Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 13

 

Ж, Т нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Батнасан

Хохирогч Т

Шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

          Шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, Б.Болормаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч П.Тайванбаярын өмгөөлөгч Б.Болормаа, М.Энхзаяа нарын давж заалдах гомдлоор Ж, Т нарт холбогдох 17160005600052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж, Т нар нь бүлэглэн 2017 оны 9 сарын 12-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Т-г зодож, баруун шилбэ, шаант ясны далд хугарал, 6 дугаар хавирганы хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж, Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч Т нь 2017 оны 9 сарын 12-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг "Их буудал" дэлгүүрийн дэргэд Д-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг бүлэглэж санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол бүлэглэж санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Шүүгдэгч  Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлж нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж-д оногдуулсан   07   сарын   хугацаагаар   хорих  ялыг  нээлттэй   хорих байгууллагад эдлүүлэхийг дурдаж, Шүүгдэгч Т, Ж нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т-с 1.010.000 төгрөг гаргуулж хохирогч Д-д олгохыг дурдаж, Хохирогч Д, Т нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлс, бусад орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч  нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Т-н өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Болормаа би Т  холбогдох   эрүүгийн 17160005600052  дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2018 оны 02-р сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолд дараах гомдолыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Т-г хохирогч Т-н биед хүнд хохиролыг     бүлэглэж санаатай  учруулсан   гэж үзэн   Эрүүгийн  хуулийн   11.4-р зүйлийн  2.1   дэх  хэсэгт  зааснаар  анхан   шатны   шүүх  ял   халдааж  хорих  ял оногдуулсаныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Хохирогчийн хөлийг Т, Ж нарын хэн нь хугалсан тодорхой бус байгаа хохирогч Т энэ талаар Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6-7 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ хугацаанд байнгын тогтворгүй худал мэдүүлэгүүдийг удаа дараа өгч байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн үед ч мэдүүлэгээ үнэн зөв бодитойгоор өгч чадаагүй өөрөөр хэлбэл хохирогч нь мэдүүлэгийнхээ эх сурвалжыг зааж чаддаггүй. Тухайлбал:

Хохирогч Төрбаяр нь анхны болон 2 дахь удаагийн мэдүүлэгээрээ "...тэр 3 залуу намайг 3-уулаа тал талаас өшиглөөд байсан анх унахад л хөл эвгүй болсон..." гэх мэдүүлэг/1-р хавтасны 34-35-р тал/,

3 дах удаагийн мэдүүлэгээр "...Миний урдаас эхэлж Б барьж авсан ардаас нэг нь цохисон яг хэн цохисоныг мэдэхгүй байна. Би нүүрээ дараад газар унасан дээрээс тэр 3 нийлээд л хөлөөрөө дэвсээд байсан. Би наад хөл эргэчихлээ шүү дээ гэхэд Б нь наадах чинь баашилж байгаа юм түрүүн намайг цохисон.." гэх мэдүүлэг, "...Ингээд газар унаад нүүрээ дарж байхад дээрээс 3-уулаа л дэвсээд байсан. Тэгж байхад миний хөл хугарсан. Хэнийх нь цохилтоос хөл хугарсаныг хэлж чадахгүй байна.. миний бодлоор Ж хугалсан гэж бодож байна.. гэх мэдүүлэг/1-р хавтасны 36-37-р тал/,

4 дэх удаагийн мэдүүлэгээр "... Миний хөлийг Т хугалсан..." гэх мэдүүлэг /1-р хавтасны 39-40 дэх тал,

5   дэх удаагийн     мэдүүлэгээрээ "..  Ер  нь бол  миний  хөлийг хэн хугалсан, хавирга хэн хугалсан, зүүн нүдний доод цус хуралт гэмтэлийг хэн учруулсан зэргийг мэдэхгүй байна анх бол уг нь Ж миний хөлийг хугалсан   гэж  бодож байсан....тийм  болохоор  би  прокурорын газарт  болон  талбай  дээр  Т, Б, Д нартай уулзахдаа ч гэсэн Ж миний хөлийг хугалсан гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг, ".. Цагдаа дээр дараа нь мэдүүлэг өгөхдөө Т миний хөлийг хугалсан гэж мэдүүлсэн.." гэх мэдүүлэг /2-р хавтасны 27-29 дэх тал/,

6  дах удаагийн мэдүүлэгээр "...Би тухайн үед Ж миний хөлийг хугалсан   гэж   бодож  байсан.   Ж   нь   надтай   барилцаж  авсан болохоор тэгж бодож байсан..." гэх мэдүүлэг /2-р хавтасны 32 дах тал/ Хамгийн  сүүлд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ яг хэн нь хугалсаныг мэдэхгүй байна гэх мэтээр удаа дараа өгсөн мэдүүлэгүүд нь тодорхой бус янз янз байдлаар мэдүүлэг өгч   мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байхад хохирогчийн эдгээр мэдүүлэгийн алийг нь   үнэлэж ял халдаасан нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

2. Мөн түүнчлэн Б-ын "... Д, Т нарыг хөөцөлдөөд явж байхаар нь гүйгээд очсон Д зугтаасан.... Д зам хөндлөн гараад Т, Ж  нарын зүг гүйсэн. Араас нь Т дагаад явсан би тухайн газарт очоод бугуйн цагаа унагаачихаад олж аваад 10-20 секунд орчим болоод Т-ын араас гүйгээд очиход Т нь хөл хугарчихлаа гээд орилоод байжбайсан..." гэх мэдүүлэг, "...Би бугуйн цагаа 10 секунд орчим хайж олоод шууд хархад Т, Т, Ж нар луу очиж байсан. Би тэр 3 руу очиход 10 секунд орчим хугацаа болсон.... Намайг харж байхад Т нь Т-г зодож цохисон асуудал байхгүй. Миний бодлоор Т нь Тэр 2 дээр очоод Т-г зодож цохих хугацаа өнгөрөөгүй.." гэх/мэдүүлэг 2-р ХХ-ийн 45-47 дах тал/ зэргээс харахад миний үйлчлүүлэгч Т нь хохирогч Т-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэл тодорхой тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж дээрх мэдүүлэгийг үнэлээгүй хэргийн бодит байдалд тал бүрээс бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

3. Миний үйлчлүүлэгч Т нь мөрдөн шалгах  ажиллагааны явцад Т-н хөлийг би хугалаагүй гэсэн тогтвортой мэдүүлэг өгч, харин хохирогч Д-д хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсээр байхад шүүх гэм буруугаа хүлээгээгүй гэдэг өрөөсгөл дүгнэлт хийсэн.

4.   Анхан шатны шүүх хохирогч Төрбаярын "... Би Ж-тэй барыдалдаад байж байхад араас шилэн хүзүү рүү цохиод би унасан. Доошоо харж унаад тэрнээс хойш хэн нь яаж цохьсоныг мэдэхгүй... би унаад дараа нь толгой руу цохьсон.  Би нэг хүн гэж бодоогүй бүгд зодсон гэж бодож байгаа. Намайг өргөлцөхөд 3 уулаа өргөсөн... гэх мэдүүлэгийг үнэлж байгаа мөртлөө "...бүгд зодсон.. 3 уулаа өргөсөн..." гэх мэдүүлэгээс харахад энд бас Ж, Т 2-оос гадна 3 дахь хүн байсан байна гэдгийг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Зөвхөн дээрх 2 хүнийг гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийг хэн үйлдсэн  нь тогоогдоогүй,  өөрөөр хэлбэл хохирогч Т-ийн биед хэн хохирол учруулсан нь тодорхой бус зөвхөн энэ 2 хүн зодсон байх гэсэн хийсвэр таамаглалд үндэслэсэн

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-р 3 дах хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч нь мэдүүлэгийнхээ эх сурвалжыг зааж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Т  нь мэдүүлгээ үнэн зөв бодитой өгч чадахгүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Т -д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүгдэгч Ж-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдолдоо: Ж-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон хохирлоо төлж барагдуулсан боловч гэмт хэрэг үйлдсэндээ мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмшээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийг тус тус хэрэглэх боломжгүй гэж дүгнэн 7 сарын хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагийн хурал дээр Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлж хэлж байхад анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж хуулийг буруу тайлбарлаж ял шийтгэл оногдуулсан. 

Ж нь анагаах ухааны их сургуулийн төгсөх курс буюу 6-р курсын оюутан анх удаа гэмт хэрэгт холбогдсон хийсэн хэрэгтэй гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчийг биечлэн хорихгүйгээр хорихоос өөр төрлийн буюу эрүүгийн хуулийн 67.1.1 эсхүл 7.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Т-ын өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Т холбогдох эрүүгийн 17160005600052 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэн гэм буруутайд тооцон үндэслэл бүхий дүгнэлтийг хийхдээ яллах байр суурьнаас хэтэрхий хөндсөн ба миний үйлчлүүлэгчийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө ирсэн Т-г бүлэглэн зодож баруун шилбэ шаант ясны далд хугарал, 6-р хавирганы хугаралыг үүсгэсэн гэж дүгнэж, бүлэгдэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн болно. 

Өөрөөр хэлбэл Т, Ж нарын тус бүрийн үйлдлийг нарийвчлан тогтооноогүй “ бүлэглэсэн ” гэх үйлдлээр Т-ын үйлдлийн эрхзүйн байдлыг хүндрүүлж хорих ял халдааж эрх ашгийг нь зөрчсөн нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгч Т нь Анагаах ухааны их сургүүлийн төгсөх ангийн оюутан тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 28 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин магадлаж, Т-д оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж торгож өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Ж  давж заалдах гомдолдоо: Ж миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэмшээгүй тул 7 сарын хорих ялыг эдлүүлэхээр шийдсэн. Миний бие шүүхийн шийтгэх тогтоол гархаас өмнө шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа хэлсэн. Одоо цагдаад хоригдож байх хугацаандаа хүнд эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй гэдгийг ойлгож ухаарч гэмшиж цаашид хэрэг зөрчилд орооцолдохгүй архи дарс, согдууруулах ундаа хэрэглэхгүй хичээл номондоо анхаарах хэрэгтэйгээ ойлгож авлаа. Би одоо анагаах ухааны сургуулийн 6-р курс буюу төгсөх курсын оюутан байгаа 4-р сард манай сургуулийн төгсөх ангиудын шалгалт болно. Би хоригдож байх хугацаандаа шалгалтандаа их сайн бэлдэж байгаа. Надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж тэнсэн харгалзаж нийгэмдээ төлөвшиж сургуулиа төгсөж хүмүүжүүлэх боломжийг өгч шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

Прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тодорхойлсон. Хохирогчийн хөлийг хугалах талаар шүүгдэгч нар нь заавал урьдчилан үгсэн тохиролцсоныг шаардахгүй байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлдлээрээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж заасан. Хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Тухайн хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Т, Ж нар үйлдлээрээ бүлэглэн үйлдсэн бол хэргийн нөхцөл байдлаас тогтоогдож байна.  Хохирогч нь намайг зодоход би аль болох нүүрээ хамгаалсан гэдэг зүйлийг хэлдэг. Шүүгдэгч нар нь хохирогчид зугтах боломж олгохгүйгээр зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын болон гэм бурууг тогтоох шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Харин гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг зүйлийг хэлдэг. Гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй учир гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ. 

 

2017 оны 09 дүгээр сарын 12-ны 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “Их буудал” дэлгүүрийн дэргэд хохирогч Д-ийг хавсарч унагааж, толгой руу нь өвдөглөж, гараараа цохиж толгойгоор газар мөргүүлэх зэргээр зодож баруун зулай, баруун хөмсөгт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн чих, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Энэ байдал нь хохирогч Д-ийн: “Т гэдэг залуу намайг  шууд хавирч унагаад толгойруу өвдөгөх, гараараа цохих, толгойгоор газар мөргүүлэх зэргээр ганцаараа зодсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 44-45, 2 дугаар хавтасны 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Л-ийн: “Хажуу талд Тайванбаяр гэх залуу Д-г хавсарч унагаасан. Тэр үед Т ирээд намайг салгасан. Ж, Т-н араас гүйсэн” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаагийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн:

“Д-ийн биед баруун зулай, баруун хөмсөгт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн чих, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/, зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Д-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх тул энэ талаарх шүүгдэгчийн мэдүүлгийг хэргийн талаар нотлож байна гэж үнэлсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шагай дэлгүүрийн хажууд хохирогч Т-г Ж-тай барилцаад зогсож байхад нь Т нь очиж араас нь шилэн хүзүү рүү нь цохиж унагаад, доошоо хараад толгойгоо дараад хэвтэж байхад нь хоёр талаас өшиглөж зодсон байна. Энэ үйлдлийн улмаас хохирогч Т-ын биед баруун шилбэ, шаант ясны далд хугарал, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.

Эдгээр нь хохирогч Т-ын: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө намайг Ж-тэй барилцаад зогсож байхад араас шилэн хүзүү рүү цохиод би доошоо харж унасан. Тэрнээс хойш хэн нь яаж цохьсоныг мэдэхгүй. Тал талаас өшиглөж, цохиж зодсон. Би нэг хүн гэж бодоогүй. Бүгд зодсон гэж бодож байгаа. Нүүрээ дарсан хэвтэж байхад хөмсөгний хажуу тал руу өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 27-32 дугаар хуудас/,

Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн: “Т-н биед баруун шилбэ, шаант ясны далд хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 хавтасны 59-60 дугаар хуудас/, зэргээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж, Т нар нь бүлэглэн Т-г зодож баруун шилбэ, шаант ясны далд хугарал, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Т нь хохирогч Т-ыг шилэн хүзүү рүү нь цохьсон нь хохирогчийн  өөрийнх нь тогтвортой мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч уг үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хэний ямар үйлдлийн улмаас учирсан болохыг нарийвчлан тогтоогдоогүй байхад шүүгдэгч нар бүлэглэж Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, уг дүгнэлтэдээ үндэслэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Харин шүүгдэгч Т-ын: “Ж хохирогчийг хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөсөн. Би өшиглөөгүй.” гэсэн мэдүүлэг нь хохирогч Т-н “Би тухайн үед миний хөлийг Ж хугалсан гэж бодож байсан.” гэсэн мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд шүүгдэгч Ж, Т-н баруун хөлний талд нь байсан зэрэг нь зэрэг нь хохирогч Т-н хөлийг шүүгдэгч Ж хугалсан болохыг нотлож байна гэж үзлээ.

 

Харин шинжээчийн мэдүүлэгт хохирогч Л.Төрбаярын 6 дугаар хавирга хугарсан байсан гэж мэдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтэд тэр талаар тусгаагүй, хохирогч Л.Төрбаярын биед уг гэмтлийг хэзээ, хэн учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд  шүүгдэгч нарын холбогдсон зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж, Т нар нь бүлэглэж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргээс Т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт Т, Ж-ийн үйлдлийг эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтад дор дурдсан нэмэлт өөрчлөлт оруулсугай:

 

а/ Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Т-ыг энэ хэргээс цагаатгасугай” гэж,

б/ Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг:

“Прокуророос Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,  

в/ Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг:

“Шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

г/ Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг: 

“Шүүгдэгч Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

 д/ Шийтгэх тогтоолын 5 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т, Ж нарын цагдан хоригдсон 45 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хассугай.” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. ШүүгдэгчТ, Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

       

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.БАТТОГТОХ

 

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

 

                Ч.ЭНХТӨР