Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 235

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбарт холбогдох “Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үндэслэлгүй хууль зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн банкны Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ  аймгийн Шаамар суманд 1976 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар баг, 19 дүгээр байрны 50 тоотод оршин суух хаягтай, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэх

                         Ашабагад овгийн Чимэдрэгзэнгийн Саранчимэг

                         регистрийн  дугаар:МО-76111403

 

        Хариуцагч Төрийн банк ХХК-ний Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорнод аймгийн Сүмбэр суманд 1980 онд төрсөн, дээд боловсролтой,  эдийн засагч-нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 245 тоотод оршин суух хаягтай, Төрийн банк ХХК-ний Сэлэнгэ салбарт орлогч захирал ажилтай гэх

                              Мэргэд овгийн Дүншигийн Хилийнчулуу  

                              регистрийн дугаар: ЖИ-80041318

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:М.Гансүх

       Нарийн бичгийн дарга С.Энхтайван  нар оролцов.

 

                                                             Тодорхойлох нь:

    Нэхэмжлэгч: Ч.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     Нэхэмжлэлийн үндэслэл: Би “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбарт харилцааны ахлах менежер   албан тушаалд  ажиллаж байсан. Анх 2007 онд Төрийн банкыг Зоос банк байх үед зээлийн эдийн засагчаар ажилд орсон. 2009 онд банкны өмчлөл болон нэршилд өөрчлөлт орж Төрийн банк болоход үргэлжлүүлэн уг ажлын байрандаа ажиллаж байгаад 2013 онд албан тушаал дэвшин харилцааны ахлах менежерийн албан тушаалд томилогдож 2016 оны 11 дүгээр сарын 29-нийг өдөр хүртэл ажилласан. Нийтдээ банкны системд тасралтгүй 9 жил 5 сар ажиллаж, улсад энэ мэргэжлээрээ 19 жил ажилласан.

 Ингээд 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал 2016 оны ээлжийн амралтаа авсан ба амралттай байх хугацаандаа биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажилдаа очиход “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын орлогч захирал Д.Хилийнчулуу өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход Д.Хилийнчулуу, тооцооны төв хариуцсан менежер П.Баттөр, Б.Наранбаатар нар сууж байсан бөгөөд “салбарын захирлын тушаал танилцуулах гэсэн юм”  гээд №239 тоот тушаалыг өгсөн. Уг тушаалд эрхэлж байсан ажил албан тушаалаас маань чөлөөлж, намайг Боргүвээ тооцооны төвд харилцааны менежерээр, туршилтын 3 сарын хугацаатай томилсон тухай дурдсан байсан.

  Ийм тушаал гаргаж байгаа талаар болон албан тушаал өөрчлөх, бууруулах талаар надад өмнө нь мэдэгдээгүй, огт танилцуулаагүй.

  Энэ асуудлаар Сэлэнгэ салбарын захиралтай удаа дараа уулзаж, үндэслэлгүй хууль зөрчсөн тушаалаа эргэж харах талаар хэлсэн боловч  “явдаг газраараа яв” гэж хэлсэн. Иймд би доорх нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

  1. Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үндэслэлгүй хууль зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгуулах
  2. Миний бие өмнө эрхэлж байсан буюу Төрийн банкны Сэлэнгэ салбарын   харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох
  3. Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах
  4. Ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна...гэжээ.

                                               

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Хилийнчулуу 2017 оны 02 дугаар сарын 10-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

    Төрийн банканд холбогдох иргэн Ч.Саранчимэгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

              1.Төрийн банкны Хяналт шалгалтын газраас тус банкны Сэлэнгэ салбарт иж бүрэн шалгалт хийж тайлан бичигдсэн.

               Энэхүү тайлангаар тус салбарын харилцааны менежер Ч.Саранчимэг нь Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ үл биелүүлж “...зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, түүнээс хамгаалах арга замыг тодорхойлж, зээлийн чанартай багц бүрдүүлэх, Салбар тооцооны төвд олгогдож буй зээлд зайнаас хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл тооцооны төвийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийж, заавар зөвлөлгөө өгөх...” гэж заасныг тус тус зөрчсөн тогтоогдож “ муу ангилалын зээл тогтомол өсөлттэй буюу 8-171 хувиар өсч, 2015 оны 3 дугаар улиралд 198.5 хувь, 4 дүгээр улиралд 200.2 хувь, 2016  оны 3 дугаар улиралд 182.0 хувиар төлөвлөгдсөн зардлаас хэтэрсэн байгаа нь ангилал шилжсэн зээлүүдийг төлөлт хангалтгүйгээс ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үндэслэл болсон, мөн Сэлэнгэ салбар, харъяа тооцооны төвүүдийн хэмжээнд 339.365.644 төгрөгийн зээлийн үлдэгдэлд нийт 181.744.152 төгрөгийн сан байгуулж хорогдуулахаар санал орсон, эргэн төлөлтийн байдалд өдөр тутам хяналт тавьж ажиллаагүйгээс зээлдэгч санхүүгийн эх үүсвэргүй болсон, зээлийг зориулалтын бусаар ашиглах боломжийг  бий болгосон зэрэг болон бусад зөрчил гаргасан гэж дүгнэсэн. 

           Энэхүү дүгнэлтийг үндэслэж Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын дагуу Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр тушаалаар Ч.Саранчимэгийг ажлаас чөлөөлж, тус салбарйн “Бор гүвээ” тооцооны төвийн харилцаны менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.

           Энэхүү шийдвэр нь Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль журмын хүрээнд гарсан шийдвэр юм.

           Иймд нэхэмжлэгч  Ч.Саранчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж  өгнө үү! гэжээ.

 

          Нэхэмжлэгч: Ч.Саранчимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

     ...  Миний бие банкны системд анх 2007 онд “Зоос” банкинд ажилд орсон. 2009 онд “Төрийн” банк болж нэршил өөрчлөгдөхөд мөн ажиллаж байсан. 2013 онд албан тушаал дэвшиж харилцааны ахлах менежерийн ажилд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Харин ч сайн ажилласан гэж жил болгон шагнал урамшуулал авдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа авсан. Энэ хугацаандаа эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчлүүлж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш нь ажилдаа иртэл 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 239 тоот эрхэлж байгаа ажлаас минь чөлөөлж албан тушаал бууруулан шилжүүлсэн, шилжүүлэн томилсон хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. Би ямар шалтгааны улмаас албан тушаал буурч байгаагаа ойлгоогүй. Салбарын захирал Ариунболдтой уулзаж үндэслэлгүй тушаал гаргаснаа эргэж хянаач гэсэн хүсэлтийг тавьсан боловч эргэж хараагүй. Тэр ч байтугай “явдаг газраараа яв, шүүх дээр намайг дийлэхгүй шүү” гэж хэлж байсан. Мөн би шинээр томилсон албан тушаалд “ажиллахгүй” гэдгээ бичгээр тайлбар бичиж өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө салбарын захирал Ариунболдтой 2 удаа уулзсан боловч хүлээж авч үндэслэлгүй тушаалаа эргэж хянаагүй. Иймд салбарын захиралын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.084.642 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү!  гэв.

 

              Хариуцагч “Төрийн банк” Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Хилийнчулуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дотоод хяналтын ажил танилцуулсан. Уг хяналт шалгалтаар Ч.Саранчимэг нь албан тушаалдаа тэнцэхгүй үнэлгээ гарсан. Улмаар Ч.Саранчимэгийг ажлаас халах санал оруулах протокол хэвлэгдсэн.  Акт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр салбарын захиралын өрөөнд танилцуулагдсан. Тухайн үед Ч.Саранчимэг уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбараа өгч байсан.  Ч.Саранчимэгийн тухайд бол ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу чанаргүй зээлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах ёстой байсан боловч ингэж ажиллаагүй. Энэ улмаас зээлдэгчийн эдийн засгийн боломж муудсан, чанаргүй, эргэн төлөгдөөгүй зээл олширч, байгууллагын үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн. Энэ тухай дотоод хяналт шалгалтынхан маш тодорхой санал гаргаж танилцуулсан. Харин Саранчимэг энэ саналыг зөвшөөрөхгүй гээд танилцсан эсэх тал дээр гарын үсэг зураагүй байсан.

           Дотоод хяналтаас гаргасан  “ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг Ч.Саранчимэгт танилцуулсан.

           Ер нь бол Ч.Саранчимэг нь ажлын байрны тодорхойлолтонд заасан доод албан тушаалтандаа үүрэг даалгавар өгөх, удирдан зохион байгуулах ажлыг хийж чадаагүй тул ажлаас халах тухай саналын хуудас гарсан боловч  ажлаас халаагүй өөр ажилд томилсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.

           

                    Хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                                      Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Саранчимэг нь “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбарт холбогдуулан “Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн банкны Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах”-ыг  хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбараас нэхэмжлэлйн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

           Ч.Саранчимэг нь 2007 онд “Зоос” банканд ажилд орж, 2009 онд “Төрийн банк” болон нэршил өөрчлөгдөхөд ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын захирлыг 09 тоот  “Үндсэн ажилтнаар томилох тухай” тушаалаар  “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт Харилцааны ахлах менежер ажил, албан тушаалтай Чимэдрэгзэн овогтой Саранчимэгийг үндсэн ажилтнаар томилсугай” гэснээр тус банканд харилцааны ахлах менежерээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь талуудын гаргаж ирүүлсэн тус салбарт харилцааны ахлах менежерээр  томилон ажиллуулсан тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд  зэргээр нотлогдож байна.

           Ч.Саранчимэг нь дээрх тушаалаар “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт  тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 11-нд ээлжийн амралтаа авч, амралтын хугацаандаа эрүүл мэндийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарч, 11 дүгээр сарын 29-нд ажилдаа ороход тус салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дугаартай  “Ажлаас чөлөөлж томилох тухай” тушаал гарсан ба уг тушаалд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ямар зөрчил дутагдал гарсан, ажлаас ямар үндэслэлээр чөлөөлж, өөр ажилд шилжүүлж байгаа талаар  дурдаагүй байна.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... менежер Ч.Саранчимэг нь Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ үл биелүүлж “...зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, түүнээс хамгаалах арга замыг тодорхойлж, зээлийн чанартай багц бүрдүүлэх, Салбар тооцооны төвд олгогдож буй зээлд зайнаас хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл тооцооны төвийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийж, заавар зөвлөлгөө өгөх...” гэж заасныг тус тус зөрчсөн ...  үүний улмаас  муу ангилалын зээл тогтмол өсөлттэй буюу 8-171 хувиар өсч, 2015 оны 3 дугаар улиралд 198.5 хувь, 4 дүгээр улиралд 200.2 хувь, 2016  оны 3 дугаар улиралд 182.0 хувиар төлөвлөгдсөн зардлаас хэтэрсэн...  энэ байдалд өдөр тутамд хяналт тавьж ажиллаагүйгээс зээлдэгч санхүүгийн эх үүсвэргүй болсон, зээлийг зориулалтын бусаар ашиглах боломжийг  бий болгосон зэрэг болон бусад зөрчил гаргасан...” гэх албан тушаал бууруулан ажиллуулсан гэх үндэслэл гаргаж байгаа боловч  “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дугаартай  “Ажлаас чөлөөлж томилох тухай” тушаал нь  “Хөдөлмөрийн тухай”  хуулийн  23 дугаар зүйлийн 23.2.3 -т “ ... шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилын болон сургалтын хугацаагаар, туршилтын болон сургалтын хугацаа 6 сараас илүүгүй байна”,  мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д  “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрэээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” , Төрийн банкны  “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 2.14.2 –т “ажилтны хүсэлтээр”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.16.3-т  “Гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр Орон нутгийн /салбарын захирлаас бусад/ ажилтны асуудлыг Салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба Салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Ажилтанд сахилгын шийтгэл  ногдуулахтай холбоотой тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг Хуулийн газраар хянуулсан байна” гэсэн заалтуудыг үндэслэл болгосон байна.  

           Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл нь “хөдөлмөрийн гэрээний хугацаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах  гэсэн заалтууд байх ба  “Төрийн банк”-ны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйл нь “Ажилтныг ажилд авах, Хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, цуцлах” гэсэн бүлгийн 5 дугаар зүйлийн 5.14-т “ажилтныг дараах тохиолдолд өөр ажил, албан тушаалд шилжүүлэн / сэлгэн/ ажиллуулах...” гэсэн зүйлийн 5 дугаар зүйлийн 5.14.2-т “ажилтны хүсэлтээр” гэсэн заалтыг баримталсан  ба нэхэмжлэгч Ч.Саранчимэг нь “өөр ажил, албан тушаалд шилжих, сэлгэн ажиллах талаар ямар нэгэн хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй, мөн Ч.Саранчимэгийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3 дугаар заалт нь тухайн салбарын захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэр гаргах эрх олгосон заалт байх ба харин эрхийнхээ дагуу гаргасан тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг хуулийн газарт хянуулсан байхыг журамласан байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг дээрх журмын дагуу хянуулсан эсэх тодорхойгүй, нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулан, өөр албан тушаалд томилсон тухай  тушаалд ямар зөрчил гаргасан, зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл гэх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй, хариуцагч шүүхэд тайлбар гаргасан нь тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийн зохих заалтыг баримтлаагүй, хуулинд нийцээгүй гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгчид Төрийн банкны Сэлэнгэ салбарт хийгдсэн Дотоод хяналт шалгалтын багийн санал оруулсанаар албан тушаал бууруулж ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх боловч салбарын захирлын  “Ажлаас чөлөөлж, томилох тухай”  239 дугаар шийдвэрт энэ тухай огт дурдагдаагүй ба Төрийн банкны Сэлэнгэ салбарт дотоод хяналт шалгалт хэдийд явагдсан нь тодорхойгүй, сахилгын шийтгэл ногдуулах тухай саналын хуудас нь 2016 оны 10 дугаар сарын 21-нд гарсан байхад өөрөөр хэлбэл зөрчлийг  илрүүлснээс хойш 1 сар 9 хоногийн дараа сахилгын шийтгэлийн хэлбэрээ өөр ажилд шилжүүлсэн  нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн  байгаагаас гадна албан тушаал бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах шийдвэр нь тухайн ажилтныг ажлаас халсан  гэх ойлголтонд хамаарна.  

            Иймд “Төрийн банк” ХХК-ний  Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  № 239 дугаартай  “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ч.Саранчимэгийг  “Төрийн банк”-ХХК-ний  Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-нээс 2017 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэлх цалин 5084.632 төгрөгийг “Төрийн банк” Сэлэнгэ салбараас гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нийгмийн даатгал болон  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөнгөн дүнгээр тооцож зохих журмын дагуу төлж  нөхөн бичилт хийхийг “Төрийн банк” Сэлэнгэ салбарт даалгаж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.  

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 5084.632 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 96304  төгрөгийг  гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар “Төрийн банк” ХХК-ний  Сэлэнгэ салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  №239 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ч.Саранчимэгийг “Төрийн банк”-ХХК-ний Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ч.Саранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин 5084.632 төгрөгийг “Төрийн банк”  Сэлэнгэ салбараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ч.Саранчимэгийн нийгмийн даатгал болон  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөнгөн дүнгээр тооцож  зохих журмын дагуу төлж  нөхөн бичилт хийхийг “Төрийн банк” Сэлэнгэ салбарт даалгасугай.

           4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 96304 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлого болгосугай.

           5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

           8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ