Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0265

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0238/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Хохирогч М.Н-,

Шүүгдэгч Ц.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-т холбогдох эрүүгийн 2118000000272 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.Х, 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, хөрөөчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын 86-05 тоотод иргэн М.Н-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх, цус хуралт, баруун дал, 2 гарын бугалга, 2 гуянд цус хуралт, хэвлий орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ц.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өглөө хажуугийн айлын хүнтэй 2 том пиво, дараа нь 0,75 литрийн архи уугаад тасарсан байсан, юу ч санадаггүй.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

-Хохирогч М.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ компанид ажилд ороод өдөрт 2 удаа, 6 хүний хоол хийдэг юм. Эхний хоол 10:00-12:00 цагийн хооронд болдог. Тухайн өдөр 11:00 цагийн үед хоол бэлтгэж байхад энэ хүн согтуу орж ирсэн. Урд өдөр нь ч уусан, тэр өдрөө ч уусан байсан. Архи уухаараа дандаа агсан согтуу тавьдаг юм. Тухайн компанид цуг ажилладаг н.Орхонхүү гэдэг хүнийг зодсон байсан. Би ажил дээрээ очихдоо захирлыг нь дагуулж очоод, энэ хүнийг эрүүлжүүлээч гэж хэлсэн боловч эрүүлжүүлээгүй. Би оройн хоол хийхээр 17:00 цагийн үед хоолоо бэлтгээд байж байтал шүүгдэгч нэлээн согтуу гэрээсээ орилж гарч ирээд, над руу орилоод, хэл амаар доромжлоод байхаар нь юу болсон бэ гээд эргээд хартал миний нүүр лүү гараараа цохисон. Намайг газарт налаад унасан байхад, одоо өмссөн байгаа хар гутлаараа дэвссэн. Харин н.Орхонхүү гэдэг залуу ирж, шүүгдэгчийг хүлж тавьж байгаад цагдаад өгсөн. Намайг зодож байх үед 2 хүн байсны нэг нь болох н.Ганаа гэдэг залуу шүүгдэгчийг гэрээс аваад гарсан юм. Гэтэл удалгүй дахин орж ирээд, намайг зодсон учир би цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 1/,

-Хохирогч М.Н-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2/,

-Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай найз М.Н- над руу утсаар залгаад “хамт манай ажил дээр очоод хоол хийчхээд ирье” гэхээр нь хамт Хөтөл хороололд ажил дээр нь 18 цагийн орчим очоод хоол хийх бэлтгэл хийж байхад гаднаас нэг үл таних залуу орж ирээд М.Н- бид хоёр руу ус цацаад манай найз руу дайрахаар нь салгаад ширээн дээр байсан хутгыг далд хийж гадаа гарч хүн дуудаад эргээд орж иртэл тэр залуу манай найзыг буланд шахчихсан хэл амаар доромжилж заналхийлж байсан. Тэгээд нөгөө залууг салгаад цехээс гаргатал дахин гүйж орж ирээд М.Н-ыг өшиглөсөн. Тэгээд тухайн үед гаднаас Орхоо гэх залуу орж ирж байж тэр залууг М.Н-аас салгаж цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 10-12/,

-Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг гээд Дархан-Уул  аймаг дахь Цагдаагийн газраас нохойн хоол авах гээд Дархан сумын Хөтөл хорооллоос ирсэн байсан юм. Намайг явах гэж байхад манай тогооч М.Н- хоолоо хийх гээд ирчихсэн бэлтгэж байсан юм. Харин манай ажлын газарт хамт ажилладаг Ц.Х- гэх залуу манай ажлын газрын хашаанд гэр барьж амьдардаг юм. Тухайн гэртээ намайг цагдаа руу явах гэж байхад ганцаараа архи уугаад сууж байсан юм. Тэгээд би цагдаа руу явчхаад ирж байсан чинь манай тогооч М.Н- над руу залгаад “энэ Ц.Х- чинь намайг аллаа, намайг ирж аваач ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маш хурдан яваад очиход Ц.Х- хашаан дотор мод барьчихсан явж байсан юм. Тэгээд над руу дайраад надтай зодолдъё гээд байхаар нь би барьж аваад олсоор хүлээд цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

-“М.Н-ын биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх, цус хуралт, баруун дал, 2 гарын бугалга, 2 гуянд цус хуралт, хэвлий орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 18-19/,

-Хохирогч М.Н-т эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 20-21/,

 

-Хохирогч М.Н-аас гаргаж өгсөн эмнэлгийн болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 38-40, 93-96/,

 

-Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 99, 102/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Х- нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг, Хөтөл хорооллын 86-05 тоотод иргэн М.Н-ын эрх чөлөөнд нь халдаж “зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх, цус хуралт, баруун дал, 2 гарын бугалга, 2 гуянд цус хуралт, хэвлий орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 18-19/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч М.Н- нь эмчилгээний зардалд 1187796 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа бүрдүүлж ирүүлсэн бөгөөд хохирогч М.Н-ын иргэний нэхэмжлэлээс ковид-19 халдвар авахдаа хэрэглэсэн лянхуа эмийн үнэ болох 135500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1052296 төгрөгийг шүүгдэгч Ц.Х-аас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Ц.Х- нь завсарлага авсан хугацаандаа төлж барагдуулсан /хавтаст хэргийн 99, 102/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Х-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Харин хохирогч М.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Х- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Ц.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Х-т анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Х-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ