Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                                   МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч Н.Цогтбаяр 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Анхбаярт холбогдох 201603000152 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 07-ны  өдөр   хүлээн авч  хянан хэлэлцэв.

           

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Батцэнхэл сумын Баян-Уул баг, Солби гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лундаажанцангийн Анхбаяр /РД: АА76022913/

           

Шүүгдэгч  Л.Анхбаяр нь 2016 оны 04 дүгээр 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 9-24 тоотод хохирогч Б.Соронзонболдтой хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар хохирогч Б.Соронзонболдын баруун гарын шууны ясыг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Л.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

Хохирогч Б.Соронзонболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.Энх-Амгалангийнд хонох гэж байсан юм. Гэтэл ойролцоогоор 23 цаг 30 минутын орчимд хаалга тогшихоор нь Энх-Амгалан, Уранбайгал нарыг хаалгаа онгойлгооч гэхэд онгойлгохгүй болохоор би орноосоо босоод онгойлгоод өгсөн. Гэтэл ногоон дээлтэй, хар малгайтай, шар царайтай залуу орж ирсэн. Би түүнд хандаж чи ийм орой айлын хаалга яахаараа цохидог юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгээд миний баруун гарыг мушгиж, орны ирмэг дээр дараад хугалсан. Миний майкаар хоолой боогоод ширээний доод булан руу дарсан. Би түүнд миний гар хугарчихлаа гэж хэлэхэд намайг миний зүүн гараас чирээд байшингаас гаргасан. Тэгээд гадаа нэлээн ноцолдсон. Тэгээд би түүнд ахынх нь гар хугарчихлаа гараа боолгоё гээд байшин руу орсон. Байшин руу ороход Энх-Амгалан охинтойгоо байсан ба цуулсан хөнжлийн даавуу авч өгсөн. Үл таних залуу намайг тухайн даавуугаар гарыг минь нулимаад ороож өгсөн. Тэгээд гараад явсан” гэжээ /хх-16-19/

Гэрч Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ойролцоогоор 22-23 цагийн орчимд манай гэрийн үүдийг хүн тогшсон юм. Уранбайгал хэн бэ гэж асуухад дуугарахгүй байсан. Гэтэл гэрийн үүдийг Соронзонболд онгойлгож өгсөн. Үүд тогшсон залууг танихгүй. Тухайн залуу манайд орж ирэхдээ ногоон өнгийн дээлтэй, хар өнгийн саравчтай малгайтай орж ирсэн. Тэгээд миний орон дээр ирээд суутал Соронзонболд түүнийг нэг удаа цохисон. Тэгээд л барьцалдаж аваад бие биенийгээ гараараа цохиод ноцолдоод байсан. Үл таних залуугийн ам хамраас нь л цус гоожсон байсан. Тэгээд би гараад яваад өгсөн. Намайг гадаа зогсож байтал Соронзонболд үл таних залуутай гэрээс гарч ирээд ноцолдоод эхэлсэн. Тэгээд би зөрөөд гэртээ орсон. Удалгүй Соронзонболд үл таних залуу хоёр араас орж ирсэн. Гэтэл Соронзонболд гар хугалчихлаа, даавуу аваад ир гэхээр нь би орны муу даавуу аваачиж өгсөн” гэжээ. /хх-21/

Насанд хүрээгүй гэрч Э.Уранбайгал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бид нарыг унтах гээд байж байтал нэг хүн манай гэрийн хаалгыг тогшсон юм. Гэтэл Болдоо ах манай найз, адилхан эр хүн байна даа гээд хаалга онгойлгож өгсөн. Гэтэл хар малгайтай, ногоон дээлтэй, танихгүй ах ороод ирсэн юм. Тухайн ахыг ээжийн орон дээр суутал Соронзонболд ах түүний урд талд нь зогсож байгаад түүний ам руу нь гараараа хүчтэй цохисон юм. Гэтэл ногоон дээлтэй ахын амнаас нь цус гарсан. Ногоон дээлтэй ах, Соронзонболд ахад чи зүгээр байгаа хүнийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлээд Соронзонболд ахын баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ноцолдоод зодолдоод унасан. Мөн зодолдох явцдаа Соронзонболд ах ногоон дээлтэй ахад хандаж, миний гар өвдөөд байна. ямар ч байсан нэг савх нь хугарчихсан байх гээд байсан. Тухайн үед манай ээж гараад явчихсан байсан. Соронзонболд, ногоон дээлтэй ах хоёр зодолдохоо больсон” гэжээ /хх-23-24/

Гэрч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Намайг Анхбаярыг дагуулаад Соронзонболдынд очиход Соронзонболд ах баруун гараа цагаан даавуугаар ороогоод сойчихсон байсан. Мөн Анхбаярыг хараад өө, энэ чинь намайг зоддог ногоон дээлтэй залуу мөн байна гэж байсан. Мөн Анхбаяр ч Соронзонболдтой зодолдсон талаар яриад байсан” гэжээ. /хх-25/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 153 дугаартай дүгнэлтэнд: “Б.Соронзонболдын биед баруун гарын шуу ясны дээд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэжээ.  /хх-28/

            Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-8-9/

Фото зургийн үзүүлэлт /хх-10, 12/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/

Эд зүйлийн үнэлгээ /хх-13/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39/

            Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-28-30/

            Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-57/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49-50/, шүүхэд шинээр хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт  зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Анхбаяр нь 2016 оны 04 дүгээр 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 9-24 тоотод хохирогч Б.Соронзонболдтой хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар хохирогч Б.Соронзонболдын баруун гарын шууны ясыг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Би 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.Энх-Амгалангийнд хонох гэж байхад шөнийн 23 цаг 30 минутын орчимд хаалга тогшиж ногоон дээлтэй, хар малгайтай, шар царайтай залуу орж ирэхээр нь түүнд хандаж чи ийм орой айлын хаалга яахаараа цохидог юм бэ гэж хэлээд маргалдахад тэр залуу миний баруун гарыг мушгиж, орны ирмэг дээр дараад хугалсан талаар мэдүүлсэн хохирогч Б.Соронзонболдын  мэдүүлэг /хх-16-19/,  2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ойролцоогоор 22-23 цагийн орчимд манай гэрийн үүдийг хүн тогшиж ногоон өнгийн дээлтэй, хар өнгийн саравчтай малгай өмссөн танихгүй залуу манайд орж  ирсэн. Тэгээд миний орон дээр ирээд суутал Соронзонболд түүнийг нэг удаа цохисон. Тэгээд л барьцалдаж аваад бие биенийгээ гараараа цохиод ноцолдоод байсан. Удалгүй Соронзонболд гар хугалчихлаа, даавуу аваад ир гэхээр нь би орны муу даавуу аваачиж өгсөн талаар мэдүүлсэн гэрч Д.Энх-Амгалан /хх-21/, насанд хүрээгүй гэрч Э.Уранбайгал нарын мэдүүлэг  /хх-23-24/, намайг Анхбаярыг дагуулаад Соронзонболдынд очиход Соронзонболд ах баруун гараа цагаан даавуугаар ороогоод сойчихсон байсан. Мөн Анхбаярыг хараад өө, энэ чинь намайг зоддог ногоон дээлтэй залуу мөн байна гэж байсан. Мөн Анхбаяр ч Соронзонболдтой зодолдсон талаар яриад байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.Ганбаатарын мэдүүлэг /хх-25/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хх-28/, эдгээр мэдүүлгийн эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.  

 

 Иймд шүүгдэгч Л.Анхбаярыг бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  Л.Анхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн уранхай дал маак зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгах, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

    ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Боржигон овогт Лундаажанцангийн Анхбаярыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Л.Анхбаярыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид   эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Л.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн уранхай дал майк зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

            6. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Анхбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

7.   Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Анхбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

 

 

 

 

                                

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ      

                              

 

                                                                   

                   

 

­