Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 249

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар “Хадгаламж” банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн нэхэмжлэлтэй, Б.Батжаргал, Ч.Батбаяр нарт  холбогдох  “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.366.111.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

              Нэхэмжлэгч:“Хадгаламж” банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

              Завхан аймаг, Улиастай суманд 1983 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Их монгол” хорооллын 903-ийн 8 тоотод оршин суух, “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны зээлийн менежер  ажилтай

                                       Харчин овгийн Батбаярын Цогтгэрэл  

                                       регистрийн  дугаар:ИЭ- 83060816

 

              Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхан тосгонд 1979 онд төрсөн,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхан тосгон, 1 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Замчид гудамжны 03 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй  

                                       Боржигон  овгийн  Чулууны Батбаяр    

                                       регистрийн  дугаар     МД- 79021979

 

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван нар   оролцов.

                                                                           

         Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: “Хадгаламж банк”-ны эх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  Нэхэмжлэлийн утга: “Хадгаламж” банкинд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А 153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага, хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

            Зээлдэгч Б.Батжаргал, Ч.Батбаяр нар нь Хадгаламж банктай 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 06 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 4.000.000  төгрөгийг 1,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан.

 

 

 

Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, 2 дугаар хороо, 02 дугаар хэсэг, Харваачдын 24 тоотод зурагт, хөлдөөгч зэрэг гэрийн бусад эд хөрөнгүүдийг барьцаалсан болно.  Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласанаас хойш үндсэн зээлийн төлбөрт  1.959.489.48 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 967.508.40  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23.622.24 төгрөг нийт  2.950.620.12 төгрөгийг төлсөн байна.

           Зээлдэгч Б.Батжаргал, Ч.Батбаяр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2015 оны 01-р сарын 20-ний өдөр дууссан. Банкны зүгээс зээлийн төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шаардлагыг хүргүүлж боломжит хугацаа өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

            Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 07 дугаар сарын 04-ний байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

  Үүнд:

  Үндсэн зээлийн үлдэгдэл: 2.040.510.52, Зээлийн хүүний үлдэгдэл:  1.110.319.16  төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 215.281.47 төгрөг

    Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 3.366.111.15 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлага:

   1.Хариуцагч  Б.Батжаргал, Ч.Батбаяр нараас зээлийн нийт төлбөрт 3.366.111.15 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурдсан эд хөрөнгүүдээс болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү!.

           2. Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж  өгнө үү! гэжээ.

  

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

        ... Би Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/155 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчаар томилогдсон. Ингээд Хадгаламж банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагаатай танилцсан. Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

          Б.Батжаргал, Ч.Батбаяр нар нь Хадгаламж банктай 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авч ашигласан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгон 2 дугаар хороо 2 дугаар хэсэг Харваачдын 24 тоот хаягт байрлах хөдлөх хөрөнгө болох зурагт, хөлдөөгч зэрэг эд зүйлийг барьцаалсан байсан. Зээлдэгч нар зээлийг авснаас хойш үндсэн зээлэнд 1.959.489.38 төгрөг, зээлийн үндсэн хүү 967.508.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.622 төгрөгийг төлсөн байна.

           Зээлдэгч Б.Батжаргал, Ч.Батбаяр нар нь зээлийн гэрээнд хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Зээлийн хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Үүнээс хойш зээлийг банкны зүгээс удаа дараа төлөхийг шаардсан, боломжит хугацааг өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

          Үүнд:

 

 

 

      -Үндсэн зээл болон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2.040.510.52 төгрөг, үндсэн зээлийн хүү 1.110.319.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215.281.47 төгрөг нийтдээ 3.366.111.15 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч Б.Батжаргал, Ч.Батбаяр нарын зээлийн нийт төлбөр 3.366.111.15 төгрөгийг зээлийн барьцаанд дурдсан хөдлөх хөрөнгө тэдгээрийн нийт үнийн дүнгийн хөрөнгөнөөс санхүүгийн эх үүсвэр болгон үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү!  ... гэв.

         Хариуцагч Ч.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ... Би Б.Батжаргалтай хамт амьдраад 2 охинтой болсон. Бид хамт амьдарч  байх хугацаандаа 2012 оны 09 дүгээр сард “Хадгаламж” банкнаас цалингийн зээл 4.000.000 төгрөг авсан. Зээл авснаас хойш эхнэр Б.Батжаргал нь 2 охиноо аваад надаас салж яваад сураггүй болсон. Одоо би өөр хүнтэй суугаад амьдарч байна. Б.Батжаргалтай ямар ч холбоогүй байгаа.  Авсан зээлээ би бие даагаад төлж байсан боловч  2013 оны 09 дүгээр сараас хойш санхүүгийн боломжгүй болсон учраас зээлээ төлж чадахаа больсон. Банкнаас надруу Б.Батжаргалыг асууж ирдэг байсан ч би үнэхээр хаашаа явсан, хаана амьдарч байгааг нь мэдэхгүй юм. Би энэ зээлийг төлж барагдуулна. Боломжтой бол 2017 оныг дуустал хүлээхийг хүсч байна... гэв.

 

                      Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж                          

                                                              Үндэслэх нь:

           “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Б.Батжаргал, Ч.Батбаяр нарт  холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3366.111.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Зээлдэгч Б.Батжаргал, Ч.Батбаяр нар нь “Хадгаламж” банк Дулаанхан тооцооны   төвөөс  2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 06 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 4.000.000.00 /дөрвөн сая/ төгрөгийг 1,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлийг Сэлэнгэ аймаг, Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, 2 дугаар хороо, 02 дугаар хэсэг, Харваачдын 24 тоотод зурагт, хөлдөөгч зэрэг гэрийн бусад эд хөрөнгүүдийг барьцаалан авсан байна.

            Зээлдэгч нар нь зээл  авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт  1.959.489.48  төгрөг, зээлийн үндсэн хүүнд 967.508.40  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23.622.24 төгрөг нийт  2.950.620.12 төгрөгийг төлсөн байна.

       Зээлдэгч Ч.Батбаяр, Б.Батжаргал нар нь 2013 оноос тус тусдаа амьдарч байгаа болон Ч.Батбаяр нь шүүх хуралдаанд “... Банкнаас надруу Б.Батжаргалыг асууж ирдэг байсан ч би үнэхээр хаашаа явсан, хаана амьдарч байгааг нь мэдэхгүй юм. Би энэ зээлийг төлж барагдуулна. Боломжтой бол 2017 оныг дуустал хүлээхийг хүсч байна...” гэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д  хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгэгчүүлэгч банк, үүрэг гүйцэтгэгч Б.Батжаргал, Ч.Батбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн гэрээний нөхцлийг зөрчөөгүй байна.

       Харин  банкны зүгээр зээлдэгч нартай байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 06 тоот цалингийн зээлийн гэрээний  хугацаа 36 сар буюу 2015 оны 01-р сарын 20-нд гэрээний хугацаа дууссан байхад зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр мэдэгдэл, шаардлага тавьж байсан эсэх нь тодорхойгүй байхад 2016 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл хүү тооцсон нь  үндэслэлгүй байна.

      Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл тооцсон хүү 540.958 төгрөгийг хасч хариуцагчаас үндсэн зээл 2040.510.52 төгрөг, зээлийн хүү 642.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.872 төгрөг нийт 2723.743.52 төгрөг гаргуулан  “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд  Сэлэнгэ аймаг, Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, 2 дугаар хороо, 02 дугаар хэсэг, Харваачдын 24 тоотод байрлалтай байсан Ч.Батбаярын хөдлөх хөрөнгө болох зурагт, хөлдөөгч зэрэг хөрөнгүүдийг хуулийн дагуу  худалдан борлуулж үүргийг  гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.   

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  хариуцагч  2723.743.52 төгрөгийн тэмдэгтийн хураамж   58530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

  

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь :

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2-д зааснаар зээлдэгч  Ч.Батбаяраас 2723.743.52 төгрөг гаргуулан  “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд  Сэлэнгэ аймаг, Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, 2 дугаар хороо, 02 дугаар хэсэг, Харваачдын 24 тоотод байрлалтай байсан Ч.Батбаярын хөдлөх хөрөнгө болох зурагт, хөлдөөгч зэрэг хөрөнгүүдийг хуулийн дагуу  албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 642.368 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар  хариуцагч Ч.Батбаяраас 58.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

         6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ