Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0209/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103001780220 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.М, 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин, өртөөний жижүүр-найруулагч мэргэжилтэй, “Эко милк” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам”-ын “Цайдам өртөө”-ний ажилчдын байрны 4 тоотод оршин суух Б.Д-гийнд түүний зөвшөөрөлгүйгээр цонхоор нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед гэртээ ганцаараа үлдсэн байхдаа хохирогч Б.Д-г айлгах гээд хутгаар хоолойг нь зүссэн асуудлаа санаад гэрээсээ гараад тэдний гэрийнх нь хаалгыг тогшиход гэртээ байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь байшинг тойрч харахад гэрэл нь унтраалттай байсан. Би гал тогооны цонх нь онгорхой байхаар нь цонхны тавцан дээр гишгээд цонхоор нь Даваасүрэнг дуудахад дуугарахгүй байсан тул цонхонд байсан ялаа, шумуулны торыг хажуу тийш яраад эхэлж толгойгоо цонхоор оруулаад, дараа нь хөлөө давуулаад яг тэднийд орж байхад Б.Д- гэрлээ асаагаад гэрээсээ гарахаар нь араас нь гараад уулзаад зогсож байсан. Миний тухайн үед Б.Д-гийн гэрт нь зөвшөөрөлгүй ордог шалтгаан бол хаалгаа тайлахгүй байхаар нь хоолой нь хэр зэрэг зүсэгдсэн бол гэдэгт санаа зовоод харах гээд орсон. Тэрнээс би Даваасүрэнг айлгах, биед нь ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх зэрэг зорилготой цонхоор нь нэвтрээгүй.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12/,

 

-Хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 13/,

 

            -Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би хөнжилдөө ороод хэвтэж байхад Мөнхдаваа нь манай гэрийн гадаа цонх, хаалга нүдээд яваад байхаар нь Хатанбаатар луу залгаж “Мөнхдаваа гэрийн гадаа ирээд хаалга нүдээд байна, яах уу?” гэхэд “хаалга чинь онгойхоор юм уу?, бүр болохгүй бол би яваад очъё” гэж хэлэхэд Мөнхдаваа гэрийн цонхоор цээж хэсгээрээ эхэлж цухуйлгаад удалгүй хөлөө давуулаад манай гэрт ороод ирсэн. Би гэрлээ асаагаад “чи манайд орж ирж яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед би их айсан болохоор Мөнхдаваа манайд орж ирээд яг ямар үйлдэл гаргаж, юу гэж хэлснийг санахгүй байна. Ямар ч байсан Хатанбаатар удаагүй хүрээд ирсэн. Би тэндээс өртөө рүү ороход Лхагвацэнд ажлаа хийгээд сууж байсан. Лхагвацэндийн нөхөр нь гаднаас Хонгор сумын цагдаатай хамт орж ирээд Мөнхдавааг хайгаад олдохгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

  

-Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхдаваа гал тогооны өрөө рүү яваад юм түчигнүүлээд халбага, сэрээ унаж байгаа чимээ дуугараад байсан ба баруун гартаа хутга барьж ирээд шууд Даваасүрэнг сандал дээр сууж байхад хойлойнд нь хутга тулгасан. Би хажууд нь буйдан дээр сууж байгаад тэр үйл явдлыг хараад босоод Мөнхдавааг тэвэрч аваад хутгыг нь булаагаад хөлөөрөө жийж унагаад дээр нь гараад суусан. Даваасүрэн уйлаад “миний хойлойг яаж байгаа юм бэ?” гээд байсан. Би Даваасүрэнг гэртээ ороод хаалгаа цоожлоод надад хэлээрэй гэж хэлээд явуулсан.

...би цаашаагаа замын точик руу Мөнхдөл гэж найзындаа очиж хонохоор очсон. Тэнд очоод унтахаар орондоо ороод хэвтэж байхад Даваасүрэн залгаад Мөнхдаваа манай гэр лүү орж ирэх гээд байна гэж хэлсэн. Би гүйгээд очиход Даваасүрэн, Мөнхдаваа 2 хэрэлдээд Даваасүрэнгийн гэрийн гадаа зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,

 

-Гэрч Ө.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхдаваа нь гар утсаараа Даваасүрэн гээд хажуу талынхаа хаалганд амьдардаг өртөөний жижүүр лүү залгаад “ганц хоёр пиво ууя” гэж дуудахад Даваасүрэн удаагүй орж ирсэн. Ингээд Мөнхдаваа, Хатанбаатар, Даваасүрэн 3 дэлгүүрээс авсан лаазтай пивоо уугаад юм яриад сууж байхаар нь би архи, пиво уухгүй байсан болохоор нэг их удахгүй 20 минут орчим болоод гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49/,

 

-Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 06-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд албан үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цаг 40 минутын орчим байх гадаа үүр цайж байхад Жиндэнг гэх хүнээс “Манай эхнэр Цайдам өртөөнд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад өртөөний дарга нь согтуу орж ирээд айлган сүрдүүлээд байна.” гэж дуудлага өгсөн. Би дуудлагын дагуу Цайдам өртөөнд очиход өртөөний дарга ажилтай Мөнхдаваа нь хамт ажилладаг Хатанбаатар гэдэг хүний приус-30 маркийн цагаан өнгийн машинд суугаад яваад өгсөн. Би Салхит өртөөний цагдаа ахлагч Болдсайхан луу утсаар залгаад цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс Салхит руу явчихлаа, урдаас нь гараад шалгаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/,

 

-Гэрч В.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхдаваа өртөөнд орж ирсэн. Орж ирээд Даваасүрэнтэй юм яриад сандал дээр хамт сууж байгаад хоёулаа гараад явсан. Удалгүй 02 цаг 50 минутын орчим Лхагвацэнд “эмнэлэг орж тайвшруулах тариа хийлгээд ирлээ, одоо зүгээр, ажилдаа гарч чадна аа” гээд би гэр рүүгээ явсан. Тухайн үед би юу болсныг огт мэдээгүй дараа нь Мөнхдаваа, Даваасүрэн, Хатанбаатар нар нь хамт архи уугаад Мөнхдаваа нь Даваасүрэнгийн хоолойг зүссэн гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59/,

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 424 дугаартай “Б.Д-гийн биед хүзүү хоолойн өмнө хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Д-гийн биед тогтоогдсон зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74/,

 

-Шүүгдэгч Б.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84/,

 

-Хохирогч Б.Д-гийн “Технологийн орон сууц хөлслөх гэрээ” /хавтаст хэргийн 126/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам”-ын “Цайдам өртөө”-ний ажилчдын байрны 4 тоотод оршин суух Б.Д-гийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд цонхоор нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.М-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Д- нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.М-д анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.М-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.М-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ