Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

                               Даргалагч

Ерөнхий шүүгч        Б.Батзориг

                               Шүүгчид                   С.Энхжаргал

                                                                Г.Давааренчин

                             

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор “Сүлд шонхор Инвесмент” ХХК-ний нэхэмжлэлтэй Ч.Гантулгад холбогдох  “16.897.200 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

         Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүлд шонхор Инвестмент ХХК нь иргэн Чинзориг овогтой Гантулгатай харилцан тохиролцсоны дагуу СШИ-02/0036 дугаартай Автомашины зээлийн гэрээ байгуулж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Ч.Гантулга нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/0036 дугаартай Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 21-69 УБЦ улсын дугаартай,  JTJHTOOW374021682  арлын дугаартай,  2007 оны хар өнгийн Лэксус, Элэкс 470 маркийн автомашиныг барьцаалуулсан. Гэтэл зээлдэгч Ч.Гантулга нь өнөөдрийн байдлаар ердөө зээлийн хүүгийн төлбөр болох 720.000 төгрөг, алдангаас 720.000 төгрөг л төлсөн. Зээлдэгч Ч.Гантулгатай Сүлд шонхор Инвестмент ХХК-ний зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн үлдэгдэлд 12.000.000 төгрөгийн өр төлбөртэй байна.

 

           Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд ззсан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ... зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. СШИ/0036 тоот Автомашины зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийг дараах нөхцөлөөр олгоно. Үүнд:

2.1.1. Үндсэн зээлийн мөнгөн дүн 12.000.000 төгрөг

2.1.2. Зээлийн хүү /төлбөр/ сарын 6.0 хувь

2.1.3 Зээлийн гэрээний хугацаа 30 хоног

2.1.5 Алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувь гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 12.000.000 төгрөг, хүү 720.000 төгрөг болон алданги 4177.200 төгрөг нийт 16.897.200 төгрөгийг хариуцагч Чинзориг овогтой Гантулгаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү... хариуцагч Ч.Гантулга нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...”  гэжээ.

      

Хариуцагч Ч.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний гаргасан 16.897.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд 720.000 төгрөгийн хүү шаардсан байгаа нь хууль бус, учир нь “Сүлд шонхор Инвестмент”     ХХК-д миний бие 720.000 төгрөг, үндсэн зээлд 720.000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл зээлийн төлбөр 12.000.000 төгрөг, алданги 4.177.200 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

         Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 02 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 133 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д зааснаар Ч.Гантулгаас 16.177.200 төгрөгийг гаргуулан Сүлд шонхор Инвестмент ХХК-долгож, үлдэх 720.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, 

-Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар Ч.Гантулга үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох  Ч.Гантулгын LEXUS маркийн, LX470 моделийн, JTJHTOOW 374021682 арлын дугаартай, 21-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 

        -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжинд 238.836 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Гантулга  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

         “...Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ миний зээлэндээ төлсөн 1.440.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс бүхэлд нь хасахгүйгээр зөвхөн 720.000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу байна. Анх зээлдэж авсан 12.000.000 төгрөгнөөс 1.440.000 төгрөгийг хасаад 10.560.000 төгрөг дээр Сүлд шонхор Инвест ХХК-ний нэхэмжилж байгаа алданги 4.177.200 төгрөг, нэг сарын хүү 720.000 төгрөгийг нэмбэл нийт 15.457.200 төгрөгийг төлөх ёстой байтал шүүх 720.000 төгрөгийг илүү бодсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 16.177.200 төгрөгөөс 720.000 төгрөгийг хасаж 15.457.000  болгон өөрчилж өгнө үү...” гэжээ.

Үндэслэх нь:

“Сүлд шонхор Инвестмент” ХХК нь  хариуцагч Ч.Гантулгад холбогдуулан зээл,  хүү, алданги 16.897.200 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хэргийн хариуцагч Ч.Гантулга нь  шүүх зээлийн төлбөрийг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасан гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд тус гомдлын дагуу хэргийг  судлан үзвэл:

Нэхэмжлэгч  “Сүлд шонхор Инвестмент” ХХК  болон хариуцагч  Ч.Гантулга нар нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харилцан тохиролцож,  СШИ-02/0036 дугаартай зээлийн гэрээ, 02/0036 дугаартай тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх  гэрээг тус тус байгуулж, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлд автомашин барьцаалжээ.

Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

Харин  хариуцагч Ч.Гантулга нь  зээлийн төлбөрт 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 720.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  720.000 төгрөгийг тус тус “Сүлд шонхор Инвестмент” ХХК-д  төлсөн  энэхүү төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэж маргажээ.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д  “талууд зээлийн төлбөр төлөх дарааллыг “зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд хүү, авто зогсоолын төлбөрийг хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлана” гэж  харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д  гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй мөн хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-т үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр журмыг гэрээний талууд харилцан тохиролцож болохоор  заасан тул 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  СШИ-02/0036 дугаартай зээлийн гэрээний талуудын төлбөр төлөх дарааллын талаар харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.  

Тус зээлийн гэрээ нь нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй байхаар тохиролцон байгуулсан бөгөөд зээлийн сарын хүү 720.000 төгрөг байх тул гэрээний 2.7 дахь заалтын дагуу  шүүх хариуцагч Ч.Гантулгаас 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 720.000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт  тооцон, харин  2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 720.000 төгрөгийг  түүний үндсэн зээлийн төлбөр 12.000.000 төгрөгөөс  зээлээс хасч  тооцсон нь үндэслэлтэй байх тул хариуцагч Ч.Гантулгын  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж,  хэрэгт авагдсан нотлох баримтад  үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байх тул  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Ч.Гантулгын давж заалдах гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гантулгын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Гантулгын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21.830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                                ДАРГАЛАГЧ                     Б.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                        С.ЭНХЖАРГАЛйё

                                                                                    Г.ДАВААРЕНЧИН