Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00803

 

Э.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02339 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 305 дугаар магадлалтай,

Э.Н-ын нэхэмжлэлтэй,

“М” ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 тоот тушаалаар ачаа шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон ажиллах болсон. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/477 тоот тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. БНЧУ-ын Travel Service A.S компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн гэх үндэслэлээр ажлаас халах үндэслэл болгосон. Би анх ажилд орсон өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа ажлын байрны гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж алдаа гаргаж байсан удаа үгүй болно. Мөн М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/427 тоот тушаалаар М ТӨХК-ийг 2017 оны Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр Зөрчилгүй дүгнэлт гаргахад идэвх зүтгэл гарган ажилласан Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хавсралтад нэр дурдсан ажилтнуудыг 1 сарын үндсэн цалинтай тэнцүү хэмжээний мөнгөн урамшуулал олгох тушаал гаргахдаа надад сануулж мэдэгдэлгүйгээр намайг зөрчил гаргасан хэмээн тооцож урамшуулалд хамруулаагүй нь захиргаанаас авсан арга хэмжээ гэж үзэж байгаа. Гэтэл ахин халах тушаал гаргасан нь давхардуулсан арга хэмжээ болж байна. Миний бие хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан, зөрчил дутагдал гаргаж байгаагүй, гэтэл ажлаас халсанд гомдолтой байна, ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “М” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/626 тоот тушаалаар Э.Н-ыг Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан ба Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 тоот тушаалаар тус хэлтсийн Ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор жинхэлсэн байдаг. М ТӨХК нь БНЧУ-ын Travel Service A.S компанитай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл агаарын хөлгийн нойтон түрээсийн 17/022 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байсан. Э.Н- нь ажлын байрны тодорхойлолтын дагуу нойтон түрээсийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан бөгөөд 2017 оны 10 сард Travel Service A.S компаниас нойтон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасны улмаас 552,143 ам.долларыг дутуу дүнгээр нэхэмжилсэн байдаг. Энэхүү төлбөр нь 2017 оны 9 сарын сүүлийн 15 хоногийн нислэгийн блок цагийн төлбөр байсан бөгөөд төлбөрийг нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, талууд хооронд өглөг авлагын тооцоо нийлж баталгаажуулаагүй байхад 122.410 ам.долларын барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буцаан олгосон ноцтой зөрчил гаргасан. Тухайн үед удирдлагын зүгээс хариуцлагатай ажиллах талаар анхааруулсан байдаг. Нэхэмжлэгчийн дээрх хариуцсан ажилдаа хайнга хандсан үйлдэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.1-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах Санхүүгийн данс бүртгэл будлиантуулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан эсхүл нөхцөл боломжийг бий болгосон ноцтой зөрчил юм. 2017 оны 11 сард Э.Н-д сахилгын арга хэмжээ авна гэж анхааруулсан. Мөн байгууллагатай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д зааснаар актаар баталгаажуулах, ажлын байрны тодорхойлолтын 14, 16, 18, 38, өөрөө хариуцан барагдуулах үүргээ биелүүлээгүй 2017 оны 10 сард авах байсан авлагыг 2018 оны 3 сард авсан. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Э.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02339 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Абшигад овогт Болдын Номинзулыг М ХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч М ХК-иас нэхэмжлэгч Э.Н-ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.656.122 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Э.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М ХК-д даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Н- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153.447 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 305 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 154.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны Ю дугаар сарын 23-ны өдрийн №183/ШШ2018/02339 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 305 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна

“М” ТӨХК нь БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл агаарын хөлгийн нойтон түрээсийн 17/022 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байсан. Нэхэмжлэгч Э.Н- нь ажлын байрны тодорхойлолтын дагуу нойтон түрээсийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан бөгөөд 2017 оны 10 сард Travel Service A.S компаниас нойтон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасны улмаас 552,143 ам.долларыг дутуу дүнгээр нэхэмжилсэн байдаг. Энэхүү төлбөр нь 2017 оны 9 сарын сүүлийн 15 хоногийн нислэгийн блок цагийн төлбөр байсан бөгөөд төлбөрийг нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, талууд хооронд өглөг авлагын тооцоо нийлж баталгаажуулаагүй байхад 122,410 ам.долларын барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буцаасан олгосон ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн үүргийн 14,. 16, 18, 38 зэрэг гүйцэтгэх ажлуудыг биелүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д заасан “Санхүүгийн тайлангийн хугацаанд авлага, өглөгийн тооцоог харилцагч байгууллагуудтай тухай бүр хийж, актаар баталгаажуулах, өр төлбөрийг тухай бүр өөрөө хариуцан барагдуулах....” үүргээ биелүүлээгүй. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээ дүгнэсэн актыг үйлдэх эрхтэй этгээд биш гэж үзсэн мөртлөө төлбөрийг дутуу нэхэмжилсэн, холбогдох санхүү баримт, гэрээний хэрэгжилтийг хянаж, нягтлаагүй барьцаа төлбөрийг буцаан олгосон, дээд шатны удирдлагаа мэдээллээр хангаагүй, өглөг авлагын тооцоо нийлсэн акт үйлдээгүй талаар дурдаагүй нь хэт нэг тал барьсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хариуцсан ажилдаа хайнга хандсан үйлдэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.1-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах “Санхүүгийн данс бүртгэл будлиантуулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан эсхүл нөхцөл боломжийг бий болгосон ...” ноцтой зөрчил юм. Энэхүү үйлдэл нь хор хохирол шаардахгүй, эргэн засагдсан ч гэсэн гаргасан зөрчил нь шууд халах ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 305 дугаартай магадлалыг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Э.Н-ын “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг хариуцагч “М” ХК эс зөвшөөрч маргасан байна.

Ажил олгогч нь 2018 оны 6 дугаар сарын 18-ний өдөр Б/477 дугаар  тушаал гаргаж, Э.Н-ыг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дах заалтыг үндэслэн “...нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн, ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил  гаргасан” гэжээ /хэргийн 10 дугаар тал/.

Ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.       

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

“Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний төлбөр тооцоог шалгасан тухай М ХК-ийн Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжид “...2017 оны 9 дүгээр сүүлийн 15 хоногийн нислэгийн 165.787 блок цагийн 389.600 ам доллар, 83.33 илүү цагийн 129.147 ам долларыг дутуу тооцоолж, төлбөрийг нэхэмжилж аваагүй” зөрчил илэрсэн талаар дурдсан байх боловч дээрх төлбөрт тус компани 552.143 ам доллар шилжүүлсэн нь тогтоогджээ /хэргийн 23-24, 114 дүгээр тал/.

Түүнчлэн зөвлөмжид Э.Н-ыг дээрх зөрчлөөс гадна бүх төлбөр төлөгдсөний дараа барьцааг буцаах тухай гэрээний заалтыг зөрчсөн, мөн гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, талууд хоорондын өглөг авлагын тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулж, баримтжуулаагүй талаар дурдсан боловч энэхүү байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

 Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02339 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 305 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 154.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ