| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1714001220077 |
| Дугаар | 2018/ДШМ/029 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2018/ДШМ/029
С.Хэд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч С.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Хийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор С.Хэд холбогдох эрүүгийн 1714001220077 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Тэмээчин овогт С.Х, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аулсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
С.Х нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жошийн эх” гэх газарт Тоёота Старекс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн, мөн 2.1 “а”-д зааснаар “жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-тэй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Бийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Тэмээчин овогт С.Хийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар С.Хээс 5.266.900 төгрөг гаргуулж хохирогч *******ад олгож, уг хохирлыг 2018 оны 8 дугаар сарын 24-ний дотор төлөхөөр тогтоож хяналт тавьж хэрэгжүүлхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1, 191.3-д тус тус зааснаар С.Хийн эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг гэрийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял оногдуулаагүйг тус тус дурдаж, С.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулуулхаар гомдол гаргаж байна.
Өмгөөлөх талаас анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг хэрэглүүлэх байр суурьтай орж, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ хэлсэн боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.6 дугаар зүйлийн 4-т заасан заалтуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Хэдийгээр шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг заавал хэрэглэх ёсгүй ч гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэлгүйгээр 5.266.900 төгрөгийг хохирогчид 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр тогтоож, тус хугацаанд хохирлыг төлөөгүй тохиолдолд С.Хийн эзэмшлийн 5 ханатай гэрийг гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, гэм буруугийн зарчим зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзээгүй нь энэрэнгүй бус шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нь хэдийгээр тус хохирлыг хохирогчид тухайн хугацаанд төлөхөө илэрхийлсэн хэдий ч нөхцөл байдлыг буруугаар төсөөлж ойлгосны улмаас хохирол төлөхөө бичгээр илэрхийлсэн байна гэдэг. Иймээс С.Х нь хохирогчид хохирол төлнө, харин эргэлзээтэй баримтаар нэхэмжилсэн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй бусдыг нь баримтын дагуу төлж барагдуулна гэж байгаа тул давж заалдах шатны шүүх миний гаргаж буй гомдолтой холбогдуулан хэргийг бүхэлд нь хянаж шударга ёс, хууль ёсны, гэм буруугийн зарчим зэргийг удирдлага болгон С.Хэд хорих ял оногдуулахгүй тэнсэж, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нотлох баримтын дагуу тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.Х гаргасан тайлбартаа: Миний зүгээс шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Би өөрийн хийсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа тухайн хэрэг гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд гэмшиж байгаа билээ. Мөн хохирогч талд миний буруу уучлаарай гэж хэлэхийг хүсэж байна. Талийгаачийн оронд би байхгүй яав даа гэж өдөр бүр л боддог.
Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багт ганцаараа амьдардаг, одоо 49 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, манайх нэн ядуу өрхөд хамаардаг. Надад 5 ханатай гэрээс өөр эд хөрөнгө байхгүй, хохирогчид учирсан хохирлыг төлнө. Гэхдээ хохиролд нэхэмжилсэн 5.266.900 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор миний бие төлөх боломжгүй. Учир нь надад анхан шатны шүүхээс хорих ял өгч хоригдсон байгаа ба миний урдаас тус мөнгийг олж өгөх, гэр бүл, ойр дотны хүн байхгүй учир тухайн мөнгийг төлөх боломжгүй нөхцөл байдал бий болж байгаа юм. Би анхан шатны хуралдаанд хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч тухайн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж хавар болж байгаа болохоор айлуудын ямаа самнаж хөлс авах, танилуудаасаа мөнгө зээлэх зэргээр хохирлын мөнгийг өгөх боломжтой гэж үзэж байсан юм. Гэтэл би өөрөө цагдан хоригдсон учраас тухайн буруу ойлголтоо залруулж хохирлыг хуулийн дагуу бодитоор тогтоолгох саналтай байгаа ба хуульд зааснаар үндэслэлтэй хохирлыг төлөхийг хүсэж байна.
Тиймээс хохирогчид үндэслэлтэй мөнгийг төлж үндэслэлгүйгээр буюу эргэлзээтэй, хууль бус нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй. Иймд өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлүүлэн гомдол гаргуулж байгаа бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.
Хохирогч ******* гаргасан тайлбартаа: С.Х нь миний ахын амь насыг машинаар мөргөн хохироосноос хойш нэг ч удаа ар гэр, ах дүү эхнэр хүүхдээс нь уучлалт гуйгаагүй. Шүүх хуралдаан дээр эхнэрээс нь уучлалт гуйсан гэж худлаа ярьсан байсан бөгөөд би шүүх хуралдааны дараа талийгаачийн эхнэрээс нь асуухад нэг ч удаа ирээгүй гэж хэлсэн. Хүнд сэтгэл байдаг бол ядаж хохирол барагдуулдаггүй юмаа гэхэд нэг ч удаа болов уучлалт гуйгаад ирээд уулзсан бол бидний гомдол цөхрөл тал хагас боловч барагдах байсан. Гэтэл шүүх хуралдаан дээр болон хэргийг шалгаж байх явцад С.Х биднээс уучлалт гуйж нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байж ялаа хөнгөрүүлье гээд зогсож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бид хөдөө мал дээр байдаг хавар мал төллөөд өнөөдрийг хүртэл шийтгэх тогтоол гарсныг гардаж аваагүй бөгөөд өмгөөлөгчөөсөө энэ тухай сонслоо. Бид хайрт ахынхаа нөхрийнхөө, аавынхаа алтан амийг алдчихаад байхад С.Хийн өмгөөлөгч нь биднийг хохирлын баримтан дээрээ регистрийн дугаараа бичээгүй байна, худлаа баримт цуглуулсан, эргэлзээтэй гэж гүтгэсэнд туйлын их гомдолтой байна. Бид 5 сая төгрөгнөөс ч илүү мөнгийг оршуулга болон буян номын ажилд зарцуулсан, хэргийг шийдэж дуусах хүртэл ирж очиход бензин шатахуун мөн сэтгэл санааны хувьд гэх мэтчилэн маш ихээр хохирсон. Харин ч энэ бүх зардлаа С.Хээс нэхэмжлээгүй. Бид зөвхөн хүнээ оршуулахад гарсан зардлаа л С.Хээс гаргуулахаар нэхэмжилсэн байтал хүн чанаргүй хүн сэтгэлгүй зан гаргаж байгаад туйлын их гомдолтой байна. Бид С.Хэд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн гэж боддог. Бид гэж байгаагийн учир нь би л гэр бүлийнхнийгээ төлөөлж байгаа болохоос биш миний ард түүний эхнэр 2 хүүхэд миний эгч нар бүгд хохирсон. Ер нь бол С.Х тухайн үед архи уусан гэдгийг талийгаачийн хүүхэд гэрчилдэг. Даанч тэнд байсан С.Хийн найзууд түүнийг өмөөрч худлаа ярьдаг тул бид үүнийг бүрэн нотолж чадаагүй юм. Бид С.Хэд маш их гомдолтой байгаа бөгөөд ял шийтгэл хөнгөдсөн, гомдол үндэслэлгүй гэж үзэж энэхүү тайлбараа гаргаж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл ******* *******, С.Х нар нь *******гийн эзэмшлийн “Hyundai Starex” маркийн 3648 БНХ улсын дугаартай автомашинаар зорчин явах үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жошийн эх” гэх газарт машинаа сайранд /хайрганд/ суулгасан, хохирогч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08-09 цагийн үед тэдний зорчин явсан тээврийн хэрэгслийг сайранд /хайрганд/ суусан газраас нь татан гаргах үедээ өөрийнхөө тээврийн хэрэгслийг уг хайрагтай газарт суулгаж, ******* *******, С.Х нарын зорчин явсан автомашиныг татан гаргасны дараагаар өөрийнхөө тээврийн хэрэгслийг татан гаргах үед С.Х нь Б.Бийг 3648 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөн түүнийг болгоомжгүйгээр дайрч, Б.Б нь нуруу нугас, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, анхан шатны шүүхийн шатанд уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлж С.Хийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруутайд тооцон хорих ял оногдуулсан нь, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу үндэслэл муутай болжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг гэж, 3.1.4-т “Зам” гэдгийг “тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг”, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, 3.1.5-д “Замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний
зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ гэж, 3.1.7-д “Замын хөдөлгөөнд оролцогч” гэдгийг замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлэхээр хуульчлан тогтоосон байна.
Хуулийн дээрх зүйл заалтуудаас үзвэл тухайн хэрэг учрал нь ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчих зурвас газарт үйлдэгдээгүй бөгөөд С.Х нь замын хөдөлгөөнд оролцож мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг”-ийг хүлээгээгүй этгээд юм.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” хэмээн заасан.
Хэдийгээр С.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолооч биш хэдий ч хор уршиг гаргахгүй байж чадна хэмээн тооцон тухайн автомашиныг урагш хөдөлгөхдөө хохирогчийг дайрч хор уршиг учруулсан тул түүнийг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд С.Хийг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08-09 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жошийн эх” гэх газарт *******гийн эзэмшлийн Hyundai Starex маркийн 3648 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүйгээр хөдөлгөн иргэн Б.Бийн амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн уг гэмт хэрэг нь хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч М.Туяа /хх-ийн 1-р хавтас 34-36-р тал/, ******* /хх-ийн 1-р хавтас 39-41-р тал/, гэрч ******* /хх-ийн 1-р хавтас 42-45-р тал/, ******* /хх-ийн 1-р хавтас 46-47-р тал/, ******* /хх-ийн 1-р хавтас 48-50-р тал/, ******* /хх-ийн 1-р хавтас 51-53-р тал/, гэрч ******* /хх-ийн 1-р хавтас 54-57-р тал/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 1-р хавтас 58-60, 178-179-р тал/ нарын мэдүүлэг болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 78-81-р тал/, хэрэг учралын газарт болон цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 6-14, 18-30-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үззх бүрэлдэхүүн үзэв.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар ийнхүү дүгнэлт хийсэнтэй холбогдуулан С.Хэд Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг түүний үйлдэл холбогдолд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хуулийн уг зүйл хэсэгт заасан төрөл, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээнд нийцүүлэн хорих ял оногдуулан шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргүүдэд оногдуулж болохоор хуульчилсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын дээд болон доод хэмжээ адил боловч 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ялгүй учир 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаас хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ.
Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Хэд хөнгөн ялтай хууль хэрэглэн хорих ял оногдуулсан хэдий ч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас дээш хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээнд нийцүүлэн хорих ял оногдуулсан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс С.Х нөхцөл байдлыг буруугаар ойлгож хохирол төлөхөө бичгээр илэрхийлсэн, эргэлзээтэй баримтаар нэхэмжилсэн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй бусад хохирлыг баримтын дагуу төлж барагдуулах тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч С.Х хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5.266.900 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөхөө хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх үед амаар болон бичгээр илэрхийлснийг шүүхээс харгалзан үзэж хохирлын баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлалгүйгээр төлбөр төлөх хугацааг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүх С.Хийн дээрх нөхцөл байдал болон түүнийг анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон хорих ял оногдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т “...давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” хэмээн заасан тул хэрэгт авагдсан хохирлын баримтуудад дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй юм.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Харин анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шийдвэрлэхдээ хууль тогтоогчоос эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байхад С.Хийг жолоодох эрхгүй хэмээн дүгнэж түүнд эрх хасах нэмэгдэл ял хэрэглээгүй, мөн шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял оногдуулаагүй...” гэж хуульд байхгүй ялын талаар дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4,
39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
11 дүгээр заалт болгон “...Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Хэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,
Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Тэмээчин овогт С.Хийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Тэмээчин овогт С.Хийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Тэмээчин овогт С.Хийг нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Тэмээчин овогт С.Хийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
Тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...уг хэрэгт С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял оногдуулаагүйг тус тус дурдсугай...” гэснийг “...С.Х нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Х нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ