Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 166/2021/0227/Э |
Дугаар | 2021/ШЦТ/0239 |
Огноо | 2021-09-27 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0227/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2118000000209 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дархан уул аймагт төрсөн 31 настай, эрэгтэй, Дээд боловсролтой.авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг *******ы *** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг 01 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон Д.О-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д.О- нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Positive sneaker shop” нэртэй гутлын дэлгүүрийн кассаас цүнхтэй бэлэн 700000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Авсан нь үнэн. Би 700,000 төгрөг авсан нь үнэн. Согтуу явж байгаад хулгай хийгээд аваад, үрчихсэн байна лээ. Миний буруу.” гэв.
Эрүүгийн 2118000000209 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Н- бид хоёр дэлгүүр дээрээ хамт байсан. Би тасагт бараа өрөөд хамт байсан, Н- касс дээр сууж байсан. Тэгээд би Н-г гараад явсныг мэдээгүй урдах ажлаа хийж байтал лангууны хэсэгт хүн явж байгаа чимээ гарч байсан ба тухайн үед Н-г алхаад байна гэж бодсон.Тэгээд удалгүй худалдан авалт хийсэнд хүнд мөнгө хариулж өгөх гэтэл касс дотор байсан жижиг үүргэвчтэй бэлэн 700.000 төгрөг алга болчихсон байхаар нь Н-гаас мөнгө хаана байна гэхэд намайг сая хажуугийн хэвлэлийн үйлдвэр ороход касс дотор байсан, би гарч яваад 2-3 минут болчхоод орж ирсэн гэхээр нь бид хоёр хамтдаа дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд 25 орчим насны халзан толгойтой хар саарал өнгийн цамц, хар өнгийн даавуун өмдтэй өвдөг хэсэгт Puma гэсэн бичигтэй, хар өнгийн пүүзтэй 170 см орчим өндөртэй залуу орж ирээд касс дотор байсан жижиг цүнхтэй мөнгийг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16:30 минутын орчим Э.Э- бид хоёр дэлгүүр дээр байж байгаад би хажууд байдаг хэвлэлийн газар орох гэтэл Э.Э- арын өрөөнд бараа хурааж байхаар нь гарлаа гэж хэлэх гэж байгаад өдрийн цагаар юу болов гэж арын өрөөнд Э.Э- байгаа болохоор касс эзэнгүй орхиод гараад 2-3 минут болоод дэлгүүрт орж ирээд худалдан авсан хүмүүстэй тооцоо хийх гэтэл жижиг үүргэвчтэй байсан өчигдөр, өнөөдрийн нийлсэн 700.000 мянган төгрөгтэй цүнх алга болсон байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг үзэхэд 25 орчим насны халзан толгойтой залуу аваад гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/,
Шүүгдэгч Д.Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 42-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамж болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д.О- нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Positive sneaker shop” нэртэй гутлын дэлгүүрийн касснаас цүнхтэй бэлэн 700000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д.О- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Д.Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Д.О- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр болох 700000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх ба түүнээс 700000 төгрөг гаргуулан хохирогч Э.Э- -д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д.О- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн ба дээрх хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 14 хоногийн хорих ялыг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Д.О- нь 02 жил 06 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 18 хоногийг биеэр эдэлж 02 жил 05 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02/1976 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Д.О-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 03 жил 05 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.О-ын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.О-ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.О-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, мөн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 05 сар 26 хоногийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.О-ын урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.О-д оногдуулсан 03 жил 05 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Д.О-оос 700000 төгрөг гаргуулан хохирогч Э.Э-д олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ