилтийг төлбөр авагч хариуцах үндэслэл болохгүй хэмээн Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1.3.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалтыг болон мөн журмын 3.1 дэх хэсэгт заасан "төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай" заалтын хүснэгтийн "шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ"-г хувиар тогтоосон 4-р багана болон суутгах урамшууллын хэмжээг тогтоосон 2-р баганыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага болохын хувьд тус байгууллагын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллах нөхцөл, эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг шийдвэрлэж, шаардлагатай санхүүжилтийг олгох нь төрийн үүрэг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.1-т зааснаас үзэхэд төлбөр авагчаас 0,5-10 хүртэлх хувиар суутгасан урамшуулал нь гагцхүү шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахад буюу шийдвэр гүйцэтгэгч шийдвэрийг түргэн шуурхай гүйцэтгэх, идэвхи, хүчин чармайлт гаргах явдлыг сэдэлжүүлэх, дэмжихэд зарцуулагдах ёстой байтал Хууль зүйн сайдын баталсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох тухай" журмаар төлбөр авагчаас 0,5-10 хүртэлх хувиар суутгасан урамшууллын 0,3-3,5 хүртэлх хувийг шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд суутган хуваарилахаар зохицуулсан нь үндэслэлгүй байсан тул Захиргааны хэргийн шүүхээс ийнхүү журмын холбогдох заалтуудыг хүчингүйд тооцсон байдаг.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан хэмжээгээр буюу 0,5-10 хүртэлх хувиар тооцон урамшуулал суутгаж байгаа тул хууль зөрчөөгүй гэх боловч урамшуулал олгох журмын 3.1 дэх хэсэгт заасан "төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай" заалтын хүснэгтийн "шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ"-г 0,3-3,5 хүртэлх хувиар тогтоосон 4-р баганыг хүчингүй болгосноор хүснэгтийн 3-р баганад зааснаар шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ бодитойгоор биелүүлсэн төлбөрийн дүнгийн 0.2-оос 6.5 хүртэл хувь хэмжээтэй байгаа ба энэ хувь хэмжээнд одоогоор өөрчлөлт ороогүй бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хэрэв Хууль зүйн сайд уг журмыг шинэчлэн баталж, 0,5-10 хүртэлх хувиар тооцон суутгасан урамшууллыг бүхэлд нь шийдвэр гүйцэтгэгчид олгохоор зохицуулсан тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг хувь хэмжээгээр тооцон, урамшуулал суутгах үндэслэлтэй юм. Гэтэл одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй журмын зохицуулалтын хүрээнд шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд суутгахаар зохицуулсан журмын заалт хүчингүй болчихсон байхад уг хүчингүй болсон хувь хэмжээг өөртөө багтаасан журмын 3.1 дэх хэсгийн хүснэгтийн 2-р багана буюу 0,5-10 хүртэлх хувиар тооцон, төлбөр авагчаас урамшуулал суутгасан нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын аль заалт нь хүчингүй болсон, хүчингүй болсноор журмын суутгалын хувь хэмжээг шууд хэрэглэх боломжтой эсэх талаас нь огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн.

2. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагагыг хангаагүй тухайд: Шүүх хуралдаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Р.Энхтайван "Өмнө нь журмын уг заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан "Ориент Инвест ББСБ" ХХК нь манай байгууллагад хүсэлт гарган урамшууллын хувь хэмжээгээ бууруулан гэрээ байгуулж байсан, танай байгууллага ч бас шүүхэд хандахаасаа өмнө гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээгээ эргэж харъя гэдэг асуудлаа тухайн цаг үед нь манайд хүсэлтээ гаргаад урамшууллын хувь хэмжээгээ бууруулах боломжтой байсан" гэх тайлбарыг өгч байсан нь хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Гэтэл шүүх хариуцагчийн энэхүү тайлбар буюу нэг болохоор урамшууллын хэмжээ 0.5-10 хувь байх ёстой, нэг болохоор төлбөр авагч хүсэлт гаргавал энэхүү хувь хэмжээг бууруулах боломжтой гэсэн зөрүүтэй байр суурийг хэрэгт ач холбогдол бүхий талаас нь огт авч үзээгүй. Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ нь захиргааны гэрээ болохын хувьд хэн, хэнтэй, ямар агуулгаар, урамшууллын ямар хувь хэмжээгээр гэрээ байгуулахаа сонгох боломжгүй, тус гэрээнүүд нь гагцхүү төлбөр авагчийн хүсэлтийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүнийг төлөөлж шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагч нарын хооронд хуульд заасан агуулгаар буюу Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох журамд заасан агуулгаар, тогтоосон хувь хэмжээгээр, хууль тогтоомжид заасан эрх үүргийн хүрээнд байгуулагддаг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагчаас суутгах урамшууллын хэмжээг ийнхүү тохиролцоод бууруулж болно гэсэн тайлбар өгсөн нь тус байгууллага хууль болон журмыг мөрдлөг болгон ажиллаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал, болзошгүй эрсдлийн зардлыг төлбөр авагчаас гаргуулахыг хориглож, холбогдох заалт хүснэгтийн баганыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд гаргаж өгсөн "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нарт олгогдсон урамшууллын жагсаалт" гэсэн нотлох баримтаас харахад нэхэмжлэлд дурьдсан 7 шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд суутгасан мөнгө болох 81 860 484 төгрөгний 75 орчим хувь буюу нийт 62 057 012 төгрөгийг үйл ажиллагааны зардал, эрсдлийн сан нэрээр суутган авч, үлдсэн дүн 19 803 472 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчид олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр төлбөр авагчаас гаргуулахыг хориглосон цалингаас бусад үйл ажиллагааны зардал, эрсдлийн сангийн зардал зэргийг хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргуулан авсан байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтын хувиар тогтоосон 4 дүгээр баганыг хүчингүй болгосноор шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээг тогтоосон болон суутгах урамшууллын хэмжээг тогтоосон багануудыг хэрэглэх боломжгүй болно ... гэж дүгнэсэн. Мөн энэхүү шийдвэрийг хяналтын журмаар хянан хэлэлцсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хянавал хэсэгт "...нэгэнт шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон уг журмын 3.1 дэх заалтыг..." гэж дүгнэсэн нь шүүх "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 3.1 дэх заалтын хүснэгтийн 2-р баганад буй "Суутгах урамшууллын хэмжээ"-г хэрэглэх боломжгүй тул хүчингүй болгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх өмнө нь энэ хэрэгтэй холбоотой гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн холбогдох хэсгийг үнэлж дүгнээгүй нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй шийдвэр гүйцэтгэх байгууллага ийнхүү өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь маш ноцтой асуудал бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааг гагцхүү шүүх таслан зогсоох ёстой байтал анхан шатны шүүх НШГА-ны хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй болохыг нотолж байна. Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх хэсгийг хүчингүй болгосон шүүхийн эцсийн шийдвэр гарсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөр төлөгч "Очирууд" ХХК, Д.Төмөрбуян, "Стройка" ХХК, "Прогресс транс" ХХК, Ч.Буянжаргал нараас Капитрон банкинд төлсөн төлбөрөөс шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал ба болзошгүй эрсдлийн зардалд тооцон үндэслэлгүй суутгаж авсан нийт 34 198 221 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01363 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34 198 221 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үндэслэлгүйгээр суутгаж авсан урамшууллын зардал 62 057 012 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урамшууллыг илүү төлүүлсэн гэх үндэслэл байхгүй гэж маргажээ.

 

Төлбөр авагч “Капитрон банк“ ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 08/8898, 2013 оны 03 дугаар сарын 12 өдөр 13/1716, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15/2459, 15/2460, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15/б/367, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр б/504, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/8318, 15/8319 дугаар бүхий "Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай" болон "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай" гэрээг тус тус байгуулж, шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч 7 байгуулага, иргэдээс гаргуулах ёстой төлбөрүүдийг бүрэн гүйцэтгүүлж авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаангүй байна.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох хуулийн шаардлагад нийцсэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэсэн хуулийн заалт болон Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2 дах заалт, мөн журмын 3.1 дэх заалтын “шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ"-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 1, 2 дугаар багана дах зохицуулалт хэвээр байна. Тийм учраас дээрх журамд заасан хэмжээгээр шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг тооцсоныг хууль, журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Түүнчлэн төлбөр авагч “Капитрон банк“ ХХК шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулахдаа шийдвэр гүйцэтгэгч буюу эрх бүхий этгээдтэй гэрээг байгуулаагүй гэх гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж байгаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дууссаны дараа дээрх 7 ажиллагаанд урамшууллын хувь хэмжээг буруу тооцсон талаар хуульд заасан журмын дагуу дээд шатны байгууллагад нь гомдол гаргаж байгаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээ болон Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1, 2-р багананд заасан хувь хэмжээгээр талууд гэрээг байгуулсан гэж үзэж, “Капитрон банк” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 62 057 012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ 

 

 

 

.

.