Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч П.Ганбаатар 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  С.Нармандал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хадхүү, П.Отгонтөр нарт холбогдох 201603000222 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 21-ний  өдөр   хүлээн авч  хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Мянгад овогт Пүрэвдоржийн Отгонтөр /РДАЯ91080619/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан Жарантай багт оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Харуул овогт Аръяасүрэнгийн Хадхүү /РДАК69021911/

 

Шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр нар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж Архангай аймгийн Хайрхан сум Жарантай багийн нутаг дэвсгэр Урд элс гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Л.Басбишийн 1 тооны аргамжаатай байсан морийг суран ногтын хамт хулгайлж 503.000 төгрөгийн, иргэн Б.Өнөрбатын олон тооны мал буюу 9 тооны үхрийг хулгайлж 4.100.000 төгрөгийн, нийт 1 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 4.603.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Хадхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан асуудлууд бүгд үнэн зэв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч П.Отгонтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

 

 Хохирогч Л.Басбишийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 1 тооны хээр зүсний 88 тамгатай зөв талын чих гол цуулбар, буруу талын чих урдаасаа ганзага имтэй зөв талын эмээл тавьдаг хавтсан дээр гурвалжин хяргаастай морио хулгайд алдсан. Мөн манай хүүхэд Өнөрбатын 9 тооны үхэр манайд байсан чинь тэр шөнө бас хулгайд алдсан байсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 18-ны шөнө тугалтай байсан 2 үнээ нь гүйж ирсэн. Тэгээд 4 тийшээ мотоциклиор гараад Өлзийт суманд 4 тооны үхрийг нь хүнд зарсныг нь олж аваад Цагдаад мэдэгдэж алдсан малаа бүрэн олж авсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг /хх-21/

Хохирогч Б.Өнөрбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манайх аавын дээр үхрээ тавьчихсан байсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө үхрүүдийг чинь аргамжаатай байсан морьтой алдчихлаа гэж хэл ирсэн. Тэгээд би очоод эхни/й өдөр тэр хавиар хайгаад олоогүй. Маргааш нь тал тал тийшээ гарч хайж эхэлсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 18-ны шөнө тугалтай байсан 2 үнээ нь гүйж ирсэн. Эрлээ үргэлжлүүлээд ойр хавийн сумдаар явж байгаад 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өлзийт суманд айлд 4 тооны үхрийг хүнд зарсан байхыг олоод сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Миний 4 тооны үхрийг Өлзийт суманд Лхагваа гэх хүнд зарсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, алдсан үхрээ зүсээр нь бүрэн бүтэн олж авсан” гэсэн мэдүүлэг /хх-23/

Гэрч Ж.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим П.Отгонтөр манайд морьтой ирсэн. Тэгээд манай нөхөр Хадхүүтэй нэг шил архи авч ирж уусан. Би Отгонтөрд хоол цай хийж өгсний дараа тэр хоёр архи уугаад байхаар нь би унтаад өгсөн. Шөнө нэг сэртэл тэр хоёр байхгүй мордоод яваад өгсөн байсан. Тэгээд миний нөхөр Хадхүү үүр цайж байхад гэртээ халамцуу ирсэн” /хх-24/

Гэрч Л.Мягмар-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Хадхүү, Отгонтөр хоёрыг хулгайн хэрэг хийсэн гэж өөрсдөөс нь сонсож мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-25/

Иргэний нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Отгонтөр гэх залуу Өлзийт сумын төвд мөнгөний хэрэг болоод байна 2 тугалтай үнээ зарна гээд явж байсан. Тэгээд би 2 тугалтай үнээ нэгийг нь 800.000 төгрөгөөр авсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сард Отгонтөр намайг 2 тугалтай үнээгээ ирж ав гэсэн. Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт Модон овооны ар гэх газар Отгонтөрийн гэрт очиж үхрээ авсан. Отгонтөр надад сартай хүрэн үнээ, улаан бөөр алаг охин бяруу, цагаан сүүлтэй улаан охин бяруу, халтар эр шүдлэн үхэр өгсөн. Би тэр үхрүүдийн имийг анзаарч хараагүй бүгд л адилхан имтэй байх шиг байсан. Тэгсэн 2 хоногийн дараа Архангай аймгийн Хайрхан сумын нэг залуу над руу утсаар яриад би үхрээ авъя, би үхрээ алдсан юм, тэгсэн чинь танай үхэрт байна гэж ярьсан. Тэгэхээр нь би тэр залууд би наад үхрүүдийг чинь Отгонтөр гэх хүнээс авсан, үнэхээр чиний үхэр юм бол аваад яв гэж хэлсэн. Би тэр үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Хайрхан сумаас утсаар ярихаар нь мэдсэн. Би Отгонтөрөөс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-28-29/

            Шүүгдэгч П.Отгонтөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгтэл Хадхүү ах хүрээд ир ганц нэг юм хулгай хийх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө хээр зүсний нас нийлсэн морио унаад Хайрхан сумын Жарантай багт байдаг Хадхүү ахын гэрт 22 цагийн үед очсон. Хадхүү ах эхнэртэйгээ байсан. Тэгээд Хадхүү ахыг дагаад хойд зүг рүү явсан. Хадхүү ах өөрийн хүрэн зүсний морио унаж явсан. Тэгээд нэг цаг гаран яваад нэг айлын гадаа очоод Хадхүү ах миний морь явахгүй байна гээд айлын гадаа аргамжаатай байсан морийг хулгайлж аваад Хадхүү ах өөрийнхөө морины эмээлээр хулгайлж авсан морио эмээллэж унаад өөрийнхөө морийг хөтөлж явсан. Тэгээд цаашаа хэсэг явж байтал бэлчээрт 9 тооны монголын үхэр таарахаар нь Хадхүү ах бид хоёр туугаад манай гэрийн зүгт явсан. Тэгээд Хадхүү ах Жарантайн даваа гэх газар өөрийнхөө морийг унаад надад хулгайлж авсан хээр зүстэй морио хөтлүүлээд 9 тооны үхрээ туугаад гэрийнхээ гадаа авааччих гэж хэлээд Хадхүү ах ганцаараа гэр лүүгээ явсан. Би хулгайлж авсан хээр морийг хөтлөөд 9 тооны үхрээ туугаад үүр цайж байхад гэртээ харьсан. Тэгээд хулгайлж авсан морио аргамжаад 9 тооны үхрээ гэрийнхээ хажууд үлдээсэн. Хоёр хоногийн дараа үхэр зарна гээд 2015 онд мөнгө авчихсан Лхагвасүрэн гэх хүн рүү утсаар яриад та ирж үхрээ аваарай гэж хэлтэл Лхагвасүрэн ах мотоцикльтой ирээд сартай хүрэн үнээ, халтар зүсний шүдлэн үхэр, 2 тооны алаг зүсний бяруу нийт 4 тооны үхрийг өгөөд явуулсан.Тэгээд Хайрхан сумын цагдаа ирээд үхэр хулгайлсан байна гэхээр нь би үнэн зөвөө хэлсэн. Хадхүү ах бид хоёр цагдаад баригдаад хулгайлж авсан 9 тооны үхэр, 1 тооны морио бүгдийг нь буцааж хохирогч нарт өгөөд уучлалт гуйсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ өөрийнхөө хээр зүстэй нас нийлсэн морио унаж явсан. Би дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийнхөө хээр зүсний морио зайдан унаж явсан, нэг хазаараар морио хазаарлаж явсан. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-41-46/

Шүүгдэгч А.Хадхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгээд би Отгонтөрд нөгөө хүнээс авсан мөнгөнийхөө үхрийг хулгай хийж өгөх үү манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хүрэн зүсний морио унаад Отгонтөрийг дагуулаад Урд элстэй гэх газар луу явсан. Тэгээд ойрслцоогоор 10 гаруй км яваад миний унаж явсан морь явахгүй болоод Басбиш гэдэг айлын гадаа аргамжаатай байсан морийг хулгайлж аваад өөрийнхөө унаж явсан морины эмээлийг тохоод өөрийнхөө морийг хөтөлж явсан. Тэгээд Басбишийн хойно уулан дээр бэлчээртэй байсан үхрүүдийг Отгонтөр бид хоёр туугаад урд зүг рүү явсан. Ойролцоогоор 3 цаг орчим туугаад Жарантайн даваа гэх газраас би өөрийнхөө морийг унаж гэр лүүгээ явсан. Би Отгонтөрд тууж яваа үхрээсээ Лхагвасүрэнгээс авсан мөнгөнийхөө өрийг өгчих үлдсэн үхэр адуугаа өөрөө мэдээд шийдээрэй гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа  Отгонтөр яриад 4 тооны үхрээ Лхагвасүрэнд өгөөд өрөө дарчихлаа гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг хулгай хийсэн талаар асуухаар нь би үнэн зөвөөр нь бүгдийг нь хэлээд хохирогч нар 9 тооны үхэр, хээр зүстэй морио буцааж аваачиж өгчхохирол гомдолгүй болгосон. Би Отгонтөрөөр дамжуулж Лхагвасүрэн гэдэг хүнээс 2015 онд 1 тооны тугалтай үнээний мөнгө гээд 800000 төгрөг авчихсан юм. Тэгээд би Отгонтөртэй ярьж хүний үхэр хулгай хийж өрөө дарахаар болж хулгай хийсэн ба дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-48-52/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10, 14/,

Фото зургийн үзүүлэлт /хх-12/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-13, 15-18/

Эд зүйлийн үнэлгээ /хх-11/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-9/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31/

            Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-30/

            Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-55/

Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргын тодорхойлолт /хх-59/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57-58, 61-62/

Хохирогч Л.Басбишийн хүсэлт /хх-64-65/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр нар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж Архангай аймгийн Хайрхан сум Жарантай багийн нутаг дэвсгэр Урд элс гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Л.Басбишийн 1 тооны аргамжаатай байсан морийг суран ногтын хамт хулгайлж 503.000 төгрөгийн, иргэн Б.Өнөрбатын олон тооны мал буюу 9 тооны үхрийг хулгайлж 4.100.000 төгрөгийн, нийт 1 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 4.603.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 2016 оны 05 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын нутгаас 1 тооны хээр зүсний морио, 9 тооны үхрээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Л.Басбиш /хх-21/, Б.Өнөрбат /хх-23/ нарын мэдүүлэг, 2016 оны 05 сарын 15-ны шөнө 23 цагийн үед П.Отгонтөр нь манай нөхөр Хадхүүтэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд унтаж байгаад шөнө нэг сэртэл тэр хоёр мордоод явсан байсан, манай нөхөр өглөө үүр цайж байхад халамцуу ирсэн талаар мэдүүлсэн гэрч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-24/, Хадхүү, Отгонтөр хоёрыг хулгай хийсэн гэдгийг өөрсдөөс нь сонссон талаар мэдүүлсэн гэрч Л.Мягмар-Очирын мэдүүлэг /хх-25/, 2016 оны 05 сард Отгонтөр намайг хоёр тугалтай үнээгээ ирж ав гэхээр нь очиж сартай хүрэн үнээ, улаан, бөөр алаг охин бяруу, цагаан сүүлтэй улаан охин бяруу, халтар эр шүдлэн үхэр авсан. Тэгтэл 2 хоногийн дараа Хайрхан сумын нэг залуу утсаар яриад би үхрээ авъя, би үхрээ алдсан юм, тэгсэн танай үхэрт байна гэнэ гэхээр нь би тэр үхрүүдийг Отгонтөр гэдэг залуугаас худалдаж авсан. үнэхээр чиний үхэр мөн юм бол ирж ав гэж хэлсэн талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-28-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-11/, эдгээр мэдүүлгийн эх сурвалжийг баталсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, болон  эд зүйлийн үнэлгээ /хх-11/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31/  зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.  

 

 Иймд шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  А.Хадхүү, П.Отгонтөр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх хүрэн зүсний зөв талын гуяан дээрээ саран тамгатай нас нийсэн морь, хээр зүстэй, зөв талын гуяан дээрээ сартай, хас тамгатай нас нийлсэн морь зэргийг хурааж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн суран хазаар, цагаан өнгийн мяндсан хазаар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Хадхүүд 100000 төгрөг хурааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Отгонтөрд 100000 төгрөг хурааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид   эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч  А.Хадхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Отгонтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч А.Хадхүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 400000 төгрөгийн үнэ бүхий хээр зүстэй морь, шүүгдэгч П.Отгонтөрийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 500000 төгрөгийн үнэ бүхий хээр зүстэй морь зэргийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн суран хазаар, цагаан өнгийн мяндсан хазаар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хадхүү, П.Отгонтөр  нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

 

 

 

 

                                

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ      

                             

 

                                                                   

                   

 

­