Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 225

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Л.Одончимэгийн нэхэмжлэлтэй  Х.Болормаа, Б.Галмандах нарт холбогдох “Зээл, зээлийн хүү 5500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                             Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч: Л.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        ...Х.Болормаа нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатайгаар 10 хувийн хүүтэй, 4500.000 төгрөгийг төлөхөөр зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Х.Болормаагаас үндсэн зээл болох 4500.000 төгрөг, хүү 1000.000 төгрөг, нийт 5500.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

           Хариуцагч Х.Болормаа 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... Миний бие нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Капитал банкны Сэлэнгэ салбарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ өдөр найз Б.Галмандах Зүүнбүрэн сумаас хүрч ирээд ... “эгчийнхээ нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд  тавиад 4 хоногийн хугацаатай  хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу. 1 дэх өдөр зээл шийдэгдэж байшингаа зарах юмаа. Өнөөдөртөө багтааж Л.Нормоожав багшид  4500.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Би мөнгө зээлдэг 3 хүн рүү утасдаж асуусан. Одоо санааж байгаагаар Д.Энхжаргал гэх мэт хүнээс асуусан боловч яг одоогоор алга байна гэсэн. Сүүлд нь мөнгө  зээлдэг Л.Одончимэг гэдэг хүн  рүү ярьж Галмандахын хүсэлтийг хэлээд утасных нь  дугаарыг өгсөн.  Тэр 2 хоорондоо холбогдоод манай ажил дээр ирж Л.Одончимэгээс, Б.Галмандах 4500.000 төгрөг өөрийн биеээр тоолж авсан.  Бэлэн мөнгө тоолж авсан тухайгаа цаасан дээр бичээд гарын үсэг зураад Зүүнбүрэн сумын 1 дүгээр багт байрлалтай

 

 

 

 

 

 эгч Б.Золбоогийн нэр дээрх газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Одончимэгт үлдээгээд явсан.

         Л.Одончимэг  байнга мөнгө өндөр хүүтэй мөнгө зээлдэг, мөнгө хүүлэгч гэдгийг Сэлэнгэ аймгийн иргэд мэднэ. Энэ хүнээс би мөнгө аваагүй. Ингэж хүнийг гүтгэж нэр төрд халдах эрхгүй. Мөнгөө өгсөн хүнтэйгээ л асуудлыг шийдэх ёстой. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад мөнгө өгсөн, авсан тухай баримт байхгүй. Харин Б.Галмандахаас бичүүлж авсан баримт, гэрчилгээнүүдийн тухай яагаад нэхэмжлэлдээ бидэггүй юм бэ?. Ингэж шүүхийн байгууллагаар тоглох, хуурах эрх Л.Одончимэгт хуулиар олгогдоогүй, харин ч тэгш эрхтэй, шударга байх үүргээ энэ хүн биелүүлэх ёстой. Би нэр төрөө сэргээж сөрөг нэхэмжлэл бичнэ гэжээ.

 

Хамтран хариуцагч:  Б.Галмандах нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

         ...Хариуцагч Б.Галмандах надад холбогдуулан Л.Одончимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  миний бие найз Х.Болормаагаар дамжуулан 4500.000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн болно. Одоо 5500.000 /хүүгийн хамт / төгрөгийг Л.Одончимэгт  өгөхөд маргаангүй. Тухайн үед миний бие мөнгөний хэрэгцээ гараад Л.Одончимэгийг танихгүй учир найз Х.Болормаагаар мөнгө зээлүүлж авсан нь үнэн болно. Х.Болормаа нь Л.Одончимэгээс 5500.000 төгрөгийг аваагүй. Уг  мөнгийг би авч хувьдаа хэрэглэсэн болно. Миний бие 5500.000 төгрөгийг  Л.Одончимэгт төлнө  ... гэжээ.

 

           Нэхэмжлэгч Л.Болормаа 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... Б.Галмандахаас 5500.000 төгрөг гаргуулахыг зөвшөөрч байна. Үүнд маргаан байхгүй гэжээ.

                                                        

                                                          Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Л.Одончимэг нь Х.Болормаад холбогдуулан “Зээл, зээлийн хүү 5500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.   

Хариуцагч Х.Болормаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Л.Одончимэг, Б.Галмандах тэр 2 хоорондоо холбогдоод манай ажил дээр ирж Л.Одончимэгээс, Б.Галмандах 4500.000 төгрөг өөрийн биеээр тоолж авсан.  Бэлэн мөнгө тоолж авсан тухайгаа цаасан дээр бичээд гарын үсэг зураад Зүүнбүрэн сумын 1 дүгээр багт байрлалтай эгч Б.Золбоогийн нэр дээрх газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Одончимэгт үлдээгээд явсан” учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

            Хариуцагч Х.Болормаа нь хамтран хариуцагчаар Б.Галмандахыг татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 562 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх шаардлагатай гэж үзэж Б.Галмандахыг ... шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж, түүнд Л.Одончимэгийн нэхэмжлэлийн хувийг 2017 оны 03 дугаар сарын 24-нд гардуулсан  байна.  

          Хамтран хариуцагч Б.Галмандах нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

         Иймд хамтран хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул Х.Болормаагаас 5500.000 төгрөгийг дахин гаргуулах үндэслэлгүй байна

           Хариуцагчийн зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байна.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгний тал хувь буюу 51475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 51475 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Галмандахад холбогдох “Зээл, зээлийн хүү, 5500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгний тал хувь буюу 51475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 51475 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Л.Одончимэгт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                 ШҮҮГЧ                       Д.МӨНХЦЭЦЭГ