Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0249

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0232/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 2118002310246 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сангийн механик мэргэжилтэй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Хангамжийн 2-44 тоотод эхнэр Б.О-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2021 оны 08 дугаар сарын 08-ны орой цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан харанхуй болж байхад гэртээ харьсан. Гэртээ орохдоо гаднаас 1 шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи аваад орсон. Ингээд авсан архиа гэртээ ганцаараа ууж байгаад орой унтах гээд эхнэрийнхээ хажуугаар ороод хүзүү нь шимсэн байдалтай байхыг хараад хэн шимсэн талаар асуусан. Тэгэхэд манай эхнэр Б.О- хэлэхдээ “чи шимсэн биз дээ гэж” хэлсэн. Ингээд тухайн үед би согтуу байсан болохоор болсон үйл явдлыг санаагүй учраас “би шимээгүй” гэж хэлээд эхнэрийгээ өөр хүнтэй болсон байна гэж хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Ингээд тэр шөнө эхнэр надтай хэрэлдэж байгаад хажуу айл болох манай ээжийн гэрт орж хоносон. Маргааш нь буюу 08 дугаар сарын 09-ны өглөө 07 цаг өнгөрч байхад би ээжийн гэр рүү ороход манай эхнэр ажлынхаа хувцас өмсөөд сууж байсан. Би шууд эхнэртэй хэрүүл хийгээд тэр чигтээ зайлаарай гэж хэлээд зүүн хөлний шилбэ рүү нь өшиглөөд гараад явсан.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03/,

 

-Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны шөнө Дархан сумын 7 дугаар баг хангамж 2-44 тоот гэртээ байхад манай нөхөр Мөнхбаатар нь найзуудтайгаа тоглож байгаад гэртээ архи үнэртүүлсэн ирээд 0.5 граммтай “Хараа” архи авчирч уусан. Тэгээд намайг янз бүрээр хэлээд хэрүүл хийж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүд байсан болохоор би гэрээсээ гарч явж чадахгүй бага хүүхдээ тэврээд байж байхад манай хадам ээж Оюунчимэг орж ирээд манай хүүхдүүдийг аваад гэрээс гарахаар нь би араас нь гараад хадмын гэрт орж унтсан. Маргааш өглөө нь унтаж байхад манай нөхөр гаднаас орж ирээд “гарч утас олж өг” гэж хашгираад байхаар нь би гэр лүүгээ дагаж орж утсыг нь олж өгөөд гэр орноо цэвэрлэж дуусаад ажил руугаа явах гэж байхад намайг явуулахгүй гэж хэрэлдээд миний толгой руу цохихоор нь би зугтаад гэрээс гараад байж байхад гадаа миний элэг рүү цохиод бас хөл рүү нэг удаа өшиглөөд толгой руу модоор цохисон.

...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 18/,

-“Аюулын зэргийн үнэлгээ 7 буюу дунд” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9/,

-Гэрч Ө.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.М- болон Б.О- нарын хооронд хардалтаас болж маргаан үүссэн. 2021 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед намайг ганцаараа унтаж байхад манай бэр Б.О- “манай нөхөр Мөнхбаатар намайг хардаж уурлаад унтуулахгүй байна” гэж манайд орж ирсэн. Тэгээд удалгүй араас нь Мөнхбаатар өөрөө согтуу орж ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би Мөнхбаатарыг гэрээсээ хөөж гаргаад Б.О-ийг гэртээ авч үлдсэн. Ингээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өглөө хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна Мөнхбаатар манайд орж ирээд эхнэр Б.О-тэй “гэртээ хоносонгүй” гэж уурлаад зүүн хөл рүү нь өшиглөөд гараад явсан.” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

-“...Б.О-ийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар Б.М- нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Хангамжийн 2-44 тоотод эхнэр Б.О-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 26-27/ нотлогдож байна.

Шүүгдэгч Б.М-, хохирогч Б.О- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.О-ийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.М-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.М-т анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ