| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2015/09871/и |
| Дугаар | 101/ШШ2017/01359 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2017/01359
2017 оны 4 сарын 19 өдөр Дугаар 101/ШШ2017/01359 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 226,082,700 төгрөг гаргуулах тухай,
Д.Сүхжаргалын сөрөг нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэцогтод холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 084/, хариуцагч Д.Сүхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0139/, гэрч Д.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Эрдэнэцогт миний бие 2015 оны 01 дүгээр сарын 13-нд тус шүүхэд хариуцагч Д.Сүхжаргалд холбогдох зээл, хүү, алданги нийт 226,012,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Д.Сүхжаргал нь өөрийн бүртгэлтэй хаяг Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамж, 393 тоот хаягт оршин суудаггүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байсан тул тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу эрэн сурвалжлах 1862 тоот шийдвэр гарсан. 1862 тоот шийдвэрийн дагуу хариуцагч Д.Сүхжаргал нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 147 дугаар байр, 63 тоотод оршин сууж байгааг Тахарын Ерөнхий газраас тогтоосон. Иймд “Магнус Солус” ХХК-д захирал ажилтай Д.Сүхжаргал нь надтай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр таван сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулан 123,000,000 төгрөг зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй одоог хүрсэн. Д.Сүхжаргалаас зээлээ төлөхийг өөрийн биеэр уулзаж болон утсаар шаардахад эсвэл өөрөө надруу залгаж удахгүй мөнгө орж ирнэ, ажлын урьдчилгаа авна гэх мэт элдэв шалтаг хэлэн зээлээ төлөхгүй бултан зугтааж байгаа учир зээл 123,000,000 төгрөг, хүү 27,675,000 төгрөг, алданги 75,337,500 төгрөг, эрэн сурвалжлахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 226,082,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэл нь Уран ган ломбарданд тавьсан автомашины зээлийн үлдэгдлийн асуудал байгаа. Энэ сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Зээлийн гэрээг байгуулахдаа Д.Сүхжаргалд хүч хэрэглэн дарамталж байгуулсан зүйл байхгүй. Би энэ хүнд ямар ч дарамт үзүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан.
Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Сүхжаргал, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:
Д.Эрдэнэцогт нь ахаа би танай компаниар Гачууртад амины орон сууц бариулах гэсэн юм. Та завтай бол хүрч ирээд уулзалдахгүй юу гэж утсаар ярьсан. Би очиж уулзтал Д.Эрдэнэцогт дүү нь 10х13 харьцаатай зоорийн давхартай гурван давхар барилгыг танай хүмүүсээр бариулмаар байна. Хоёулаа гэрээ хийе гээд бид гэрээ хийж ажилдаа орсон. Энэ үед Д.Эрдэнэцогт мөнгө жоохон тааруу байна урьдчилгаа 25,000,000 төгрөг өгөх байснаас 5,000,000 төгрөгийг нь өгч байя, та зохицуулаад ажлаа зогсоохгүй явуулж байгаарай. Гадна талын хашаа бас хийлгэмээр байна. Хашааны хүмүүсээ бас авчир гээд нэмж хүн авчруулж хашааны ажил үнэ тохирч хийлгэх болсон. Ингээд 7 хоногийн дараа мөнгө хэрэг болоод байна барилгын суурийн ажил дуусч мөн хашааны суурийн ажил ч дууссан гэхэд 20,000,000 төгрөг байх өгсөн. Бид тэр мөнгөөр нь барилгын материал, ажилчидын цалин, хоол, тээврийн зардал зэрэгт зарцуулж дахин мөнгө хэрэгтэй гэхэд та аргалаад ажилаа явуулж бай. Миний мөнгө одоохон орж ирэх үед хоёулаа тооцоо хийчихье гэхээр нь би машинаа ломбарданд чинь тавьж мөнгөтэй болох л арга байна гэтэл, тэгье би таны машиныг тавиад мөнгө авчихаад өгье гээд миний BMW-X-5 машиныг тавьж за та наад мөнгөөрөө ажлаа сайн явуулж бай гэсэн бид ажлыг маш сайн хийж, гадна хашааны ажил дуусч, барилгын ажил 80 хувь хийгдсэн. Дахин мөнгө хэрэгтэй боллоо гэхэд Д.Эрдэнэцогт мөнгө орж ирээгүй байна. Та аргалах арга байхгүй юу гээд байхаар нь LEXUS 470 маркийн машиныг тавих уу, удахгүй буцааж авч өгнө гэхэд нэг их удахгүй гэсээр 25,000,000 төгрөгт тавья гээд барилгын ажлаа дуусч Д.Эрдэнэцогт тооцоо хийж, Д.Эрдэнэцогт надад 25,000,000 төгрөг өгөхөөр болж, би LEXUS 470 машинаа буцаан авч 20,000,000 төгрөгийн өртэй таарсан. BMW-X-5 машинаа одоог хүртэл авч чадаагүй байгаа тул түүний хүү 125,000,000 төгрөг болж намайг Д.Эрдэнэцогт нотариат дээр дагуулж очоод гарын үсэг зуруулахдаа 35,000,000 төгрөг, 2 сарын дотор төлчихвөл би 123,000,000 төгрөгийг авахгүй. Тийм болохоор та 123,000,000 төгрөгийг зүгээр мөнгө авсан баримт болгож гарын үсэг зур гэж байгаад нотариатч дээр очиж Д.Эрдэнэцогт нар надаар гарын үсэг зуруулсан. Би тэр бичгэн дээр бэлэн мөнгө 20,000,000 төгрөг нь хүүтэйгээ 30,000,000 төгрөг болсон гэж бичиг хийж өгсөн боловч нийлээд 30,000,000 төгрөг гэж бичсэн үг, үсэг нь алга болсон бичиг болсон бичиг болж хувирсан байна. Үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс би 5,000,000 төгрөг өгсөн. 1,000,000 төгрөг нэг удаа төлсөн тул миний өгөх ёстой мөнгө нийт 13,000,000 төгрөг байх учиртай. Д.Эрдэнэцогт маш их шуналтай зальтай залуу болохыг сүүлд нь мэдсэн. Урьдчилж гэрээ ёсоор 25,000,000 төгрөг өгөх байснаас 5,000,000 төгрөгийг өгчихөөд миний машиныг тавиулж мөнгө авхуулж, ажилаа хийлгээд байхад нь би Д.Эрдэнэцогтод итгэсний үндсэн дээр дахин нэг машинаа хүртэл тавьж, гэнэдэж байхад хүн чанар гаргахгүй мөнгө байхгүй гэж хэлээд машиныг минь тавиулж эцсийн эцэст хүн ашиг гаргаж ажил хийдэг байхад би алдагдалд орж ажлыг нь хийж дуусгасан. Ломбард ажиллуулдаг хүн мөнгөгүй байна гэж юу байхав. Тухайн үед намайг хуурч машин тавьхад мөнгө өгөөд ажлаа хийлгээд байсныг нь би сүүлд ойлгосон. Ингээд одоо болохоор 123,000,000 төгрөг нь дахин нэг жилийн дотор 225,000,000 төгрөг болгож нэхэмжилж байгаа нь Д.Эрдэнэцогт гэгч залуу маш их шуналтай зальтай хүн байна гэдгийг би одоо л ойлгож байна. Би ажлыг нь өөрийнхөө 2 машиныг ломбарданд нь тавьж мөнгөөр таслаагүй түргэн хийж өгсөнд баярлалаа гэж хэлэхийн оронд дааж давшгүй хүү болон хүүгийн хүү нэхэж байгаад нь би гомдож нэхэмжилсэн 225,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний тайлбарыг хүлээн авч төлвөл зохих 20,000,000 төгрөг төлүүлж миний автомашин болох BMW-X-5 машиныг Д.Эрдэнэцогтоос авч өгөхийг хүсэж байна.
Д.Сүхжаргал миний бие өөрийн хүсэлт зоригоос хамааралгүй Д.Эрдэнэцогтын дарамт шахалтанд орж 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болно. Гэрээг байгуулахад миний бие Д.Эрдэнэцогтоос ямар ч мөнгө аваагүй бөгөөд түүний барилгын ажлыг хийхийн тулд өөрийн 2 автомашиныг Д.Эрдэнэцогтын ажилладаг “Уран ган” ломбарданд тавьсан. Миний бие нь 2014 оын 02 дугаар сарын 12-нд Д.Эрдэнэцогт өөрийн танил нотариатч Д.Бямба дээр дагуулж очиж зээлийн гэрээг Д.Эрдэнэцогт нь өөрийн бэлдэж ирсэн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Үүн дээр нь би мөнгө аваагүй талаар маргалдсан боловч 2014 оны 6 дугаар сарын 01-нд 30,000,000 төгрөг өгчих юм бол энэ гэрээг бол хамаагүй ээ гэж нотариатч Д.Бямба, Д.Эрдэнэцогттой цуг байн байн шалж хоргоосоор байгаад уг гэрээг огт хамааралгүй талаас нь ухуулж гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар мөнгийг өгч, авсан мэтээр дүр үзүүлэн гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох дарамтанд орж уг гэрээнд гарын үсэг зурсан тул 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Д.Эрдэнэцогттой байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцэж, шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт нь хариуцагч Д.Сүхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,000,000 төгрөг, зээлийн хүү 27,675,000 төгрөг, алданги 75,337,500 төгрөг, мөн эрэн сурвалжлахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 226,082,700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагч Д.Сүхжаргал нь нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Д.Сүхжаргал нь нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний дагуу зээл аваагүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож түүний захиалгаар амины орон сууц барих явцад мөнгө дутагдаж нэхэмжлэгчийн ломбардаас өөрийн эзэмшлийн автомашинаа барьцаалж 45,000,000 төгрөг зээлсэн гэж, нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт нь хариуцагчид дарамт шахалт үзүүлж зээлийн гэрээг байгуулаагүй гэж тус тус маргаж байна.
Д.Эрдэнэцогт, Д.Сүхжаргал нар нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 123,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор, 2014 оны 3 дугаар сарын 25-ны дотор 35,000,000 төгрөгийг төлнө, үлдсэн 4 сард сар болгон 22,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна. /хх-210-211, гар бичмэлтэй гэрээний хувь/
Улмаар зохигчид дээрх тохиролцоогоо баталгаажуулж, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 133 дугаартай нотариатч Д.Бямба дээр очиж 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон “Зээлийн гэрээ”-г гэрчлүүлж, хэрвээ гэрээний дагуу заасан хугацаанд зээлээ төлсөн тохиолдолд хүү тооцохгүй байхаар мөн тохирсон, ийнхүү зээлийн гэрээг нотариатч гэрчлэхдээ талуудыг мөнгө өгч, авалцсан эсэхийг тодруулахад өмнөх нь өдөр мөнгөө өгч, авалцсан гэсний үндсэн дээр гэрээний арын нүүрэнд “123,000,000 /нэг зуун хорин гурван сая/ хүлээн авсан (гарын үсэг), хүлээлгэн өгсөн (гарын үсэг)” гэж зохигчид өөрсдийн гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, нотариат гэрчилсэн гэрээний хувь/
Өөрөөр хэлбэл эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 123,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хэлбэрийн шаардлага хангасан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар зохигчид алдангийн талаар гэрээндээ харилцан тохирсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 123,000,000 төгрөг, 5 сарын хүү 27,675,000 төгрөг, нийт 150,675,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 75,337,500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Сүхжаргалын оршин суух хаягийг тодруулах шаардлагын дагуу шүүхэд хандаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 01 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1862 дугаартай шийдвэрээр Д.Сүхжаргалыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Д.Эрдэнэцогт нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.Сүхжаргал нь “Уран ган” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 25,000,000 төгрөгийн, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал нь “Уран ган” ХХК-д ажилладаг Д.Эрдэнэцогтын хувиараа Д.Сүхжаргалд зээл өгсөн асуудалтай хамааралгүй болох нь “Уран ган” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт нь “Солус” ХХК-ийн захирал Д.Сүхжаргал /хариуцагч/-тай 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу “Солус” ХХК нь Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд орших 8х10 хэмжээтэй мансардтай АОС-ын барилгын ажлыг 50,000,000 төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
Хариуцагч Д.Сүхжаргал 123,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үндэслэлээ тайлбарлахдаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг өгчихвөл энэ гэрээг ураад хаячихна гэж Д.Эрдэнэцогт, мөн нотариатч Д.Бямба нар ятгасан, 30,000,000 төгрөг Д.Эрдэнэцогтын хувийн сууцыг барихад ломдардаас авсан зээлтэй холбоотой гэж байгаа боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна.
Дээр дурьдсан “Уран ган” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, “Солус” ХХК-тай байгуулсан “Барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгтэй холбоотой маргаан нь зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээтэй шууд холбоотой, хамааралтай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч Д.Сүхжаргал нь нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын дарамтанд орж 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Д.Сүхжаргал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Д.Сүхжаргалын хийсэн Д.Эрдэнэцогттой харилцан ярьсан СД бичлэгийн тэмдэглэлээс үзэхэд дарамтанд орсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Сүхжаргалаас үндсэн зээл 123,000,000 төгрөг, хүү 27,675,000 төгрөг, алданги 75,337,500 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 226,082,700 /хоёр зуун хорин зургаан сая наян хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Д.Сүхжаргалын “2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,288,370 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 772,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 1,288,370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ