Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0262

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0199/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Н.Идэр, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ж.Оюундэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Л.Оюунсувд,

Шинжээч эмч Ж.Туяа,

Гэрч Г.Н, Д.Э,

Насанд хүрээгүй гэрч Ж.Т /цахимаар/,

Шүүгдэгч Ц.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-од холбогдох эрүүгийн 2118000000052 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.М- / 1971 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт сувилагч ажилтай байсан, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Ц.М- нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 3-17б тоот буюу өөрийн гэртээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Ж-ы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...өнгөрсөн шөнө цагийг нь би сайн санахгүй байна. Манай нөхөр Жаргалсайхан намайг “сар шинэ болох гэж байхад куртикны суга оёод өгчихгүй, муу янхан пизда” гэж доромжлон надтай маргалдаж байгаад миний биеийн энд тэндгүй цохиж зодсон. Тэгэхэд нь би нэг гарч гүйх гэснээ Жаргалсайханд “чи миний нүүрнээс бусад газарт цохиж зодоорой” гэж гуйсан. Тэгээд нөхөр зодоод болихгүй болохоор нь би өөрийгөө хамгаалж гал дээр аяга угаах гэж халааж байсан будаа агшаагчны дотор талын саарал өнгийн З-4 литрийн багтаамжтай саваар Жаргалсайханы нүүр рүү саваад нэг удаа хүчтэй цохисон. Тэгсэн Жаргалсайхан надад цохиулчхаад эргэж галын төмөр хайч барьж намайг зодох гээд дайраад байсан. Нэг хэсэг болсон үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдсэн би гэрийн баруун талд унинд өлгөөтэй байсан хувцас хатаадаг улаан шар өнгийн нарийн олсыг гал зуухны шкафанд байсан хар өнгийн бариултай заазуур авч заазуураар тасалж, тасалсан уяагаар гэрийн зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан нөхөр Жаргалсайханы дээр би гарч суугаад хоолойг нь олсоор боосон. Тухайн үед ямар нэг эсэргүүцэл Жаргалсайхан үзүүлээгүй, зүгээр дээшээ хараад орон дээр тасраад унтаж байсан болно. Нөхрийнхөө хоолойг уяагаар боосны дараа би түүний биеийг хөнжлөөр бүтээж орхисон. Гэрийн баруун талын унины хэсгээс уяатай байсан хувцас хатаадаг уяанаас би заазуураар тасалж аваад заазуураа орон доогуураа хийсэн, нөхөр босож ирээд ахиад намайг зодох бий дээ гээд заазуураар намайг заазуурдах бий вий дээ гэж айж байсан.

...би тухайн үед согтуу байсан учраас миний баримжаагаар 20-30 минут орчим би уяаны тасархайгаар нөхрийнхөө хоолойг боосон. Нөхөр намайг ер нь зоддог. Ингэж амьдарч байхаар нөхрийнхөө амийг хорооё л гэж бодож уяа тасалж би нөхрийнхөө хоолойг боосон.

...миний баримжаагаар нөхөр бид 2 нэг цаг орчим зодолдсон.

...Би нөхрөө өнгөрсөн шөнө зодуулж байхдаа будаа агшаагчны саваар нүүрний урд хэсэг хавьд цохисон. Нөхөртөө зодуулаад биеэ хамгаалж ийм хэрэг хийлээ. Хэрэг үйлдэж байхдаа би хүүхдээ бодож л аавыг нь ийм болгочихлоо. гэх мэдүүлэг,

 

-Хохирогч М.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Ц.М-ын ярьсан зүйлд гомдолтой байгаа. Яагаад гэхээр өөрөө эмнэлэгт ажилладаг хүн байж түргэн тусламж дуудаагүй, хажуу хашаанд байсан дүүгээсээ тусламж дуудаагүй. Нас барсныг нь мэдсэний дараа цайгаа чанаад, буузаа жигнээд хөнжлийг нь янзалсны дараа дуудсан байгаа юм. Үүнийг би санаатай аллага гэж үзэж байгаа. Манай ах зодоод хэцүү байдаг л юм бол дүүд хэлээд “ах чинь намайг зодоод байна гээд тусламж гуйхгүй яасан юм бэ?”. Бид эцэг, эхээс наймуулаа. Ц.М-той суухаас өмнө миний ах архи дарс уудаггүй, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан. Ц.М-той суусны дараа архины хамааралтай болсон. Ц.М- архины хамааралтай хүн. Ц.М- нь охин Номингийн хамт эцгийн минь гэрт ирж, ахтай минь хамт амьдарсан. Талийгаач болон Ц.М- нар нэг их маргалдаад байдаггүй байсан. Гэр бүлийн жижиг сажиг асуудал бол байсан л байх. Ихэнх маргаан нь архинаас болж л гардаг байсан байх. Ц.М- амарч, ажиллах үедээ аль алинд нь архи уудаг байсан. Ажил дээрээ архи уусан байх үед нь гэрт нь хүргэж өгсөн тохиолдол ганц хоёроор тогтохгүй. Манай ах сүүлийн хэдэн жил л их уудаг болсон нь Ц.М-оос л болсон. Сүүлдээ хоёулаа нийлж архи уудаг болсон. Архины асуудлаас болоод маргаан үүсэж ийм байдалд хүрсэн байх. Ноцтой гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байсан зүйл байхгүй ээ.

...Миний ах сул дорой туранхай хүн байсан. Ц.М-ыг ер нь дийлэхгүй дээ. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж бодохгүй байна. Гол нь Ц.М-ын замбараагүй архинаас болсон гэж бодож байна. Миний ах Ц.М-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй байсан гэдгийг миний ах дүү нар болон дагавар охин нь ч мэднэ.

...Миний гайхаад байгаа бас нэг зүйл нь Ц.М- цагаан сар болж байхад хүүгээ айл руу явуулсан байсан. Яагаад айл руу явуулсан юм бэ?, хүүхдийг явуулаагүй байсан бол миний ах үхэхгүй байх байсан. Манай ах хүүгээ хайр халамжаар дутааж байгаагүй. Хүүгийнхээ нэр дээр хадгаламж хүртэл нээсэн. Хадгаламжид нь 8-9 сая төгрөг байдаг талаар ах ярьж байсан. Ц.М- тэр мөнгөнөөс авна гэж хэрүүл хийдэг талаар ч хэлсэн. Чи миний охиныг тусдаа гарч байхад тавилга авч өгөхгүй байна гээд янз бүрээр нь хэлсэн гэж хэлж байсан. Талийгаач Ц.М- хоёр мөнгөний асуудал дээр маргаан үүсгэж, миний ахын амь насанд хүрсэн байж магадгүй гэж би бодож байгаа. Түүнээс гэр бүлийн маргаанаас болж амь насыг нь хохироогоогүй байх. Юунаас болж амь насанд нь хүрэх болсноо тодорхой хэлэхийг хүсэж байна.

...Хүүг нь өрөвдөөд гомдолгүй, хөнгөрүүлэх талаас нь ярьж болно, нэхэмжлэл гаргахгүй, өмгөөлөгч авахгүй гэж хэлж байсан. Гэтэл миний төрсөн дүүг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тиймээс хуульчаас зөвлөгөө аван нэхэмжлэл гаргахаар болсон. Өнөөдрийн ийм байдлыг чи өөрөөсөө бий болгосон шүү. Энэ хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэл рүү ус цацсан. Ах маань нас барчхаад байхад миний дүүг энэ хэрэгт татан оруулж шалгуулсан. Хүнийг үхэл зовлон үүссэн байхад ингэж болохгүй. Ц.М-оос бид 7 432 311 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргахгүй гэж бодож байсан болохоор баримтаа бүгдийг нь цуглуулаагүй. Сүүлд өөрт үлдсэн баримтыг тооцоод энэ дүнг гаргасан. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Г.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг 2 дугаар курст байхад манай ээжийн хөл хугарсан байсан. Архи уугаад хөл хугарсан байна гэж бодсон. Ээж 2 сар гэртээ байж байгаад хөл нь эдгээгүй байхад ажилдаа орсон. Сүүлд зуух руу түлхээд унагаасан бололтой сорви тогтсон байгаа. 2014 онд миний хонхны баяраар ирэхдээ ээжийн нүд хөхөрсөн нүдний шилтэй ирсэн. Дараа нь дүүг түлэгдсэний дараа талийгаач хаяад явсан. Эмнэлгийнхэн бүгд харсан, бүгд мэднэ. Тухайн үед 1 жил тусдаа амьдарч байгаад хавраас нь хүүхдээ бодоод эргэж нийлэхээр боллоо гэсэн. Би ээжийнхээ дүүгийнд очиж амьдарсан.” гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй гэрч Ж.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аав ихэвчлэн ууртай догшин авиртай, ээж архи уухаараа догшин зан байдаггүй. Аав архи уухгүй бол зүгээр, хааяа архи уухаараа ээжийг зодоод байдаг. Боль гэхээр над руу ерөнхийдөө дайрдаг. Тэгээд би ээжийг зодоод байхаар нь эрүүлжүүлэхэд өгөхөөр дараа нь чи аавыгаа эрүүлжүүлэхэд өглөө гээд уурлаад байдаг байсан.

...ээж амардаг өдрүүдээр хааяа архи уудаг, манай аав тэгж их архи уудаггүй байсан. Ээжийн бие нь өвдөөд байдаг болохоор тэгж их уугаад байдаггүй. Аав ч гэсэн хааяа л уудаг байсан. Заримдаа л юм нь хөдлөөд сонин зан гаргаад байдаг байсан.” гэх мэдүүлэг,

 

-Шинжээч эмч Ж.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Ж-ы биед хүзүү хоолой орчим үүссэн дарагдлын ормоос гавал тархины гэмтэл нь түрүүлж буюу эхэлж үүссэн гэмтэл юмаа. Гавал тархины гэмтлийн дараа хүзүү хоолойд үүссэн дарагдлын ором үүсэж, энэ нь буюу дарагдлын ормын гэмтэл нь М.Ж-ы шууд үхлийн шалтгаан болсон. Энэ нь талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээний явцад буюу нүдний доод салстад илэрсэн цэгчилсэн цус харвалтаар илэрч тогтоогдсон болно. Хүзүү хоолойд илэрсэн дарагдлын ором нь механик амьсгал бүтэлтэд оруулж амьсгалын хурц дутагдал үүссэн бөгөөд дагзны баруун хэсгийн тархины хатуу хальс дээрх цусан хураа, баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтыг гүнзгийрүүлсэн байна.

...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн алдад хэргийн газрын үзлэгийн явцад талийгаач М.Ж-ы цогцост үзлэг хийхэд бие бялдрын хувьд туранхай, хүүрийн хөшилт болон хүүрийн толбо сул илэрсэн, нүдний салст болон бэлэг эрхтний гадна хальс бага зэрэг хатсан байна. Тухайн байдлаар М.Ж-ыг 2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 06.00-07.00 цагийн алдад нас барсан гэж үзэж болно.

...хүзүү хоолойн дээд хэсэгт доороос дээш урдаас хойш чиглэлтэй дагзны төвгөрийн орчимд задгай төгссөн, өмнө хэсэгт 0.5 см өргөн баруун хажуу хэсэгт 2 салаалсан 0.2 см өргөн зүүн хажуу хэсэгт 1 см өргөн хэмжээтэй зулгаралт бүхий жигд бус дарагдлын хүрэн бор оромтой.

...Араас нь оруулаад, урдаас нь түлхсэн тохиолдолд амьсгалын дутагдал үүсэх боломжтой. Би дүгнэлтдээ хүзүү хоолойн дарагдлын ором боолт уяагаар араас нь татах үед үүсэж болно гэсэн болохоос үүссэн гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 1-2/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15/,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 3-17б тоот буюу хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн схем зураг /1 дэх хавтаст хэргийн 16-44/,

-Цогцост гадны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 45-47/,

-Ц.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 48-50/,

-“...Ц.М-ын согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад 00% хувь гарсан болно” гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 53-54/,

-Яаралтай тусламжийн тасгийн дуудлагын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 66-68/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 75-77/,

-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 51-54/,

-М.Ж-ы нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 113/,

-Хохирогч М.Б-аас гаргасан хохирол, төлбөрийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 128-132, 136-142/,

 

-Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаачтай хамгийн сүүлд өчигдөр орой 22.00 цагийн үед хашааны цас цэвэрлэсэн юмаа. Тэгээд талийгаач “ахын дүү манай гэрт ороод гар, битүүний идээ” гээд нэг шил архи гаргаж, бид 2 хувааж уусан юмаа. Тэгээд би “за за ах, гэртээ орлоо” гээд 23.00 цагийн үед гэртээ орж унтсан юмаа. Намайг гарахад талийгаач эхнэр Ц.М-той цуг үлдсэн, тухайн үед тэр 2 одоо ингээд унтаж амарна гээд ярьж байсан.

...өнөөдөр өглөө бид нар цайгаа чанаад байж байсан чинь гаднаас хадам эгч Ц.М- орж ирээд “ах чинь босохгүй царай нь сонин болчихлоо” гээд илт сандарсан царайтай орж ирсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гэр рүү нь яваад ортол хажуу талаараа хэвтсэн байдалтай, царай нь цонхийсон байдалтай, нүд нь аниатай байсан. Тэгээд би яваад очоод татаж үзсэн чинь амьсгаа авахгүй сонин байдалтай байсан.

...2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө эхнэр түрүүлж 07 цагийн алдад боссон, би араас нь 08 цагийн алдад босоод Жаргалсайхан ахынд орж золгоно гээд эхлээд мөрөө гаргаад гэр рүүгээ орж ирээд гэр дотроо хүүхдүүдтэйгээ золголт хийх гээд байж байхад буюу 09 цагийн алдад шиг санаж байна, гаднаас манайд Ц.М- эгч уйлаад “ах чинь сонин болсон, босохгүй байна” гэж ярьсаар орж ирсэн. 2021 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө манайд болон гаднаас Жаргалсайхан ахын гэрт гаднаас хүн ирээгүй, учир нь Жаргалсайхан ах манайх 2 нэг хашаанд ойрхон амьдардаг. Тухайн орой буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний орой ах бид 2 хамт хашааны цас цэвэрлээд  хашааны хаалгаа дотроос нь түгжээд гэртээ орсон. Тэгээд ч манай хашаанд гөлөглөсөн жингэр нохой байдаг, тэр нохой маань гөлөглөөд удаагүй эм нохой учир хүн рүү жигтэйхэн дайрдаг нохой юмаа. Манайхан өөрсдөө хүртэл гэр рүүгээ ороход нохой маань их дайрдаг учир болгоомжтой гэр рүү орохгүй бол нохой маань урах гээд байдаг юмаа. Манай 2 айлд хүн ирлээ гэхэд манайхан өөрсдөө гарч нохойгоо сайн хорьж байж хүн оруулаад эргээд тухайн хүн гэрээс гарахад ахин манай нохой дайраад байдаг. Ах дүү нар маань дуудуулж 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай хашаанд ирэхэд хэн ч асуугаагүй байхад Ц.М- эгч өөрөө л уйлж хашхираад бид нар руу “ахыг чинь би алаагүй шүү, хүүд нь би юу гэж хэлэх юм бэ?” гэж хэлээд уйлаад байсан. Тухайн үед бид нар Ц.М- эгчийн ингэж яриад байгааг ойлгоогүй, хэн ч юу ч яриагүй байхад Ц.М- эгч өөрөө л эхлээд “би танай ахыг алаагүй шүү, би нөхрөө алаагүй шүү” гээд уйлаад хашхираад орилоод ухаан алдаж унаад байсныг ойлгоогүй гайхаж байсан.

 ...өглөө Ц.М- эгчийг дуудахад би хамгийн түрүүнд Жаргалсайхан ахынд ороход ах маань гэрийнхээ зүүн талын орон дээр бие нь дээшээ харсан, толгой доор нь өндөр дэр дэрлүүлж толгой нь хажуу тийшээ гулжийж байсан. Намайг ахын гэрт ороход ахын биеийг цээж хүртэл хөнжлөөр хучиж биеийг нь дагуулж гар, хөлийг нь шулуун цэгцэлж тавьсан байсан. Би ахынд ороод ахын биеийн байдлыг өөрчлөөгүй, нас барчихсан гэж бодоогүй ба бие нь муу ухаангүй байна гэж бодоод эргэж гэрээсээ эхнэр Бадамсүрэнг дуудаж ахын биеийг үзүүлэхэд эхнэр маань ахын хүзүүнд гараа хүргэж судасны цохилтыг үзээд Ц.М- эгчид хандан “та яаралтай түргэн дуудахгүй яасан юм бэ?” гэхэд Ц.М- эгч өөрийнхөө гар утаснаас түргэн дуудсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 159-169/,

 

-Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“...08 цагийн үед манай гэрийн цонхыг Ц.М- эгч тогшоод “буузаа тавиад, цайгаа чанаж байя, ороод ирээрэй” гэж хэлсэн. Талийгаачийн гэр манай гэрийн урд талд нэг хашаанд байдаг юм. Тэгээд Ц.М- эгч ойролцоогоор 10 минутын дараа “ах чинь сэрэхгүй байна, босохгүй байна” гэж хэлж манай гэрт орж ирсэн юм. Тэгээд манай нөхөр эхлээд ороод араас нь би гутлаа өмсөөд яваад ортол зүүн талын орон дээр хажуу тийшээ харсан байдалтай, нүд нь аниастай, хар өнгийн цамцтай доогуураа ямар хувцастай байсныг мэдэхгүй байна. Тэгээд би хүзүүн дээр нь артерын судсыг нь дараад үзтэл ямар ч лугшилт орж ирэхгүй байсан.

... Өчигдөр талийгаач Жаргалсайхан эхнэр Ц.М-той хэрэлдэж муудалцсан чимээ гараагүй. Хааяа гэр бүлийн асуудлаас болж муудалцаад байдаг. Гэрт нь гаднаас ямар нэг хүн орж ирээгүй, миний мэдэхийн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 178-185/,

 

-Насанд хүрээгүй гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Битүүний орой аав Жагаа ах 2 цас цэвэрлээд аав Жагаа ахынд байж байгаад 00 цаг дөхүүлээд унтах гэж байхад гэртээ орж ирсэн, тэгэхэд аавыг харахад аав эрүүл харагдсан. Тэгээд аав ээжтэй шинийн нэгэн гарлаа, одоо бүгдээрээ эрт унтъя, өглөө эрт босно шүү гэж ярьсан. Ээжтэй аавын зүгээс маргалдаж муудаагүй ба гэртээ нэмж архи уугаагүй шууд унтсан.

...Манай нохой их дайрдаг, ууртай, хуцдаг нохой. Гаднаас хашаанд хүн оруулахгүй, гэрийнхэн рүүгээ хүртэл манай нохой дайрдаг.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-192 тал/

 

-Гэрч М.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 01.00 цагийн алдад манай эмнэлгийн асрагч Ц.М- гэх хүн над руу ярьсан. Тухайн үед “сайхан битүүрч байна уу? ажилтай байгаа юм уу? хажуу айл руу орчхоод гэртээ орж ирээд байж байна” гэж ярьсан. Мөн надтай ярьж байх үедээ цаашаа нөхөр болох Жаргалсайхантай яриад байсан. Нөхөр нь цаанаас нь “хэнтэй яриад байгаа юм бэ?” гэхэд “Ундраатай ярьж байна” гэж Ц.М- хэлсэн. “Ямар Ундраа” гэж асуухад “чамайг Жагаа асуугаад байна” гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш хоорондоо хоол хүнсний талаар яриад байсан. Надтай ярихгүй  цаашаа яриад байхаар нь би утсаа салгасан. Тухайн үед Ц.М- надтай утсаар ярих үед архи уусан байсан, цаана нь нөхөр нь яриад байсан боловч архи уусан талаар нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198, 204/,

 

-Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жагаа ах чинь өнгөрчихлөө шүү дээ гэж хэлээд утсаа шууд салгасан юм. Тэгээд би утсыг нь салгаад шууд гэрт нь очсон. Намайг очиход Ц.М- эгч хашаандаа уйлаад орилсон байдалтай байсан. Намайг гэр рүү явж байхад эмнэлэг зөрөөд буцаад явж байсан. Тэгээд би талийгаачийн байгаа монгол гэрт ороход талийгаач орон дээрээ дээшээ хараад хэвтсэн, хүзүү хүртэл хөнжлөөр нь бүтээсэн байсан.

...Ц.М- эгч талийгаачийг өнөөдөр өглөө 07.00 цагийн үед дөрвөн хөллөөд орон дээрээ хэвтээ байдалтай байхаар нь “босож галаа түлээч” гэж хэлсэн чинь цаашаа хараад хэвтсэн гэсэн. Тэгээд эгч галаа түлээд цайгаа чаначхаад “босоод цайны дээжээ өргө” гэж хэлсэн чинь дуугарахгүй сонин байгаад байхаар нь хажуу талын хадам дүү Ганзоригт хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 206-207/,

 

-Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хэсэг хугацааны дараа Ганзоригийн гэрт орж байж байгаад дүү нь болох Баярсайхан “хэдүүлээ талийгаачийн биеийг хөшихөөс нь өмнө хувцсыг нь хөнгөлье” гээд Баярсайхан, Алтанцолмон, Ганзориг бид 4 хувцсыг нь тайлахаар болж тэр үед царайг нь харсан. Жаргалсайханы хүзүү хэсэгт ором гарсан байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-216/,

 

-Гэрч Л.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 7037103 дугаарын утсанд “зүрх өвдөөд сонин болоод байна” гэсэн дуудлагын дагуу Нарантолгойн 3-17Б тоотод 03-64 ДАА улсын дугаартай Уаз пургон загварын тээврийн хэрэгсэлтэй очсон. Уг дуудлагад би ганцаараа орсон бөгөөд намайг ороход 5 хүн байсан. Өвчтөнийг үзэхэд нас барсан байдалтай байсан, хөрөлт эхлээгүй байсан. Энэ нь нас бараад удаагүй байсан гэсэн үг ээ. Ингээд би цаг  харахад 09.42 цаг болж байсан. Дуудлагыг 09:36 цагт авсан.

...Намайг орохоос өмнө орж ирсэн залуу “бие нь хөрөөгүй, нас бараагүй байна” гэж хэлсэн. Энэ үед эхнэр гэх эмэгтэй “хөрөлт удаан явагдана, би мэднэ шүү дээ” гэж хэлсэн. Талийгаачийн эхнэр манай эмнэлэгт асрагч хийдэг юмаа. Тэгээд эхнэр нь “эмч ээ, би одоо яах юм бэ? хүүхдэдээ яаж хэлэх юм бэ?” гэж байсан.

...Ц.М- эгч уйлсан сандарсан байдалтайгаар надад “эмч ээ, манай нөхөр байгаа юмаа, нөхрийн маань зүрх нь өвдөөд сонин болчихлоо, та үзээд өгөөч” гэсэн. Тэгээд би гэрийн зүүн талын орон дээр ухаангүй байгаа хүний гарын хуруунд зүрхний цохилт мэдрэгч багажийг хийж үзэхэд зүрхний цохилтгүй байсан. Тэгээд хөнжлийг нь сөхөж цээжийг нь чагнуураар чагнахад мөн зүрхний цохилт сонсогдоогүй.

 ...Хүн нас бараад 2-3 цаг өнгөрсөн бол цогцос хөрч хөшилт эхэлдэг. Гэтэл намайг үзэхэд тухайн хүний цогцост хөшилт үүсээгүй, цогцос бүрэн хөрөөгүй, бүлээн байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 218-219, 222/,

 

-“...Ц.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Ц.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тусган авч мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно. Ц.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. Ц.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 31/21 дугаартай магадалгаа /2 дахь хавтаст хэргийн 10/,

 

-“...Ц.М-ын биед тархи доргилт, зүүн гарын шуу, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, баруун гуя, баруун гарын сарвуунд цус хуралтууд тогтоогдлоо. Ц.М-ын биед илэрсэн тархи доргилт нь 2021 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Ц.М-ын биед тогтоогдсон цус хуралтууд нь 2021 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө мөн тухайн цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.М-ын биед илэрсэн цус хуралтууд нь хэргийн газарт нөхөн үзлэгээр хураан авсан гэх галын төмөр хайч, галын дэгээ төмөр зэргээр үүсгэгдсэн байж болно. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.М-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 20-21/,

 

-М.Ж-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /2 дахь хавтаст хэргийн 25-26/,

 

...Яллагдагчаар татагдсан М.Ж- нь нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр М.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3 дахь хавтаст хэргийн 141-142/,

 

-“...Шинжилгээнд авсан “Ц.М- 50, эм” гэж хаягласан цусны бүлэг OI, Rh/+/ байна.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 40-41/,

 

-”...Шинжилгээнд авсан “Ц.М- 50, эм” гэж хаягласан цусанд спирт илрээгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 42-43/,

 

-“...1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, баруун дагз ясны хугарал, зүүн зулай ба 2 талт бөмбөлгийн завсар баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины цусархаг няцрал, духны зүүн хэсгийн хуйхан доорх баруун чамархайн булчинд цус хуралт, баруун нүдний доор зовхи, доод уруулын салст, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.

3.М.Ж-ы биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсгийн тархины хатуу хальс дээрх цусан хураа, баруун дагз ясны хугарал, зүүн зулай ба 2 тал бөмбөлгийн завсар баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины цусархаг няцрал, духны зүүн хэсгийн хуйхан доорх баруун чамархайн булчинд цус хуралтын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын З.1-2, З.1-З-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл болно.

5.Талийгаачид илэрсэн гавал тархины гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж хугацаа алдалгүй үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй.

6.М.Ж-ы биед илэрсэн баруун нүдний доод зовхи, доод уруулын салст, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна, зүүн хацарт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7.Талийгаач нь амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

8.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

9.Талийгаачийн цусанд спирт илрээгүй боловч ходоодны агууламжид 0,08 промил спирт илэрсэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг харуулж байна.

10.Талийгаачийн цусны бүлэг BIII, Rh/+/ байна.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 52-56/,

 

- “...Шинжлэгдэж байгаа М.Ж-ы гэх хар өнгийн савхин материалаар хийгдсэн хүрэмний баруун талын суга оёдол хэсгээрээ 13,5 см хэмжээтэй ханзралт үүссэн байх ба уг ханзралт нь шинээр үүсгэгдсэн байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 72-78/,

 

-“... 1. Шинжилгээнд ирүүлсэн уяа, утаснуудад үзлэг шинжилгээ хийхэд дараах ул мөр илэрч байна:

А.2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Нямбаярын хураан авсан монгол гэрийн голд байсан ширээний харалдаах унинд зангидсан байсан цагаан саарал өнгийн уяа 1 ширхэг гэж хаягласан уяа нь зангидсан байдлын урт нь 18 см, өргөн нь 0,4 см зангилааны жижиг чихний гол хэсэгт скочоор холбосон байх ба 2 талын үзүүр хэсэг нь жигд таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх зүсэлт байна.

Б.Монгол гэрийн зүүн талын орны дээд талын унинд байсан тайлж авсан 20 см урттай нарийн төмөр утас 1 ширхэг гэж хаягласан 57 см урттай, гол хэсэгтээ скочоор холбосон 0,1 см өргөнтэй төмөр утасны 2 талын үзүүр тэгш таслагдсан байх тул иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна.

В.Монгол гэрийн баруун доод хэсэгт байх гутлын тавиурын доод хэсгээс хураан авсан 5,7 м урттай шаргал өнгийн мяндсан уяа нэг ширхэг гэж  хаягласан уяа нь 5,7 м хэмжээтэй, 5 хэсэг зангидаж холбосон байх ба цагаан өнгийн мяндсан уяаны урт нь 1 метр, өргөн нь 0,4 см үзүүр хэсэг нь тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэлт байна. Шар өнгийн уяа нь 4,7 м урттай, өргөн 0,4 см 2 ширхэг үзүүр хэсэгт нь хатуурч харалсан байх тул дулааны үйлчлэлээр үүссэн түлэгдэлт, 2 ширхэг үзүүр  хэсэг нь тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэлт байна.

Г.Монгол гэрийн үүдний хэсэгт байсан амбаарын хойд хэсгийн дай модноос тайлж авсан хар өнгийн цахилгааны нарийн утас 2 ширхэг гэж хаягласан 46,2 см урттай 0,2 см өргөнтэй нэг талын үзүүрийг гогцооруулж зангидсан хар өнгийн цахилгааны утасны 2 талын үзүүр нь тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт 2 дахь утас 113 см урттай, 1 талын үзүүр хэсэгт зангидсан З үзүүр бүхий цахилгааны утас байх ба уг утасны 4 үзүүр хэсэгт зангидсан З үзүүр бүхий цахилгааны утас байх ба уг утасны 4 үзүүр хэсэгт  тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна.

Д.Монгол гэрийн үүднээс зүүн тал руу 11 дэх унинаас уяатай байсан 20 см урттай зангидсан шар өнгийн уяа 1 ширхэг гэж хаягласан уяа нь 2 хэсэг байх ба эхний хэсгийн урт нь 21 см, 0,3 см өргөнтэй, 2 талын үзүүр нь тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, 2 дахь уяаны гол хэсэгт скочоор холбосон, нийт урт нь 27 см, өргөн нь 0,3 см шар өнгийн уяаны нэг талын үзүүр нь харлаж хатуурсан байх тул дулааны үйлчлэлээр үүссэн түлэгдэлт байна, нөгөө талын үзүүр нь тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна.

Е.Монгол гэрийн гэрлийн унтраалга бүхий хэсгийн унинаас хураан авсан шар өнгийн уяа 1 ширхэг гэж хаягласан, шар өнгийн 21,5 см урттай, 0,1 см өргөнтэй уяаны 2 талын үзүүр тэгш таслагдсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн утас уяануудад үүсгэгдсэн зүсэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг заазуураар үүсгэгдсэн байх боломжтой.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 04-ний 70 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 129-133/,

 

- “...1.М.Ж-ы биед учирсан гавал тархины битүү гэмтэл дагзны баруун хэсгийн тархины хатуу  хальс дээрх цусан хураа, баруун дагз ясны хугарал, зүүн зулай ба 2 талт бөмбөлгийн завсар, баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины цусархаг няцрал, духны зүүн хэсгийн хуйхан доорх баруун чамархайн булчинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, доод уруулын салст, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна зүүн хацарт зулгаралтын гэмтэл нь амьд ахуй үед үүссэн болно.

... М.Ж-ы биед илэрсэн хүзүү хоолойны дээд хэсэгт доороос дээш урдаас хойш чиглэлтэй дагзны төвгөрийн орчимд задгай төгссөн өмнө хэсэгт 0,5 см өргөн баруун хажуу хэсэгт 2 салаалсан 0,2 см өргөн зүүн хажуу хэсэгт 1 см өргөн хэмжээтэй зулгаралт бүхий жигд бус дарагдлын хүрэн бор ором нь амьд ахуй үед үүссэн байх боломжтой ба 0,5 см өргөнтэйгөөс багагүй хэмжээний жигд бус материалтай мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүзүү хоолой дахь энэ ормыг хохирогч суугаа буюу хэвтээ байх тохиолдолд бусдын үйлдлээр үүсгэгдэх боломжтой байна.

...Хэргийн газрын үзлэгээр Цагдаагийн шуурхай бүрэлдэхүүний хамт очиж 11 цагийн үед цогцост гадна үзлэг хийхэд талийгаач нь бие бялдрын хувьд туранхай, хүүрийн хөшилт болон хүүрийн толбо сул илэрсэн, нүдний салст болон бэлэг эрхтний төмсөгний гадна хальс бага зэрэг хатсан зэрэг шинжээр 2021 оны 02.12-ны өдрийн 06-08 цагийн үед нас барсан байх боломжтой.

...Аливаа хүн гавал тархины гэмтэл авсан даруйд биеэ хамгаалж эсэргүүцэх зэрэг хөдөлгөөн хийж болно. Харин ийм гэмтэл авсан хүн цаашид хугацаа өнгөрөх тусам дээрх үйлдэл буюу бие хамгаалах бусдыг эсэргүүцэх зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх чадвар нь багасдаг, тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд гавал тархины битүү гэмтэл авсан бол өөрийгөө хамгаалан бусадтай тэмцэлдэх зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх боломжийг улам багасгадаг.

Талийгаачийн биед илэрсэн гавал тархины гэмтэл нь хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход ийм гэмтэл үүсэх боломжгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 386 дугаартай дүгэлт /2 дахь хавтаст хэргийн 153-154/,

 

-Ц.М-ын биед үзлэг хийсэн тухай Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн эмчийн тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 192, 206/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын зүгээс “...Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, заалт шүүгдэгчийн үйлдсэн гэх үйлдэл тохирохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 хохирогчийн биеэ хамгаалж болохыг мэдсээр байж хүнийг алсан болох нь тогтоогдсон гэж байгаа ч эргэлзээтэй. Улсын яллагч сэжигтний өөрийн өгсөн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Бусад нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл шүүгдэгчийн хэлсэн зүйл нь бусад нотлох баримт буюу хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уяаг шинжлэн судлахад уяаны нэг үзүүр түлэгдсэн, нөгөө үзүүр таслагдсан байна. Шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө гал тогооны шүүгээнээс заазуур авч үзүүрийг нь тасалсан гэсэн байсан. Гэтэл нэг үзүүр нь түлэгдсэн байна. Эд мөрийн баримтыг харвал шүүгдэгч энэ үзүүрийг нь түлээд нөгөөхийг нь тасалсан болж таарах гээд байна. Тэгэхээр шүүгдэгч өөрийн санаж, мэдэж байгаа зүйлийг ярьсан биш байж болох юм гэсэн зүйлийг ярьсан байна. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг өөрөө эргэлзээтэй байна.

Мөн шүүгдэгч мэдүүлэгтээ дээр нь гарч боосон гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд араас буюу хойноос татах үйлдлээр дээрх ором үүснэ гэсэн боловч шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө аль нь ч байж болно гэж хэлсэн. Гэхдээ дээрээс нь дарсан бол чихний ард ором гарах ёстой байсан. Гэтэл тийм ором байгаагүй. Урдаас бооход хохирогчийн биед үүссэн ором үүсэх боломжтой гэж дүгнэж байгаа нь өөрөө эргэлзээтэй байна. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгчийн мэдүүлэг өөрөө эргэлзээтэй. Мөн хохирогчийг согтуу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж амь насанд нь хүрсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харвал шүүгдэгчийн биед ч мөн олон тооны жижиг гэмтэл учирсан. Талийгаач Ц.М-ыг галын хайчаар цохих үед шүүгдэгч будаа агшаагчийн доторх савыг авч цохисон үйлдэл нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан болж таарч байгаа юм. Тэгэхээр хүнийг санаатай алах гэмт хэрэг биш. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинж хангагдаж байна гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэж,

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын зүгээс: “...Улсын яллагчийн шүүгдэгч Ц.М-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.М- нь хохирогч, сэжигтэн, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Ц.М- Жаргалсайхантай хамт амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Тухайн өдөр хохирогч үл ялих зүйл буюу куртик оёод өг гэхээр нь өглөө оёод өгье гэсний төлөө шүүгдэгчийг галын хайчаар цохисон талаар хэлсэн. Цохих үед нь Ц.М- ядаж л чи миний нүүрнээс өөр газар цохиорой гэж хэлээд байгаа нь энэ нөхцөл байдал өмнө нь нэг бус будаа давтагдаж байсан, шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан гэдэг нь харагдаж байна. Гэрч нарын мэдүүлгээр энэ үйл баримт бас тогтоогдоод байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь талийгаач Ц.М-ыг үснээс татаж байсан гэж хэлсэн. Талийгаачийг хүч хэрэглэн дарамтлах биш өөрөө хүчирхийлэлд байсан нь харагдаж байсан. Талийгаач заазуур бариад шүүгдэгчийн хоолойд тулгаж байсан гэж хүүхэд ярьсан. Магадгүй тэгэх вий гэдэг үүднээс будаа агшаагчийн савтай усыг шидсэн. Энэ цаг хугацаанд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл цочирдсоны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Хохирол төлбөрийн тухайд өмгөөлөгчийн зардал 1 сая төгрөгийг хасаж тооцоод 6432311 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа.” гэж мэтгэлцэж байна.

 

“Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах” гэж өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.

 

Амь хохирогч М.Ж- нь хэрэг учрал болох үед Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2 дахь хавтаст хэргийн 20-21/ нотлогдож байгаа боловч хохирогчийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Ц.М- нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Учир нь амь хохирогч М.Ж- нь “амьсгалын хурц дутагдлаар нас барсан” болох нь Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2 дахь хавтаст хэргийн 52-54/ нотлогдож байгаа ба шүүгдэгч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би тухайн үед согтуу байсан учраас миний баримжаагаар 20-30 минут орчим би уяаны тасархайгаар нөхрийнхөө хоолойг боосон. Нөхөр намайг ер нь зоддог. Ингэж амьдарч байхаар нөхрийнхөө амийг хорооё л гэж бодож уяа тасалж би нөхрийнхөө хоолойг боосон.” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.М- нь талийгаачийн амь насыг хохироох зорилгоор хоолойг нь боосон бөгөөд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийн аль нэг нь үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар амь хохирогч М.Ж- нь гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, 2 удаа эрүүлжүүлэгдэж байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ц.М- нь байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар ямар нэгэн бичгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ц.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэг учрал болох үед шүүгдэгч, амь хохирогч нар харилцан зодолдож, улмаар шүүгдэгч Ц.М- нь будаа агшаагчний төмөр саваар талийгаачийн толгойн тус газар 2-3 удаа цохьсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт “...эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн будаа агшаагчний төмөр сав нь бүтэн байсан бөгөөд талийгаачийг 2-3 удаа толгойн тус газарт нь энэ саваар цохисны дараа тухайн сав амсар хэсгээрээ хонхойсон” гэж мэдүүлэг өгч байгаа ба амь хохирогч М.Ж-ы биед учирсан “гавал тархины битүү гэмтэл дагзны баруун хэсгийн тархины хатуу  хальс дээрх цусан хураа, баруун дагз ясны хугарал, зүүн зулай ба 2 талт бөмбөлгийн завсар, баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины цусархаг няцрал, духны зүүн хэсгийн хуйхан доорх баруун чамархайн булчинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, доод уруулын салст, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна зүүн хацарт зулгаралтын гэмтэл нь амьд ахуй үед үүссэн” бөгөөд хүний гараар цохиход ийм гэмтэл үүсэх боломжгүй.” болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 386 дугаартай дүгнэлтээр /2 дахь хавтаст хэргийн 153-154/ нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч нь амь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг мэдсээр байж, амь насанд нь халдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирогч М.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Маш их гомдолтой байна, Ц.М-оос бид 7432311 төгрөг нэхэмжилж байна.” гэж мэдүүлж байх бөгөөд холбогдох баримтаа /1 дэх хавтаст хэргийн 128-132, 136-142/ хавтаст хэрэгт хавсаргасан байна.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1-т “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан бөгөөд хохирогч нь сайн дураар өмгөөлөгч сонгон авсан байх тул өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний хөлс болох 1000.000 /нэг сая/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 6.432.311 төгрөгийг шүүгдэгч Ц.М-оос гаргуулж, хохирогч М.Б-д олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шатанд төлсөн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Архины хамааралтай, хоёулханаа хэрэг гарах үед байсан учраас гэм буруутай.” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.М- нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.М- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

М.Ж, Ц.М- нарын хүү болох 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Ж.Т-ийн асран хамгаалагчаар түүний эх нэгт төрсөн эгч болох Г.Н-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга томилсон /3 дахь хавтаст хэргийн 59/ байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 244 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 дугаартай 1 ширхэг хар өнгийн савхин куртикийг хохирогчид,16 дугаартай 2 ширхэг гар утсыг хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгож, 9, 10, 17 дугаартай хураагдсан гар, хурууны мөрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1, 2, 3, 5, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 дугаартай хэрэгт хураагдсан 2 ширхэг заазуур, будаа агшаагчийн доторх сав, галын хайч, дэгээ төмөр, 2 ширхэг 0.5 граммын Хараа архины шил, 2 ширхэг төмөр нарийн утас, 4 ширхэг уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Ц.М-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 244 /хоёр зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 дугаартай 1 ширхэг хар өнгийн савхин куртикийг хохирогчид,16 дугаартай 2 ширхэг гар утсыг хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгож, 9, 10, 17 дугаартай хураагдсан гар, хурууны мөрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1, 2, 3, 5, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 дугаартай хэрэгт хураагдсан 2 ширхэг заазуур, будаа агшаагчийн доторх сав, галын хайч, дэгээ төмөр, 2 ширхэг 0.5 граммын Хараа архины шил, 2 ширхэг төмөр нарийн утас, 4 ширхэг уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.М-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ

 

ШҮҮГЧИД                                                                        Н.ИДЭР

 

     Б.ИХТАМИР