Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/01278

 

 

 

 

 

    2017 оны 04 сарын 13 өдөр

          Дугаар 101/ШШ2017/01278

    Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.Ц нэхэмжлэлтэй,     

 

    Хариуцагч: И.С холбогдох

 

    Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхбилэг,  хариуцагч И.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

              

Нэхэмжлэгч Ө.Цогтбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн ах Ө.Цогтбилэг нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр И.Сувдаад 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн боловч И.Сувдаа нь одоог хүртэл төлөөгүй тул зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч И.Сувдаагаар ямар нэгэн бичиг баримт хөөцөлдүүлж авсан зүйл байхгүй бөгөөд тайлбар нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч И.Сувдаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Ө.Цогтбилэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2,000,000 төгрөгийг авч, Ө.Цогтбилэгийн дүүгийн бичиг баримтыг мөнгөний хамт иргэн н.Алтангэрэлд дамжуулан өгсөн бөгөөд уг бичиг баримтыг Ө.Цогтбилэгт өгсөн. Ингээд бичиг баримтыг өөрсдийн гар дээр аваад одоо тухайн үед ярилцаж тохирсон мөнгийг н.Алтангэрэлд зээлийн гэрээ хийж өгсөн бөгөөд энэ мөнгө буцаан төлөгдөх ёсгүй гэж үзэж байна. Хэрэв бичиг баримтыг буцаан авчирч өгсөн тохиолдолд уг мөнгийг н.Алтангэрэлээс гаргуулахаар нэхэмжлэх болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Цогтбилэг нь хариуцагч И.Сувдаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч И.Сувдаа нь нэхэмжлэгчийн дүүд бичиг баримт гаргаж өгнө гэж мөнгө авч цааш нь н.Алтангэрэл гэгчид өгсөн, бичиг баримтыг Ө.Цогтбилэгт өгсөн тул мөнгө төлөх үндэслэлгүй, хэрвээ бичиг баримтыг буцааж өгвөл н.Алтангэрэл гэгчээс мөнгийг гаргуулж өгнө, тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ө.Цогтбилэг, хариуцагч И.Сувдаа нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус харилцан тохирч гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, “зээлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.

 

Уг гэрээний дагуу хариуцагч И.Сувдаа нь 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Цогтбилэгээс авсан бөгөөд зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

 

Ө.Цогтбилэг, И.Сувдаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийг нэхэмжлэгч Ө.Цогтбилэг нь хариуцагч И.Сувдаад хүлээлгэн өгсөн нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д алдангийн талаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тохирох алдангид 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурьдсанчилан зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй буюу зохигчдын хооронд өөр эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч И.Сувдаагаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Цогтбилэгт олгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Сувдаагаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Цогтбилэгт олгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ