| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0216 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0185/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч М.Э- түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 2131000350189 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Э- 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бурэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Энержи ресуси ХХК-д дампын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 23 дугаар байр 28 тоот оршин суух хаягтай, урьд:
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 23-28 тоотод “Az jargal” фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техаs нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 683 удаагийн үйлдлээр нийт 723.430 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд цахим орчинд өөрийн ашигладаг “az jargal” нэртэй фэйсбүүк хаягаар олон нийтийн сүлжээнд цахим мөрийтэй тоглоом буюу техас покер зохион байгуулсан. Энэ тоглоомыг зохион байгуулахад эхлээд 5686061885 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлэхдээ утга хэсэгт өөрийн оролцох тоогоо 1-6 тооны хооронд сонгож бичээд мөнгөө шилжүүлнэ. Ингээд мөнгөө шилжүүлсэн эхний 6 хүн оролцож тоглоно. Энэ тоглоомд би хөзөр болон покерын ширээ буюу тусгайлан бэлтгэсэн хавтан зэргийг ашигласан. Энэ тоглоомд нэг хүн нэг удаа хожвол 10.000 төгрөг 2 удаа хожвол 20.000 төгрөг гэх мэтчилэн олон хожих тусам их мөнгө авна. Нэг тоглолтын 10.000 төгрөг учраас дахиж тоглох хүн эхний тоглолтоос үргэлжлүүлэн дахиад 10.000 төгрөг шилжүүлж тоглоомд оролцоно.
...Мөрийтэй тоглоом зохион байгуулж, ашиг олж өр зээлээ төлөх зорилготой байсан. Би нийт 720.000 орчим төгрөгийн ашиг олсон.
...Нэг хүүхэдтэй, эхнэр саяхан ажилд орсон. Торгох ял урт хугацаагаар төлөхөөр шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
-“...цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээллийг хүргүүлэв.” гэх Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11/324 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /хавтаст хэргийн 8/,
-Хаан банкны 5017180125 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11/,
-Гэрч П.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оны дараахан миний төрсөн дүү П.Батзоригийн хамтран амьдрагч Лазат гэх охин 99392029 дугаарын утаснаас над руу залгаад “Та надад дансаа нууц кодтой нь өгөөч, таны дансыг ашиглаад хэдэн гуйлгээ хийчихээд өгье. Манай ах эгч хоёрт хэрэгтэй байгаа юм. Ах эгч хоёрын маань данс нь болохгүй байгаа юм” гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийн дансаа, интернет банкны нууц үгтэй нь хэлж өгсөн. Тэр ярианаас хойш 2-3 хоногийн дараа миний дансаар дамжин нэг өдөржин 10.000-20.000 /арав, хорин мянган/ төгрөгүүдээр орлого хийгдэж байгаад 90-170 мянгаар эргэж зарлагууд хийгдээд байсан. Би ямар учиртай гүйлгээнүүд хийгдээд байсныг нь бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,
-Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр уг харилцах дансны дугаарыг аваагүй. Манай баз хүргэн ах /эхнэрийн эгчийн нөхөр/ Эрхавал “надад дансаа хэрэглүүлээч миний дансыг банк барилт хийчхээд байна” гэхээр нь би өөрийнхөө дансыг хэрэглэж байсан тул ах П.Энхзоригийн дансыг авч өгсөн юм. Энэ талаар манай эхнэр огт мэдэхгүй. Эхнэрийг Энхзориг ахтай ярьж байхад нь би дансных нь дугаарыг нууц кодтой нь авчих гэж хэлээд авхуулаад Эрхавалд өгчихсөн юм.”
..Гүйлгээ л хийнэ гэж хэлж авахуулсан. Надад мөрийтэй тоглоом явуулна гэж огт хэлээгүй бөгөөд ямар нэг мөнгө төгрөг огт өгөөгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,
-Гэрч С.Лазатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Энхзориг ахаас дансных нь дугаарыг авч өөртөө бол ашиглаагүй. Надаас дансны дугаар нууц үг аваад өгөөч гэж хэлж авахуулсан хүн байхгүй. Манай нөхөр хүргэн ах хоёр л хоорондоо ярьж тохироод би Энхзориг ахруу ярьж дансыг нь нууц үгтэй нь авсан байх. Ярихдаа намайг яриад дансны дугаарыг нь аваадхаач гээд авахуулсан байж магадгүй. Би энэ талаар үнэхээр санахгүй байна..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,
-Гэрч С.Д-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Шарын гол суманд багшилж байгаад Дарханд орж ирсэн бөгөөд нөхөр бид хоёр ажилгүй болчихсон зээлүүдээ төлж чадахгүй болсон тул манай нөхөр 2021 оны 01 дүгээр сарын эхээр хэд хэдэн удаа цахимаар бооцоот тоглоом зохион явуулсан. Уг тоглоомыг зохион явуулахад би оролцоогүй бөгөөд нөгөө өрөөндөө хүүхдээ хараад байж байсан. Тоглоом зохион явуулж байгааг бол мэдэж байсан. Бид хоёрын аль алиных нь харилцах данснуудыг банкнаас барилт хийчихсэн байсан болохоор манай нөхөр данс олж тоглоомыг зохион явуулсан байсан. Сүүлд сонсоход манай хүргэн дүү /миний төрсөн дүүгийн нөхөр/ Батзоригоор ахынх нь дансыг авхуулж уг дансаар тоглоом зохион явуулсан юм билээ.
...Оны дараа 2021 оны 01 дүгээр сарын 2-3-ны өдрүүдээс эхлэн 6-7 удаа тоглоом зохион явуулсан. Уг тоглоомыг зохион явуулаад ямар хэмжээний ашиг олсныг сайн мэдэхгүй байна. 500 орчим мянган төгрөгийн ашиг олсон болов уу гэж бодож байна. Бид хоёр тэр мөнгөөр зээлүүдээ дарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед цахимаар хөзөр тоглуулж байхаар нь өөрийн Бат Зориг Б гэх цахим хаягаар орж тоглосон. Яг хэдэн удаа тоглосноо сайн санахгүй байна. Тухайн өдрийн өөрийнхөө дансны хуулгыг харахад 4 удаа нийт 50000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд 5686061885, 5020774757, 5032681928 дугаарын 3 дансанд мөнгө хийж тоглосон байна. Мөн надад 4 удаагийн гүйлгээгээр нийт 80000 төгрөг орж ирсэн байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28/,
-С.Д-ны Хаан банк дахь 5047272248 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37/,
-П.Э-ийн Хаан банк дахь 5686061885 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-70/,
- Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлын баримт /хавтаст хэргийн 90/,
-“Хонжворт тоглоомын ашиг 723430 төгрөг” болох тухай “Пийк Ом аудит” ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлт, тайлан /хавтаст хэргийн 92-136/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч М.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 23-28 тоотод “Az jargal” фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техаs нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 683 удаагийн үйлдлээр нийт 723.430 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Э-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох
зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж
тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч О.Дэлгэрцэцэгээс шинжээчийн дүгнэлт гаргуулсны ажлын хөлс 500000 төгрөгийг /хавтаст хэргийн 90/ шүүгдэгч М.Э-аас нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”-ыг ойлгоно, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан ба энэ нь хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан “Пийк Ом Аудит” ХХК-ийн нэхэмжлэх хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Э-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 500000 төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч М.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Э-д анхааруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл эсхүл түүний нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 723430 төгрөгийг /хавтаст хэргийн 92-136/ шүүгдэгч М.Э-аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон
битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Э-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор сугалаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Э-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Э-д анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 723.430 /долоон зуун хорин гурван дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Э-аас гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ