Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 13

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

                              Даргалагч

         Ерөнхий шүүгч            Б.Батзориг

                              Шүүгчид                       С.Энхжаргал

                                                                   Г.Давааренчин

                     Оролцогчид:

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:    М.Гансүх

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй Т.Мөнхзаяад холбогдох  “37.350.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“...Т.Мөнхзаяа нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 20.000.000 /хорь/ сая төгрөг зээлж авсан. Тухайн өдөртөө мөн барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн 2 дугаар хэсэгт орших Ү-1317001625 тоот улсын бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөнгө авснаас хойш надад зээлийн 2 сарын хүү  гэж 3.400.000 /гурван сая дөрвөн зуу/ төгрөг өгсөн, мөн 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгийн хөргөгч нэг удаа өгсөн. Өөр ямар нэгэн байдлаар төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш жил гаран болж байна. Тийм учраас би Т.Мөнхзаяад холбогдуулан доорх саналыг гаргаж байна.

-Үндсэн зээл 20.000.000 /хорь/ төгрөг, зээлийн гэрээнд заагдсан төлөгдөөгүй хүү 4.900.000 /дөрвөн сая есөн зуу/ төгрөг, зээлийн гэрээний 5 дахь заалтаар алданги тооцон 12.450.000 /арван хоёр сая дөрвөн зуун тавь/ төгрөг, нийтдээ 37.350.000 /гучин долоон сая гурван зуун тавь/ төгрөгийг Т.Мөнхзаяагаас гаргуулах,

        -Дээрх үүргийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна...”  гэжээ.

 

         Хариуцагч Т.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “…Т.Мөнхзаяа миний бие 2014 оны 08 дугар сарын 19-ний өдөр “Итгэлт-Агь” банк бус санхүүгийн байгууллагаас сарын 8 хувийн хүүтэй 20.000.000 төгрөг авсан. Мөнгө авснаас хойш 2 сарын хүү 1.500.000 төгрөгийн хөргөгч өгсөн. 2014 оны 12 дугаар сард Э.Эрдэнэзаяад би 3.500.000 төгрөг бас өгсөн. Э.Эрдэнэзаяагийн нэхэмжилсэн үнийн дүнг багасгаж алдангигүйгээр тооцож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 117 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Мөнхзаяагаас 37.350.000 төгрөг гаргуулж “Итгэлт-Агь” ХХК-ний захирал Э.Эрдэнэзаяад олгож,

-Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Ү-1317001625 улсын дугаартай, 000140917 тоот гэрчилгээтэй, 337.5 м.кв талбай бүхий хувийн орон сууцаар Э.Эрдэнэзаяагийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

         -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн   57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 344.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.     

 

 Хариуцагч Т.Мөнхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Т.Мөнхзаяа миний бие Э.Эрдэнэзаяад бэлнээр өгсөн мөнгийг хасч тооцохгүй нэхэмжлэгчийн хэлсэн мөнгө дүнгээр надаас гаргуулан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. Миний бие Э.Эрдэнэзаяагийн хүсэлтээр түүний найз н.Тамираагийн дансанд 1.000.000 /нэг/ төгрөг шилжүүлсэн энэ талаар шүүх нэхэмжлэгчээс тодруулаагүй бодит байдалд нийцээгүй нэхэмжлэлийг нь үндэслэн нэг талыг барин шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн миний бие анх гэрээ байгуулахдаа барьцаалан зээлдүүлэх эрх бүхий байгууллагаас зээл авсан байхад анхан шатны шүүх Э.Эрдэнэзаяатай гэрээ байгуулсан мэтээр шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж бичсэн. Гарсан шийдвэрээс энэ 1.000.000 /нэг/ төгрөгийг хасч тооцох ёстой байсан гэж үзээд гомдол гаргаж байна...” гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч анхан шатны шүүхийн мэдүүлэгтээ нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагаас мөнгө авснаа хүлээдэг. Хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангалттай хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч  Э.Эрдэнэзаяа нь зээлийн гэрээний үүрэг зээл,  хүү, алданги   нийт  37.350.000 төгрөг гаргуулах,  гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг  хариуцагч Т.Мөнхзаяад холбогдуулан гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

         Анхан шатны шүүх Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч Т.Мөнхзаяа эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хариуцагч Т.Мөнхзаяа давж заалдах гомдлынхоо үндэслэлийг “шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, барьцаалан зээлдэх газраас зээл авсан байтал хувь хүнтэй зээлийн гэрээ байгуулсан гэж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Мөн нэхэмжлэгчид бэлнээр өгсөн 1.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас  хасаагүй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр  хууль бус” гэж тайлбарлажээ.

 

 Хэргийн материалыг судлан үзвэл:  Зохигчдын хооронд 2014 оны 08 сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр 8 хувийн хүү төлөх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 0,3 хувийн хүү төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулж,  тухайн өдрөө хариуцагч Т.Мөнхзаяа нь  20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний  барьцаанд  улсын бүртгэлийн Ү-1317001623 дугаартай орон сууцаа /үл хөдлөх хөрөнгө/  барьцаалж гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн  байна.

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь дээрхи гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Т.Мөнхзаяагаас  үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 4.900.000 төгрөг,  алданги 12.450.000 төгрөг, нийт 37.350.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

 

 Хариуцагч Т.Мөнхзаяа болон түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа зээлийг “Итгэлт-Агь” банк бус санхүүгийн байгууллагаас авсан байхад Э.Эрдэнэзаяа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зээлсэн мөнгөө бэлнээр аваагүй,  зээлийг бусдын зээлийн өрийг төлөх хэлбэрээр зарцуулсан, зээлийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан  2014 оны 08 сарын 19-ний өдөр  талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний агуулга болон гэрээний заалтуудаас  үзвэл энэхүү  гэрээний зээлдүүлэгч болон барьцаалагч талыг  “Итгэлт-Агь” ХХК-ны захирал ажилтай  Э.Эрдэнэзаяа гэж тодорхойлсноос үзвэл тухайн гэрээний нэг тал нь хуулийн этгээд бус харин иргэдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа тул гэрээний зээлдүүлэгчийн хувьд Э.Эрдэнэзаяа нь  гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгч Т.Мөнхзаяагаас шаардах эрхтэй тул түүний  шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр хариуцагч нь 20.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй, зээлийг бусдын өрийг төлөх хэлбэрээр шилжүүлсэн, зээлийн төлбөрт эд хөрөнгө болон тодорхой хэмжээний мөнгө төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа  өөрөө нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө бэлэн болон бэлэн бусаар төлсөн талаар холбогдох ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй байна.

 

 Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч Т.Мөнхзаяа нь  зээлийг хугацаанд нь буцаан төлөх  үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй байх тул  нэхэмжлэгчийн гаргасан  зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, улмаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагууд нь  үндэслэлтэй,  анхан шатны шүүх  зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж,  хэрэгт авагдсан нотлох баримтад  үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

 Дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхзаяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Мөнхзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ                     Б.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                        С.ЭНХЖАРГАЛ

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН