Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00767

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэр,                     

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч С.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажилласан. Захирал С.Оюунбат нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182\ШШ2017\01861 дугаартай шүүхийн шийдвэрээр намайг ажилд орсноос хойш томилогдон ажилласан юм. Тус төвийн захирал С.Оюунбат нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б\18 дугаартай тушаалаар Э.Н- намайг ажил тасалсан, ээлжийн амралтаа дураараа эдэлсэн, ажлын байр орхин явсан гэж буруутган ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Энэ тушаалыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа очиход бүх ажилчдын хурал дээр танилцуулаад надад өгсөн. Захирлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А\30 дугаартай тушаалаар багш, ажилтнуудын 2018 оны ээлжийн амралтын хуваарийг гаргахдаа миний амралтын хуваарийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гаргасан ба Ерөнхий нягтлан бодогч нь ажлын шаардлагаар хагас жилийн тайлан гаргана, сарын мэдээ зэрэг хугацаатай ажлууд байгаа болохоор "08 дугаар сарын 01-ний өдрөөс амрая" гэдэг саналаа хэлэхэд захирал зөвшөөрч, миний амралтын хуваарийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан тушаал танилцагдсан. Надад амралтын мэдэгдэл өгөөгүй. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс амрах тухайгаа Захиралд мэдэгдээд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажиллаад амарсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 28, 29, 31-ний өдөр бүтэн ажил тасалсан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрх зүйлээр шалтаглан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул захирлын Б\18 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, намайг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ХАА-н Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал С.Оюунбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ХАА-н Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар нягтлан бодогчоор ажилд орсон байсан. Шинэхэн ажилд томилогдоод удаагүй байсан залуу хүнийг дэмжье гээд Э.Н-той хамтран ажиллах болсон. Гэтэл суурь хүмүүжил, төлөвшилт муутай ажил хэрэгч бус, барин тавин худал хэлдэг, архинаас ихээхэн хамааралтай зэрэг нь анзаарагдах болсон юм. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн захирлын тушаалуудаар шат дараалсан сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил хийдүүлсэн, ажил тасалсан нь архидан согтуурах болон архи хэтрүүлэн уусантай холбоотой байсан. Тухайлбал 2013 оноос манай сургуультай олон улсын төсөл хэрэгжүүлж байгаа /6 дахь жилдээ/ ХБНГерман улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 5 талт гэрээний дагуу тухай бүрд нь буцаан шилжүүлдэг байсан зардлыг нягтлан бодогчийн буруугаас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийгдэх байсан гүйлгээ хагас жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сар хүртэл хойшилж хоёр байгууллагын хооронд үл ойлголцол үүссэн байдаг. Мөн өөрөө ээлжийн амралтаа эдэлж байгаа атлаа өөртөө нэмэгдэл урамшуулал авдаг гэх мэт зөрчил дутагдлуудыг гаргасан. Өнөөдрийн байдлаар 17 зүйлийн 9 сая гаруй төгрөгийн өглөгтэйгөөс гадна ажил хүлээлцэхдээ согтуу байдалтай хүлээлцсэн. Нягтлан бодогчийн программыг огт ашиглаж байгаагүй нь илэрч жил хагас ажиллахдаа санхүүгийн бичиг баримтаа эмх цэгцэнд оруулаагүй, үдэж хавтаслаагүй, задгай замбараагүй байдалтай байсан. Ээлжийн амралтын хуваарь батлах үед санхүүгийн ажилчид хагас жилийн тайлан гаргах ажилтай байдаг тул 8 дугаар сарын эхний 7 хоног ажиллаад амрах нь зөв гээд хуваарь баталсан байсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Э.Н- нь сургуулийн коридорт надтай тааралдаад ээлжийн амралтаа авлаа гэж хэлээд явсан. Э.Н- нь сургуулийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн учраас сахилгын шийтгэлийг шат дараалан шийтгэл оногдуулаад засрахгүй болохоор нь ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Иеншөөбү овогт Эрдэнэцогтын Нямдоржийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2.010.205 /хоёр сая арван мянга хоёр зуун таван/ төгрөгийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Э.Н-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 47.113 /дөчин долоон мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалаар: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ерөнхий нягтлан бодогч Э.Н- нь 2018 оны 06 дугаар сараас хойш ХАА-н МСҮТ-ийн шилэн дансанд санхүүгийн мэдээлэл огт байршуулаагүй, нягтлан бодогчийн программыг огт ашиглаж байгаагүй нь илэрсэн бөгөөд жил хагас ажиллахдаа санхүүгийн баримт бичгийн бүрдэл дутуу, мөн үдэж хавтаслаж архивт өгөөгүй, 2019 оны төсвийн төсөөллөө ХНХЯаманд хүргэхдээ томоохон алдаа дутагдал гаргасны улмаас хоёрын хоёр багш 5-н жилд нэг удаа олгогдог хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжээ авч чадахааргүй болсон. Э.Н- нь хөдөлмөрийн сахилга бат алдаж байгууллага болон хувь хүмүүсийг санхүүгийн хувьд ихээхэн хохироосон үйлдлүүдийг удаа дараалан гаргаж байсан. Миний бие Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Э.Н-ийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгуулах тухай” 660 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Учир иймд Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын сарын 24-ны өдрийн 03 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас Му-ын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Э.Н-ийн “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Булган аймаг дах Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төв эс зөвшөөрөхдөө “...удаа дараа сахилгын зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч нь 2018 оны 9 дугаар сарын 3-ний өдөр Б/18 дугаар тушаал гаргаж, Э.Н-ийг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дур мэдэн 7 дугаар сарын 31-нээс амарна хэмээн ажлын байраа орхин явсан, 2018 оны 8 сарын 28, 29-нд үдээс хойш, 31-нд бүтэн өдрийн ажил тасалсан, 2017 оны 9 дүгээр сарын 22, 2017 оны 12 сарын 15-ний өдрүүдийн захирлын тушаалаар сахилгын шийтгэл удаа дараа хүртсэн боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, ажил таслах, өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй байх, ёс зүйн ноцтой зөрчил, дутагдал алдаа завхралыг дахин давтан гаргасан гэжээ /хэргийн 5 дугаар тал/.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ээлжийн амралттай байсан ба 8 дугаар сарын 28, 29, 31-ний өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нотлогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Э.Н- нь 2018 оны 06 дугаар сараас хойш ХАА-н МСҮТ-ийн шилэн дансанд санхүүгийн мэдээлэл огт байршуулаагүй, нягтлан бодогчийн программыг огт ашиглаж байгаагүй, санхүүгийн баримт бичгийн бүрдэл дутуу, үдэж хавтаслаж архивт өгөөгүй, 2019 оны төсвийн төсөөллөө Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд хүргэхдээ алдаа дутагдал гаргасны улмаас хоёр багш тэтгэмжээ авч чадаагүй талаар дурдсан боловч энэ талаар ажлаас халах тушаалд дурдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Оюунбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ