Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0208

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0190/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Х.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох эрүүгийн  2118000000204 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Х.Г /РД: ТВ61091576/ 1961 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн таван замын уулзвар дээр 25-62 ДАА улсын дугаартай Хьюндай аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-д “жолооч хөдөлгөөний эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана”, 15 дугаар бүлгийн 15.4-д “жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12 дугаар бүлгийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 06-88 ДАЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж иргэн Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Х.Г-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөө өөрийн эзэмшлийн 25-62 ДАА улсын дугаартай Хюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 09 цаг өнгөрч байхад Дархан зах орж будаг авчихаад буцаад гэр лүүгээ явах гээд захын ард талын 5 замын уулзвар дээр модны зах чиглэлийн замаас ирээд уулзвар дээр зүүн тийш эргэх гээд зогссон. Тэгээд ногоон гэрэл асахыг хүлээж байгаад, гэрэл асангуут арын машин дуут дохио өгөхөөр нь зүүн тийш эргэх хөдөлгөөн хийтэл өөдөөс ирж явсан цэнхэр мотоциклтой хүнийг мөргөж, газар унагаасан. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө хүн дээр очиж босгоод “юу болов?” гэтэл мотоциклийн жолооч залуу “зүүн хөл шагайгаараа жаахан эвгүй болчихсон байна” гэхээр нь би замын цагдаа дуудаад, бас даатгалын хүмүүс дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд, би нөгөө мотоциклийн жолоочийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хөлний рентгэн зураг авахуулахад түүний хөлний савхан яс нь хугарсан байна гээд гипс тавьж өгсөн.

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг /хавтаст хэргийн 5-10/,

 

-Жолооч Х.Г-н согтуурлын зэргийг шалгахад 0.0% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

-Х.Гас хохирогч Б.Т-д 1000000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 14/,

 

-Хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 06-88 ДАЗ улсын дугаартай Zongshen маркийн мотоциклийг жолоодож Алтны уулзвараас хойшоо модны зах чиглэлтэй явж байсан юм. Тэгээд би захын арын 5 замын уулзвар дээр ирэхэд миний чигээрээ явах урсгалын ногоон гэрэл ассан байсан тул би уулзвараар нэвтэрч яг уулзварын гол хэсэг өнгөрч, зам руугаа орох гэж байтал гэрэл дохио унтраад, миний өөдөөс нэг цагаан өнгөтэй аксент маркийн машин зүүн тийш эргэх дохио өгөөд хурдтай хөдөлсөн. Тэгэхээр нь би тэр машинаас бултах гээд баруун тийш дарж, хурдаа хассан чинь тэр машин миний унаж явсан мотоциклийн зүүн тал руу мөргөсөн ба би мотоциклоос шидэгдэн унасан. Тэгээд би босох гэтэл миний зүүн хөлийн шагай хэсгээр өвдөөд, гишгэж чадахгүй байсан ба нөгөө машины жолооч нь цагдаад дуудлага өгөөд, удалгүй цагдаа нар ирж хэмжилт хийчихээд намайг эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлж, рентген зургаа авахуулахад зүүн хөлийн шагайны хэсэгт яс хугарсан байна гэж хэлээд гипс тавьж өгсөн.

...Миний эмчилгээний зардал ойролцоогоор 50.000 төгрөгөөр эм, витамин авах, гипс тавиулахад зарцуулсан байх. Мөн миний мотоциклийн эвдрэлд 253000 төгрөг гарсан, үүнийг уг хүний даатгалаас төлнө гэсэн. Тэр хүн надад 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19/,

 

-“...Б.Т-н биед зүүн шагай ясны дотор хавчаар ясны хугарал, зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/,

 

-Б.Т-д тусламж үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 30-31/,

 

-Техникийн эвдрэл хохирлын үнэлгээг 293000 төгрөгөөр тогтоосон тухай “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 36-37/,

 

-Шүүгдэгч Х.Г-аас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 52/,

 

-“... Zongshen ZS150-6 06-88 ДАЗ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/ нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл /мотоцикл/ нь ослын өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тээврийн хэрэгсэл /мотоцикл/ нь ослын дараа урд амортизаторын хамгаалалт хагарсан, урд кирло зүлгэгдэж будаг ховхорсон, өвдөгний хамгаалалтын бэхэлгээ угаараа цуурч хагарсан, хөл тавих гишгүүр бага зэрэг муруйсан. Тухайн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй болно.” гэх 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 76-79/, 

 

-“...Хюндай Аксент 25-62 ДАА Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Осол үйлдэгдэхэд автомашины тоормосны эд анги, хаалганы систем болон бусад эд анги бүрэн ажиллагаатай байсан байна. Иймд осол үйлдэгдэхэд техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй болно. Ослын дараа урд копудны баруун урд хэсэг будаг ховхорч копуд гажсан, урд баруун кирлоны доод хэсэг хонхойсон, урд гэрлийн бэхэлгээ тасарч хугарсан, улсын дугаар тогтоогч гулзайж хумиралдсан.” гэх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 84-90/, 

 

-Хохирогч Б.Т-ээс гаргасан “жолооч Гантулгаас эмчилгээний зардал болон нэг сая төгрөг бэлнээр авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /хавтаст хэргийн 64, 93/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн таван замын уулзвар дээр 25-62 ДАА улсын дугаартай Хьюндай аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-д “жолооч хөдөлгөөний эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана”, 15 дугаар бүлгийн 15.4-д “жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12 дугаар бүлгийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 06-88 ДАЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж иргэн Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Гантулгыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-н эрүүл мэндэд “зүүн шагай ясны дотор хавчаар ясны хугарал, зүүн шагайнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд  хохирогч Б.Тунгалаг-Эрдэнэ нь “жолооч Гантулгаас эмчилгээний зардал болон нэг сая төгрөг бэлнээр авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”  /хавтаст хэргийн 64, 93/ гэж мэдүүлж байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Х.Г нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Гд анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Г-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Гд үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ