Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 258

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар Б.Нямжавын нэхэмжлэлтэй “Шанд-Ургац” ХХК-д холбогдох “ногдол ашиг 14.500.000 төгрөг гаргуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

         Нэхэмжлэгч: Ховд аймагт 1960 онд төрсөн, дээд боловсролтой, агрономч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг,  06 тоотод оршин суух, тэтгэвэрт

                                            Цомбо овгийн, Балдангийн Нямжав

                                            регистрийн  дугаар: МП-60021566

 

          Хариуцагч: Улаанбаатар хотод 1961 онд төрсөн, дээд боловсролтой, тээврийн эдийн засагч мэргэжилтэй, Булган аймаг,  Булган сум, 2 дугаар баг, 2/б/-гийн 13-02 тоотод оршин суух, “Булган-АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирал ажилтай  

                                 Бээс овгийн Базарсадын  Батсайхан

                                 регистрийн дугаар:ХГ-61112374

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Отгонбаяр

Хариуцагчийн   өмгөөлөгч: П.Ган-Очир

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван  нар   оролцов.

                                                                           

                                                   Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч: Б.Нямжав  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн шаардлага: 14.500.000 төгрөг гаргуулах тухай                 

   Нэхэмжлэлийн утга: Б.Нямжав би 2002 онд өөрийн дүүгийн хамт “Шанд-Ургац” ХХК-ийг үр тарианы чиглэлээр анх байгуулсан юм. Улмаар 2009 оны 03 дугаар сарын 27-нд манай дүү Б.Давааням нь өөрийн эзэмшлийн хувьцааны 90 хувийг Б.Батсайхан, Х.Чинболд нарт шилжүүлж би өөрийн эзэмшиж байсан  эд хөрөнгө, газартайгаа үлдэхэд дээрх Б.Батсайхан, Х.Чинболд нар нэмж бид хөрөнгөө нэгтгэж компаниа хуучин нэрээр нь шинэчлэн байгуулсан юм.

   Ингээд тус компаний дүрэмд заасан ёсоор Б.Батсайхан 45 хувь, Х.Чинболд 45 хувь, Б.Нямжав 10 хувь  гэсэн харьцаатайгаар хувьцаа эзэмшихээр болсон юм. Тухайн үед миний бие уг компанийг үүсгэн байгуулж байсан. Мөн хөдөө аж ахуйн агрономич мэргэжилтэй мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай байсан компани ч үйл ажиллагаагаа явуулж байсан. Дараа нь 2012 оноос эхлэн команий үйл ажиллагаа алдагдаж ээлжит бүх гишүүдийн хурлыг огт хийхээ больж ноогдол ашиг, хувь хуваах ажлууд ор тас орхигдож компаний үйл ажиллагаа нууц далд хэлбэрээр захирлын үзэмжээр түүний давуу эрх ашигт захирагдаж явагдаж ирлээ.

 

 

 

      Ингэж компаний тухай хууль, компаний дүрмийг зөрчин үйл ажиллагаа явулснаар хувьцаа эзэмшигч миний эрх зөрчигдөж байна. Иймд би компаний үндсэн хөрөнгө болох үр тарианы зориулалттай газар тариалангийн газрыг бусдад түрээслэсэн төлбөрөөс өөрт оногдох 10 хувийг нэхэмжилж байна.

      Үүнд: 2013-2014 оны түрээсийн төлбөрт Цэрэндуламаас авсан түрээсийн 45 сая төгрөг, мөн 2014-2016 оны “Ачит-Оргил” ХХК-иас авсан 2 жилийн түрээсийн төлбөр 100 сая төгрөг, нийт 145 сая төгрөгний 10 хувь болох 14.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.

 

       Хариуцагч: Б.Батсайханы өмгөөлөгч П.Ган-Очир  2017 оны 01 дүгээр сарын 13-нд шүүхэд  гаргасан тайлбартаа:

       Нэхэмжлэгч Б.Нямжавын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд:

  1. Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь “Шанд-Ургац” ХХК-нь 2008,2008 онуудад тариалан эрхлэлтийг дэмжих санд техник болон шатахууны ихээхэн хэмжээний өртэй байсан тул намайг аваач гэдэг саналыг тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Давааням гэдэг хүн надад тавьсан. Үүний дагуу би 2009 онд өөрийн найз Х.Чинболдтой нийлж хөрөнгө оруулалт хийж уг компанийг авсан. Уг компанийг худалдан авч байх үед Б.Давааням нь эгч Б.Нямжавыгаа “битгий юмгүй орхиоч” гэж гуйсны  дагуу би компаний нийт хөрөнгийн 10 хувь болох 40 га газар, тоног төхөөрөмжийн хамт түүнд өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн тооцоогүй болсон гэдгээ тэр үедээ тохиролцсон.
  2. Компани худалдан авснаас хойш дараагийн хоёр жилд өмнөх хүмүүсийн тавьсан өрийг дарах гэж ажиллаад ашиг орлого сайн олоогүй бөгөөд түүнээс хойш ч гэсэн ашиг орлого олохгүй байсан учраас Д.Цэрэндулам, П.Ганзориг нарт түрээслүүлсэн. Б.Нямжав нь харин компаний техникийг түрээсгүйгээр эзэмшиж, 100 га газарт дураараа тариалалт хийж, түрээслэгч нарыг маань хөөж туун хэл амаар доромжлох болсон.
  3. Компани ашгийн төлөө ажилладаг нь үнэн боловч хувьцаат компаний хэлбэрээр хувьцаа гаргадаггүй тул Б.Нямжавт ашиг орлогын 10 хувийг өгөх боломжгүй юм.

        Иймд дээрхи үндэслэлүүдийг хянан үзэж миний үйлчлүүлэгч Б.Батсайханыг хариуцлагаас чөлөөлөн, Б.Нямжавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

 

       Нэхэмжлэгч: Б.Нямжав  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Миний бие 2002 онд “Шанд-Ургац” ХХК-нийг өөрийн дүү нарын хамт үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулж байх үед Давааням 35 хувь, Болормаа 30 хувь, Балжинням 25 хувь, миний бие 10 хувь гэсэн байдалтайгаар үүсгэн байгуулсан. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаад 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үсгэн байгуулагчийн тоо хоёроор хасагдаж  манай дүү Давааням 90 хувь, миний бие 10 хувийг эзэмших болж өөрчлөгдсөн. 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний дүү Давааням өөрийн 90 хувийг Б.Батсайхан, Х.Чинболд нарт шилжүүлсэн. Би өөрийн 10 хувиа аваад гарч болох л байсан. Намайг газар тариалангийн салбарт олон жил ажилласан туршлагатай гэсэн үүднээс энэ хүмүүс надтай хамтарч ажиллах санал тавьсан болохоор би энэ компанид үлдсэн. 2009 онд сантайгаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон. 2009-2011 онд компани хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. 2012 оноос компаний хэвийн үйл ажиллагаа алдагдаж Б.Батсайхан захирал бид нарт хэлэхгүйгээр компаний газрыг түрээслүүлж эхэлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн ч надад хэлдэггүй. Компаний дүрмээр би ногдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал хүсэлтээ хэлэх бүрэн эрхтэй. Гэвч миний энэ эрхийг маань надад олгож байгаагүй. Ингээд газар түрээслүүлж олсон ашгаас надад ногдох ёстой 14.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

 

 

Намайг ажилуулаач гэж дүү маань хэлсэн гээд байх юм. Би амьдралынхаа 35 жилийг газар тариалантай холбосон. Тиймээс би гуйгаад яваад байх шаардлагагүй. Намайг 100 га талбайд тариа тарьсан гээд байгаа. Энэ бол ор үндэсгүй худал зүйл юм. Хэрвээ тэгж хэлээд байгаа юм бол үүнийгээ нотлох хэрэгтэй. Нотолгоо байхгүй байж амандаа орсон үгээрээ хүнийг гүтгэж болохгүй гэж бодож байна. Бүхэл бүтэн 100.000.000 төгрөгийг эхнэрийнхээ дүүгийн дансанд хийчихээд мэдэхгүй гээд зогсож байгааг нь үнэхээр гайхаж байна ...гэв.

 

       Хариуцагч: Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    ...Би анх “Шанд-Ургац” ХХК-ийг Б.Нямжавын дүү Даваанямын санал тавьсаны дагуу авсан. Санал тавихдаа “өрөнд орчихлоо” гэж хэлж байгаад өгсөн. Гуйгаад байсан болохоор яалт ч үгүй уг компанийг авсан. Мөн надад зарах үедээ “манай эгчийг аваад ажлуулаач” гэж гуйсны үндсэн дээр би Даваанямыг эгч болох Б.Нямжавыг авч ажиллуулсан. Намайг авах үед энэ компани тариалан дэмжих сангийн өртэй байсан. 2009 онд тариа тарьсан боловч Сэлэнгэ аймгийн хэмжээнд маш их хэмжээний цас орж тариа цасанд бүрэн дарагдсан. Энэ байгалийн гамшгаас болоод маш их өрөнд орсон. Хэрэв үнэхээр 10 хувийг  эзэмших ёстой гэж яриад байгаа юм бол Б.Нямжав ч гэсэн энэ өрнөөс төлөлцөх ёстой. Өртэй байсан үеийн баримтуудыг бүгдийг нь хавтаст хэрэгт хавсаргасан. 2011 онд ургац сайн авсан нь үнэн. Үүнийг нуугаад байх шаардлага байхгүй. Гэвч хурааж авсан ургацаараа өрөө дараад ямар ч ашиггүй үлдсэн. 2012 онд Х.Чинболд “цаашид ажиллах боломжгүй боллоо” гэж хэлсэн. Тэгээд би энэ компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Би 2012 онд “Булган-АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш “Шанд-Ургац” ХХК-ний ажлыг хийж чадахаа больсон. Газар түрээслүүлсэн асуудал огт нууцаар явагдаагүй. 1020 га талбайг энэ хүний нүдэн дээр нь түрээслэсэн. Эхлээд Цэрэндулам гэж хүн надаас гуйсан болохоор би газраа түрээслүүлсэн. Надад 5.000.000 төгрөг л өгсөн. Түрээсийн гэрээ хийж байх үедээ “тариа хурааж аваад,  ургацынхаа 25-30 хувьтай тэнцэхүйц хэмжээний төлбөр төлөхөөр тохиролцсон. Гэвч тариа нь сайн ургаагүй, надад түрээсийн төлбөр ч төлөөгүй өнгөрсөн. Тэр үедээ Цэрэндулам “танай агрономич Б.Нямжавтай хэл амаа олохгүй байна” гэж над руу байнга ярьдаг байсан. Мөн Б.Нямжавыг “үржил шим сайтай газартаа өөрөө тариа тарьж хурааж авсан” гэх  талаар ч хэлсэн. Би тэр үед Б.Нямжавтай олон юм яриагүй. Газраа түрээслүүлж байгаа нь мөнгө олох зорилготой биш, тэр газрын л боловсруулалттай холбоотой гэдгийг ч хэлсэн боловч Б.Нямжав ойлгоогүй. Б.Нямжав хүссэн газартаа жил болгон 80-100 га талбайд байгууллагын техникээр тариа тарьж байсан. “Ачит-Оргил” ХХК-ний захирал П.Ганзориг гэж хүний талаар яриад байгаа. Би тэр хүнтэй уулзаж үзээгүй дууг нь ч сонсож үзээгүй. Би өөрөө ТӨХК-ний захирал хийж байгаа болохоор Булган аймгийн “Мөнхтүрүүн” компанийн захирал М.Ганзориг гэж хүнд итгэмжлэл олгосноор тэр хүн ажиллаж байсан. М.Ганзориг миний уулзаж ч үзээгүй тэр П.Ганзориг гэдэг хүнтэй хоёулаа түрээсийн гэрээ хийсэн байдаг. Би компаниа М.Ганзоригт итгэмжилж үлдээсэн болохоор хөндлөнгөөс оролцоогүй. Компаний дүрэм гэж нэг юм яриад байна. Би тэр дүрмийг нь одоо л харж байна. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 14.500.000 төгрөгийг өгөх ямар ч боломж байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү!

      Мөн миний хувьд Б.Нямжавыг муу ажилласан гэж хэлээгүй. Туршлагатай сайн хүн гэж дүү нь хэлсэн төдийгүй би ч гэсэн хүлээн зөвшөөрч ажилд авсан. Дүүгийнхээ нэрийг бариад “мөнгө аваад идчихсэн” гээд байгаа асуудал дээр сэтгэл эмзэглэж байна. Би өөрөө хуульч хүний гэрт өссөн. Надад худлаа яриад байсан зүйл байхгүй. Би Б.Нямжав болон түүний нөхрийг хэзээ ч хаана ч муу хэлж яваагүй. Хэрэв тэр П.Ганзориг гэдэг хүн намайг таньдаг гээд байгаа бол би нүүр тулж уулзъя гэдгээ хэлсэн. Компаний дансанд мөнгө орж ирсэн ч би гарын үсэг зурах эрх байхгүй. Тийм ч учраас би гарын үсэг зурах эрхээ М.Ганзоригт шилжүүлсэн юм. Мөнгө төгрөг өгсөн асуудлыг бол мэдэхгүй...гэв.

 

   Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад Үндэслэх нь:

 

             Б.Нямжав нь хариуцагч Б.Батсайханд холбогдуулан “Ногдол ашиг 14500.000  

      төгрөг” гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Б.Нямжав нь 2002 онд өөрийн төрсөн дүү нар болох Б.Давааням, Б.Болормаа, Б.Балжинням нарын хамт үүсгэн байгуулж тухайн үед Б.Нямжав нь 6000 хувьцаа буюу өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх 10 хувь, Б.Давааням 21000 хувьцаа буюу 35 хувь,  Б.Болормаа 18000 хувьцаа буюу 30 хувь, Б.Балжинням нь 15000 хувьцаа буюу 25 хувийг нийлүүлэн “Шанд-Ургац” ХХК-нийг байгуулан ажиллаж байгаад 2009 онд үүсгэн байгуулагчдаас Б.Болормаа, Б.Балжинням нар хасагдаж, Б.Давааням хувьцааны 90 хувийг, Б.Нямжав өөрийн 10 хувийг эзэмшиж Б.Давааням нь компаний захирлаар томилогдон үйл ажиллагаа явуулж байгаад Б.Давааням нь өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Б.Батсайхан, Х.Чинболд нарт шилжүүлэн өгч, “Шанд-Ургац” ХХК нь Б.Батсайхан 45 хувь, Х.Чинболд 45 хувь, Б.Нямжав 10 хувийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр компаний дүрмийг батлан Х.Чинболдыг тус компаний захирлаар томилон ажиллуулж байгаад, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр компаний захирлаар  Б.Батсайханыг томилж, компаний Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан байна.

            Хариуцагч Б.Батсайханы өмгөөлөгч П.Ган-Очир шүүхэд гаргасан тайлбартаа “...компаний нийт хөрөнгийн хуралдаанд “Нямжавт өөрт нь тодорхой техник, хувь болох га газар, тоног төхөөрөмжийн хамт өгсөн...” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч нэхэмжлэгчийг тус компаниас тусгаарласан, хөрөнгө таслаж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч татгалзлаа нотлосон баримтыг гаргаж ирүүлээгүй  байгаагааас гадна Б.Нямжав нь “Шанд-Ургац” ХХК-нийг үүсгэх байгуулахаас эхлэн одоо хүртэл тус компаний гишүүн, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч хэвээр байгаа болох нь хэргийн 26-29 дүгээр хуудсанд  авагдсан 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар батлуулсан, үүсгэн байгуулагч Х.Чинболд, Б.Батсайхан, Б.Нямжав нарын гарын үсэг зурж баталгаажуулсан ”Шанд Ургац” ХХК-ний дүрэм, ”Шанд Ургац” ХХК нь 2009 оны 01 дүгээр сарын 15-нд 1311006124 улсын бүртгэлийн дугаартай, 2705869 регистрийн дугаартай шинэчлэн авсан  Улсын бүртгэлийн гэрчилгээнд 2009 оны 03 дугаар сарын 27-нд “үүсгэн байгуулагчдын тоо 3 болон бүртгэгдсэн, мөн өдрөө захирлаар Х.Чинболдыг томилж, 2011 оны 10 дугаар сарын 28-нд Б.Батсайханыг захирлаар томилон өөрчлөлт оруулсанаас өөрөөр яман нэгэн өөрчлөлт орж бүртгэгдээгүй байгаа зэрэг баримтуудаар нотлогдсон, компаний дүрэмд зааснаар компаний ашиг орлогоос ногдол ашиг хүртэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн байна.  

          Нэхэмжлэгч нь “Шанд Ургац” ХХК-ний захирал Б.Батсайхан нь  компаний хөрөнгө болох газрыг 2014 онд иргэн Д.Цэрэндуламд 45.000.000 төгрөгөөр, 2015 онд “Ачит-Оргил” ХХК-ний захирал П.Ганзоригт 100.000.000 төгрөгөөр тус тус түрээслэн 145.000.000 төгрөгийн ашиг олсноос өөрт ноогдох 10 хувь буюу 14.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Иргэний хэргийн 5 дугаар хуудсанд “Шанд-Ургац” ХХК-ний захирал Б.Батсайхан, “Ачит-Оргил” ХХК-ний захирал П.Ганзориг нарын хооронд 2015 оны 03-р сарын 23-ны өдөр “Газар ашиглуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу  “Ачит-Оргил” ХХК нь  түрээсийн газрыг бүрэн ашиглаж, гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлсөн болох нь гэрч Ачит-Оргил” ХХК-ний захирал П.Ганзоригийн “...2015-2016 онд “Шанд Ургац” ХХК-тай газар түрээслэх гэрээ байгуулсан. Газар түрссэлэх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг жилд 21.100 доларыг тухайн үеийн монгол төгрөгийн ханшинд шилжүүлээд 2015 онд 50.000.000 төгрөг, 2016 онд  50.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. “Ачит-Оргил” ХХК нь “Шанд-Ургац” ХХК-ний захирал Б.Батсайхантай гэрээ хийгээгүй, Б.Батсайхан захирлыг төлөөлж М.Ганзориг гэдэг хүн нотариатын бичигтэй ирсэний дагуу би гэрээ хийсэн...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

           Хэдийгээр Б.Батсайхан  шүүх хуралдаанд “...би П.Ганзоригтой гэрээ хийгээгүй, түрээсийн төлбөрийг надад шилжүүлээгүй” гэж байгаа боловч “Ачит-Оргил” ХХК-тай гэрээ хийх эрхийг М.Ганзоригт 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр 1 жилийн хугацаатай олгосон, итгэмжлэлийн хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М.Ганзориг, П.Ганзориг нар нь “Газар ашиглуулах гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу “Шанд-Ургац” ХХК-нийг төлөөлж гэрээ байгуулсан М.Ганзоригийн “ХААН” банкан дахь 5003795214 тоот дансанд  түрээсийн төлбөрт 2015 оны 03 дугаар сарын 23-нд 50.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 03-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 19-нд 20.820.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

             Хариуцагч нь “... Компаний дансанд мөнгө орж ирсэн ч би гарын үсэг зурах эрх байхгүй. Тийм ч учраас би гарын үсэг зурах эрхээ М.Ганзоригт шилжүүлсэн юм. Мөнгө төгрөг өгсөн асуудлыг бол мэдэхгүй...”  гэж байгаа хэдий боловч Компаний тухай хуулийн 46 дугаар зүлйийн 46.1-д заасан “компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргах...” гэсэн хуулийн дагуу “Шанд-Ургац” ХХК-ний дүрмийн 5 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж буй ногдол хувь хэмжээгээр ногдол ашиг авах” эрхтэй гэж зааснаар “Шанд-Ургац” ХХК-ний газрыг түрээслэн олсон ашиг нь тухайн компаний хөрөнгө болохын хувьд нэхэмжлэгчид түрээсийн орлогоос ногдол ашиг өгөх үндэслэлтэй байна.

             Харин хариуцагчийн зүгээс Компаний тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар  ногдол ашиг хуваарилах талаар хуулийн хүрээнд төлөөлөн удирдах болон компаний гишүүдийн хурал хуралдуулаагүй, ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгаа хэрхэн хуваарилах, компаний ашиг орлогын тайлан гаргаж хэлэлцэх зэрэг  асуудлуудыг орхигдуулсан нь хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг үгүйсгэх, эсхүл компани ногдол ашиг олгохгүй байх үндэслэл болохгүй юм. 

             Мөн хариуцагчийн зүгээс “компани ашигггүй ажиллаж байсан, алдагдалд орж байсан, цасанд тариагаар даруулж байсан, байгалийг гамшиг учирч байсан...” гэх талаар  баримтуудыг гаргаж ирүүлсэн боловч эдгээр нь 2010-2012 онуудад хамаарч байгаа ба нэхэмжлэгч нь 2013-2015 оны түрээсийн төлбөрөөс өөрт ногдох хувийг  нэхэмжилсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан үнэлэх боломжгүй байна.

      Нэхэмжлэгч Б.Нямжав нь “Шанд-Ургац” ХХК нь өөрийн үндсэн хөрөнгө болох газрыг 2014, 2015 онд түрээслэж 145.000.000 төгрөгийг ашиг олсон ба уг ашгаас өөрт ногдох 10 хувь болох 14.500.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Д.Цэрэндуламд газар түрээслэсэн түрээсийн төлбөрт 45.000.000 төгрөг авсан гэж байгаа боловч нэхэмжлэгч, түрээслэгчээс 45.000.000 төгрөгийг Б.Батсайхан авсан  болохыг нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй, мөн “Ачит-Оргил” ХХК-ний түрээсийн төлбөр гэх 100.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг М.Ганзоригт болон компанид шилжүүлсэн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

            Иймд хэрэгт авагдсан баримтуудаар “Ачит-Оргил” ХХК-иас түрээсийн төлбөрт шилжүүлсэн 80.820.000 төгрөгийн 10 хувь болох 8.082.000 төгрөгийг “Шанд-Ургац” ХХК-наас гаргуулан Б.Нямжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагын нотлогдоогүй хэсэг болох 6418.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 8.082.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд 144262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.12, 46.13-т зааснаар “Шанд Ургац” ХХК-наас ногдол ашиг болох 8.082.000 төгрөгийг гаргуулан Б.Нямжавт олгож, үлдэх 6418.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

          2.  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 144262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

         6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

                 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ