Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0540

 

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0540

Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Г***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, 

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г***” ХХК,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***, Ж.М***, З.Б***, Б.Б*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н*** нар.

Хэргийн индекс: 128/2022/0269/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г***” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дүгээр 1 дэх заалтаар:  Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5-д заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр акт гаргах шаардлагатай гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамж хүчингүй болохыг тогтоож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.11 дэх заалтыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу

 3.2. Хариуцагчийн зүгээс хууль бус шийдвэр гаргасны дараа шүүхээс тодруулга авсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/840 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Г***” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрх нь нэхэмжлэгч 3-н иргэний тухай цуцлагдсан гэж ойлгоно гэх тайлбарыг ирүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн өгсөн дүгнэлт зөв болсон хэдий ч хууль хэрэглээний үүднээс үр дагаврыг буруу тодорхойлсон,

3.3. Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт өгсөн буюу нэхэмжлэгч анхнаасаа төсөл хэрэгжүүлэх болзол шаардлагыг хангаж байсан эсэх нь тодорхойгүй, цаашид төслийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцаар хангах эсэх нь эргэлзээтэй, энэ талаар захиргааны байгууллага тодруулах ажиллагаа хийсний үндсэн дээр дахин шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй,

3.4. Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бодитой үнэлж хэргийг шийдвэрлээгүй буюу хэрэгт төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт байхгүй, мөн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа удаашрахад хүргэсэн гол шалтгаан нь хариуцагч болон түүний бүтцийн нэгжийн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас шууд нөлөөлсөн болохыг шүүх тогтоох замаар хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,

3.5 Төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах үүргээ хариуцагч нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй, санхүүжилтээ бүрэн хугацаанд нь хийх үүргээ зөрчсөн зэрэг хариуцагчийн буруутай үйлдлийн үр дагаврыг хэргийн үйл баримттай холбон зөв дүгнээгүй, хариуцагч үүргээ биелүүлээгүй нь барилгын ажил удааширсан үйл баримттай хамааралтай байхад хэдийгээр хариуцагчийн буруутай үйлдлийг дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй гэж,

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23.1.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үүрэгтэй байхад хариуцагчийг төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөлт, төлөвлөгөө байхгүй гэж буруутгах нь үндэслэлгүй,

4.2 Нэхэмжлэгчийг сонгон шалгаруулсан үйл баримтыг шүүх шинжлэн судлаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан буюу талууд төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан үйл баримтын талаар маргаагүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг тогтоох боломжтой байхад шүүхээс дүгнэх боломжгүй гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэсэгт заасан зарчим, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна,

4.3 Анхан шатны шүүх Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг мөрдөж ажиллаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу уг хуулиар хариуцагч нь газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн 80 хувийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг дахин зохион байгуулах зохицуулалт байхгүй,

4.4 Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байхад түүнийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн барилгын ажлыг үндэслэлгүй зөвтгөж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

3.1 Анх нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/553 дугаар захирамжаар “Г***” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан, энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

3.2 Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах” гэж заасан бөгөөд нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/266 дугаар албан бичигт “... “Г***” ХХК-иас дахин төлөвлөлтийн батлагдсан төлөвлөгөө архивт хадгалагдаагүй” гэж дурдсанаас үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Г***” ХХК нь дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж батлуулж байсан гэж үзэх боломжгүй.

3.3 Дахин төлөвлөлт хэрэгжүүлэх нутаг дэвсгэрт нэхэмжлэгч 2013 оноос хойш газрын эзэмшигч, өмчлөгч нартай гурван талт гэрээг байгуулж, газар чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн хэдий ч маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд буюу 2022 оныг хүртэлх хугацаанд нэг ч орон сууц, барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулаагүй. Гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй тул хяналтын хорооны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Г***” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн.

3.4 Улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан орчмын /ГХДТ-2013/7 багцын төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч “Г***” ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч,төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үйл баримт тогтоогдсон.

4. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-дХот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “... нийслэл ... Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4-Т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 11.2-Т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулнахэмээн,

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.1-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнана”, 5.2-д “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заасан.

5. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах бүрэн эрхтэй.

6. Тухайн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч “Г***” ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 2022 оныг хүртэл 9 орчим жилийн хугацаанд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, гурван талт гэрээ зэрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримт болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Хариуцагчаас “гурван талд гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй” гэх үйл баримттай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоолыг маргаан бүхий захиргааны актын захирамжлах хэсэгт дурдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г***” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА