Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 109/2021/0056/3 |
Дугаар | 221/МА2023/0535 |
Огноо | 2023-08-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0535
2023 оны 08 сарын 22 өдөр
| Дугаар 221/МА2023/0535 | Улаанбаатар хот |
“Н*** х*** о***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.А***, хариуцагчийн өмгөөлөгч Б.У***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н*** х*** о***” ХХК,
Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 109/ШШ2023/0010 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***, Т.Ч*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б*** нар.
Хэргийн индекс: 128/2021/0056/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н*** х*** о***” ХХК-иас шүүхэд хандан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 109/ШШ2023/0010 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.13-д заасныг баримтлан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 2008 онд газрын хэмжээг баримжаалан км-ээр тооцож, га-аар гаргасан байсан бөгөөд энэ асуудлыг цэгцлэх ажлын хүрээнд нарийвчлан солбицлыг тогтоосноор газрын хэмжээ нэмэгдэж тодорхойлогдсон. Иймд шинэ акт гарсан гэж үзэх үндэслэлгүй. 2008 оноос 2014 он хүртэл Газрын болон Кадастрын тухай хууль тогтоомж, программ шинэчлэгдэж тэр хүрээнд кадастрын алба газрын хэмжээ зааг шинэчлэн тогтоох асуудал ажил болж, 2006, 2007, 2008 оны тогтоолын утга агуулга хэвээрээ, 2008 оны тогтоолыг хүчингүй болгоогүй, үргэлжлэл болгон тогтоолоо шинэчлэн баталсан болох нь бүрэн илэрхийлэгдсэн байгаа тул шинэ акт гэж үзэх үндэслэлгүй,
3.2. Шинээр тусгай хэрэгцээнд газар аваагүй, 2008 оны тогтоолын дагуу үргэлжлэл болгон тусгай хэрэгцээнд авсан газрын солбицол хэмжээг нарийвчлан нягтлан тогтоож, 06, 07 гэж 2 хуваан тогтоолыг баталж, кадастрын албанд бүртгэгдсэн тэл агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй. Энэхүү тогтоолыг баталж байх үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй, Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж байсан.
3.3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд иргэд, малчдын бэлчээр, отор, хадлангийн талбайг нийтээр ашиглах Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7 дахь заалтаар орон нутгийн малчид, иргэдийн хууль ёсны эрх, хөндөгдөж байгааг судлан тэдний санал, санаачилга гаргасны дагуу дэмжин 2006 онд тусгай хэрэгцээнд авч 2007, 2008, 2014 онд баталгаажуулж шинэчилсэн. Тусгай хэрэгцээнд авсан талаар 2007 оноос “А*** д*** м***” ХХК шүүхэд хандан маргасаар 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 111 дугаартай тогтоолоор хүчинтэй хэвээр үлдээсэн байдаг. Эдгээр газар нь өдийг хүртэл хүчин төгөлдөр байсан бөгөөд 2018, 2019 оныг хүртэл сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай ямар нэгэн лиценз эзэмшигчтэй албан харилцаа холбоогүй байсан.
3.4. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын “Газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам” нь орон нутгийн тусгай хэрэгцээний газарт холбоогүй бөгөөд энэхүү журам нь Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор хүчингүй болсон ба эрх зүйн үйлчлэлгүй журмаар гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын хүрээнд мөрдөх журам учир энэ журам нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбоогүй, үйлчлэхгүй учир шүүх энэ талаар хэт нэг талыг барьж дүгнэсэн.
3.5 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоолыг гаргахдаа иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалтай эсэхийг тодруулж, нягтлан, шалгаагүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй.
3.6 Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх шинжийг агуулсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
4.1 Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан,
4.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ шүүх бүрэн гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг шалгаж, дүгнээгүй, хэт нэг талыг барьсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” үндэслэлээр тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
3.1. Анх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 42 дугаар тогтоолоор “тус сумын 1,2,4-р багийн нутаг дэвсгэрт байгаа /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрэмийн овгор/ нэр бүхий 7 газрыг сумын тусгай хэрэгцээнд авах”-аар,
2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 03 дугаар тогтоолоор “...тус сумын 1,2,4-р багийн нутаг дэвсгэрт байгаа /Төмөрийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрэмийн овгор/ ... нэр бүхий 7 газрыг сумын тусгай хэрэгцээнд 10 жилийн хугацаатай авахаар,
2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаар тогтоолоор “тус сумын 1,2,4-р багийн нутагт орших ... нэр бүхий 7 газрыг /Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрэмийн овгор, Төмөртийн толгой, Хүйтний нуур/ сумын тусгай хэрэгцээнд авч түүний зорилго, үндэслэл, хугацаа, ашиглах журам... байршил, хэмжээ, заагийг тус тус баталж шийдвэрлэсэн.
3.2. Маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “сумын нутаг дэвсгэрт орших Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг тус сумын тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэн, газрын байршил, солбицлыг 1 дүгээр хавсралтаар, тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацааг 2 дугаар хавсралтаар тус тус баталж,
мөн өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “сумын нутаг дэвсгэрт орших Бор бургаст, Хүйтний нуур, Хүрмийн овгор зэрэг газруудыг сумын тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэн, газрын байршил, солбицлыг 1 дүгээр хавсралтаар, тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацааг 2 дугаар хавсралтаар тус тус баталж шийдвэрлэсэн.
3.3. Нэхэмжлэгч “Н*** х*** о***” ХХК-ийн зүгээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6, 7 дугаар тогтоолоор тус компанийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “А*** д*** м***” ХХК-иас шилжүүлэн авсан ашигт малтмалын хайгуулын XV-008953, XV-006998 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт” хэмээн тайлбарлан маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн,
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно хэмээн,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын к-д Сум, дүүргийн Хурал нь “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” онцгой бүрэн эрхтэй хэмээн,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхтэй хэмээн,
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”,
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” хэмээн тус тус хуульчлан заасан.
5. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон тодорхойлж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх нөхцөл нь хариуцагчаас тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болох нь хэнд ч тодорхой байх тохиолдлыг заасан бөгөөд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөж, зөрчигдсөн байх тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх ёстой.
6. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаар тогтоолыг “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 тогтоолыг “...тухайн газрыг тусгай хэрэгцээнд авахдаа ... тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг үндэслэл болгож гаргасан” гэх үндэслэлээр захиргааны илт хууль бус акт хэмээн дүгнэсэн нь хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
7. Учир нь маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн тусгай хэрэгцээнд авбал зохих газрын талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх онцгой бүрэн эрхтэй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн дүгнэх боломжгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА