Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0224/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ж.Ш-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ш-т холбогдох эрүүгийн 2118000000255 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэл мэргэжилтэй, “ ******* ХХК”-нд хайлуулах цехийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Ш-т

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Ж.Ш- нь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг ****тоотод эхнэр Б.Б.О-ийн биед баруун бугалга, дал, бөөр, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ж.Ж.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Ж.Ш- нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг ****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Б.О-ийн нуруу, гар, хөл хэсэг рүү нь өшиглөж, нуруу руу нь сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ж.Ж.Ш-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000120 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч Б.Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13-14 цагийн үед манай нөхөр Ж.Ш- гэртээ ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд би согтуу машинаа бариад яачих юм билээ гэж хэлээд машины түлхүүр аваад ир гэсэн чинь уурлаад над руу дайраад миний нуруу, гар, хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд би айгаад толгойгоо дараад хэвтсэн чинь дахиад над руу сандал аваад нуруу хэсэг рүү шидсэн тэгээд намайг зодчихоод гарч яваад өчигдөр согтуу ирэхээр нь цагдаа дуудаад эрүүлжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх 8/,

            Гэрч Б.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 сарын 15-ны өдөр 12 цагийн үед миний төрсөн эгч болох Б.О- над руу уйлсан байдалтай залгаад Ж.Ш- намайг зодчихоод гаднаас цоожлоод гараад явчихлаа гэж хэлсэн. Таныг ямар учраас зодож байгаа юм бэ гэж асуусан чинь өглөө архи уучихсан байхаар нь машиныг нь өөртөө аваад байлгасан чинь машин өг гээд согтуудаа зодчихсон гэж хэлсэн. Тэгээд би эгч дээрээ яваад очтол нуруу, хөл гар нь хөхөрчихсөн босож чадахгүй байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би шөнө архи дарс уугаад дахиад ирээд зодчих юм болов уу гэж айгаад тэр өдрөө эгчтэйгээ хамт хоносон

.” гэх мэдүүлэг /хх 15/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.Б.Б.О-ийн биед баруун бугалга, дал, бөөр орчим, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 19-20/-ээр тус тус нотолжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 33/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч Ж.Ж.Ш-, хохирогч Б.Б.О- нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

 

Шүүгдэгч Ж.Ж.Ш- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Ж.Ш-ын гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Б.О- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул /хх 50/ шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Ж.Ш- нь ЗЗШ ХХК-нд хайлуулах цехийн мэргэжилтнээр ажилладаг болох нь хавтаст хэргийн 35-р хуудсанд авагдсан “ЗШШ НАРАН” ХХК-ны 009 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байгаа болон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэснийг тус тус харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Ш-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Ш-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Ш- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ж.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ