Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0534

 

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0534

Улаанбаатар хот

 

 

 

                                         С.А***ий нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э***,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч С.А***,

Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул багийн Засаг даргаар томилохыг Нөмрөг сумын Засаг даргад даалгах, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2023/017 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч С.А***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***.

Хэргийн индекс: 118/2023/0008/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.А*** нь Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдуулан “Нөмрөг сумын Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул багийн Засаг даргаар томилохыг Нөмрөг сумын Засаг даргад даалгах, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2023/017 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2, 56.4.3, 56.4.4, 56.5.2, 56.5.4, 56.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.А***ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А***ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохыг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад даалгаж,

2 дахь заалтаар:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А***д 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны хохирлыг тухайн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас тогтоон мөрдүүлж байсан багийн Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг үндэслэн тооцон олгуулж, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1.  Шийдвэрт “…Хариуцагч Нөмрөг сумын Засаг дарга Ч.Ш*** нь Багийн Засаг даргыг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар хүлээснийхээ хувьд шаардлагатай гэж үзвэл С.А***ийг дээрх хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл гаргуулан авах зэргээр шалгаж тогтоох бүрэн боломжтой байхад эс үйлдэхүй гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

 3.2. Захиргааны ерөнхий хуулийн 15-р зүйлийн 15.1.4-т захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд Захиргааны байгууллага хувь хүний мэдээллийг бусад байгууллагаас лавлагаа, мэдээлэл гаргуулах боломжгүй

3.3. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56-р зүйлийн 56.4-т заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх талаарх лавлагаа, мэдээллийг сумын Засаг дарга бусад байгууллагаас гаргуулан авах эрх хэмжээ байхгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргажээ.

4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

  1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

3.1. Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Багийн Засаг даргаар батламжлуулах тухай” 03 дугаар тогтоолоор “хуралд оролцсон иргэдээс олонхын буюу 53.2 хувийн саналыг авсан”  нэхэмжлэгч С.А***г багийн Засаг даргаар батламжлуулахаар Нөмрөг сумын Засаг даргад уламжилсан.

3.2. Хариуцагч Нөмрөг сумын Засаг даргаас нэхэмжлэгч С.А***г Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч шүүхэд хандан “Нөмрөг сумын Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул багийн Засаг даргаар томилохыг Нөмрөг сумын Засаг даргад даалгах, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нөмрөг сумын Засаг даргаас  “..С.А***д  хуульд заасан холбогдох лавлагаа материалыг авч ирүүлэх талаар өөрт нь тайлбарлаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй ... иймээс ... С.А***г Дархан-Уул багийн Засаг даргаар томилох боломжгүй байгаа ... ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй” хэмээн тайлбарлан маргажээ.

            4. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” хэмээн,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна”, 56.4.1-т “дээд боловсролтой” Тайлбар:-Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө”, 56.4.2-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 56.4.3-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 56.4.4-т “ялгүй байх”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.1-т “...иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн ...56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, ...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ...томилно”, 56.7-д “Дээд шатны Засаг дарга, ...тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” хэмээн тус тус заасан.

              5. Тухайн тохиолдолд, хариуцагч Нөмрөг сумын Засаг дарга Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны “Багийн Засаг даргаар батламжлуулах тухай” 03 дугаар тогтоолыг хүлээн авснаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл даруй 11 сарын хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан “томилох” эсхүл 56.7 дахь хэсэгт заасан “томилохоос татгалзах” шийдвэрийн аль нэгийг гаргалгүй эс үйлдэхүй гаргасныг анхан шатны шүүх хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч С.А***г Дархан-Уул багийн Засаг даргаар томилохыг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын сонгох боломжид халдсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-т “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасантай нийцэхгүй.

              Мөн нэхэмжлэлийн “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд нэхэмжлэгч  С.А*** нь тухайн албанд ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдөөгүй. Харин багийн иргэдийн Нийтийн Хурлаас түүнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснийг хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тухайн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бүрэн эрх хариуцагчид хадгалагдаж байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2023/017 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “томилохыг” гэснийг “томилох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 56.7 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.А***ий нэхэмжлэлийн “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА