Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс:166/20209/0180/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Иргэдийн төлөөлөгч О.О-,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, С.Мөнхтулга,

Шүүгдэгч Д.Д.Б-ь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-ьд холбогдох эрүүгийн 2118000000092 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, оршин суух урьд:

-1993 оны 09 сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн,

-1995 оны 05 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар, 1993 оны 09 сарын 02-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын талыг буюу 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-2013 оны 01 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-т зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,  Д.Б-ь

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д.Б-ь нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Үндсэн тосгоны 85 дугаар брак байранд иргэн Д.Д.Х-аг зодож амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлэг, яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

йНэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Д.Б-ь 2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Үндсэн тосгоны 85 дугаар брак байранд согтуурсан үедээ хохирогч Д.Д.Х-аг зодож бие махбодид нь Шүүгдэгч Д.Д.Б-ийн гэмт үйлдлийн улмаас амь хохирогч Д.Д.Х-ад зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай, дагз, баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн урд хэсэг, бага тархи, тархины суурийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт бүхий амь насыг аврах боломжгүй гэмтэл учруулж алсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д.Б-ь нь амь хохирогч Д.Д.Х-аг “чи намайг хутгалчихлаа” гэж зүүн шанаанд нь цохиж унагасан, түүнийг унасан үед нь толгой болон нүүрэнд цохих, өшиглөх гар дээр нь дэвсэх зэргээр зодож, цохисон олон удаагийн үйлдэл, хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Д.Б-ь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр талийгаач Д.Х-а манай өрөөнд орж ирээд угаалгын машинаа өгч байгаач хувцсаа угаагаад өгье гэж хэлж орж ирсэн. Орж ирэхдээ архи уусан байсан. Талийгаач эрүүл саруулдаа зүгээр ааштай ч архи уухаар хүнтэй муудаад байдаг юм.

     ...Бидэнд маргалдаад байх зүйл байдаггүй. Талийгаач архи уучхаад хүн хүн рүү дайраад байсан. Уухаараа л сонин зантай болчихдог. Тухайн өдөр коридорт хүмүүс маргалдаад байхаар нь харсан чинь байрны эзэнтэй талийгаач муудалцаад, боолгочихсон зогсож байсан. Би салгаад гэр лүү нь оруулсан. Тэгээд тамхи татчихаад гэр лүү гээ орох гэж байхад тухайн байрыг түрээсэлдэг настай хөл муутай эгч зөрөхөд талийгаач муу сайн тураалууд хөлөө өргөөд яв гээд агсам тавьж байсан. Би хажуугаар нь өнгөрөөд гэр лүүгээ орсон. Гэрт орсны дараа би 4 хүн ална, хоёр болчхоод байна гэсэн юм яриад гараад ир гээд байсан. Би гэрээс гарч ирээд “гараад ирсэн хүнийг яадаг юм” гээд дагаад явсан чинь өөрөө хутгаа бариад гадаа хаалга руу явахаар нь хаяад эргээд орох гэтэл араас гүйж ирэх шиг болохоор нь эргээд хартал миний гэдэс рүү хутгалчих шиг болсон. Би чи намайг хутгалчихлаа ш дээ гээд цохиж унагаад хутга барьсан гар дээр нь дэвсэлсэн.

Толгойны зүүн шанаа хэсэг рүү цохиод, уначихаар нь тонгойж байгаад зүүн талын чихний ойролцоо гараараа нэг удаа цохиод, өндийгөөд дээгүүр нь алхаад хутга барьсан гаран дээр нь хөлөөрөө 2 удаа дэвссэн. Хутгыг нь аваад нуруу болон толгойн зүүн тал хэсэг рүү нэг нэг өшиглөсөн.” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр талийгаачийг нас барсныг эгчээс нь сонссон. Бид 1996 онд гэр бүл болоод 5 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Талийгаач гэрээсээ хол уурхайд ажилладаг байсан тул сүүлийн 3 жил тусдаа амьдарсан. 5 хүүхэдтэйгээ байнга ирж уулздаг, бидний харилцаа хэвийн байсан. 04 дүгээр сарын 01-нд гэртээ ирнэ гэж хэлж байсан боловч 03 дугаар сарын 22-нд нас барсан. Бидний хувьд гомдолтой байна. Бид шүүгдэгчээс 12 541 695 төгрөг нэхэмжилж байсан. Үүнээс шүүгдэгч 1 сая төгрөг өгсөн. Одоо 11 541 695 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 85-р брак 6 тоотод оршин суух Л.С—с  ... 1 тоотод “хүн нас барсан байна” гэсэн дуудлагыг 2021 оны 03.22-ны өдрийн 23.32 минутад хүлээн авсан.  /1-р хх 12/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар брак 85-р байрны 1 тоотод байв. ...Хаалгаар дотогш орж үзэхэд уг өрөөний хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш харсан харсан цогцос дээш харсан байдалтай байв”  /1-р хх 13-27/,

 

5. Гар утас болон бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 28-46/,

 

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”2021 оны 03.23-ны өдөр. Д.Д.Б-ийн хэвлийн зүүн хажуу хэсэгт 7.5смх5см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, уг цус хуралтын голд 0.7х0.1 хэмжээтэй тавшсан бор шаргал өнгийн зулгаралттай” /1-р хх 47-49/,

 

7. Д.Д.Б-ийн согтуурал шалгасан тэмдэглэл.... ..”2021 оны 03.23-ны өдөр. Дамжинхүүгийн Д.Б-ийг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэхэд 2.43%-тай байв. /1-р хх 50/,

 

8. Гэрч Л.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед манай байранд түрээсэлж суудаг Д.Х-а, Д.Б-ь хоёр хоорондоо маргалдаад Д.Х-а хутга бариад Д.Б-ь луу дайрахад миний бие бас манай байрны оршин суугч Ч.Б- бид 2 тэр 2-г салгасан. ...Би шинэ Дархан руу очоод охиныхоо гэрт зурагт тогтоож өгөөд крантыг нь янзалж өгөх гэж байхад багажаа орхисон байсан болохоор буцаж бракын гэр лүүгээ очоод багажаа аваад илүү өрөөний түлхүүрээ аваад гэрээсээ гарах гэж байхад Д.Х-а, Д.Б-ь 2-н хаалга цоожтой байхаар нь гайхаад энэ 2 архинд явчихсан юм байхдаа гэж бодоод байрнаас гараад машин руу явах гэж байгаад болиод Д.Х-агийн цонхнууд хаалттай хөшигнүүд нь онгорхой байхаар нь би цонхоор нь гар чийдэн тусгаж харахад Д.Х-а газар үүдэн хавьдаа дээшээ харсан хэвтэж байсан. Би тэгээд Б-г гэрээс нь дуудаад энэ Д.Х-а амьсгалахгүй байх шиг байна чи нэг хараадхаач гээд хоёулаа цонхон дээр нь ирээд гар чийдэн тусгаад дахиад харахад амьсгалахгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 174/,

 

9. Гэрч М.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрийн үүдэнд 2 хүн зодолдоод байхаар нь болиоч гэж хэлэх санаатай гэрийн хаалга нээгээд харахад манай байранд байр түрээсэлдэг Д.Х-а гэдэг ах бас өрөө түрээсэлдэг зүс таних 2 ах хоорондоо зодолдож байх шиг байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг сайн нээгээд харахад Д.Х-а ах доор гартаа хутга барьчихсан нөгөө өрөө түрээсэлдэг ах Д.Х-агийн хутга барьчихсан гар дээр хөлөөрөө гишгэчихсэн тонгойгоод чи муу намайг хутгалдаг хэн бэ муу пизда минь гээд Д.Х-а ахын нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж бас хөлөөрөө өшиглөөд бас хутга барьсан баруун гар дээр дэвсээд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 178/,

 

10. Гэрч Н.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Д.Х-а, Д.Б-ь хоёр  хоорондоо маргалдаад байгаа бололтой байхад манай нөхөр амь хохирогч Д.Х-агийн гэрт байхаар нь дуудсан. Тухайн үед Д.Х-а, Д.Б-ь 2 хоорондоо маргалдаад байгаа бололтой байхад нь нөхөр маань та 2 хэрүүл маргаанаа боль гээд зогсож байсан” гэж хэлээд уйлаад байсан.

...нөхөр маань хэсэг хугацааны дараа залгаад би очиж чадахаа больчихлоо Д.Х-а амьсгалахгүй байна. Нас барсан юм шиг байна. Би цагдаа дуудчихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 181/,

 

11. Гэрч М.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...85 дугаар брак байрны коридорт буюу 04 тоот болох манай гэрийн баруун хажууд хэдэн тоотод оршин суудаг талаар мэдэхгүй байна байрны хаалгаар ороод зүүн талын эхний хаалганд амьдардаг Д.Х-а гэдэг ахтай аль тоотод оршин суудаг талаар мэдэхгүй ямар ч байсан Д.Х-а ахын гэрээс цааш 3 дахь хаалганд амьдардаг ахтай коридорт зодолдож байсан. Би тухайн үед Коридорт хүмүүс маргалдаад байхаар нь гарч харсан. Д.Х-а ах хар өнгийн цамцтай байсан Нөгөө ах нь улаан өнгийн подволктой байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Ингээд намайг харахад улаан подволктой ах Д.Х-а ахыг цохиод унагасан. Д.Х-а ах унах үедээ зүүн гартаа жижиг хутга барьсан байсан байх, ямар хэмжээтэй ямар өнгөтэй талаар хараагүй тэгээд улаан подволктой ах Д.Х-а ахын хутга барьсан зүүн гарын дээр нь 2-3 удаа хөлөөрөө дэвсээд “би чиний хутгыг авчлаа чи намайг хутгалдаг хэн бэ гэж хэлээд хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Хүчтэй өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 184-185/,

 

12. Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С- орж ирээд нөгөө 2 хэрэлдээд, маргалдаад байна” гэхээр нь би босоод хэн бэ хэнтэй маргалдаад байгаа юм гээд гартал манай бракын коридорт байрны оршин суугч Д.Х-а, Д.Б-ь 2 урд урдаасаа харсан бие биеэ заамдаад байсан. Гэтэл С- бид 2 очиход Д.Х-а гартаа мөнгөлөг өнгийн хутга барьсан байсан. С- ах шууд Д.Х-агийн хутга барьсан гарыг нь барьж аваад өрөө рүү нь түлхээд хамт орсон харин би Д.Б-ийг түлхээд гэр лүүгээ ор гэж хэлээд түлхтэл Д.Б-ь гэр лүүгээ орсон.

...Тэр хоёрын маргааны дараа би орондоо ороод хэвтэж байхад С- ах ахиад гаднаас орж ирээд Б- нээх сонин байна, их чимээгүй болчихлоо бас гэр нь цоожтой байна гээд бид хоёр гараад үзтэл өлгөдөг цоожоор Д.Х-а болон Д.Б-ийн гэрийн хаалгыг цоожилсон байсан. Ингээд С- ах бид хоёр гараад цонхоор нь гар чийдэн тусгаад хартал Д.Х-а шалан дээрээ дээшээ харсан, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 188/,

 

13. Гэрч С.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С- манай жигүүрт байдаг Б- гэх залуу бид 2-г дуудаад Д.Х-а нэг л сонин байна гээд хаалга нь гаднаасаа дөрвөлжин цагаан өнгийн цоож зүүсэн байхаар нь бид 3 цонхоор нь хартал Д.Х-а гэрийнхээ үүд хэсэгт гадуур хувцастайгаа дээгүүрээ энгэр хэсгээрээ цээж нь ил гарсан өмд нь шувтарч бэлэг эрхтэн нь гарсан байдалтай толгой хэсэг нь цонх тал руугаа харсан хөл нь хаалга руу харсан, дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь бид цагдаа дуудсан бөгөөд би гэр рүү орсон юм.” гэх мэдүүлэг /1-р хх 192/,

 

14. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай, дагз, баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн урд хэсэг, бага тархи, тархины суурийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт. Дагз, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зүүн чихний арын төвгөр, баруун мөр, шуунд цус хуралт, зүүн 4-р хурууны 3-р үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй..

3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

5.Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт. Зүүн чихний арын төвгөр, дээд уруулын дотор салстад зулгаралт, баруун мөр, шуунд цус хуралт, зүүн 4-р хурууны 3-р үенд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6.Талийгаач нь элэгний өөхлөлт өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргээгүй.

7.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

8.Талийгаач нь цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-3 цаг болсон байна.

9. Шүүх биологийн шинжилгээгээр талийгаач нь В/1Н/-р бүлгийн цустай байна. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.2 промилли, ходоодны агууламжид 4.4 промилли спиртийн зүйл илэрсэн. Талийгаач нь дунд зэргийн согтолттой байна /1-р хх 226-230/,

 

15. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1:Д.Д.Б-ийн биед хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /1-р хх 249-250/,

                       

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа 58/21:

1.Яллагдагч Д.Д.Б-ь нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.

2.Яллагдагч Д.Д.Б-ь нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно.

3.Яллагдагч Д.Д.Б-ь нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. /2-р хх 34/,

 

17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой баримт /1-р хх 68-137/,

 

18. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1736, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1006 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-242, 2-р хх 22-25/,

 

19. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт /2-р хх 10-11/,

 

20. Шүүгдэгч Д.Д.Б-ийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 74, 75/, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо /2-р хх 85-87/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /2-р хх 89-97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх 110-130/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.О- нь шүүгдэгч Д.Д.Б-ийг “хүн алсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алсан” гэх шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Д.Б-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Д.Б-ийн мэдүүлэгт... “намайг хутгалчих шиг болсон тэгэхээр нь цохиж унагаасан” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн энэхүү мэдүүлгийг хэргийн үйл баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг харьцуулан судалж дүгнэхэд эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-  “хуульд зааснаар шийтгэл оногдуулах” гэсэн, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэгийн...”эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхэд татгалзахгүй” гэх, шүүгдэгч Д.Д.Б-ийн ...” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч нарын...”мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж хэргээ хүлээсэн, амь хохирогчийн оршуулахтай холбоотой нэхэмжлэлийг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийг журамлан тусгай ангийн 10.1 дэх хэсгийн 1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д.Б-ь энэ хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 176 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Амь хохирогч Д.Д.Х-агийн оршуулахтай холбоотой  11062265 төгрөг, Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу ирж, очих зардалд 479340 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг нийт 12541605 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын тухайн хэргийн хохиролд хамааралтай эсэхийг нягтлан 8.206755 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй боловч хохирол төлбөр барагдуулахаар завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г- 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5009493909 дансанд шилжүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн богино куртик 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн бүс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, бүслүүрдээ товч болон 7 ширхэг түдүүлтэй өмд 1 ширхэг зэргийг шүүгдэгч Д.Д.Б-ьд, цогцсын гадна үзлэгээр хурааж авсан хар өнгийн үдээстэй гутал, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, ногоон эрээн өнгийн фудболк 1 ширхэг, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн оймс, эрээн өнгийн хөлийн ороолт зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г- олгож, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан 1 дугаартай цусны дээж, 2 дугаартай цусны дээж, 3 дугаартай цусны дээж, хивсэн дээрээс бэхжүүлж авсан цусны дээж, ханан дээрээс бэхжүүлж авсан цусны дээж, хутга 1 ширхэг, резин алх 1 ширхэг, тамхины иш 22 ширхэг,  шалны алчуур  зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ьд оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийн цагдан хоригдсон 176 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч Д.Д.Б-ь нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид материаллаг хохирол 11000000 төгрөг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн богино куртик 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн бүс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, бүслүүрдээ товч болон 7 ширхэг түдүүлтэй өмд 1 ширхэг зэргийг шүүгдэгч Д.Д.Б-ьд, цогцсын гадна үзлэгээр хурааж авсан хар өнгийн үдээстэй гутал, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, ногоон эрээн өнгийн фудболк 1 ширхэг, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн оймс, эрээн өнгийн хөлийн ороолт зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гоогормаад олгож, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан 1 дугаартай цусны дээж, 2 дугаартай цусны дээж, 3 дугаартай цусны дээж, хивсэн дээрээс бэхжүүлж авсан цусны дээж, ханан дээрээс бэхжүүлж авсан цусны дээж, хутга 1 ширхэг, резин алх 1 ширхэг, тамхины иш 22 ширхэг,  шалны алчуур  зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

7.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Б-ьд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Б-ьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               З.ТӨМӨРХҮҮ

 

 

                       ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                       ШҮҮГЧ                         Н.ИДЭР