Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 04

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

            Нэхэмжлэгч: Д.Аын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн улсын байцаагч Ч.Т, хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, хяналт шалгалтын байцаагч Ч.Н нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 тоот хууль зөрчсөн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч.Н, Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/09 тоот тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын эрхэлж байсан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж холбогдох шийдвэрийг гаргуулсан.
Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагч ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх тухай 48 дугаар акт гаргаж ирүүлсэн. Гэвч би хуульд заасан эрхийнхээ дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд энэ талаар шийдвэр гарсныг мэдээгүй байтал 2019 оны 11 сарын 15-нд гомдлын хариу болох албан тоотыг надад А.Ч өгсөн.
Энэхүү байцаагчийн 48 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4, 27.5, 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн улсын байцаагч Ч.Т, хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, улсын байцаагч Ч.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Аын Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн “Илүү олгогдсон тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” 48 тоот актыг хүчингүй болгох”-оор гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна.
Д.А нэхэмжлэлдээ: Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн Оролцогчийг сонсох  26 дугаар зүйлийн 26.1, Сонсох ажиллагааг явуулах 27 дугаар зүйлийн 27.2, 27.4.2, Сонсох ажиллагааг хийхгүй байх 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь   заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлийг тусгасан байна. Энэхүү үндэслэлийг эс зөвшөөрч байна.
Ажилгүйдлийн тэтгэмж авагч Д.А нь ажлаас халагдаж Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргахдаа НДЕГ-ын даргын 2014.11.26-ны өдрийн А/152 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан өргөдлийн загвараар 2017.02.19-ний өдөр өргөдөл гаргаж уг өргөдөлд  бичсэн “Хууль бусаар ажлаас халагдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалин хөлс, орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ажил олгогчоор төлүүлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхээ үүгээр нотолж байна” гэсэн шаардлагатай танилцан өргөдөлд гарын үсэг зурсан боловч тэтгэмжээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмжид 4.137.521 төгрөгний тэтгэмж тогтоолгосноос, Д.А нь өөр албан байгууллагад ажилд орж тэтгэмжээ зогсоолгосон учраас 1.742.114 төгрөгийг актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
 Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019.03.05-ны өдрийн 31-03/04 тоот улсын ахлах байцаагчийн актаар нэр бүхий иргэдэд тавигдсан актыг Д.Ад очиж танилцуулахад дээрх хуулийн заалт зөрчсөн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж 2019.03.15-нд гарын үсэг зурсан ба биечлэн 1 удаа харьцахад тийм хариу өгч байсан тул Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааг хангалттай явуулсан гэж үзнэ. Энэхүү Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар тавигдсан төлбөрийг ажилгүйдлийн даатгалын санд төвлөрүүлэх үүргийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцуулсан тул Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж тэтгэмж хариуцсан улсын байцаагч миний бие тухайн иргэдэд буюу үүний дотор Д.Аын үндэслэлгүй авсан ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэхээр 2019.06.27-нд 48 тоот актыг зохих хууль, журамд нийцүүлэн тавьж өөрийн биеэр танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурсан тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар сонсох ажиллагааг хийсэн гэж үзнэ. 2 удаа биечлэн уулзсан байна. Д.А нь өргөдлийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын байцаагч маргаан бүхий төлбөр тогтоосон актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг зөрчсөн гэж, хариуцагч хууль бусаар ажлаас халагдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалин хөлс, орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ажил олгогчоор төлүүлсэн тул ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлөх үндэслэлтэй гэж маргаж байна.

Захиргааны байгууллага буюу улсын байцаагчаас шийдвэр гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч хариуцагч талаас нэхэмжлэгч Д.Аын ажилгүйдлийн тэтгэмж авахаар гаргасан  өргөдөлд “ ... хууль бусаар ажлаас халагдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалин, хөлс орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ажил олгогчоор төлүүлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлнө” гэж бичсэнийг өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж ажилгүйдлийн тэтгэмж авсан, Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019.03.05-ны өдрийн 31-03/04 тоот актаар нэр бүхий иргэдээр ажилгүйдлийн тэтгэмжийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэснийг Д.Ад очиж танилцуулахад дээрх хуулийн заалт зөрчсөн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэсэн учраас тэтгэмжийн улсын байцаагчийн хувьд Нийгмийн даатгалын хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлэхээр акт үйлдэж биечлэн уулзаж танилцуулахад мөн зөвшөөрөхгүй гэж хариу өгсөн тул сонсох үйл ажиллагааг хангалттай явуулсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

           Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Илүү олгогдсон тэтгэмж, нөхөн төлүүлэх тухай” 48 тоот актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-г үндэслэн шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа томилогдсон Д.Ааар ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон 1742114 төгрөгийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалаар ажлаас халагдаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0766 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Д.Аыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд  эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 8.433.944 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь дээрх шүүхүүдийн шийдвэрүүдээр нотлогдож байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар нэхэмжлэгч Д.Аын гаргасан 0031584 дугаартай өргөдөл, тэтгэмж олголтын хуваарь, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт, гүйлгээний жагсаалтаар, Д.А нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 76 хоногийн 1742144 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын цалингийн тооцоо, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын цалингийн хүснэгт, цалин хөлсний нөхөн олговор картаар олгосон жагсаалт, төлбөрийн хүсэлтүүдээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний нөхөн олговрыг тус тус хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
 Түүнчлэн аймгийн Тамгын газарт ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 02, 03, 04, 05, 06 саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтаар түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн болох нь тогтоогдсон болно.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан /2016 оны 22 дугаар тогтоол/ “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ” гэснийг үндэслэн гаргасныг буруутгах боломжгүй байна.
Учир нь, дээрх журам нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу хууль тогтоогчийн шилжүүлсэн эрхийн хүрээнд гаргасан хэм хэмжээ тогтоосон хүчин төгөлдөр эрх зүйн эх сурвалж байна.
        
Иймээс улсын байцаагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2-т “...эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж...” гэснийг үндэслэн илүү тогтоолгож авсан ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр акт тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Аыг хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байх бөгөөд цалин хөлсийг ажилгүйдлийн тэтгэмжтэй давхардуулан олгосныг хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмжийг үндэслэлгүйгээр буюу илүү авсан гэж буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 тоот акт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
       
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ааас Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга, хяналт шалгалтын байцаагч Ч.Н, тэтгэмжийн улсын байцаагч Ч.Т нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 тоот хууль зөрчсөн актыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.              
       
                     



            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАЯРЦОГТ