Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2018/ДШМ/028

 

Б.С, А.А, Н.П, Д.О,

Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагч Б.С, А.А, Н.П, Д.О,

 Т.Г

Яллагдагч Т.Гын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЗ/227 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №05 тоот эсэргүүцлээр Б.С, А.А, Н.П, Д.О, Т.Г нарт холбогдох эрүүгийн 1714000650031 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.С, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 3 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэглэж байсан, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Адууч овогт Н.П, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан,

Монгол Улсын иргэн, Мягаа овогт Т.Г, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 8 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 2016 оны 2 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Монгол Улсын иргэн, Ламтан овогт А.А, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 4 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 оны 3 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 3 жил 1 хоногийн хорих, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Жаа овогт Д.О, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 9 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 6 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар байсан,

Т.Г нь Б.С, өсвөр насны Н.П нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ................... тоотод оршин суух иргэн П.Бын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.222.000 төгрөгийн хохирол учруулсан, насанд хүрээгүй буюу 17 нас 6 сар 1 хоногтой өсвөр насны Н.Пыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,

Мөн өсвөр насны Н.Птай бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******" гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Г.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Өсвөр насны Н.П нь Т.Г, Б.С нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 27-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ................ тоотод оршин суух иргэн П.Бын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.222.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Т.Гтой бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******" гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Г.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.С нь Т.Г, өсвөр насны Н.П нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ......... тоотод оршин суух иргэн П.Бын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.222.000 төгрөгийн хохирол учруулсан, насанд хүрээгүй буюу 17 нас 6 сар 1 хоногтой өсвөр насны Н.Пыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой иргэн М.Тийн гар утас, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

А.Атэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.А, Д.Г нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,

Д.Отой бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн П.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Д.Аийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

А.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн Б.Стай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.А, Д.Г нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,

Д.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй бааранд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын орчим иргэн Д.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Стай бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн П.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30 айлын 4 тоотод оршин суух иргэн Ш.Огийн эзэнгүй байсан гэрт 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Аын гэрт 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрийн хооронд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар,

Н. Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар,

Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар,

А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2,

Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

1.Яллагдагч Б.С, Н.П, А.А, Т.Г, Д.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурор нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч прокуророос гаргаж буй эрхийн актад шүүгдэгч нарын биеийн байцаалтад дурдагдсан өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэхийг мөрдөн шалгасан боловч яллагдагч Б.С нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримт хэрэгт авагдаагүй.

Мөн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №42 тоот яллах дүгнэлтэд яллагдагч нарын өмнө нь ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын он, сар, өдөр зөрүүтэй бичигдсэн

2.Түүнчлэн яллагдагч Б.С, А.А, Н.П нарын хувийн байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт буюу ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэрэгт хавсаргасан боловч яллагдагч Б.Сын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил 6 сар хорих ялаар,

яллагдагч А.Аийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ялаар,

яллагдагч Н.Пын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

яллагдагч Т.Гын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзхаар шийтгүүлж байсан боловч энэ талаар бичигдээгүй нь Монгол Улсын хууль зүйн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын шаардлагыг хангаагүй ба энэ тохиолдолд мөн зааврын 25-д зааснаар “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-ыг буцаах заалтыг зөрчсөн нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул шүүхээс тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянан үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-д заасныг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй

3. Прокурорын яллах дүгнэлт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд, насанд хүрээгүй хохирогч, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгийг хураангуйлсан байдлаар, яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэний ямар мэдүүлгээр нотлогдож байгаа нь бичигдээгүй, хавтаст хэргийн хуудсыг дурдсан баримтуудыг тусгаж байгаа нь ойлгомжгүй, уг хэрэгт хэний юу гэж мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож байгаа нь тодорхой бус байгаа ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллах дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Э.Гантулга 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №05 дугаар эсэргүүцэлдээ: Б.С, Т.Г, А.Аптансүх, Д.О, өсвөр насны яллагдагч Н.П нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Яллагдагч нарын урьд ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа Цагдаагийн ерөнхий газраас удаа дараа шалгуулж уг лавлагаанд гарсан шийтгэх тогтоолуудыг хавтаст хэрэгт бүрэн авч хавсаргасан болно. Б.Сын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан болно.

Яллагдагч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагч нарын урьд ял шийтгүүлж байсан эсэхийг Цагдаагийн ерөнхий газраар удаа дараалан ял шалгах хуудсуудыг авсан бөгөөд эдгээр дээрх ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын мэдээлэл гарч ирээгүй. Гэвч яллагдагч нар нь 2017 онд тус бүр ял шийтгүүлсэн тул тэдгээр шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан нь хууль зөрчөөгүй болно. Нөгөө талаас дээрх шийтгэх тогтоолыг шүүхээс цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээгүй улмаас ийм байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй юм.

Хууль зүйн сайдын 2013 оны А/12 тушаал нь Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/195 дугаартай тушаалаар хүчингүй болсон болно.

Хавтас хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн буюу хохирогч, шаардлагатай гэрч, яллагдагч нараас удаа дараа мэдүүлэг авч хавсаргасан.

Яллах дүгнэлтэд хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг оруулж, яллах дүгнэлтийн хавсралтад шүүхийн хэлэлцүүлэгт шаардлагатай бол шинжлэн судлуулах нотлох баримтуудыг тусгаж өгсөн. Энэ нь үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан. Хэргийн оролцогч нар нь хохирогч, яллагдагчийн хувиар хэргийн материалтай бүрэн танилцсан болно.

Шүүгчийн захирамж нь уншихад ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-тт зааснаар А.Аийг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил хорих, Б.Сыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар А.Аийг 3 жил, Б.Сыг 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн А.Аийн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар, Б.Сын биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, уг хорих ялуудыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 4-р хавтас 212-228-р тал/

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 142 дугаар “Шийтгэвэр”-ээр /хх-ийн 1-р хавтас 162-167-р тал/ Т.Год 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, Н.Пад нэг жилийн хугацаанд засарч хүмүүжих хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэжээ.

Яллагдагч Б.С, А.А, Т.Г, өсвөр насны яллагдагч Н.П нар нь дээрх шийтгэх тогтоолуудыг гарахаас өмнө Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №42 тоот яллах дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 59-71-р тал/-нд тусгагдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэх бөгөөд хэрэв яллагдагч нарыг уг яллах дүгнэлт /2018 оны №42/-д тусгагдсан гэмт хэргүүдэд гэм буруутай гэж үзэн шүүхээс шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд дээр дурдагдсан шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар хуульд зохицуулагдаагүй тул 1714000650031 дугаартай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин нэгдүгээр бүлэг буюу Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл байгаа эсэх буюу яллагдагч Б.С, А.А, Т.Г, өсвөр насны яллагдагч Н.П нарт холбогдох хэргийг шүүхээс шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай хуулийн зүйл хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянан үзэлгүйгээр буюу яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх зэргийг хянан үзэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн Т.Г, Н.П нарт холбогдох эрүүийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №142 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 162-167-р тал/ нь шийтгэвэрийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдсэн /эх хувиараа хэрэгт авагдсан байгаа болно/ нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэхийг ч хянан үзэх нь зүйтэй юм.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхээс нийт 3 үндэслэлийг дурдаж хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжид дурдагдсан зүйлүүд нь магадлалд дурдсан асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн тохиолдолд бүрэн гүйцэд шийдвэрлэгдэх асуудлууд байх тул шүүгчийн захирамжийн “Үндэслэх нь” хэсэгт уг Магадлалын “Тодорхойлох нь” хэсэгт дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн холбогдох хэсгүүдийг хүлээн авч, харин шүүгчийн захирамжийн хэргийг прокурорын газарт буцаасан хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЗ/227 дугаар шүүгчийн захирамжийн “Үндэслэх нь” хэсэгт Магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №05 тоот эсэргүүцлийн 1, 2, 3 дахь хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ