| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0214 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2019/0116/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Г.Чинзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч А.А-,
Шүүгдэгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 2118000000080 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ж- 1956 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Б.Ж- нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 6 дугаар гудамжны 52 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, баруун шанаа, өгзөг, гуя хэсэгт хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,
мөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 6 дугаар гудамжны 52 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, тохуурхан доромжилж, түүний бэлэг эрхтэнд гадны биет буюу төмс оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.Ж-ы мөндөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө талийгаач 12 цагийн орчим тосгон руу явж, охин Золжаргалаас эмний мөнгө авах гээд явсан юм. Ингээд 14 цагийн орчим талийгаач гаднаас нэг шил “Чансаа” нэртэй 0.75 гр архи авч ирсэн юм. Тэр архийг нь талийгаач бид хоёр хувааж ууж дуусахад талийгаач гарч яваад дахиад нэг шил “Чансаа” нэртэй 0.75 граммын архи авч ирээд талийгаач бид хоёр хувааж уугаад би согтоод унтсан. Ингээд би сэрээд харахад 00 цаг болж байсан болов уу? ямар ч байсан Монгол телевизийн эфир дуусаж байсан. Би өлсөөд байсан болохоор хоол хийх гээд төмс арилгаж байхад талийгаач согтуу гаднаас орж ирээд үүдний хэсэгт газар унасан. Тэгэхээр нь би дээш нь татах гэж байгаад өмдийг нь тайлахад талийгаач надтай хэрүүл хийгээд намайг “жижиг боовтой, хүн 60 гарахаараа боов нь босохоо больдог юм уу? чи намайг хангаж чаддаггүй.” гээд байхаар нь уурандаа талийгаачийн бэлэг эрхтэн рүү төмс хийгээд “тэгвэл энэ төмс чамайг хангах юм байна.” гэж хэлээд төмс арилгаж байсан бор иштэй хутгаараа талийгаачийн нүүр, гуя хэсэг рүү нь хутгалсан. Тэгээд би унтаад өглөө сэрээд харахад талийгаач гэрийн баруун талд толгой хэсэг нь үүд рүү харсан, эгц дээшээ харсан хэвтэж байсан бөгөөд нүүр гар, хүзүү, хоолой нь цус болсон байдалтай ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд охин Туулцэцэгийн гэрт очиж, “ээж чинь эвгүй болсон байна.” гэж хэлсэн.
...40 жил ханилсан ханиа ийм байдлаар амийг нь хороосондоо харамсаж байна. Өнчин үлдэж байгаа хүүхдүүдийг минь бодож, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч А.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид эхээс зургуулаа бөгөөд талийгаач дүү маань доороос 2 дахь нь байсан. Миний дүү олон жил ханилсан нөхрийнхөө гарт амаа алдсан. Би анх сонсоод үнэмшээгүй байсан мөрдөн байцаалтын явцад нотлох баримтуудтай танилцаад итгэсэн. Аль, аль нь архи уудаг архины хамаарлаас болсон байх. Мөн боловсролгүйтэй ч холбоотой гэж бодож байна. Нэгэнт нэг нь шороонд булагдаж, нэг нь шоронд явах гэж байна. Ард нь дандаа охин хүүхдүүд үлдсэн, шүүгдэгчийн насыг бодоод хохиролгүй гэдэг саналыг хэлж байна.
...хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 5/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 12-38/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 39-41/,
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 42/,
-Цогцост гадны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 43-46/,
-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 51-54/,
-Гэрч М.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр мод бариад бид хоёрыг дагуулж хашаа руу ороод нохойг хорьж байхад нь Заяа эгч бид хоёр түрүүлээд эмээгийн амьдардаг монгол гэр рүү орсон. Тэгэхэд манай эмээ Цэцэгмаа нь гэрийнхээ ертөнцийн зүгээр баруун талд шалан дээр дээшээ харсан байдалтай, толгой нь үүд хэсэг рүү харчихсан, доогуураа нүцгэн, дээгүүрээ улаан цамцтай ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эмээг доогуураа нүцгэн байсан тул гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын орон дээрээс цагаан өнгийн даавуутай хөнжлөөр цээж, бүсэлхий хэсгийг нь далдалсан. Тэгээд дээрээс нь эмээгээ харахад толгойных нь ар хэсэгт болон толгойных нь ойр орчмынх нь шал нь цус болчихсон байсан. Тухайн цус нь ерөнхийдөө хатсан бололтой харагдаж байсан. Ингээд би нөхрийгөө “түргэн дуудаарай.” гээд дуудуулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70/,
-Гэрч О.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эхнэрийнхээ эмээ, өвөөгийнх нь амьдардаг Дархан Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 6-52 тоот хашааны гадна очоод Заяа, Насанжаргал нарын хамт өвөө, эмээгийн гэрт нь орсон. Би гартаа мод бариад нохойг нь хориглож байсан бөгөөд надаас түрүүлж Насанжаргал, Заяа нар орсон. Тэгээд тэр хоёр “эмээ ухаан алдчихсан байнаа, түргэн дуудаарай.” гэж надад хэлэхээр нь би гар утсаараа түргэн тусламж 103 руу залгаж дуудсан. Ингээд би тэр хоёрын араас эмээ, өвөөгийн амьдардаг монгол гэр рүү ороход зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр монгол гэрийн баруун талд газар толгой нь үүд хэсэг рүү харчихсан, хоёр гараа дэлгэчихсэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Мөн эмээгийн баруун талын чих орчимоос[I1] цус гарсан бололтой харагдаж байсан. Ингээд түүнийг ухаан алдчихсан л юм байх гэж бодоод гадаа гарч түргэний машиныг хүлээж зогссон. Ингээд түргэн тусламжийг хүлээгээд гудмынх нь зам дагуу хүлээгээд зогсож байхад нөгөө талаар нь түргэний машин ирж байна гээд сая над руу ярьлаа гээд манай эхнэр надад хэлэхээр нь би тэгвэл хүүхэд рүүгээ явлаа гээд хадам аавын гэр рүү явсан. Үүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72/,
-Гэрч Ж.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 07:00 цагийн үед босоод Б.Дөлгөөнийг цэцэрлэгт нь хүргэх гээд хувцаслаад байж байхад манай төрсөн эгч Туулцэцэг над руу залгаад “би ажилдаа явчихлаа, намайг ажилд явахаас өмнө аав Жаргалсайхан манай гэрт орж ирээд нэг сонин юм яриад байна, чи манай гэрт очоод аавтай уулзаад үзээч.” гэхээр нь би өөрийн том хүү Энх-Амгалангаар бага хүү Дөлгөөнийг цэцэрлэгт хүргүүлэхээр явуулаад би өөрийн эгч болох Туулцэцэгийн гэр лүү явах гээд зам дээрээс унаанд суусан. Би эгчийн гэрийн гадаа ирээд гэр лүү нь ороход аав Жаргалсайхан эгчийн гэрийн жижиг өрөөнд хэвтэж байсан. Тэгэхээр нь би аавыг босгоод Туулцэцэг эгчийн охин Насанжаргалтай цуг аавыг дагуулаад таксинд суух гэтэл аав бүр чичрээд сууж чадахгүй байхаар нь би түргэн дуудаж аавыг үзүүлээд Туулцэцэг эгчийн гэрт үлдээгээд Насанжаргал бид хоёр аавын гэр лүү ээжийг үзэхээр явсан. Насанжаргал бид хоёр аавын гэр лүү орох гэсэн боловч нохойноос нь айгаад орж чадахгүй гадаа нь бараг нэг цаг шахуу болсон. Тэгээд бүр орж чадахгүй болоод Насанжаргалын нөхөр лүү залгаад дуудсан. Насанжаргалын нөхөр Төгөлдөр ирээд аавын гэр лүү бид гурав ороход гэрийн зүүн гар талын шалан дээр миний ээж А.Ц- газар хэвтсэн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид гурав 103 дуудаад удалгүй ирж үзээд “нас барсан байна, цагдаад дуудлага өг.” гэж хэлсэн. Тэгээд манай эгч Туулцэцэг цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74/,
-Гэрч Ж.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед ажилдаа явах гээд гэртээ байж байтал манай хаалгыг хүн тогшихоор нь онгойлгосон чинь манай аав Жаргалсайхан байсан. Тухайн үед аав бага зэрэг халамцуу, архи уучихсан байхаар нь би жижиг өрөөндөө оруулаад “та чинь хар өглөөгүүр яагаад архи уугаад байдаг хүн бэ, хүн ажилдаа явах гэж байхад чинь” гэсэн чинь “ээж чинь, ээж чинь...” гэж байсан. Би аавын хэлсэн үгийг сонсоогүй, тэр чигт нь жижиг өрөөний орон дээр хэвтүүлчихээд гараад явсан. Тэгээд ажил дээр оччихоод “аав өглөө орж ирэхдээ царай нь цонхийчихсон, ээж чинь гэж байсан” гэж бодоод өөрийн төрсөн дүү Заяажаргал руу утсаар яриад “аав өглөө манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд ээж чинь, ээж чинь гээд байсан. Чи гэрт нь очоод ээжийг үзээтэх, нэг юм болсон юм шиг байна, аав манай гэрт байгаа, цуг очоорой.” гэж хэлсэн. Тэгээд Заяажаргал манай гэрт очоод аав, манай охин Насанжаргал нарыг аваад гэрээс гарах гэтэл аавын гар нь салганаад шатны бариулаас ч барьж чадахгүй, явж чадахгүй байхаар нь буцааж манай гэр лүү оруулж хэвтүүлээд, түргэн дуудсан чинь түргэн ирж аавыг үзчихээд “архины хордлогод орсон байна, зүрхний пульс нь өндөр байна.” гэж хэлсэн гэсэн. Тэгж байгаад дүү Заяажаргалын утас руу залгасан чинь манай охин утсыг нь аваад “та хурдан ирээч ээ, хаана байгаа юм бэ?, эмээ газар хэвтчихсэн, бие нь хөрчихсөн байна.” гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би ажлаасаа гараад өөрийнхөө гэрт очиж, хувцсаа сольж өмсчихөөд[I2] аав ээжийн гэр лүү таксинд сууж яваад замдаа түргэний машинтай тааралдаад түргэний машинд сууж аавын гэрт очсон. Намайг аавын гэрт очих үед аав, дүү Золжаргал, Заяажаргал, манай охин Насанжаргал нар гадаа зогсчихсон, тэдний хөрш нь болох нэг ах надтай зөрөөд хашаанаас нь гараад явж байсан. Би гэр лүү нь түргэний эмчтэй хамт ороход ээж ертөнцийн зүгээр баруун гар талын орны урд газарт дээшээ харсан байдалтай, толгойноос нь нэлээн цус гарчихсан байдалтай унасан байсан. Эмч нь надад гэрээс гар гэж гаргаад, үзчихээд нас бараад бие нь хөрчихсөн байна, цагдаа дуудаарай гэж хэлээд явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай аав бараг юм ярьдаггүй, архи уучихаараа уйлаад байж байдаг, харин ээж архи уучихаараа[I3] дуу нь чангараад агсам тавих янзтай болчихдог. Намайг бага байхад аав ээжийг их хардаж, хэрүүл хийгээд хааяа нэг гар хүрч зоддог байсан. Аав, ээж хоёр тэтгэврийн мөнгө нь буухаар хоёулаа хийлээд гэртээ архи уучихдаг юм. Ер нь мөнгөтэй болчихвол уугаад байх шиг байдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө манай аав, ээж хоёр хоёулаа хамт архи уучихаад[I4] хоорондоо маргалдаад аав ээжийн гуянд нь нэг удаа хутгалж, эмнэлэгт үзүүлж оёдол тавиулж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86/,
-“Талийгаачийн биед баруун шанаа, баруун өгзөг, гуянд шарх, дух, зүүн хөмсөгний гадна булан, баруун гуянд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачийн биед учирсан баруун шанаа, өгзөг, гуяны шарх, дух зүүн хөмсөгний гадна булангийн зулгаралт гэмтэл нь шинэ, баруун гуяны зулгаралт нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн цохигдох болон цохих, хатгагдаж, зүсэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Баруун шанааны нэвтэрсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун өгзөг, гуяны шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн хөмсөгний гадна булан, баруун гуяны зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь элэгний өөхлөлттэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач нь баруун шанааны хүзүүний булчин болон венийн судсуудыг гэмтээсэн нэвтэрсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. Талийгаач нь цогцсын гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байна. Шүүх биологийн шинжилгээгээр талийгаач нь О/l/-р бүлгийн цустай байна. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.4 промилли, ходоодны агууламжинд 1.2 промилли, шээсэнд 0.7 промилли спиртийн зүйл илэрсэн. Хөнгөн зэргийн согтолттой байна. Талийгаачийн бэлэг эрхтэн, хярзанд гэмтэл өөрчлөлтгүй. Ийм учир бэлэг эрхтэн дэх гадны биетийг амьд, эсвэл нас барсны дараа хийсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 131-138/,
- “Б.Ж-ы бэлэг эрхтэн хөвчрөхгүй байна, бэлгийн харьцаанд орох боломжгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 147/,
-“Б.Ж- нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Б.Ж- нь сэтгэцийн хувьд эрүүл учир мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой, үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай, эрүүгийн хэрэг хариуцах чадвартай болно. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Ж- нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа[I5] №53/21 /1 дэх хавтаст хэргийн 153/,
-“Шинэжилгээнд[I6] авсан Б.Ж- гэж хаягласан цусны бүлэг Оl байна.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 158-159/,
-“Шинэжилгээнд[I7] авсан Б.Ж- гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 160-161/,
-“Б.Ж-ы гэх хувцаснууд дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц дээр цус илэрсэн. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо талийгаач А.Ц-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Б.Жаргалсайхын[I8] гэх цусны ДНХ-ын тогтоцтой тохирохгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2647 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 174-176/,
-“Шинжилгээнд ирүүлсэн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан гэх нэг ширхэг төмс нь өмхийрч муудсан тул шинжилгээнд тэнцэхгүй, бусад обьектууд нь шинжилгээнд тэнцэнэ. Үзлэгээр хураан авсан гэх металл гадаргуутай бугуйн цаг, улаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн ээмэг, цагаан шигтгээтэй саарал өнгийн бөгжин дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Талийгаач А.Ц- 60 настай эмэгтэй гэж хаягласан наалдац болон хөвөн бамбар дээр цус илрээгүй. Дээрх объектууд дээр шүлс, эр бэлгийн эс үрийн шингэний ул мөр илрээгүй. Б.Ж- гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь В(lll) бүлгийн харьяалалтай байна. А.Ц- 60 настай эмэгтэй гэж хаягласан бинтэнд бэхжүүлсэн гэх цус нь O(l) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Б.Ж- гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь В(lll) бүлгийн харьяалалтай байна. А.Ц- 60 настай эмэгтэй гэж хаягласан бинтэнд бэхжүүлсэн гэх цус нь 0(l) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Дээрх илэрсэн цусны ДНХ бүтцийг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1752 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 181-184/,
-“Шинжилгээнд ирүүлсэн төмс шинжилгээнд тэнцэхгүй, ээмэг, бөгж, цаг зэрэг зүйлс дээр цус илрээгүй. Талийгаач А.Ц-гийн гэх бэхжүүлэн хатаасан цус, Б.Ж- гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ын тогтоцыг тогтоов.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2646 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 185-187/,
-“Шинжилгээнд ирүүлсэн төмс, мах, гурил гэх мэт зүйлийн үлдэгдэл, саарал өнгийн өрөөсөн гутал, хөх цэнхэр өнгийн өмд, хар өнгийн өмд нь шүүх-биологийн шинжилгээнд тэнцэхгүй. Дээр дурдсан хувцаснаас бусад хувцас, эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцас, эд зүйл дээр шүлс, эр бэлгийн эс үрийн шингэний ул мөр илрээгүй. Цэнхэр өнгийн савтай шингэн зүйлээс бэхжүүлсэн гэж хаягласан бинт, Б.Ж-ы гэх гарын 10 хурууны хумс, гар утас, хар өнгийн иштэй хутга, 2ш архины шил, хөх цэнхэр өнгийн нимгэн цамц, ягаан өнгийн ноосон цамцан дээр цус илрээгүй. Цэнхэр өнгийн савтай шингэн зүйлээс бэхжүүлсэн гэж хаягласан бинт, Б.Ж-ы гэх гарын 10 хурууны хумс, гар утас, хар өнгийн иштэй хутга, 2ш архины шил, хөх цэнхэр өнгийн нимгэн цамц, ягаан өнгийн ноосон цамцнаас бусад хувцас эд зүйлд цус илэрсэн. Уг илэрсэн цус нь O(l) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцас, эд зүйл дээр илэрсэн цусны бүлэг нь талийгаач А.Ц- 60 настай эмэгтэй гэж хаягласан бинтэнд бэхжүүлсэн гэх цустай бүлгийн харьяаллаараа ижил байна. Харин сэжигтэн Б.Ж- гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй хувцас эд зүйл дээр илэрсэн цус нь бүлгийн харьяаллаараа тохирохгүй байна. Дээрх илэрсэн цусны ДНХ бүтцийг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1751 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 194-201/,
-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх хивс болон шүүгээнээс бэхжүүлсэн гэх дээж, ягаан өнгийн богино өмд, модон иштэй хүрз, цэнхэр саарал өнгийн ноосон өмд, шоон хээтэй хөнжил, улаан алаг өнгийн хивс, улбар шар өнгийн өмд дээр цус илэрсэн. ДНХ-ын тогтоцоороо эмэгтэй хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх хивс болон шүүгээнээс бэхжүүлсэн гэх дээж, ягаан өнгийн богино өмд, модон иштэй хүрз, цэнхэр саарал өнгийн ноосон өмд, шоон хээтэй хөнжил, улаан алаг өнгийн хивс, улбар шар өнгийн өмд дээр илэрсэн цус нь талийгаач А.Ц-гийн гэх цусны ДНХ-ын тогтоцтой тохирч байна. Б.Жаргалсайхны гэх цусны ДНХ-ын тогтоцтой тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон бариултай хутганаас цусны ул мөр илэрсэн. Цусны ул мөр нь ДНХ-ын шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн шүүгээнээс авсан гэх хар өнгийн иштэй хутганаас цус биологийн ул мөр илрээгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2645 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 202-205/,
-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлсэн гэх гарын мөрүүдийн гадна байсан архины шилний гадаргуугаас бэхжүүлэн 1, 7 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр архины шилний гадаргуугаас бэхжүүлэн 5, 15 гэж дугаарласан 2 ширэх гарын мөр, ногоон аяганы гадаргуугаас бэхжүүлэн 16 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр, шар аяганы гадаргуугаас бэхжүүлэн 33 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гадна байсан архины шилний гадаргуугаас бэхжүүлсэн нэг ширхэг гарын мөр нь А.Ц-гийн зүүн гарын эрхий хурууны дардастай, архины шилний гадаргуугаас бэхжүүлсэн 5 дугаарын 1 ширхэг гарын мөр нь Х.Хүрэлчөдөрийн баруун гарын эрхий хурууны дардастай, архины шилний гадаргуугаас бэхжүүлсэн 15 дугаарын нэг ширхэг гарын мөр нь Х.Хүрэлчөдөрийн баруун гарын ядам хурууны дардастай хувийн онцлог шинжээрээ тохирч байна. Шинжилгээнд мөрдөгчийн тогтоолд дурдагдсан Ч.Баасансүрэнгийн гарын хээний дардас ирүүлээгүй бөгөөд гарын хээний нэгдсэн санд бүртгэлгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 213-221/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...гэр бүлийн хамаарал бүхий хүнийг тохуурхан доромжилж хүчиндсэн гэдэг зүйлчлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хүчиндэх санаа зорилго агуулаагүй. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа талийгаачийн[I9] бэлэг эрхтэнд төмс хийсэн асуудал байдаг боловч энэ нь талиайгаач нь шүүгдэгчийг жижиг эрхтэнтэй, хангаж чаддаггүй гэж доромжилсноос болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж мэтгэлцэж байна.
Гэмт хэрэг нь объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн үндсэн дөрвөн шинжээс бүрдэх бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийн аль нэг нь үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй.
“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн “Хүчиндэх” гэмт хэргийн үндсэн шинж бүрдэх бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орох гэсэн субъектив санаа байсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн бэлэг эрхтэнд гадны биет буюу төмс хийсэн үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хууль тогтоогчийн зүгээс “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж “хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэж хууль тогтоогч тайлбарласан боловч бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхдээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орох субъектив санаа агуулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Б.Ж- нь өөрийг нь жижиг эрхтэнтэй, хангаж чаддаггүй гэж доромжилсноос үүдэн талийгаачийн бэлэг эрхтэнд төмс хийсэн үйлдлийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч, талийгаач нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд бөгөөд шүүгдэгч нь талийгаачийн эрх чөлөөнд халдаж, тодорхой хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч А.А- нь “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ж- нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 65 настай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон 162 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шармал ээмэг, бууз, “Чансаа” гэсэн бичигтэй хоосон архины шил 2 ширхэг, монгол гэрийн босгоноос ертөнцийн зүгээс хойш 90 см зайд 34х29 см хэмжээтэй хивсэн дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, монгол гэрийн баруун шалан дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, цогцсын доорх байх 80х47 см талбайд цус мэт зүйлээр бохирлогдсон байсан хивсэнцэр, эмэгтэй хүний цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон богино өмд 1 ширхэг, шаргал өнгийн дотортой, хар өнгийн гадартай өвлийн куртик, баруун хөлийн өмсгөлтэй, гадуураа саа бүхий саарал өнгийн гутал 1 ширхэг, 1м3см урттай модон иштэй, хуванцар ногоон бариултай төмөр хүрз 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар савны ёроолд 9 см бор шаргал өнгийн шингэнээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, шилэн нүүр бүхий 2 хаалгатай цагаан шүгээний хаалганы бариул дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, ттөмөр сейф дээрээс хураан авсан 1 ширхэг төмс, хар цэнхэр өнгийн сорочкан цамц 1 ширхэг, ягаан өнгийн урд хэсэгтээ товчтой эмэгтэй хүний цамц 1 ширхэг, бор өнгийн модон бариултай, бариул хэсэг нь 9.5см, ажлын хэсэг нь 11.5см, ажлын хэсгийн өргөн 2.3см, нийт 22см урттай, үзүүр хэсэг нь цус хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин шоотой хээтэй хөнжил 1 ширхэг, улбар шар өнгөтэй, цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар өнгийн бариултай ажлын хэсэг 8.2см ажлын хэсгийн өргөн 2.3 см, 7см урт бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн дээгүүрээ саарал эсгий түрийтэй гутал 1 хос, ногоон өнгийн подволк, цэнхэр өнгөтэй, саарал оруулгатай дотоож, бор өнгийн малгай, хөх өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн хос оймс, 10 ширхэг хумс, төмс 1 ширхэг, цагаан өнгийн металь бөгж, цаг, талийгаачийн үтрээнээс авсан арчдас зэргийг устгаж, нокиа маркын гар утас 1 ширхэг, хөх өнгийн савхин куртик зэргийг шүүгдэгч Б.Ж-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1[I10] . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Б.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ы энэ хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 162 /нэг зуун жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шармал ээмэг, бууз, “Чансаа” гэсэн бичигтэй хоосон архины шил 2 ширхэг, монгол гэрийн босгоноос ертөнцийн зүгээс хойш 90 см зайд 34х29 см хэмжээтэй хивсэн дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, монгол гэрийн баруун шалан дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, цогцсын доорх байх 80х47 см талбайд цус мэт зүйлээр бохирлогдсон байсан хивсэнцэр, эмэгтэй хүний цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон богино өмд 1 ширхэг, шаргал өнгийн дотортой, хар өнгийн гадартай өвлийн куртик, баруун хөлийн өмсгөлтэй, гадуураа саа бүхий саарал өнгийн гутал 1 ширхэг, 1м3см урттай модон иштэй, хуванцар ногоон бариултай төмөр хүрз 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар савны ёроолд 9 см бор шаргал өнгийн шингэнээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, шилэн нүүр бүхий 2 хаалгатай цагаан шүгээний хаалганы бариул дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, ттөмөр сейф дээрээс хураан авсан 1 ширхэг төмс, хар цэнхэр өнгийн сорочкан цамц 1 ширхэг, ягаан өнгийн урд хэсэгтээ товчтой эмэгтэй хүний цамц 1 ширхэг, бор өнгийн модон бариултай, бариул хэсэг нь 9.5см, ажлын хэсэг нь 11.5см, ажлын хэсгийн өргөн 2.3см, нийт 22см урттай, үзүүр хэсэг нь цус хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин шоотой хээтэй хөнжил 1 ширхэг, улбар шар өнгөтэй, цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар өнгийн бариултай ажлын хэсэг 8.2см ажлын хэсгийн өргөн 2.3 см, 7см урт бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн дээгүүрээ саарал эсгий түрийтэй гутал 1 хос, ногоон өнгийн подволк, цэнхэр өнгөтэй, саарал оруулгатай дотоож, бор өнгийн малгай, хөх өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн хос оймс, 10 ширхэг хумс, төмс 1 ширхэг, цагаан өнгийн металь бөгж, цаг, талийгаачийн үтрээнээс авсан арчдас зэргийг устгаж, нокиа маркын гар утас 1 ширхэг, хөх өнгийн савхин куртик зэргийг шүүгдэгч Б.Ж-д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Н.ИДЭР
Б.ИХТАМИР
[I1]орчмоос
[I2]өмсчхөөд
[I3]уучхаараа
[I4]уучхаад
[I5]магадалгаа
[I6]шинжилгээнд
[I7]шинжилгээнд
[I8]жаргалсайханы
[I9]талийгаачийн
[I10]1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар оруулах.