Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0533

 

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0533

Улаанбаатар хот

 

 

 

                                     Ч.Б***ын нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б***

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0514 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***.

Хэргийн индекс: 128/2022/0953/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б***оос Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0514 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан Ч.Б***оос Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1. Анхан шатны шүүх, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө зэрэгт хариуцагчийн татгалзсан шийдвэрийн үндэслэл тусгагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй,

 3.2. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд хамаарах талаар захиргааны байгууллагаас тогтоосон ямар нэгэн тогтоол, шийдвэр байхгүй. Энэ талаарх баримтыг шүүх цуглуулаагүй.

3.3. Шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь Ногоон нуур 1008 айлын орон сууц төслийн хэрэгжих газартай давхцаагүй буюу хамааралгүй, захиргааны байгууллага нэхэмжлэгчид ялгамжтай хандсан буюу ойролцоо орших айл өрхүүдэд газар олгосон байгаа зэрэг нь тогтоогдож байхад эдгээр үйл баримтыг анхан шатны шүүхээс зөрүүтэй дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй гэж үзэж байна гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Б*** нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 дүгээр албан бичгээр “...хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй” гэж татгалзаж шийдвэрлэсэн.

4. Тус мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Энэ дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

6. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд хамааралтай болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” гэж зааснаас үзвэл тухайн байршилд газар эзэмшүүлэх боломжгүй болох нь тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/337 дугаар албан бичигт “...Ногоон нуурын далангийн хамгаалалтын бүсийн мэдээлэл тус газрын мэдээллийн санд байхгүй” тухай дурдсан, шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 19-58б тоот хаягт байрлах газарт үзлэг хийж, гэрэл зургаар баталгаажуулав” хэмээн тэмдэглэж, гэрэл зураг хавсаргасныг маргаан бүхий газар нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон эсэх үйл баримтыг хангалттай тодорхой тогтоосон хэмээн үзэх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах нэхэмжлэгч Ч.Б***ын хүсэлт гаргасан газар нь “үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа эсэх”, “дүүргийн тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгагдсан эсэх” зэрэг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тодруулах замаар хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА