Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0213

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0198/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Ц- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-холбогдох эрүүгийн 2018004800115 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Ц, 1983 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, загвар дизайнер мэргэжилтэй, “Монгол маркет” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд “Ас хур” ХХК-ны Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг салбарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх буюу борлуулалтын орлогоос 5.449.753 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт  үйл ажиллагаа явуулах “Ас хур” ХХК-ны Юнителийн салбарт 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. Энэ газар нь нэгж худалдан борлуулах, гар утас зарах, төлбөр тооцоо авах гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус салбарт би ганцаараа ажилладаг бөгөөд Улаанбаатар хотоос миний үйл ажиллагааг  хянадаг, би хийсэн ажлынхаа тайлан болон орлогоо өдөр өдөрт нь явуулж, тооцоо нийлдэг байсан. Гэтэл 2020 оны 08, 09 дүгээр сард өөрийн хариуцлагагүй байдлаас болж дээрх компанид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна аа, энэ бүхэн миний буруу, би хохирлоо төлж барагдуулна.

...миний явуулсан тайлангаар шинжээчийн дүгнэлт гарсан гэдэг. Тухайн компанийн хувьд тайлангаа шинжээчид өгөхөөсөө өмнө 1 жилийн хугацааны тайланг засах бүрэн боломжтой. Анхны тооллогоор зургаан сая гаран мянган төгрөгийн дутагдал гарсан гэсэн байдаг боловч дараа нь 5449753 төгрөг болсон.  Шүүх цагдаа гэхээр нь олон дахин нааш цааш явах гэж төвөг гэж бодоод би хохирлыг өгсөн. Хүүхдийн сургалтын төлбөрт 500000 төгрөг компанийн мөнгөнөөс төлсөн асуудал бол байгаа. Тус компанид надаас өмнө нь ажиллаж байсан 2 хүн бас энэ асуудлаас болж асуудлаа шийдээд ажлаас гарч байсан. Би ажлаасаа гарахдаа надаас хойш ажиллах хүнд энэ талаар сайн зөвлөсөн. Би тайлангийнхаа нэг хувийг авч үлдээгүй нь миний буруу, тайлангаа авъя гэхээр өгөөгүй. Би энэ компанийг хохироосон гээд шинжээчийн дүгнэлт гарсан тул хохирлыг өгөхөөс өөр аргагүй болоод л төлсөн.

...говьд ажиллаад өрөө бага багаар цуглуулж байгаад төлж дууссан. Энэ хохирлыг хүлээн зөвшөөрөөд би төлсөн. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг ерөөсөө хэлээгүй шүү дээ, би ажилгүй олон хүүхдүүдтэй учир төлөх ямар ч боломжгүй байсан. Мөнгөө цувуулж хийж байгаа нь ажил хийж цуглуулсан өгсөн. Одоо өргүй болсон, өмгөөлөгч авах боломжгүй байгаад байгаа, төлөхгүй гэж хэлээгүй зөвшөөрөөд төлсөн. Төлсний дараа дарга руу хүртэл утсаар ярьсан бичиг хийлгэж аваад шүүх хуралдаанд ирсэн. Би олон хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Гэрээсээ ганцаараа ийш тийшээ явж ажил хийдэг.

...Торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү, хүүхдүүдээ яах юм болж байна. Яаж ийж байгаад торгуулийг төлөх болно. 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-“Ас хур” ХХК-ийн Г.Ц-г ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 17/,

-“Ас хур” ХХК-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 18/,

-“Ас хур” ХХК болон Г.Ц- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 20-23/,

-“Ас хур” ХХК-ийн үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 24-25/,

-Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-32/,

-“Ас хур” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Ас хур” ХХК-ны Шарын гол сум дахь Юнителийн салбарт хяналтын ажилтнаар ажилладаг. Харин Г.Ц- нь “Ас хур” ХХК-ны Шарын гол сум дахь Юнителийн салбарт 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа байгууллагын мөнгө болох 5.950.953 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт манай байгууллагын зүгээс гомдолтой байна. Дээрх мөнгийг манай байгууллага нэхэмжилж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн “Пийк Ом” гэх Аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс гэж 400.000 төгрөгийг манай байгууллагаас төлсөн учир энэ мөнгийг мөн нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36/,

-Гэрч Ч.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай “Ас хур” ХХК нь “Юнител” ХХК-тай 2015 оноос хойш гэрээ хийж Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Юнителийн бүх үйл ажиллагааг явуулдаг. Манай компанид 2019 оны 06 сараас 08 сар хүртэл Гармаа овогтой Цэцэгмаа гэдэг хүн үйлчилгээний ажилтнаар ажилласан бөгөөд 2020 оны 01 сард дахиад шинэ ажилтан авахаар болоод Г.Ц- эргээд ажиллана гэж хүсэлт гаргасан учир ажилд авсан. Тэрнээс хойш 2020 оны 09 сард Дархан-Уул аймгийн Шарын гол суманд тооллого хийсэн чинь орлогоос 5.950.963 төгрөг дутсан байхаар нь Цэцэгмаагаас асуусан чинь “2020 оны 08 сард хүүхдийн сургалтын төлбөрт хэрэглэсэн” гэж хэлэхээр нь “за тэгвэл Цэцэгмаад 2020 оны 09 сарын 07-ны дотор тушаачих” гэж хэлсэн чинь Цэцэгмаа “Би цалингүй ажиллаад мөнгийг чинь өгье” гэхээр нь чамд дахиж итгэх боломжгүй тул мөнгөө төл гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл Цэцэгмаа ямар ч мөнгө төлөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэлдүүлэг / хавтаст хэргийн 37-38/

-Гэрч П. Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай “Ас хур” ХХК нь 1994 оноос Шарын гол суманд Юнителийн гэрээт салбарыг хариуцан ажиллаж байгаа. Би “Ас хур” ХХК-нд 1994 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компанид анх 2019 оны 06 сарын 30-ны өдөр Цэцэгмаа  гэж эмэгтэй түр ажлын гэрээгээр 2 сар ажилласан. Тэр хугацаандаа Цэцэгмаа ямар нэг асуудал гаргаагүй. Тэгээд 2020 оны 01 сарын 15-ны өдөр манайд Цэцэгмаа Шарын гол сумын үйлчилгээний ажилтан гэсэн албан тушаалтнаар ажилд орсон. 2020 оны 07 сарын дундаас хойш манай нягтлан Нямдэлгэр “Шарын гол нь тайлан явуулахгүй байна” гэж 2020 оны 08 сарын 10 хавьцаа хэлсэн. Тэгэхээр нь би Цэцэгмаа руу яриад “яаралтай тайлангаа явуулаач ээ” гэж хэлээд 7 хоногийн хугацаа өгсөн. Тэгсэн чинь Цэцэгмаа дахиад 7 хоногийн дараагаар тайлангаа явуулахгүй болохоор урьд нь манайд ажиллаж байсан Отгонтуяаг гуйгаад “манай дээр 2 хоног ажиллаад тооллого хийгээд өгөөч” гэсэн чинь Отгонтуяа “за” гээд манай салбар дээр очсон чинь Цэцэгмаа уурлаад салбарыг нээж өгөхгүй тооллого хийлгэхгүй байхаар нь манай нягтлан Нямдэлгэрийг би 2020 оны 09 сарын 18-ны өдөр очиж тооллого хийлгэсэн 5.905.963 төгрөг манай борлуулалтын албанаас дутсан байсан. Тэгэхээр нь Цэцэгмаагаас яагаад мөнгө дутаж байгаа талаар асуусан чинь Цэцэгмаа “3.000.000 төгрөгийг хүүхдийнхээ төлбөр хийгээд үлдсэнээр нь гэрийнхээ засвар үйлчилгээ хийсэн, намайг уучлаарай, би ажлаа үргэлжлүүлж хийж байгаад өрөө төлье” гэхээр нь захиралд хэлээд Цэцэгмааг ажлаас нь чөлөөлөөд 7 хоногийн дотор ямар ч байсан урьдчилгаа төлбөр хийгээрэй гэж хэлсэн чинь “за” гэж хэлсэн. Тэгээд маргаашнаас нь Цэцэгмаа утсаа салгаад байхаар нь очоод уулзсан чинь надад мөнгө олдохгүй байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,

 

-Шинжээч А.М-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ц- нь  тооцооны алдаа гаргасан гэх зүйл байхгүй, “Ас хур” ХХК-ны борлуулалтын орлогыг тухайн өдөрт нь шууд бүрэн тушаахгүй, өөртөө авч үлдэж байснаас үүссэн 5.449.753 төгрөгийн буюу бэлэн мөнгөний дутагдал байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55/,

 

-“...Г.Ц- нь 2020.08.01-нээс 2020.09.18-ны хооронд “Ас хр” ХХК-ийн “Юнитэл” ХХК-тай байгуулсан гэрээт үйл ажиллагааны борлуулалтын орлогын бэлэн мөнгөнөөс 5.449.753 төгрөгийн дутагдал гаргасан байна....” гэх “Пийк Ом Аудит” ХХК-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, тайлан, холбогдох материалууд /хавтаст хэргийн 61-151/,

 

-Г.Ц-гийн Хаан банкин дахь 5047138166 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 161-176/

-Г.Ц-гийн Төрийн банкин дахь 140500146176 дугаартай депозит дансны хуулга /хавтаст хэргийн  181-184/

-Г.Ц-гаас “Ас-Хур” ХХК-д 3500000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хавтаст хэргийн 198/,

-Г.Ц-гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Ас-Хур” ХХК-ийн захиралын тушаал /хавтаст хэргийн 202/,

 

-Дархан-Уул аймгийн Прокурорын газарт “Ас хур” ХХК-аас гаргасан “...манай компанид үйлчилгээний ажилтан байсан Г.Ц- нь санхүүгийн зөрчил гаргаж дутаасан борлуулалтын орлогын дутууг нөхөн төлсөн  тул манай компанийн зүгээс Г.Ц-тай холбоотой гомдол, нэхэмжлэл байхгүй.” гэх албан тоот / хавтаст хэргийн 218/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.Ц- нь “Ас хур” ХХК-ийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх буюу борлуулалтын орлогоос 5.449.753 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

 

Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.

 

Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ас хур” ХХК-ийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц-г эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж, хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас “Ас хур” ХХК-нд 5.449.753 төгрөгийн хохирол учирсан болох нь “Пийк Ом Аудит” ХХК-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, тайлан, холбогдох материалуудаар /хавтаст хэргийн 61-151/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Ц- нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь “Ас хур” ХХК-аас гаргасан “...манай компанид үйлчилгээний ажилтан байсан Г.Ц- нь санхүүгийн зөрчил гаргаж дутаасан борлуулалтын орлогын дутууг нөхөн төлсөн  тул манай компанийн зүгээс Г.Ц-тай холбоотой гомдол, нэхэмжлэл байхгүй.” гэх албан тоотоор /хавтаст хэргийн 218/ тогтоогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Ц- нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 6 хүүхдийн хамт амьдардаг /хавтаст хэргийн 185/ болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ц- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд, эхний 35 сарын хугацаанд сар бүр 280.000 төгрөг, сүүлийн нэг сар 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 400000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Ас хур” ХХК-нд олгохоор шийдвэрлэснийг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Ц-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд эхний 35 сард нь сар бүр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, сүүлийн нэг сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ц-д мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Ас хур” ХХК-д  олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ